| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0356/И |
| Дугаар | 131/ШШ2017/00369 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2017/00369
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянхонгор аймаг, Бууцагаан сум 1 дүгээр багт оршин суух, ВЙ62030807 регистрийн дугаартай, Хадныхан овогт Цагааны Чимгээгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Чимгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ц.Чимгээ шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1962 оны 03 сарын 08-ны өдөр төрсөн, 55 настай. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Би 1989 оны 02 сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Би тус газар тасралтгүйгээр ажиллаж байсан юм. Шүүхийн шатанд дахин лавлагаа гаргахад 1980 оны 07 сараас хойш тогтоолгох шаардлагатай болсон тул шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Шүүх хуралдаанаар Ц.Чимгээгийн иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 366 дугаар лавлагаа, гэрч Ж.Мягмарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Чимгээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Чимгээ нь 1980 оны 07 сарын 23-ны өдрөөс 1981 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл Бууцагаан сум дахь Ахуй үйлчилгээний төвд гуталчнаар, 1982 оны 04 сарын 30-ны өдрөөс 1988 он 12 сарын 25-ны өдөр хүртэл Бууцагаан сумын 8 жилийн дунд сургуульд цагаан хэрэглэл угаагч, 1989 оны 01 сарын 19-ний өдрөөс 1989 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл Аргалант дахь аймаг дундын Отор тэжээлийн станцад хутгийн моторчноор, 1989 оны 08 сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Ц.Чимгээгийн иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 366 дугаар лавлагаа, гэрч Ж.Мягмарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Хадныхан овогт Цагааны Чимгээгийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хадныхан овогт Цагааны Чимгээгийн 1980 оны 07 сарын 23-ны өдрөөс 1981 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл Бууцагаан сум дахь Ахуй үйлчилгээний төвд гуталчнаар, 1982 оны 04 сарын 30-ны өдрөөс 1988 он 12 сарын 25-ны өдөр хүртэл Бууцагаан сумын 8 жилийн дунд сургуульд цагаан хэрэглэл угаагч, 1989 оны 01 сарын 19-ний өдрөөс 1989 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл Аргалант дахь аймаг дундын Отор тэжээлийн станцад хутгийн моторчноор, 1989 оны 08 сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.Чимгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ