Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2018/ДШМ/46

 

 

 

 

 

 

 

 

Г.Ган-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                       Даргалагч,

                          Ерөнхий шүүгч                            Б.Батзориг

                          Шүүгчид                                      Г.Давааренчин                                       

                                                                            Д.Буянжаргал

                      

        Оролцогчид:

                        Прокурор                                    Д.Нямдэлэг

                           Хохирогч                                       С.Ганболд

                           Хохирогчийн өмгөөлөгч            Л.Доржпүрэв

                           Шүүгдэгчийн өмгөөлөгч            Р.Атарцэцэг, Г.Амартүвшин

                           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 186/ШЗ/2018 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр   Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Боржигон овогт Ганчулууны Ган-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000000053 дугаартай, 175/2017/0099/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 31 настай. эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Сүхбаатар техник үйлчилгээний газарт вагон үзэгч ажилтай, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ган зам 7 дугаар баг ТЗ-ын 1-р 60 айлын 43 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Ганчулууны Ган-Эрдэнэ /Регистрийн дугаар: ЖИ87051917/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 12 жилийн 3-р дунд сургуулийн спорт зааланд 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр С.Ганболдыг зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Г.Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 186/ШЗ/2018 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганчулууны Ган-Эрдэнэд холбогдох 1831000000053 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр байлгаж шийдвэрлэсэн байна.  

 

Хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын №02 дугаартай эсэргүүцэлдээ:

... Энэ хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас анхан шатны шүүхэд 2018 оны 04 сарын 19-ний өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай хүсэлт гаргасны дагуу шүүх урьдчилан хэлэлцүүлэг хийж шүүгчийн 162 дугаартай захирамжаар “...бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шинжээч оролцуулан асуулт асууж хариулт авч болно гэж үзэж байна...” гэсэн үндэслэлээр Эрүугийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заатыг үндэслэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан. 2018 оны 05 сарын 17-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг хийж шүүхээс Г.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг үндэслэн хэргийг Прокурорын газарт буцаасан нь үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүхээс хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүгчийн 162 дугаартай захирамжаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан нөхцөл байдалд хамаарахгүй урьдчилсан хэлэлцүүлгээр хүсэлтийг шийдвэрлэсэн байна гэж дүгнэж байна. Урьд бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа 2018 оны 186 дугаартай захирамжаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй, буруу байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гарах шийдвэрийн заалтыг баримтлан буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ, Мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэж болохоор тус тус заасан байх ба хэргийг прокурорт буцаалгүйгээр шүүх хуралдааны явцад дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой байна гэж дүгнэж байна. Иймд Г.Ган-Эрдэнэд холбогдох Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 186 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцож байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шинжээч анхан шатны шүүх хуралд онлайнаар оролцсон, С.Ганболдод учирсан гэмтэл нь тухайн үед амь насанд аюултай гэмтэл учирсан гэдгийг маш тодорхой хэлсэн.  Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар гэмтлийн зэрэгт маргаагүй, дахин зураг авахуулахыг шаардаж байна. Гэтэл анагаах ухааны талаар мэргэжлийн эмч дүгнэлт гаргасан, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд зэргийн гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Гэмтлийн хувьд дахин шинжээч томилуулах шаардлагагүй гэж үзэж байна. Одоогоор хохирогчийн бие тааруу байна, хөл дээрээ удаан зогсож чадахгүй, нэг чих нь юм сонсохгүй байгаа зэрэг зовиуртай байхад хэргийг удаашруулаад ийм нөхцөл байдалтай байлгаж байгаад гомдолтой байх тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хавтаст хэрэгт авагдсан томографийн зураг болон шинжээч эмч хоёрын үзсэн зураг хоорондоо таарахгүй байсан. Шинжээч эмч хавтаст хэрэгт авагдсан томографийн зургийг үзээгүй гэж хэлсэн. Шинжээчээс “Сонгдо” эмнэлгийн гаргасан зураг нь таны үзэж дүгнэлт гаргасан зураг мөн үү гэхэд биш гэж хариулсан. Үүн дээр эргэлзээтэй байдал үүссэн. Хоёрдугаарт гавлын ясны хугарал нь шинэ гэмтэл үү, хуучин гэмтэл үү гэдгийг шинжээч эмчээс асуухад эмнэлэг дээр очиж байгаа тохиолдолд шинэ гэмтэл байна гэсэн хариу өгсөн. Дээрх байдлуудаас үзэхэд дандаа эргэлзээтэй байдлууд үүссэн. Тийм учраас дахин зураг авахуулж, шинжээч томилуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шинжээчийн дүгнэлтэд 3.1 дүгээр зүйлийн 12-т зааснаар дээрх гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд хамаарна гэж заасан боловч анхны үзлэгийн баримтууд байхгүй байна. Анхны баримт, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт зайлшгүй авах шаардлагатай гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд 1 сиди, 2 томографийн зураг авчирсан. Давтан бичлэгийг одоогийн дүгнэлттэй харьцуулж дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэснийг үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймаг Прокурорын газраас Г.Ган-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 12 жилийн 3-р дунд сургуулийн спорт зааланд 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр С.Ганболдыг зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 186/ШЗ/2018 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын эсэргүүцлийн дагуу Г.Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүх нь 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 162 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Г.Амартүвшин нарын “бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хийж, уг хэлэлцүүлгээр өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч ханган шийдвэрлэх боломжгүй хэмээн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байх боловч шүүх 2018 оны 05 сарын 17-ны өдөр хийсэн гэм буруугийн шүүх хуралдаанаар “...хохирогчийн гэмтлийн эмнэлэгт хэвтэж байх явцдаа хийлгэсэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн давтан хийсэн томографикийн шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлт гаргасан байх тул гэмтэл авсан даруйд хийгдсэн шинжилгээний хариуг давтан хийсэн шинжилгээний хариутай харьцуулан үзэх замаар 3 эмчийн бүрэлдэхүүнтэй давтан шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв...”  гэсэн дүгнэлт хийж, шүүгчийн захирамжийн “Захирамжлах” хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-д заасныг баримтлан хэргийг Прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, энэ талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-д зааснаар “Монгол улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэсэн заалтыг зөрчиж шүүгчийн захирамж гаргасан нь үндэслэлгүй байх ба шүүгчийн захирамжинд дурьдсанаар зайлшгүй шинжилгээ хийх шаардлагатай бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх боломжтой болохыг  дурьдах нь зүйтэй байна.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 186/ШЗ/2018 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 186/ШЗ/2018 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  буцаасугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Ган-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ