Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 131/ШШ2017/00371

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 2 дугаар баг, 1 дүгээр гудамж, 19 тоотод оршин суух, ВП57050111 регистрийн дугаартай, Ранайнхан овогт Юндэнбатын Мягмарын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ю.Мягмар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ю.Мягмар шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1957 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 50 настай. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Архив шатсан гээд миний ажиллаж байсан талаарх баримтууд гараагүй. Аймгийн архиваас шүүлгэхэд сумаас баримт өгөөгүй тул ажиллаж байсан талаарх баримтууд гарахгүй гэсэн. Баримт гараагүй тул 1981 оноос эхлэн ажилласан жилээ тогтоолгоно. Иймд 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс тушаал 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 4 дүгээр хэсэгт моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.

Шүүх хуралдаанаар Ю.Мягмарын иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 442 дугаар лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн 1980 оны 06 сарын 20-ны өдрийн төлөвлөгөө, 1986 оны 07 сарын 07-ны өдрийн 39 дугаар хурлын тогтоолын хуулбар, гэрч Д.Мягмар, Ё.Ниймаа нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ю.Мягмар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ю.Мягмар нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 4 дүгээр хэсэгт моторчноор ажиллаж байсан болох нь Ю.Мягмарын иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 442 дугаар лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн 1980 оны 06 сарын 20-ны өдрийн төлөвлөгөө, 1986 оны 07 сарын 07-ны өдрийн 39 дугаар хурлын тогтоолын хуулбар, гэрч Д.Мягмар, Ё.Ниймаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Ранайхан овогт Юндэнбатын Мягмарын ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ранайхан овогт Юндэнбатын Мягмарын 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 4 дүгээр хэсэгт моторчноор,

1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ю.Мягмарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ