Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/245

 

         

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005030030268 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 24-нд Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ******* ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ИН*******/ ******* овогт ******* *******.  

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:   

******* нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн *******аас нийт 6.000.000 төгрөгийг хоёр удаагийн үйлдлээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:        

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “Буруутай зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй ” гэв.

Хавтаст хэргээс хохирогч ******* мөрдөн байцаалтанд "2019 оны 09 дүгээр сарын 10-ны үед би зүс таних машины сэлбэг зарж байгаад танилцсан ******* гэдэг хүнтэй уулзахад надад “Арабын нэгдсэн Эмират Улсын Элчин Сайдын яамнаас 3 ширхэг машин актанд гарах гэж байна. Уг машиныг би авах боломжгүй байна. Та авах уу хэрэв авах бол дуудлага худалдаа болох юм байна лээ хамгийн байгадаа урьдчилгаа 10.000.000 төгрөг хийсэн байх ёстой юм байна лээ. Надад таньдаг хүн байгаа. Таньд найдвартай аваад өгнө уг нь нэг машиныг 18.000.000 төгрөгөөр гарна гэхдээ таньд би 20.000.000 төгрөгөөр аваад 2.000.000 төгрөгийг нь би авъя” гэж хэлэхээр нь би итгэсэн. Тэгтэл 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ******* манай ажил дээр ирээд “ахаа одоо урьдчилгаа мөнгө хийх хэрэгтэй байна” гэхээр нь би ланд 105 гэдэг машиныг авахаар тохиролцож урьдчилгаа 6.000.000 төгрөгийг дүү ******* руу залгаад *******ы дансны дугаарыг явуулсан. Тэгээд интернет банкаар данс руу нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр вокзалын орчимд байхдаа 2 удаагийн үйлдлээр шилжүүлсэн.

Би хохирлын мөнгө болох 6,000,000 төгрөгийг *******аас 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр хүлээн авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг / хх-ийн 26-28/

Гэрч Г.******* мөрдөн байцаалтанд “2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүрэг 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр зам орчимд явж байхад хамт ажилладаг ах болох Буянбат над руу залгаад “ах нь машин авах гээд урьдчилгаа хийх хэрэгтэй байна 6.000.000 төгрөг нэг данс руу хийгээд өгөөч” гэхээр нь би хүлээн зөвшөөрөөд Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны Төмөр замын Капитрон банкны ойролцоо хүлээж байхдаа Буянбат ахаас ирсэн Хаан банкны тоот данс руу Хаан банкны данснаас 3.000.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр хийсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/

Депозит дансны хуулга /хх-ийн 39-58/

Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд “Би 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө 11 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “MONBET” худалдааны төвийн арын гудманд байрлах *******ын ажлын байранд очиж уулзсан. Энэнээс 2-3 хоногийн өмнө “Land-105” гэх машины талаар хоорондоо фэйсбүүк мессенжерээр ярилцсан. Тухайн машин нь Засгийн газрын автобаазаас дуудлага худалдаагаар гаргах гэж байгаа гэдэг талаар Засгийн газрын автобаазад ажилладаг хүн надад хэлсэн. Тухайн машины дуудлага худалдаагаар авахын тулд эхлээд 6.000.000 төгрөгийг байршуулсан байх шаардлагатай гэсэн. Тэгэхэд надад мөнгөний боломж байхгүй байсан болохоор би ******* ахад хэлсэн. Тэгэхэд ******* ах миний саналыг зөвшөөрч ирж уулзаач гээд би тухайн өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Буянбат ахтай уулзсан юм. Тэгэхэд Буянбат ах миний саналыг бүрэн зөвшөөрч тухайн өдөр эхлээд 3.000.000 төгрөгийг миний Хаан банкны тоот данс руу хийгээд 2-3 цагийн дараа үлдэгдэл 3.000.000 төгрөгийг дахин миний Хаан банкны данс руу хийсэн. Буянаа ахаас ирсэн 6.000.000 төгрөгийг цааш нь Засгийн газрын автобаазад байхгүй байж байгаад долоо хоногийн дараа фэйсбүүкийн мессенжерээр холбогдоход 14 хоногийн дараа хот орно хөдөө томилолтоор ажилтай явж байна хотод очоод холбогдоё гэсэн. Тэгээд нөгөө хүн 14 хоногийн дараа хотод ирээд надтай холбогдоод дахин 7 хоног хойшлуулъя автобаазынхаа мөнгө байршуулах данс болон тухайн дуудлага худалдаа хэдэнд болох талаар асуугаад хариу хэлье гэсэн юм. Тухайн үед би болчих байх гээд хүлээж байтал миний түрээслэдэг байсан гараашийн эзэн нь өөр хүнд түрээслэхээр боллоо намайг түрээсээ төлөөд гар гэсэн. Тэгэхэд би хуучин гараашийн түрээс болон дахин нэг гарааш түрээслэх асуудал яах ч аргагүй надад мөнгөний хэрэг их гарсан учраас би Буянбат ахын мөнгөнөөс нь хуучин гараашийнхаа төлбөрийг төлөөд бас шинээр түрээсэлсэн гараашынхаа түрээсийг өгсөн юм.

Энэ асуудлын дараа нөгөө автобаазын хүн маань залгаад нөгөө машины дуудлага худалдаа болохоо больсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Буянбат ах руу залгаад “нөгөө дуудлага худладаа маань худлаа болсон гэнээ гээд өөрт болсон асуудлаа ярьж ойлгуулаад би таны мөнгийг богино хугацаанд хурдан өгнө гэж хэлсэн. Би өөрийн хийсэн үйлдээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74/

Шүүгдэгч *******ы “миний бие хохирогч *******ын хохирол болох 6,000,000 төгрөгийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-ийн 91/

Хохирогч *******ын “6.000.000 төгрөгийн авлага дууссан тул гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 92/

Шүүгдэгч *******ы хувийн байдалтай холбоотой АСАП сангийн лавлагаа /хх-ийн 75-77/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 82/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 83/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                                                                                                                      

Шүүгдэгч ******* нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж *******аас нийт 6.000.000 төгрөгийг хоёр удаагийн үйлдлээр шилжүүлэн авч залилсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******ы “...Буянбат ах миний саналыг бүрэн зөвшөөрч тухайн өдөр эхлээд 3.000.000 төгрөгийг миний Хаан банкны тоот данс руу хийгээд 2-3 цагийн дараа үлдэгдэл 3.000.000 төгрөгийг дахин миний Хаан банкны данс руу хийсэн. Буянаа ахаас ирсэн ...Тухайн үед би болчих байх гээд хүлээж байтал миний түрээслэдэг байсан гараашийн эзэн нь өөр хүнд түрээслэхээр боллоо намайг түрээсээ төлөөд гар гэсэн. Тэгэхэд би хуучин гараашийн түрээс болон дахин нэг гарааш түрээслэх асуудал яах ч аргагүй надад мөнгөний хэрэг их гарсан учраас би Буянбат ахын мөнгөнөөс нь хуучин гараашынхаа төлбөрийг төлөөд бас шинээр түрээсэлсэн гараашынхаа түрээсийг өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74/, хохирогч *******ын "2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ******* манай ажил дээр ирээд “ахаа одоо урьдчилгаа мөнгө хийх хэрэгтэй байна” гэхээр нь би ланд-105 гэдэг машиныг авахаар тохиролцож урьдчилгаа 6.000.000 төгрөгийг дүү ******* руу залгаад *******ы дансны дугаарыг явуулсан. Тэгээд интернет банкаар данс руу нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр вокзалын орчимд байхдаа 2 удаагийн үйлдлээр шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг, гэрч Г.*******ын “Буянбат над руу залгаад “ах нь машин авах гээд урьдчилгаа хийх хэрэгтэй байна 6.000.000 төгрөг нэг данс руу хийгээд өгөөч” гэхээр нь би хүлээн зөвшөөрөөд Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны Төмөр замын Капитрон банкны ойролцоо хүлээж байхдаа Буянбат ахаас ирсэн Хаан банкны тоот данс руу Хаан банкны данснаас 3.000.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр хийсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/, Депозит дансны хуулга /хх-ийн 39-58/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Улсын яллагчаас *******ыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсангэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг *******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ад хохирлын 6.000.000 төгрөгийг буцаан төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* *******ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4. *******ыг энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурьдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ