Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

                       

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин /томилолтоор/

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2005025011650 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 18-нд Дорноговь аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, ******* гар урланд сийлбэрчин ажилтай, ам бүл ганцаараа, Дорноговь аймгийн Сайншанд сумын ******* тоотод оршин суух хаягтай, урьд 2009 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгэгдсэн, 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгэгдсэн /РД:ЕГ*******/ ******* овогт ******* *******.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

С.******* нь 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* хутгалж эрүүл мэндэд нь цээж, зүүн шуу, зүүн гуянд олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол онц харгис хэрцгийгээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:       

Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.     

Хавтаст хэргээс хохирогч Ч.Жамбал мөрдөн байцаалтанд “2020 оны  8 дугаар сарын 08-нд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” дэлгүүрийн орчим хамт ажиллаж байсан ахынхаа найзыг таксинд суулгаж өгөх гээд явж байсан. Тэгээд танихгүй хүн хамт ажиллаж байсан ахтай маргасан тэгээд уг ахын нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд би салгаад маргалдаж байгаад зам хөндлөн  гараад сорочкон цамцтай залуугийн нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд уг залуу подвол руу ороод гараад ирсэн. Тэр залууг хутгатай байна гэж хүмүүс хэлэх нь сонсогдсон, тэгэхээр нь би зугтаасан. Тэгэхэд уг залуу миний араас хөөгөөд гудамж руу орж ирээд намайг барьж  аваад зүүн гарны тохой, цээжний зүүн хэсэгт, зүүн гуя хэсэгт 3 удаа нийт 5 удаа уг залуу баруун гартаа барьсан байсан хутгаараа хутгалсан тэгээд би зугтаагаад хашаа давахад араас нэг залуу хашаа давах гэхээр нь би түлхсэн тэгээд уг залуу зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/           

Гэрч ******* мөрдөн байцаалтанд: “ Би 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 02 цагийн үед өөрийн найз *******тай уулзалдахад миний төрсөн эцэг талийгаач болоод 49 хоног болж байгааг мэдээгүй байсан юм. Тэгээд тэндээсээ зочид буудалд 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уухаар болоод Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Болор зочид буудалд *******ын дүү Жамбал, нэг  эмэгтэй хүний хамт байсан бөгөөд бид 2 пиво хувааж уучихаад би явах болоод Баянгол дүүрэг 22-р хороо Энхбаярын зам дагуу Гэгээ зочид буудлыг өнгөрөөд зам дээрээс такси барих гээд Жамбал, ******* нарын хамт алхаж байхад хэдэн залуучууд машин дотроос хараах шиг болсон. Гэтэл ******* эргэж хараад орилтол машинаас 3-аас 4 залуу бууж ирээд *******ыг 2 удаа цохих шиг болсон тэгэхээр нь Жамбалын хамт салгаж байтал нэг нь чулуу бариад цохино гэж дайртал Жамбал газраас бас чулуу аваад хоорондоо нэлээн маргалдаад замын эсрэг талд гартал нэг нь хутга гээд орилоод тэндээсээ бид нар холдсон тэгээд Жамбал гэнэт доош гүйгээд бид 2 харин тэндээсээ бид нар холдсон. Тэгээд Жамбал гэнэт доош гүйгээд бид 2 харин тэндээсээ салаад *******ын зочид буудал руу очсон тэгтэл удалгүй ардаас Жамбал хутгалуулчихсан байдалтай орж ирэхээр нь цагдаад хандсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/          

Гэрч О.  мөрдөн байцаалтанд: “ 2020 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12-р хороо 20-р байрны доор байрлах ******* гар урлалын газар амралтын өрөөнд амарч байгаад 04:00 орчим би гарч ТҮЦ ороод буцаад урлан руугаа орох гэж байхад 7-8 хүн байсан зарим нь муудалцаж маргалдаад зарим нь салгаад байж байсан. Тэгээд нэг нэгээ зуураад хоёр талын хүн нь гартаа чулуу барьсан байсан. Тэгээд нэг чулуу барьсан байсан залуугийн  чулууг нь найз нар нь тавиулсан тэгээд нөгөө талын чулуу барьсан байсан залуу нь чулуу барьсан залуу хаана байна гээд хайгаад байсан. Тэгэхэд надтай хамт ажилладаг гэх ах урлангийнхаа гадаа тамхи татаад зогсож байсан залуу шууд гүйж очоод нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод цаашаа зугтаасан тэгэхэд ах урлан руу ороод удалгүй  гарч ирсэн гартаа юм барьсан байсан яг юу байсныг хараагүй. Тухайн үед байсан хүмүүс боль гээд тэгээд ах өөрийн нь цохисон залуугийн араас хөөгөөд гүйсэн намайг болиул гээд нэг нь орилсон. Би хэн гэдгийг нь харж чадаагүй шууд ахын араас болиулах гээд гүйсэн тэгээд араас нь очиход Баянгол дүүргийн 22-р хороо Рич зочид буудлын урд гудамжаар гэр хороололд ороод уг хутгалуулсан залуу хашаа давсан ах цаашаа яваад алга ах миний урдаас ирж байсан. Тэгээд боль гээд ах урлан руу хар малгайтай ах хоёр яваад орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/           

Гэрч мөрдөн байцаалтанд: “Миний бие Таац дэлгүүрийн гадна шөнийн цагаар гар дээрээс архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг юм. 2020 оны 8 дугаар сарын 07-ны орой би Таац дэлгүүр дээр 20 цагийн орчимд ганцаараа ирээд Гэгээ зочид буудлын замын эсрэг талд байрлах “Урлан” гэх нэртэй сийлбэрийн газар ороход тухайн газрын сийлбэрчин ах болон Таац дэлгүүрийн гадна гар дээрээс архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг Замбага ах нар сууж байсан. Замбага ах бид хоёр Урлан дотор сууж байгаад шөнийн 00 цаг болохоор нь гадаа гарч архи пиво зарж эхэлсэн. Шөнийн 01 цаг  өнгөрч байхад Санжаа, Замбага ах бид хоёр дээр ирээд бид гурав хамтдаа архи, пиво зарж байтал шөнө 03 цагийн орчимд Ариука болон манай төрсөн ах хоёр Ариукагын хар өнгийн Приус-30 маркын машиныг ах салсан найз охин Нарангоогоор бариулаад ирсэн. Ариука, Болдоо ах хоёр бид гурав дээр ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн юм. Манай ах архи уухаараа агсам согтуу тавьдаг тавтиргүй зантай болчихдог болохоор нь би тэд нараас зайгаа аваад  урлангын гадаа сууж байтал манай төрсөн ах Гэгээ зочид буудлын гадаа зогсчхоод гудамжаар дүүрэн Санжааг дуудаад орилоод байсан. Би урлан дотор ороод сууж байтал гадаа хүмүүсийн орилолдох чимээ гараад байхаар нь гараад хартал Ариука, Санжаа, Болдоо, Замбага ах дөрөв огт танихгүй гурван эрэгтэй хүнтэй зогсож байсан. Тухайн гурван эрэгтэй хүнтэй Ариука, ах хоёр маргалдаад Санжаа, Замбага ах бид гурав дундуур нь ороод салгах гэж оролдсон. Ариука тухайн гурван эрэгтэй хүний нэгнийхэн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тухайн цохиулсан эрэгтэй хүнтэй хамт явж байсан эрэгтэй хүн миний ахыг цохилоо гээд газраас чулуу аваад Ариукаг чулуугаар цохих гээд байхаар нь би тухайн эрэгтэй хүний гараас нь чулууг нь авч хаяад та нар явчих гэсэн чинь танай наад хүн чинь миний ахыг цохичихлоо гэсэн. Тэр үед Ариукад цохиулсан эрэгтэй хүн над руу та нар намайг энэ газраас хөөдөг хэн юм бэ гээд над руу уурлаад байхаар нь би замын эсрэг талд гараад зогсож байхад урлангын сийлбэрчин ах Урлан дотроос гарч ирээд миний хажууд тамхи татаад зогсож байсан.Тэгтэл чулуу бариад Ариукаг цохих гэж байсан эрэгтэй хүн зам гарч ирээд ах бид хоёр дээр ирээд ахын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон чинь ах тухайн эрэгтэй хүнд хандаж чи намайг зүгээр зогсож байхад яагаад цохиж байгаа юм гэж хэлтэл ахыг цохисон эрэгтэй хүн Рич гэдэг нэртэй зочид буудлын зүг гүйгээд явсан. ах урлан руу гүйж ороод 5-10 секунд болоод гарч ирээд өөрийг нь цохиод зугтаасан эрэгтэй хүний араас хөөгөөд харанхуй гудамж руу орсон. Тэр үед ахад хөөгдөөд гудамж руу орсон эрэгтэй хүнтэй хамт явж байсан хоёр эрэгтэй хүн нь Ариука, ах хоёртой зодолдох гээд байхаар нь би тэд нарын дундуур нь орж салгасан. Тэр үед би нэрийг сайн санахгүй байна. Зүс таних нэг эрэгтэй хүн ах нэг танихгүй эрэгтэй хүний араас хөөгөөд харанхуй гудамж руу орчихлоо араас нь очиж авчраарай гэж надад хэлхээр нь би ахын орсон Рич зочид буудлын урд талын гудамж руу гүйгээд очтол ах өмсөж явсан цамцны халаасандаа хоёр гараа хийчихсэн миний урдаас ирж байсан. Би ахаас таны  хөөсөн эрэгтэй хүн чинь хаана байгаа юм. Зүгээр юм уу гэхэд зүгээр, зүгээр хашаа даваад зугтаачихсан гэж надад хэлсэн. Тэгээд ах бид хоёр буцаад очиход Санжаа, Ариука, хоёрыг авч яваад машинд нь суулгаж байсан. ах бид хоёр урлан руу ороод би сууж байтал ах  нойлын өрөө ороод гараа угаачхаад гарч ирсэн. Удалгүй гаднаас Санжаа орж ирээд Замбага ах бид гурав таван шар орчхоод гэр гэртээ хариад амарцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-53/          

Яллагдагчаар С.******* мөрдөн байцаалтанд: “2020 оны 8 дугаар сарын 08-нд би ******* гар урлангийн газар хамт ажилдаг туслах ийн хамт ажлаа хийж байсан гадаа хүмүүс  шуугилдаад байсан. гараад явсан би ийг асуудалд орж магадгүй гэж бодоод гараад тамхи татаад зогсож байхад нэг танихгүй залуу ирээд миний баруун шанаа хэсэгт нэг удаа гараараа цохиод цаашаа гүйгээд зугтаасан. Би урлан руугаа ороод ширээний дээр сийлбэр хийж байсан модон иштэй жижиг үзүүртэй хутга авч гараад намайг цохисон залуугийн араас хөөж очоод уг залуугийн гуя гар хэсэгт нь хэд хэдэн удаа хутгалсан тэгээд би буцаад явсан уг залуу цаашаа гүйгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79/           

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 9145 дугаартай “...Ч.Жамбалын биед цээж, зүүн шуу, зүүн гуянд олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийлээд болон дан дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх шинэ гэмтлүүд байна...” дүгнэлт /хх-ийн 64-65/, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх /хх-ийн 88/ зэрэг бичгийн отлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.*******  2020 оны 8 дугар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн ******* хутгалж эрүүл мэндэд нь цээж, зүүн шуу, зүүн гуянд олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол онц харгис хэрцгийгээр санаатай учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ С.******* хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...модон иштэй жижиг үзүүртэй хутга авч гараад намайг цохисон залуугийн араас хөөж очоод уг залуугийн гуя гар хэсэгт нь хэд хэдэн удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79/, хохирогч Ч.Жамбалын “...би салгаад маргалдаж байгаад зам хөндлөн  гараад сорочкон цамцтай залуугийн нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд уг залуу подвол руу ороод гараад ирсэн...уг залуу миний араас хөөгөөд гудамж руу орж ирээд намайг барьж  аваад зүүн гарны тохой, цээжний зүүн хэсэгт, зүүн гуя хэсэгт 3 удаа нийт 5 удаа уг залуу баруун гартаа барьсан байсан хутгаараа хутгалсан тэгээд би зугтаагаад хашаа давахад араас нэг залуу хашаа давах гэхээр нь би түлхсэн тэгээд уг залуу зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/, гэрч *******ын“...*******ын зочид буудал руу очсон тэгтэл удалгүй ардаас Жамбал хутгалуулчихсан байдалтай орж ирэхээр нь цагдаад хандсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч О.ийн“... ах урлан руу ороод удалгүй  гарч ирсэн гартаа юм барьсан байсан яг юу байсныг хараагүй... ах өөрийн нь цохисон залуугийн араас хөөгөөд гүйсэн намайг болиул гээд нэг нь орилсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-39/, гэрч ын“.... ахын орсон Рич зочид буудлын урд талын гудамж руу гүйгээд очтол ах өмсөж явсан цамцны халаасандаа хоёр гараа хийчихсэн миний урдаас ирж байсан. Би ахаас таны  хөөсөн эрэгтэй хүн чинь хаана байгаа юм. Зүгээр юм уу гэхэд зүгээр, зүгээр хашаа даваад зугтаачихсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-53/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна

Шүүгдэгч С.*******  2020 оны 8 дугар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн ******* хутгалж эрүүл мэндэд нь цээж, зүүн шуу, зүүн гуянд олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол онц харгис хэрцгийгээр санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос С.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч С.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Улсын яллагчаас С.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн” гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирогч Ч.Жамбал нь өөрт учирсан хохиролтой холбогдуулан баримтаа хэрэгт хавсаргаагүй байх тул шүүгдэгч С.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

С.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь онц харгис хэрцгийгээр хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 18 см урттай, модон иштэй 2 см урттай, ажлын хэсэгтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* *******т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц, харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18 см урттай, модон иштэй 2 см урттай, ажлын хэсэгтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ