Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/353

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Шүүгдэгч Э.Д, Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т, Д нарт холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Д, Ц.Т нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, алгадах, цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн зовхины баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Э.Д, Ц.Т нар нь “2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, алгадах, цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн зовхины баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дийн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчоос уучлалт гуйж  байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Тгийн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчоос уучлалт гуйж  байна…” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Бын хохирогчоор өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хуучин ангийн найз Батбаатартай уулзаад байж байхад Батбаатар руу Пүрэвдорж залгасан. Бид 2-ыг “Их Монгол” нэртэй папад хүрээд ир гэсэн. Бид 2-ыг очиход Пүрэвдорж 2 найзтайгаа сууж байсан. Тэгээд удалгүй Д, Т нарыг дуудсан. Бид нэг ангид хамт сурч байсан дурсамжаа ярьж байгаад би “тэр үед Д, Т 2 намайг их шоглодог байж билээ” гэхэд Т “би Быг 10 жилд байхдаа нуруу хэсэгт нь хатгахад уйлсан” гэж хэлсэн. Тэгээд би уйлаагүй гэж бид маргасан. Папын угаалгын өрөө орохдоо би “тэр үеэс би өөр болсон шүү” гэж хэлсэн. Тэгээд жаахан маргаад гарсан. Бид Бичил хороолол орж тэндээ авсан пивонуудаа ууж байтал Батбаатар яваад өгсөн. Тэгээд бид Пүрэвдоржтой уулзахаар бичлийн дээшээ алхаж байхад Д “чи сая папад юу гээд тороод байсан бэ, чи ямар том болчихсон юм бэ” гэж хэлээд намайг 1 алгадсан. Би уучлалт гуйгаад байж байтал Д “чи тийм овоо болчихсон юм бол 2-лаа зодолдох уу” гэсэн. Би “чамайг барахгүй ээ, намайг уучлаарай” гэхэд намайг дахин 2-3 удаа алгадсан. Тэгтэл Т “тэгвэл 2-лаа зодолдъё” гээд намайг Дээс салгаад өшиглөсөн. Би “миний нүүр хэсэгт битгий цохиоч, маргааш ажилтай” гэж гуйсан. Тэгээд тэр 2 намайг зодож байхад нь би гараараа хааж байсан. Гэтэл Пүрэвдорж ирээд биднийг салгасан. Би гомдолтой байгаа бөгөөд эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Дийн гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би Ттэй уулзаад байж байхад Пүрэвдорж найз маань залгаад цэргийн найзуудтайгаа байна, хүрээд ир гэсэн. Тэгээд бид 2 “Их Монгол” нэртэй папад очиход Б, Батбаатар бас түүний найзууд байсан. Бид пиво аваад уугаад 10 жилийн дурсамжаа яриад сууж байхад Б “та хоёр 10 жилд байхдаа намайг их хоргоодог байсан. Би одоо тэр үеэс өөр болсон шүү” гэж хэлээд үг хаяад байсан. Тэгээд угаалын өрөө орохдоо мөн энэ талаар яриад байхаар нь би “одоо ийм зүйл ярихаа боль, хэдүүлээ гоё сууж байгаад явцгаая” гэж хэлсэн. Гэтэл хүмүүсийн хажууд Т бид 2-ыг эвгүй байдалд оруулаад “та 2 барахгүй шүү, Тэмүүлээн би чамтайгаа шүү” гэх мэтээр үг хаяад байсан. Бид папаас гараад Бичил орсон бөгөөд такси барих гэхэд Б алхъя гээд байсан. Тэгээд Т Баас тамхи асуухад “би чиний тамхийг бэлдэх юм уу” гэж хэлээд Т уурлаад нэг Быг нэг алгадах шиг болсон. Бид тэр 2-ыг салгахад Б над руу мөн дайраад байсан. Миний уур хүрээд Быг цохиж өшиглөсөн. Тэгээд дээшээ алхаж байгаад би “Баа 2-лаа үзчих юм уу, яагаад түрүүнээс хойш хүн хоргоогоод өдөөд байгаа юм бэ” гэхэд Б “уучлаарай” гэж хэлээд уучлалт гуйсан. Бид маргалдаад би Быг цээж хэсэгт нь 2-3 удаа цохиж, хөл, бөгс хэсэгт нь өшиглөсөн. Биднийг Пүрэвдорж, Нямка нар салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Тгийн гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би Дтэй уулзаад байж байтал Батбаатар залгаад “Их Монгол” папад байна хүрээд ир гэсэн. Очиход цэргийн 2 найзтайгаа, мөн Б тэр хэд байсан. Тэгээд бид танилцаад юм яриад пиво уугаад сууж байхад Б “эр өсөж, эсгий сунадаг, та муу 2 намайг 10 жилд байхдаа их дээрэлхээд байдаг байсан биз дээ, би одоо өөрчлөгдсөн, та 2 барахгүй шүү” гэж үг хаяад байхаар нь би “одоо ийм зүйл ярихаа боль оо” гэж хэлэхэд дуугүй байхгүй байгаад байсан. Угаалгын өрөөнд мөн ороод үг хаяад байсан. Бид папаас гараад Бичил ороод такси барих гэхэд би Баас тамхи асуухад “би чиний тамхийг бэлдэх үү” гэхэд нь миний уур хүлээд нэг алгахад манайхан салгасан. Тэгээд алхаж байхдаа Дийг мөн өдөөд байсан. Би “Баа одоо ийм зүйл яриад байдгаа боль” гэхэд өдөөд байсан. Тэгээд гаршийн хажууд байхдаа маргалдаад би 2-3 удаа алгадаж, 4-5 удаа өшиглөсөн. Гараараа хаагаад байсан. Д бас цохисон. Тэгээд Пүрэвдорж ирээд бид нарыг салгасан бөгөөд удаагүй Б яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Нямдоржийн гэрчээр өгсөн “...Тухайн өдөр 22 цаг 30 минутын орчимд Т найз маань над руу залгаад 40 дүгээр сургуулийн саад нь дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би Бумбаяр гэх найзтайгаа 1 ширхэг 2,5 литрийн пиво аваад очиход Б, Т, Д, Батбаатар нар 3 ширхэг пиво тавьчихсан ууж байсан. Удаагүй манай найз Бумбаяр яваад өгсөн. Бид Пүрэвдоржтой уулзахаар явах гээд такси барих гэхэд Б алъя гээд байсан. Тэр хооронд Т Баас тамхи асуухад “би чиний тамхийг бэлдэх юм уу” гэж хэлсэн. Тэгээд Т Быг нэг алгадаад биднийг салгах зуур 2-3 удаа дахин алгадах шиг болсон. Тэгээд бид эвлэрээд дээшээ алхаж байхад Б “10 жилийн юм аа яриад, эр өсдөг та муу 2 барахгүй шүү” гэх мэтээр Д, Т 2-ыг үгээр идээд байсан. Гаршийн тэнд очоод Д “би түрүүнээс хойш яах гээд байгаа юм бэ, 2-лаа нэг үзэх юм уу” гэхэд Б “би чамайг барахгүй” гэсэн. Гэтэл Т хажуугаас нь 2-3 удаа цохиод авсан. Тэгээд Д, Т нар Быг цохиж зодсон. Пүрэвдорж ирээд бид 2 тэднийг салгасан. Удаагүй Б харилаа гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Батбаатарын гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би Бтай уулзаад байж байхад манай найз Пүрэвдорж залгаад цэргийн найзуудтайгаа байна, хүрээд ир гэсэн. Бид 2 “Их Монгол” нэртэй папад очоод байж байгаад би Т, Д нарыг дуудсан. Тэгээд бид нар уугаад сууж байхад Б нь Д, Т 2-рт хандаад “та 2-ын үе дууссан, хүн өөрчлөгддөг, одоо намайг барахгүй шүү” гэх мэтээр үг хаяад байсан. Тэр 2 өнөөдөр баярын өдөр учир ийм юм ярихгүй байцгаая” гэж хэлсэн. Тэгээд угаалгын өрөө орохдоо мөн л үүнийгээ яриад байсан. Бид папаас гараад 40 дүгээр сургуулийн хажуугийн саад орж авсан пивонуудаа уусан. Нямка нэг найзтайгаа ирсэн бөгөөд тэнд би пиво уугаагүй. Удаагүй Нямкагийн найз яваад өгсөн. Бид нар Бичлийн Хаан банкны урдаас такси барих гээд зогсож байхад Т Баас тамхи асуухад Б “тамхи татдаг юм бол өөрөө тахиа ав, би чиний тамхийг бэлдэх ёстой юу” гэж хэлсэн. Тэгээд Т уурлаад нэг алгадаад, биднийг салгах зуур 2-3 удаа дахин алгадсан. Тэгээд бид Пүрэвдоржтой уулзахаар дээшээ алхаж байхад гаршийн хажууд очоод Б дахиад үгээр Д, Т нарыг өдөөд байсан чинь Д “ингэж байхаар 2-лаа нэг үзэх үү” гэхэд Б “би чамайг барахгүй” гэсэн. Гэтэл Т хажуугаас нь 2-3 удаа алгадаж 4-5 удаа өшиглөсөн. Тэгээд Нямка бид 2 тэднийг салгаад бид эвлэрээд би явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2539 дугаартай “...А.Бын биед зүүн зовхи, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Тгийн яллагдагчаар өгсөн “...Бтай ямар нэгэн өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Анх Хаан банкны урд байхдаа 1 алгадсан. Дараа нь гаршийн хажууд байхдаа 3-4 удаа цохисон. Мөн цээж хэсэгт нь 4-5 удаа цохисон. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Дийн яллагдагчаар өгсөн “...Бид өмнө нь найзалж нөхөрлөдөг байсан. Анх Хаан банкны урд байхдаа цээж хэсэгт нь 1 удаа цохисон. Дараа нь гаршийн хажууд байхдаа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Мөн хөл, бөгс хэсэгт нь өшиглөсөн. Ямар нэгэн багаж зэвсэг хэрэглээгүй, бид нэлээн согтсон байсан. Б нь уулзсан цагаасаа хойш бид нарыг үгээр идээд, өдөөд сонин сонин юм яриад байсан. Түүнээс нь болж маргалдсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 55 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 56 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 тал/,

 

Шүүгдэгч Ц.Тгийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 60 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 61 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 62 тал/, гэрлэлийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Э.Д, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж тус тус мэдүүлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, бүлэглэн, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Э.Д, Ц.Т нарт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүгдэгч нарын хохирогч А.Быг цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед “биед зүүн зовхи, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт” гэмтэл учруулсан болох нь хэргийн 25-26 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2539 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгч нарын өөрсдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нар нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, санаатайгаар нэгдэж бусдыг биед хөнгөн гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2539 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч нарыг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 2539 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Э.Д, Ц.Т нарыг  “2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, алгадах, цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн зовхины баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Э.Д, Ц.Т нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч А.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг баримтаар  нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Д, Ц.Т нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Д, Ц.Т нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл  зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Д, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх ялтны торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Д, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д, Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дийг 500 нэгж буюу 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Тг 500 нэгж буюу 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр  торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар Э.Д, Ц.Т нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Д, Ц.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ