Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 151/ШЗ2017/01091

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 151/ШЗ2017/01091

Төв аймаг

 

                                                    Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, рашаан 8 гудамж, 544 тоотод оршин суух Бумбат овогт Эрдэнэцогтын ? /РЭ602/-ын нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт жаргалант 10-р байр, в тоотод оршин суух Аягачин овогт Цогтбаярын ?/ЙЭ13/-д холбогдох,

 

Э.?ын нэхэмжлэлтэй 8 175 000 төгрөгийн Ц.Цэрэндоржоос гаргуулах,  хариуцагч  нь  нэхэмжлэгчээс 3 105 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлттэй  иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.?, түүний өмгөөлөгч Н.Баяр, хариуцагч Ц.Цэрэндорж, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.

                  ТОДОРХОЙЛОХ нь :   

 Нэхэмжлэгч Э.? шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2012 оны 5-р сард танилцсан. 2016 оны 05-р сар хүртэл хамтран амьдарсан. Бид хоёр хамтран амьдарч байхдаа зээл авсан. Түүнийг нэхэмжилж байна. Манай эгчээс зээлээр “пронтэр” гэж машин авсан. Энийгээ солиод “си-10” гэж жийп болгоод дараа нь дахиж солиод 2015 онд “портер” болгосон. Энэ портероо Цэрэндоржийн ээжийнх нь дүүд зээлээр өгсөн. Урд талын хашааг барьж байсан. 2015 оны 12 сарын 22-ны өдөр Ц.Цэрэндоржийн ээжийн дансруу 1 800 000 төгрөгийг хийж байсан. “Стана” гээд машин авсан. н.Нямсүрэн гэдэг хүнээс зээлээр авч оруулж ирж байсан. Энэ үед Ц.Цэрэндоржийн аав нь 6 000 000 төгрөгийн зээл авч өгч байсан. 2016 оны 05-р сард салсан гэж бодохоор 1 800 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Анх танилцаад 247 000 төгрөгийг төлдөг байсан. 3 удаа төлсөн гэж үзээд 375 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Байрны лизинг удаа дараа төлж явж байсан. Манай ахаас зээлсэн 1 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ хүний карт надад байдаггүй байсан. Манай эгчээс зээл авсан зээлийн баримт байгаа, надтай анх танилцахад “аксент” маркийн машин байгаагүй.  Бүх дансны хуулгыг энэ хүн хяналтандаа авдаг байсан. Манай эгчээс зээл авсан талаар худалдаа хөгжлийн банкны хуулга байгаа. Ц.?нь овооны энгэрт нүүрс зөөгөөд манайд амьдарч байсан. 2014 онд хоёулаа ажилд орж байсан  Нийт   8 175 000  төгрөгийг нэхэмжилж  байна гэв.

Хариуцагч Ц.?шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би Э.?тай 2012 оны 05-р сард танилцсан. 2013 оны дундаас ирж очдог болсон. Овооны энгэрт ажилладаг байж байгаад нисэхэд ажилд орсон. Эгчээс нь авсан гээд байгаа мөнгийг би мэдэхгүй. “Портер”-ийг авахдаа өөрийн “аксент” маркийн машиныг зараад авсан. Би мөнгө аваагүй. Мөнгө зээлж аваад хэрэглэх зүйл байхгүй. Манай ээж мөнгө зээлсэн гэж байна. Данснаас нь харагдаж байгаа, тухайн үед миний цалингийн карт Э.?д байдаг байсан. Хугацаатай хадгаламжийг өөрийнхөө цалингаар  ээжид нээлгэчих гэж хэлсэн. н.Батсайхан гэдэг хүнээс би мөнгө зээлж аваагүй. Намайг хааяа амраад ахынд нь очиход Э.? архи уусан байдаг байсан. Намайг дарамталдаг байсан. Байрны лизингийн мөнгийг аавын цалин дээрээс авдаг байсан. Манай аавд бэлэн мөнгө өгөөд байсан зүйл байхгүй. Цалингаасаа би аавдаа 100 000, 200 000 төгрөгийг өгдөг байсан. Миний цалингийн карт байнгын энэ хүний мэдэлд байдаг байсан. Хамт ажиллаж байсан хүмүүс мэдэж байгаа. 3 жил ажилласан цалингаа Э.?д өгдөг байсан.  2012-2013  онд   миний  дансанд   16,0  сая  төгрөгийн  цалин  орлого  орсон  байдаг. Дээрээс нь мөнгө нэмж нэхэж байгаа нь үдэслэлгүй гэв.

Хариуцагч Ц.?шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан  сөрөг  нэхэмжлэлийн  тайлбартаа:

Э.?тай  2012 онд  танилцаж  байсан. Байнгын  хамт амьдарч  байгаагүй, долоо  хоногт  1-2  удаа  ирдэг  байсан.  Би  2013-2016 оны 9 сар хүртэл  НҮБЯ-ны   төслийн    шугамаар  хэрэгжүүлж  байгаа  Хөшигтийн  хөндийн  шинэ  нисэх  онгоцны  буудлын краны  аюулгүй  ажиллагаа, хөдөлмөрийн  аюулгүй  байдал  эрүүл ахуй хариуцсан ажилтнаар  ажиллаж байсан. Бидний дундаас хүүхэд төрөөгүй, гэрлэлтээ  батлуулаагүй  юм. Би    цалингийн картаа  Э.?д өгч  тэрээр  өөрийн хэрэглээндээ зарцуулдаг  байсан 2016 оны 02 сарын 22-нд  850 000  төгрөг, 02 сарын 27 нд 1 300 000 төгрөг,  3 сарыын  1 нд 505 000 төгрөг, 3 сарын 28  нд  450 000  төгрөг, нийт 3 105 000 төгрөгийг  Э.?   өөрийн  Хаан банкны  502941191933 тоот  дансруу шилжүүлж  авсан байна.  Иймд  3 105 000  төгрөгийг  гаргуулж  өгнө үү  гэв.

Нэхэмжлэгч Э.?  сөрөг нэхэмжлэлийн  хариу  тайлбартаа:  

Бид  2016  оны   4 сараас  тусдаа  амьдарсан.  Бид хоорондоо  ярилцаад намайг   БНСУ-д   явах  болж  дансанд мөнгө  байрлуулах   зорилгоор  3 105 000  төгрөгийг   өөрийн дансандаа  байршуулсан  нь үнэн.  Хамтран  амьдарч  байсны  хувьд мөнгөний  50%-ийг хэрэглэсэн.  Үүнээс 1 552  500   төгрөгийг төлөх  үндэслэлгүй  гэж  үзэж  байна  гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.?  нь иргэн Ц.Цэрэндоржид  холбогдуулж төрсөн эгч  Э.Сумъяажавын  цалингийн  зээл 5 500 000  төгрөгийн тал хувь буюу 2 750 000  төгрөг,төрсөн ах Э.Батсайханы  надад өгсөн   500 000  төгрөгийн   тал хувь  буюу  250 000  төгрөг,  Ц.Цэрэндоржийн  ээж  Энхтуяагийн  хугацаагүй  хадгаламжийг  хааж  байсан 1 500 000  төгрөг,  Истана  машинд  зориулсан  3 600 000  төгрөгийн   50 %  буюу   1 800 000  төгрөг,  байрны лизингийн  375 000  төгрөг,  ээжийнх нь дансанд  хийсэн  250 000  төгрөг,  ахаас  зээлсэн  1000 000  төгрөг  нийт  8 175 000   төгрөг  нэхэмжилсэн  байна.      

Хариуцагч  Ц.?нь Э.?д холбогдуулан 3 105 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хэрэгт цугларсан  бичгийн  нотлох  баримтууд болон  зохигчдын  тайлбаруудаас  үзэхэд  талуудын  хоорондох  маргааныг   нэг  мөр  шийдвэрлэхэд  учир дутагдалтай  байна.  Учир нь Зохигчид нь  хамтран    амьдарч байх  явцдаа  төрөл садангийн хүмүүсээс   мөнгө зээлж  ахуй  амьдралынхаа  хэрэгцээнд  зориулж  байсан  талаар  нэхэмжлэгч  тайлбарлаж  байна.

Хариуцагчаас шүүх хуралдаанд: “... бусдаас зээлсэн гэх мөнгийг би аваагүй, Э.? өөрийн  хэрэгцээндээ  зориулж  байсан байх миний цалингийн карт түүний  мэдэлд байдаг байсан,  2012-2013  онд 16,0 сая  төгрөгийн  цалин орлогтой байсан  “ гэж    маргасан  байна.   

Талуудын  хоорондох  маргааны үндэслэл  шаардлагын  хоорондын  уялдаа холбоо     тодорхой  бус  байна. Өөрөөр хэлбэл гэрлэлтийн  баталгаагүй  боловч  хамтран  амьдарч  байх хугацаандаа бий  болгосон  хөрөнгөөс  өөрт ногдсон  хөрөнгийн хэмжээгээр  өрийг хуваахыг шаардаж  байгаа эсэх,  эсвэл гэр бүлийн гишүүн байсан үеийн хувийн байдалтай  холбоотой  гэрээний  дагуу  бусдын өмнө  хүлээсэн  үүрэг,хуваарьт  өмчтэй  холбоотой  өр  зэргийн  аль нь  болох  нь тодорхойгүй  байна.

Хэрэгт ирүүлсэн  иргэн Сумъяажвын Худалдаа хөгжлийн банктай зээлийн гэрээ  хийсэн баримт, Төрийн болон Хаан банкны дансны хуулга зэрэг баримтууд нэхэмжлэлийн  шаардлагад  хамааралтай  эсэх  тодорхой  бус  байна.

Түүнчлэн төрөл садангийн хүмүүсээс нэхэмжлэгч нь мөнгө зээлсэн бол     төлөөлөгчийн  бүрэн  эрхээ  баталсан баримтыг  хэрэгт ирүүлсэн  байх  шаардлагатай  юм.   

              Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан  “нэхэмлэгчийг төлөөлөх  бүрэн  эрхгүй  этгээд  нэхэмжлэл  гаргасан” нөхцөл  байдал  шүүх хуралдааны хэлэлцүүлгийн  явцад  илэрч  байх   хэргийг  хэрэгсэхгүй  болгох  нь зүйтэй  байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д  заасныг тус тус удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг баримтлан Э.?ын нэхэмжлэлтэй 8 175 000 төгрөгийг Ц.Цэрэндоржоос гаргуулах,  хариуцагч  нь  нэхэмжлэгчээс 3 105 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн  шаардлагатай   хэргийг тус тус   хэрэгсэхгүй  болгосугай.

    2 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Э.?ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 700 төгрөгийг, хариуцагч Ц.Цэрэндоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 630 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогоос нэхэмжлэгч Э.?, хариуцагч Ц.?нарт тус тус буцаан олгосугай. 

   3.Нэхэмжлэгч  нь хуульд  заасан  шаардлагыг   биелүүлж  шүүхэд   дахин  хандах  эрх нээлттэй болохыг дурдсугай.

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэ захирамжийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                              ШҮҮГЧ                                      Л.ОЮУНЦЭЦЭГ