Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/244

 

 

                       

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005020100081 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн *******анд “Нархан” дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн *******ын ******* ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:ЦЗ*******/, ******* овогт *******ын *******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

******* нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхоны ******* тоот хашааны үүдэнд иргэн ийг толгой тус газарт нь цохиж, биед нь хамрын ясны хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, гар утсыг нь хүч хэрэглэн дээрэмдэж 272,000 /хоёр зуун далан хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “2020 оны 5  дугаар сарын 11-нд хүүхэдтэй болоод тэгээд манай дүү дуудаад баяр хүргэе гээд хүүхдийнхээ нэрийг цээжиндээ шивүүлчих гэхээр нь дүү дээрээ очиж шивээс хийлгүүлээд дүүтэйгээ хамт 3 лааз пиво уусан. Тэгээд тэднийхээс гараад такси бариад гэртээ харихдаа таксинд утас, түрийвчээ үлдээсэн. Араас нь утсаар ярих гээд тэнд байсан эмэгтэй дээр очоод утсаараа яриулчих гэхэд орилохоор нь сандраад гараараа цохиод утсыг нь аваад явсан. Утсыг нь мартаад дараа нь халааснаас гараад ирэхээр нь хүнд өгсөн. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Гэмшиж байна.” гэв.

Xавтаст хэргээс хохирогч мөрдөн байцаалтанд “2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 02 цагийн орчимд миний бие ажлаа тараад гэртээ харихаар Баянгол дүүрэг 16-р хороо Ланд зочид буудлын ойролцоо таксинаас буугаад урд талын эгнээгээр нь ганцаараа алхаж байсан юм. Тэгсэн миний араас нэг үл таних эрэгтэй хүн дагаад байх шиг байсан болохоор нь би аминдаа яаруу алхсан. Намайг яг гандангийн 60 айлын орон сууцаар өнгөрөхөд тухайн хүн миний яг ард алхаж байсан. Тэгээд гэрийн үүдэнд очиход нөгөө залуу утсаараа нэг яриулчих гээд шууд толгойн тус газарт гараараа цохисон. Тэгэхээр нь өөрийн гар утсаа гаргаж өгөхөд миний утсыг авчихаад шууд яваад өгсөн. Миний гар утас 272,000 төгрөгийн үнэлгээ гарсан бөгөөд одоогийн байдлаар хохирол төлөгдөөгүй байна. Хэрэв хохирол төлөгдвөл надад гаргах гомдол санал байхгүй. Миний бие гар утасны үнэлгээ болон сэтгэл санааны хохирол гэж нийтдээ 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Надад томографийн эмчилгээнд орсон зураг л байгаа юм. Өөр баримт байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 21/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...02:24 секундэд Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 айлын орон сууцны үүдээр хохирогч нь явж байгаа байдлыг гэрэл зургаар харуулав. 02:52 секунтэд Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 айлын орон сууцны үүдээр үл таних хар савхин куртик, цэнхэр жинсэн өмд, ногоон өнгийн пүүзтэй хүн явж байгаа байдлыг гэрэл зургаар харуулав.” гэсэн тэмдэглэл  /хх-ийн 12-13/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6516 дугаартай “ийн биед хамрын ясны хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36/

Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд “2019 онд худалдан авсан Айфоне 6 маркийн гар утас 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 272.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн тайлан /хх-ийн 32-33/

Хохирогч “хохиролд 500.000 төгрөг хүлээж авлаа” гэсэн төлбөр хүлээж авсан тухай тэмдэглэл  /хх-ийн 131/

Яллагдагч ******* мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу төв гандан хийдийн зүүн талд шөнийн 02 цагийн орчимд ганцаараа явж байтал гудамжинд ганцаараа эмэгтэй хүн явж байхаар нь утсаа өгчих нэг ярих гэсэн юм гэхэд тухайн хүн гар утсаа гараа барьчихсан байсан бөгөөд энэ үедээ намайг түлхээд хөлөөрөө хашааны хаалга нүдээд эхэлсэн. Энэ үед би эмэгтэйн толгой руу нь өөрийнхөө толгой хэсгээрээ мөргөөд халаасандаа гар утсаа хийх үед нь гар утсыг нь аваад зүүн зүгт буюу Модны 2 автобусны буудал чигтэй гүйсэн. Миний хувьд гэм буруугаа хүлээж байна. Маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 62/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122/ зэргийг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхоны ******* тоот хашааны үүдэнд хохирогч ийг толгой тус газарт нь цохиж, биед нь хамрын ясны хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гар утсыг нь хүч хэрэглэн дээрэмдэж 272.000 /хоёр зуун далан хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******гийн “Би 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу гандан хийдийн зүүн талд шөнийн 02 цагийн орчимд ганцаараа явж байтал гудамжинд ганцаараа эмэгтэй хүн явж байхаар нь утсаа өгчих нэг ярих гэсэн юм гэхэд тухайн хүн гар утсаа гартаа барьчихсан байсан бөгөөд энэ үедээ намайг түлхээд хөлөөрөө хашааны хаалга нүдээд эхэлсэн. Энэ үед би эмэгтэйн толгой руу нь өөрийнхөө толгой хэсгээрээ мөргөөд халаасандаа гар утсаа хийх үед нь гар утсыг нь аваад зүүн зүгт буюу Модны-2 автобусны буудал чигтэй гүйсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/, хохирогч ийн “2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 02 цагийн орчимд миний бие ажлаа тараад гэр рүүгээ харихаар Баянгол дүүрэг 16-р хороо Ланд зочид буудлын ойролцоо таксинаас буугаад урд талын эгнээгээр нь ганцаараа алхаж байсан юм. Тэгсэн миний араас нэг үл таних эрэгтэй хүн дагаад байх шиг байсан болохоор нь би аминдаа яаруу гэр рүүгээ алхсан. Намайг яг гандангийн 60 айлын орон сууцаар өнгөрөхөд тухайн хүн миний яг ард алхаж байсан. Тэгээд гэрийн үүдэнд очиход нөгөө залуу утсаараа нэг яриулчих гээд шууд толгойн тус газарт гараараа цохисон. Тэгэхээр нь өөрийн гар утсаа гаргаж өгөхөд миний утсыг авчихаад шууд яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 21/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/, шинжээчийн 6516 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36/,  Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33/, хохирогч “хохиролд 500.000 төгрөг хүлээж авлаа” гэсэн төлбөр хүлээж авсан тухай тэмдэглэл  /хх-ийн 131/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

*******гийн дээрх буюу бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж, хүч хэрэглэж эд зүйлийг нь дээрэмдсэн үйлдлүүд нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл  байна.       

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг  баримтлан хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нийт 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 3 жил 1 сарын  хугацаагаар хорих ял оногдуулах,

 өмгөөлөгч А.Очбадралаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэлд нь 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлд нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, нэмж нэгтгээд нийт 1 жил 1 сар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо. 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр бусдын бие махбодь эрх, эрх чөлөөнд болон эд хөрөнгөд хууль бусаар халдаж Эрүүгийн хуульд заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн, хувийн байдал буюу урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо нөхөн төлсөн бол ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дах хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нийт 30 /гуч/ хоног буюу нэг сарын  хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.   

 Шүүх, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ болон үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Мөрдөн байцаалтын явцад хохирогч т 500,000 төгрөг хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нийт 30 /гуч/ хоног буюу нэг сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. *******гийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдсугай.

6. *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******г цагдан хорьсоныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ