| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0361/И |
| Дугаар | 131/ШШ2017/00370 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 131/ШШ2017/00370
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум Шаргалжуут 8 дугаар багт оршин суух, ВТ57061819 регистрийн дугаартай, Боржигон овогт Цэрэнбатын Дамбын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Дамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ц.Дамба шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Надад хөдөлмөрийн 2 дэвтэр байсныг нэгтгээд 1 болгосон нь буруу болсон. Тухайн үед би манаач, малчнаар ажиллаж байсан. Өвлийн улиралд сахиул манаачийн ажил хийдэг байсан. Иймд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн Жанжны 3 дугаар бригадад 1980 оны 09 сараас 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Нэгдэл тарах хугацаанд тасралтгүй малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв
Шүүх хуралдаанаар Ц.Дамбын иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 473 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн зөвлөлийн 1980 оны 12 сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол, 1981 оны 11 сарын 24-ний өдрийн 11 дугаар хурлын протокол, гэрч Ж.Лувсанмөр, Д.Мөнхдорж нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Дамба нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Дамба нь 1980 оны 09 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Ц.Дамбын иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 473 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн зөвлөлийн 1980 оны 12 сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол, 1981 оны 11 сарын 24-ний өдрийн 11 дугаар хурлын протокол, гэрч Ж.Лувсанмөр, Д.Мөнхдорж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Боржигон овогт Цэрэнбатын Дамбын ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Цэрэнбатын Дамбын 1980 оны 09 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.Дамбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ