| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/00439/И |
| Дугаар | 151/ШШ2017/00393 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2017/00393
| 2017 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 151/ШШ2017/00393 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймгийн Угтаалцайдам тоотод оршин суух, 25настай, эмэгтэй, Аадаг овогт Доржсүрэнгийн ? /Н7/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Угталцайдам сумын тоотод оршин суух, 36 настай эрэгтэй, Мичид овогт Шагдарын ? /9/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 26-нд хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.?, хариуцагч Ш.?, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.? шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 онд анх таницсан. 2006 оны 2 сарын 01 нд гэрлэлтээ батлуулсан. 2006 оны 07-р сарын 28-нд охин Б.? төрсөн. 2010 оны 05 сарын 23-ны өдөр хүү Б.? төрсөн. Манай том хүү намайг дагаж ирсэн юм. Ш.? архи их уудаг байсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас болж салахаар шийдсэн. Заавал биеэ зовоож амьдарч байхаар 3 хүүхдээ өөрөө өсгөөд явъя гэж шийдсэн. Тус тусдаа амьдраад жил гаруй хугацаа болж өайна. Том хүү одоо 11-р анги. Амралтын өдрөөр 2 хүүхдээ аав руу нь явуулдаг. Аавыгаа санадаг байх гэж бодоод аавтайгаа холбоотой байх нь зөв гэж боддог. Тусдаа амьдарч байх хугацаанд хэрүүл маргаан гарч байгаагүй. Анх хамтран амьдарч байхад архи уудаггүй сайхан амьдарч байсан. Архинаас гаргахын тулд хөдөө гарч байсан. Хөдөө гарсны дараа намайг хаячихаад яваад өгдөг байсан. Бид хүүхдүүдийн асрамжийн талаар маргаж эх эцгийн хэнийх нь асрамжид байлгах талаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан байсан боловч хүсэлтээсээ татгалзаж харилцан ярилцаад тохиролцсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авна, Ш.?өөс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд харангийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ш.? шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.? бид хоёр багаасаа хамт өссөн. Хүүхэд байхаасаа хурдан морь хамт унадаг дурсан санах сайхан юм их байдаг юм Би архи уусан үедээ хань ижлээ зоддог байсан нь үнэн. Өөрийн бурууг ойлгож гэмшдэг. Сүүлийн үед би агсан согтуу тавихгүй байгаа. Цаашид хэрүүл маргаан гаргахгүйгээр зүгээр салъя гэж шийдсэн. Хар багаасаа хамт өссөн болохоор хайр сэтгэлийн үндсэн дээр гэр бүл болж байсан. Би хардаад байдаггүй ханьдаа одоо ч хайртай. Гурван сайхан хүүхэдтэй. Тусдаа амьдарснаасаа хойш их зүйл бодож байна. Хүүхдүүддээ байнга туслалцаа үзүүлдэг. Том хүү, охин хоёроосоо айдаг. Намайг архи уувал тань дээр ирдэхгүй шүү гэж айлгадаг. Энэ үгийг нь би хүлээж аваад архи уухгүй хичээж байгаа. Бид хоёр талын ээж аавтайгаа мэндтэй явдаг. Манай аав, ээж нар бид хоёрт зөвлөгөө өгдөг байсан. Гэрлэлтийн баталгаагаа салгуулаад хүүхдийнхээ төлөө амьдарна. Өөр гэр бүлтэй болно гэж юу байхав. Д.? салъя гэж байгаа, би салахгүй гээд яахав дээ. Одоо бид хоёрт хэрэлдээд байх шалтгаан байдаггүй. Хүүхдийн хичээлээс болж жаахан маргалддаг. Түрүү жил би архи ууж явж байгаад мод түлээ, идшийг нь бэлдэж өгч чадаагүй. Энэ жил бэлдэж өгнө. Энэ жилээс манай бага хүү хурдан морь унаж эхэлнэ. Би өөрөө ухаарсан. Хэрүүл маргаан хийгээд байхаар хүүхдүүд хүртэл гутраад байдаг юм байна лээ. Архины буруу биш миний л буруу. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ. Одоо ямар нэгэн маргаан байхгүй. Шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Бид 2 ярилцаад харилцан тохиролцсон. Хүүхдүүд ээжийнхээ асрамжинд байх нь зөв гэж бодож байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.? нь Ш.?өөс Гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж, тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Зохигчид нь 2005 онд танилцан гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 2006 оны 11 сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл байна. Гэрлэгсдийн хамтын амьдрал үргэлжилж байх хугацаанд 2006 оны 07-р сарын 28-нд охин Б.? төрсөн. 2010 оны 05 сарын 23-ны өдөр хүү Б.? нар төрөн. Одоо эхийнхээ асрамжинд байгаа болох нь зохигчдын өөрсдийн тайлбарууд болон хэрэгт цугларсан гэрлэгсдийн гэрчилгээ, хүүхэд төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Зохигчид нь 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба тэдний хамтын амьдралын хэвийн байдал алдагдсан бөгөөд тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж гэрлэлт цуцлахыг харилцан шаардаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хүүхдүүдийн асрамжийн талаар маргаж байсан ба тэдний хүсэлтээр хүүхдүүдийг эх эцгийн хэнийх нь асрамжид байлгах нь хүүхдүүдийн эрх ашигт нийцэх эсэх талаар Хүүхдийн төлөө үндэсний төвийг шинжээчээр томилсон байсан боловч тэд хүсэлтээсээ татгалзсан байна.
Зохигчид харилцан ярилцаж хүүхдийн асрамжийн талаар маргахгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүйгээр хүүхдүүдийг ээжийнх нь анхаарал халамж үлдээхийг хүссэн хариуцагчийн хүсэлт, хүүхдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан 2006 оны 07-р сарын 28-нд төрсөн охин Б.?, 2010 оны 05 сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.? нарыг эх Ш.?ын асрамжид үлдээх нь зүйтэй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж заасан нь гэрлэлт цуцалсан ч эцэг, эхийн үүрэг хэвээр үргэлжлэх ёстойг хуулиар зохицуулсан байна.
Цаашид хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл тэтгэлэг нэхэмлэх, мөн хүүхэд өөрийнхөө асрамжийг өөрчлүүлэхийг хүсвэл асрамжийн асуудлаар шүүхэд дахин хандах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Зохигчид аль аль хамтран амьдрах хүсэлгүй байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ буюу сэтгэл зүйч, гэр бүл судлаач, сурган хүмүүжүүлэгчээс зөвлөгөө өгүүлэх зэрэг ач холбогдолтой ажиллагааг явуулах шаардлагагүй гэж үзэж тэдний гэрлэлтийг цуцалж, 2006 оны 07-р сарын 28-нд төрсөн охин Б.?, 2010 оны 05 сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.? нарыг эх Д.?ын асрамжид үлдээхэээр шийдвэрлэв.
Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй ба хүүхдийн тэтэгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Аадаг овогт Доржсүрэнгийн ?, Мичид овогт Шагдарын ? нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2006 оны 07-р сарын 28-нд төрсөн охин Б.?, 2010 оны 05 сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.? нарыг эх Д.?ын асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.?өөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.?ад олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ