Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул, 

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Ц.П  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М  овогт Ц-ын П ид холбогдох эрүүгийн 211500000097 дугаартай, 163/2021/0105/Э индекстэй хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, М  овогт Ц-ын П , 1974 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, .............. оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: ................/,

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ц.П ийг 2016 оны 10 дугаар сард Булган аймгийн Гурванбулаг сумын “Өндөр толгой” гэх газраас Р.Г-ын 2 тооны адуу болох хул морь, хүрэн гүүг малын бэлчээрээс хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.П ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Г-ын өгсөн: “…Би 2016 оны 10 сараас 11 сарын орчимд Булган аймгийн Гурванбулаг сумын 5-р баг элсэн зах гэх газар намаржиж байсан. Тухайн үед өсгий цагаан сартай хул зүсмийн нас гүйцсэн бүдүүн морь, хар хүрэн зүсмийн нас гүйцсэн бүдүүн сувай гүү зэргийг Өндөр толгой гэх газраас бэлчээрээс алдсан. 2019 онд нутгийн ах О  нь надад 2016 онд танай адууг П  гэгч нь портер дээр ачаад авч явж байсан П той уулз гэж хэлсэн. Би 2020 оны намар П той уулзаад танай манай 2 адууг авсан юм уу гэж асуухад би авсан юм гэж хэлсэн. Би П ийг та хулгайлж авсан юм бол төлөөрэй гэхэд төлж өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш 2020 оны 12 сард П  нь манайд алаг зүсмийн нас гүйцсэн бүдүүн сувай гүү өгсөн. Мөн дараа нь дансаар 1 сая төгрөг шилжүүлж авсан учир одоо нэхэмжлэх зүйлгүй цаашид шүүх хуралд суумааргүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-6-9 тал/,

Гэрч Г.Э гийн өгсөн: “...2016 оны намар манай нөхөр Гэрэлт-Од Гурванбулаг сумын 5-р баг Элсэн зах гэх газар 2 адуугаа алдсан байсан. 2019 онд О  гэж ах танай адууг П  авсан гэж хэлсэн байсан. 2020 оны намар манай нөхөр П оос 1 адуу авч идшиндээ хэрэглэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-15 тал/,

Гэрч С.О ын өгсөнБи 2016 оны намар Гурванбулаг сумын 5-р баг Өндөр толгойн баруун суганд Б ын айлгүй өвөлжөөний орчимд адуугаа хайгаад явж байтал уг өвөлжөөнд **-** цагийн орчимд цагаан өнгийн Бонго-3 загварын тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь очоод хартал I |үрэвдорж, ордэнэ нар нь 2 тооны адуу өвөлжөөнд хашиж байгаад ачиж байсан. Би юун адуу ачаа вэ гэж асуухад П  худалдаж авсан юм гэж хэлж байсан. Уг 2 адуу нь хул морь 5 хошуу тамгатай, хүрэн гүү тамгыг нь санахгүй байна ийм 2 адуу ачиж байсан. 2018 онд Гэрэлт-Од нь 2 адуугаа асуухаар нь П ийн ачиж байсан адуутай зүс, тамга таарч байсан болохоор Г-д хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-н 17 тал/

 

Гэрч Б.Э ын өгсөн: “...Би 2016 оны 10 сард сумын төв дээр байсан. П  ах залгаад адуу ачилцаад өгөөч гэхээр нь гэрт нь явж очсон. П  нь өөрийн хамаатан дүү Б ын цагаан өнгөтэй ачааны машиныг гуйгаад аваад ирсэн байсан. Тэгээд үдээс өмнөхөн байсан цагийг нь сайн санахгүй байна Өндөр толгой гэх газарт айлын хаваржаанд хул морь, хүрэн гүү 2-ыг хашиж байгаад машин дээр ачаад сумын төв орж мал авч байсан ченжид өгсөн. …” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/, 

Гэрч Г.Б ын өгсөн: “...2015 оны үед 11 сая төгрөгөөр цагаан өнгийн Бонго Жи- 3 загварын тээврийн хэрэгсэл худалдаж авч байсан юм. 2018 оны үед Улаанбаатар хот руу зарсан. Одоо бол байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-22 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №ТХХ/21-88 дугаартай: “... 2 тооны адууг нийт 1.450.000 төгрөгөөр үнэлсэн. ...” гэх дүгнэлт /хх-37-40 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.П ийн яллагдагчаар өгсөн: “...Би Э ын хамтаар “Агт” гэх газрын хажууханд байх “Өндөр толгой” гэх газарт очиход Г-ын адуу байсан. Тэгэхээр нь тухайн адуунуудыг буюу хүрэн халзан азаргатай ойролцоогоор 20 гаран тооны адууг айлын эзэнгүй өвөлжөөнд хашиж байгаад хул морь, хүрэн морийг барьж авч машинд ачсан. Тухайн үед нутгийн хүн болох О  гэх залуу ирсэн. Тэгээд тэр залуу “ямар учиртай адуу вэ” гэхээр нь би “Г-оос авсан адуу байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд Э ын хамтаар Гурванбулаг сумын төвд оруулж ирээд Улаанбаатар хотоос ирсэн мал авч байсан хүмүүст ойролцоогоор 900000 төгрөгөөр 2 адуу зарсан. ...Би тухайн үед эхнэрээсээ нуугаад хүнээс мөнгө зээлж аваад өгч чадахгүй байсан болохоор мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-49 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхөөргүй байна.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.П  нь 2016 оны 10 дугаар сард Булган аймгийн Гурванбулаг сумын “Өндөр толгой” гэх газраас Р.Г-ын 2 тооны адуу болох хул морь, хүрэн гүүг малын бэлчээрээс хулгайлсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Г-ын өгсөн мэдүүлэг /хх-6-9 тал/, гэрч Г.Э гийн өгсөн мэдүүлэг /хх-15 тал/, гэрч С.О ын өгсөн мэдүүлэг /хх-н 17 тал/ гэрч Б.Э ын өгсөн мэдүүлэг /хх-19-20 тал/, гэрч Г.Б ын өгсөн мэдүүлэг /хх-22 тал/, “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-37-40 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.П ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо. 

Прокуророос шүүгдэгч Ц.П ийг 2016 оны 10 дугаар сард Булган аймгийн Гурванбулаг сумын “Өндөр толгой” гэх газраас Р.Г-ын 2 тооны адуу болох хул морь, хүрэн гүүг малын бэлчээрээс хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Ц.П ийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, тухайн мал нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ц.П ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.П  нь уг адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж адууг бэлчээрээс хулгайлан айлын хаваржаанд хашиж байгаад машин дээр ачиж сумын төв орж зарж борлуулсан идэвхитэй үйлдлээр түүний үйлдсэн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ц.П ийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.П  нь 2016 оны 10 дугаар сард Булган аймгийн Гурванбулаг сумын “Өндөр толгой” гэх газраас Р.Г-ын 2 тооны адуу болох хул морь, хүрэн гүүг малын бэлчээрээс хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Г-д 1450000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Ц.П  нь хохирлыг биет байдлаар буюу адууг буцаан өгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан байх тул төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.П ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч Ц.П ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.П ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.П ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.П  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М  овогт Ц-ын П ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.П ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.П ид оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ц.П ид сануулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.П ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНБААТАР