Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Найдан,

Шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З  овогт П-ын Э , Ц  овогт Ж-ийн У , Ш  овогт Г-ын  У  нарт холбогдох эрүүгийн 2115000080048 дугаартай, 163/2021/0095/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З  овогт П-ын Э , 1975 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Бөх мөрөн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, .............. оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: /,

Монгол Улсын иргэн, Ц  овогт Ж-ийн У , 1975 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, ............... оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: /,

Монгол Улсын иргэн, Ш  овогт Г-ын  У , 1977 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, .............. оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: ./,

 

        Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын **-**-ны өдрүүдэд Булган аймгийн Бүрэгхангай сумын Бумбат 1 дүгээр багийн нутаг “Ногоон морьт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны үр болох самар 95.4 килограммыг түүж “Nissan Х-Тгаil” загварын **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 620100 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Э ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Ж.У гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Г.У ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч В.Б ийн өгсөн: “...самар түүх зөвшөөрөл надаас авах ёстой байдаг юм. Энэ хугацаанд зөвшөөрөл авсан хүн байхгүй. ...Хуулийн дагуу шийдүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг /хх- **-** тал/,

Гэрч Я.А ын өгсөн: “...Орхон сумын нутаг дэвсгэр “Ар мэргэн”-ээс “Бүрэн бүст” гэх газар луу орох зам дагуу хамтран ажиллаж хяналт шалгалт хийж байсан. Хяналт шалгалт хийх үед **-** ОРХ дугаартай “Nissan Х-Тгаil” маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад иргэн Г.У  нь 2 хүний хамт хуш модны самрыг ямар нэгэн зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан юм. ...Нийт 3 шуудай 106 кг болсон. ...” гэх мэдүүлэг /хх-н **-** тал/,

Гэрч Г.Т гийн өгсөн: “...Ногоон морьт гэх нэртэй газар байдаг. Сумаасаа 22 км орчим зайд байдаг газар байгаа юм. Самар их хэмжээгээр ургадаг газар. ...” гэх мэдүүлэг /хх-н **-** тал/,

Булган сум дахь Сум дундын ойн ангийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Уг цайруулсан хуш модны 95.4 кг самрын нөхөн төлбөрийг тооцохдоо Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу гаргасан болно. 95.4 кг*8000 төгрөг=763200 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-н **-** тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2100063 дугаартай шинжээчийн “...Цайруулсан самрын 1 кг-ийн бөөний үнэ 6.500 төгрөг бол 95.4 кг самрын зах зээлийн үнэлгээг 620100 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-н **-**2 тал/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон дүгнэлтэд “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2100063 дугаартай шинжээч Д.Отгонцагааны гаргасан хуш модны самрын зах зээлийн үнэлгээ 620100 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 1860300 төгрөг болж байна. ...” гэх дүгнэлт /хх-н 80 тал/,
        Шинжээч Б.Жавхлангийн өгсөн: “...Хуш модны үр болох самар байсан. Уг шинжилгээнд ирүүлсэн хуш модны үр болох самарын мянган үрийн жин нь 250 грам байх ёстой байтал 160 грамм байсан. Самрыг чөмөж үзэхэд 64 хувиас доогуур үзүүлэлттэй байсан. Иймээс тухайн самрыг зах зээлийн хамгийн бага үнэлгээгээр бодсон болно. ...” гэх мэдүүлэг /хх-н 107 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Э ы яллагдагчаар өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би найз Г.У , Ж.У  нарын хамт Бүрэгхангай сумын нутаг “Ногоон морьт” гэх нэртэй газар луу самар түүхээр явсан. Тэгээд тэр газар 4 хоноод хүний нэг шуудай самар нийт 3 шуудай самар түүсэн. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэр лүүгээ буцаж яваад Булган аймгийн Орхон сумын “Бүрэнбүст” гэх нэртэй газар цагдаа зогсоосон. ...Би самар түүхэд зөвшөөрлийн бичиг авдаг талаар мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 142-143 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.У гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр найз Г.У , П.Э  нарын хамт Бүрэгхангай сумын нутаг “Ногоон морьт” гэх нэртэй газар луу самар түүхээр явсан. Тэгээд тэр газар 4 хоног самар түүгээд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг руу буцаж явахад “Бүрэнбүст” гэх нэртэй газар цагдаа зогсоосон. Тэгээд жолооч У ын тээврийн хэрэгслийн болон жолоочийн бичиг баримтыг шалгасан. Тэр цагдаа машинд байсан бид гурвын түүсэн самрыг хараад “самар түүх зөвшөөрлийн бичиг байна уу?” гэж асуусан. Бид гурав самар түүх бичиг байхгүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал байгаль орчны хамгаалагч А  гэх хүн ирээд Булган аймаг руу авч явна гэж хэлээд дагуулаад явсан. ...Бид гурав нийт 3 шуудай самар түүсэн. ...” гэх мэдүүлэг /хх-н 149-150 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.У ын яллагдагчаар өгсөн: “би У , Э  гэх хүмүүстэй цуг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд **-** ОРХ улсын дугаартай “Nissan Х-Тгаil” маркийн тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн Бүрэгхангай сумын Ногоон морьт гэх газарт унасан хуш модны самар түүж байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд бид гурав машиндаа 3 шуудай самар аччихсан Орхон аймаг руу буцаж явах гээд Орхон аймгийн “Бүрэнбүст” гэх газарт явж байтал нэг цагаан пургон зогсож байсан. Уг пургоноос хоёр хүн гарч ирээд бид нарыг зогсоосон. ...” гэх мэдүүлэг /хх-н 156-157 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхөөргүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын **-**-ны өдрүүдэд Булган аймгийн Бүрэгхангай сумын Бумбат 1 дүгээр багийн нутаг “Ногоон морьт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны үр болох самар 95.4 килограммыг түүж “Nissan Х-Тгаil” загварын **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 620100 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч В.Б ийн өгсөн мэдүүлэг /хх-н **-** тал/,  гэрч Я.А ын өгсөн мэдүүлэг /хх-н **-** тал/, гэрч Г.Т гийн өгсөн мэдүүлэг /хх-н **-** тал/, шинжээч Б.Жавхлангийн өгсөн мэдүүлэг /хх-н 107 тал/, Булган сум дахь Сум дундын ойн ангийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н **-** тал/, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон дүгнэлтэд “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2100063 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 80 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд П.Э ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 142-143 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Ж.У гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 149-150 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Г.У ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 156-157 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо. 

Прокуророос шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нарыг бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын **-**-ны өдрүүдэд Булган аймгийн Бүрэгхангай сумын Бумбат 1 дүгээр багийн нутаг “Ногоон морьт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны үр болох самар 95.4 килограммыг түүж “Nissan Х-Тгаil” загварын **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 620100 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар П.Э , Ж.У , Г.У  нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлтэй, нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүх нь хууль бус болохыг мэдсээр байж түүсэн, хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

“Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нар нь хуш модны үр болох самрыг түүж бэлтгэх нь хууль бус болохыг мэдсээр байж Булган аймгийн Бүрэгхангай сумын Бумбат 1 дүгээр багийн нутаг “Ногоон морьт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хуш модны үр болох самар 95.4 килограммыг түүж, Орхон аймаг руу “Nissan Х-Тгаil” загварын **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн зэрэг үйлдлээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нарын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын **-**-ны өдрүүдэд Булган аймгийн Бүрэгхангай сумын Бумбат 1 дүгээр багийн нутаг “Ногоон морьт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хуш модны үр болох самар 95.4 килограммыг түүж “Nissan Х-Тгаil” загварын **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 620100 төгрөгийн шууд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 620100 төгрөгийн шууд хохирол, 1860300 төгрөгийн шууд бус хохирол учирсан ба шүүгдэгч нар хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул тэдгээрээс хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус зохицуулсан байна.

Иймд шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.У ын эзэмшлийн 6500000 төгрөгийн үнэлгээ бүхий **-** ОРХ улсын дугаартай Nissan Х-Тгаil загварын тээврийн хэрэгсэл болон хэрэгт хураан авсан 95.4 кг самрыг тус тус хурааж, хохиролд тооцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирлоос үлдэх хэсгийг улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З  овогт П-ын Э , Ц  овогт Ж-ийн У , Ш  овогт Г-ын  У  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нарт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нарт сануулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нараас байгаль экологид учирсан хохирол 1860300 /нэг сая найман зуун жаран мянга гурван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 620100 /зургаан зуун хорин мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.У ын эзэмшлийн 6500000 /зургаан сая таван зуу мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** ОРХ улсын дугаартай Nissan Х-Тгаil загварын тээврийн хэрэгсэл болон хэрэгт хураан авсан 95.4 кг самрыг тус тус хурааж, хохиролд тооцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирлоос үлдэх хэсгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд тус тус шилжүүлсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч П.Э , Ж.У , Г.У  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР