Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 131/ШШ2017/00372

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Өлзийт сум 1 дүгээр багт оршин суух, ВП65121306 регистрийн дугаартай, Боржигон овогт Цэрэнсономын Доржсүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, , хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Доржбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ц.Доржсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Ц.Доржсүрэн миний бие 1965 оны 12 сарын 13-ны өдөр Өлзийт суманд төрсөн. 1973 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуульд орж, 1981 оны 06 сард 8 дугаар ангиа төгсөөд тус сумын Цэцэглэлт нэгдлийн 1 дүгээр багт хонь, ямаа маллаж эхэлсэн. 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Их амьдрах компанид малчнаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан бидний авч байсан цалин, тушаал, хурлын тэмдэглэл болон бусад материалыг хангалтгүй архивласан байдаг. Иймд дээрх нөхцөл байдал болон нотлох баримтыг үндэслэн 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, Баацагаан сумын Их амьдрах компанид 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Доржбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Доржсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Доржсүрэн нь хөдөө ганц бие мал малладаг тул шүүхэд ирэх боломжгүй. Түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үйлдвэрчний эвлэлийн батлах, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримт зэргийг шүүхэд бүрдүүлж өгсөн. Түүний баримтуудыг харахад 1981-1983 оны баримтууд нь бичилттэй боловч тамгагүй байдаг тул шүүхээр орох шаардлагатай болсон. 1991-1992 оны ажилд авсан тушаал нь байдаг боловч мөн тамгагүй байдаг. Энэ байдал нь одоогийн мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын хууль тогтоомж, журмын дагуу ажилласан жилийг нь тогтоох боломжгүй. Имйд шүүхэд гаргасан баримтуудыг үндэслэн түүний 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Ц.Доржсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 сарын 23-ны өдрийн 1331, хөдөлмөрийн дувтрийн хуулбар, үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Доржсүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Доржсүрэн нь 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар,

1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Их амьдрал компанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ц.Доржсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 сарын 23-ны өдрийн 1331, хөдөлмөрийн дувтрийн хуулбар, үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Боржигон овогт Цэрэнсономын Доржсүрэнгийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Цэрэнсономын Доржсүрэнгийн 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар,

1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Их амьдрал компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.Доржсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ