Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/332

 

 

 

 

 

 

  

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн,

улсын яллагч: М.Анхбаяр,

шүүгдэгч: Д.М, Б.Х, А.Э,

шүүгдэгч Д.М, Б.Х нарын өмгөөлөгч Н.Нарантуяа /ҮД:1292/,

шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0200/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            Х  холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            Э холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Бэйс овогт Дүгэрсүрэнгийн М, Улаансахиус овогт Батсугарын Х, Боржигон овогт Ариунтуяагийн Э нарт холбогдох эрүүгийн 2105000000191  дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч,

                                                                                                                                         ХЯНАВАЛ:

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн,

            2. Монгол Улсын иргэн,

            3. Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.М, Б.Х, А.Э нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Б дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Б.Аг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,

эсэргүүцэхдээ яллагдагч Д.М нь баруун гартаа барьсан гар утсаа ашиглан хохирогч Б.Агийн толгой тус газар олон удаа цохиж, яллагдагч Б.Х нь баруун гараараа 2 удаа толгойн ар хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд шарх, хүзүү, баруун чихний дэлбээ, чихний урд, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Д.М, Б.Х, А.Э нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Б дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Б.Аг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, эсэргүүцэхдээ яллагдагч Д.М нь баруун гартаа барьсан гар утсаа ашиглан хохирогч Б.Агийн толгой тус газар олон удаа цохиж, яллагдагч Б.Х нь баруун гараараа 2 удаа толгойн ар хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд шарх, хүзүү, баруун чихний дэлбээ, чихний урд, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах яллах болон цагаатгах талын  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мийн “...Хохирогчоос уучлалт гуйж 3.000.000 төгрөг өгсөн. Хоёр найзыгаа иймд байдалд оруулсандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хгийн “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлд заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэл дээр маргаж байгаа хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Эийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Агийн хохирогчоор өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 13 цагаас 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн хооронд хуваарьт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчимд а/а Г.Амаржаргал, а/а Г.Ариунбаяр нар нь Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрийг хариуцаж Бэгэр-120 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа “Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 6 тоотод хүмүүс архидаад байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгачхаад ирэхдээ Одгэрэл гэх залууг авч ирсэн. Тухайн үед а/а Г.Амаржаргал, а/а Г.Ариунбаяр нар дараагийн дуудлага ирсэн тул тэр хүнийг эрүүлжүүлэх талаар хэлчхээд явсан. Цагдаагийн алба хаагч нарыг дуудлагад явсны дараа зөрөөд 3 эмэгтэй хүн “Одгэрэл гэдэг хүнийг авч явъя, батлан даалгаар авна” гэх зүйл яриад орж ирсэн. Би “боломжгүй” гэж хэлээд хаалгаа хаатал хаалга маш хүчтэй нүдээд байхаар нь хаалгаа онгойлготол шар куртиктэй эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд эхэлсэн. Тэгэхээр нь би “бичлэг хийж болохгүй, одоо бичлэг хийхээ боль” гэдэг шаардлага тавьсан. Тэнд байсан хар куртиктэй эмэгтэй мөн гар утас нь дээрээ дуу хураагаад байсан. Би хаалгаа хаахад дахин чанга нүдэж эхэлсэн. Тэгээд би “энэ хүнийг гаргах боломж байхгүй, энэ хүнийг хүргэж ирсэн цагдаа нар нь дуудлага мэдээллийг шийдвэрлэх ёстой. Гар утсаараа бичлэг хийхээ боль” гэж удаа дараа ойлгуулах гэж оролдсон боловч шаардлага хүлээж авахгүй байхаар нь гар утсыг нь авах гэж оролдсон. Гэтэл шар куртиктэй эмэгтэй намайг түлхээд элдэв бусын үгээр хэлээд байхаар нь тэр эмэгтэйг хүлээлгийн танхим руу оруулах гэж оролдоход орохгүй гэж маргасан. Гэтэл урдуур нь жижиг биетэй урт куртиктэй эмэгтэй орж хаагаад байсан. Би ноцолдоод урт болон шар куртиктэй 2 эмэгтэйг хүлээн авах өрөөний хаалга руу түлхэх үед хар куртиктэй эмэгтэй намайг цохиод тэр 3 эмэгтэй нийлээд намайг цохиж, зодсон. Удалгүй Эрүүлжүүлэн саатуулах байрны эмч Б.Алгирмаа гарч ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Алгирмаагийн гэрчээр өгсөн “...Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 13 цагаас 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн хооронд хуваарьт эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчээр ажиллахаар болсон. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 02 дугаар сарын 07-ны 00 цагийн орчимд гаднаас Б дүүргийн 0 хороог хариуцаж үүрэг гүйцэтгэдэг цагдаа нар дуудлага мэдээллээр Одгэрэл гэх хүнийг авч ирсэн. Удалгүй гаднаас 3 эмэгтэй манай эрүүлжүүлэх, саатуулах байрны үзлэгийн өрөө рүү ордог вакум хаалгыг маш хүчтэй нүдэж эхэлсэн. Тэр үед манай цагдаа А тэдгээр хүмүүст хандаж “энэ хүнийг гаргах боломжгүй, битгий хаалга нүдээд бай” гэхэд тэдгээр хүмүүс “хүний авъя” гэж хэлээд явахгүй хаалга нүдсээр байсан. А цагдаа дахин хаалга онгойлгоод “та нар битгий хаалга нүдээд бай, энэ хүнийг гаргах боломжгүй” гэж тайлбарлахад тэдгээр хүмүүс гар утсаараа бичлэг хийгээд байх шиг байсан. А цагдаа “гар утсаа боль” гэж хэлээд байх шиг байсан. Гэтэл гэнэт түжигнээд, дуу чимээ гараад эхлэхээр нь хаалга руу очиход д/а Агийн толгойны хойд хэсгээс цус гарчихсан өөрөө толгойгоо дараад хамгаалж, гар нь цус болчихсон байдалтай байсан. Тэдгээр 3 эмэгтэй толгой тус газарт нь цохиод зодож байсан. Шар гадуур хувцастай эмэгтэй Аг цохиж байх үед нь би очиж хувцаснаас нь татаад болиулах гэхэд тэр эмэгтэй миний урдаас шаардлага эсэргүүцээд надтай ноцолдоод д/а Агаас салахгүй байсан. Тэгж байтал Батбаяр 1 эмэгтэйг нь салгаж тэнд зодоон намжсан. Гаднаас эрүүгийн мөрдөгч, дэслэгч Н.Батболд, жижүүрийн ахлах мөрдөгч, хошууч Б.Очир-Эрдэнэ нар орж ирээд 103-т дуудлага өгч Аг үзүүлэхэд толгойн цус хуралт үүссэн байна. Яаралтай авч явах шаардлагатай гэж хэлээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан. Харин 3 эмэгтэйг Амаржаргал, Ариунбаяр, Батбаяр нар эрүүлжүүлсэн. Тэдгээр эмэгтэйчүүд Аг зодсоны дараа ч шаардлага эсэргүүцэн орилж, чарлаж байсан. Тэр 3 эмэгтэй нэлээн согтолтын зэрэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Батбаярын гэрчээр өгсөн “...Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 13 цагаас 2021 оны 02 дугаар сарын 047-ны өдрийн 13 цагийн хооронд хуваарьт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн үед эрүүлжүүлэх, саатуулахын байрны камераа хяначхаад үзлэгийн өрөөнд хүн хараад байж байхад Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч а/д Б.Алгирмаа цагдаа нарын авч ирсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний биеийн байдлыг үзэж байсан. Гэтэл Эрүүлжүүлэх, саатуулах байрны үзлэгийн өрөө рүү нэвтрэх гээд хүмүүс хаалгыг хүчтэй нүдээд байхаар нь д/а Б.А уулзаад байх шиг байсан. Гэтэл 3 эмэгтэй дайрч орж ирэх гээд орилж байгаад түжигнээд дуу чимээ гараад явчих шиг болсон. а/д Б.Алгирмаа түрүүлж гараад би араас нь гарахад д/а Б.Аг 3 эмэгтэй нийлж хүч хэрэглэн зодож байсан. Харин а/д Б.Алгирмаа 1 хүнтэй нь зууралдаад салгаж байсан. Харин миний хувьд тэр асуудал үүсгээд байсан 3 эмэгтэйн авч явах гээд байсан залуу хойд талд байсан болохоор хойноос ирж асуудал үүсгэх бий гэж бодоод хараад зогсож байсан. Удалгүй байдал намжиж гаднаас эргүүлийн мөрдөгч Б.Батболд, жижүүрийн ахлах мөрдөгч, хошууч Б.Очир-Эрдэнэ нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,

 

2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...23:40:42 цагт Х д/а Б.Агийн хойд талд гараад толгой тус газар руу нь цохиод 23:40:44 цагт хөл рүү нь өшиглөж байх ба д/а Б.Аг эргэж хараад Хг хүлээлгийн өрөө рүү түлхэх үед 23:40:46 цагт Э д/а Б.Агийн хойд нуруунаас нь урагш түлгээд энэ үед М баруун гартаа гар утсаа бариад д/а Б.Агийн толгой тус газар руу 2 удаа цохих ба д/а Б.А Хг тавих үед 23.40.59 цагт М д/а Б.Аг дахин түлхээд толгойгоо хамгаалах үед а/а Н.Батбаяр хүлээн авахын өрөөний дотор талаас Хг татах ба 23:30:50 цагт М д/а Б.Аг дахин баруун гартаа утсаа бариад 5 удаа цохих ба энэ хооронд 23:30:53 цагт д/а Б.Алгирмаа гарч ирж Х нь хойш ухраад а/а Н.Батбаяраас салсан даруйдаа баруун хөлөөрөө д/а Б.Аг өшиглөөд доош суух үед нь толгойн дээрээс нь 1 удаа гараагаа цохиж байх ба...” гэх тэмдэглэл /хх-ийн 11-13 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1395 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” хийсэн “...Б.Агийн биед тархи доргилт, хуйханд шарх, хүзүү, баруун чихний дэлбээ, чихний урд, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1383 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” хийсэн “...Б.Хгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 67-68 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1384 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” хийсэн “...А.Эийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1382 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” хийсэн “...Д.Мийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 73-74 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Мийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр цуг байр түрээсэлдэг Бат-Эрдэнийн төрсөн өдрийг тэмдэглээд Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 6 тоотод Э, Х, Бат-Эрдэнэ, Одгэрэл нарын хамт байсан. 23 цагийн орчимд цагдаа ирээд “дуу чимээ гаргаад байна гэх дуудлага мэдээлэл өгсөн, та нараас заавал нэг хүн хамт явж арга хэмжээ авхуулах ёстой” гэсэн. Тэгээд бид дундаас Одгэрэл явсан. Гэтэл Одгэрэл бид нарын нэгэн рүү нь залгаад “намайг энд хонуулна гэж байна” гэсэн. Ингээд Э, Х бид 3 очиж авахаар болсон. Б дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байр дээр ирээд хаалгыг нь тогшиход цагаан хувцастай хүн гарч ирсэн. Бид “Одгэрэл нэртэй найзыгаа авъя” гэхэд “явуулах боломжгүй” гэж хэлээд хаалгаа хаасан. Би дахиж хаалгыг нь нүдээд дахиад цагаан хувцастай хүн гарч ирэхээр нь “юу хэлэхийг нь баталгаажуулна” гээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. “Одгэрэл гэдэг хүнийг торгоно гэж хэлээд аваад явсан гэтэл одоо яагаад энд хонуулах болсон юм бэ”  гэхэд цагаан хувцастай хүн намайг “бичлэг хийж болохгүй, боль” гэсэн. Би болохгүй байхад цагдаа миний гар утсыг авах гэхээр нь би гараа татаад цагдааг гараараа түлхчхээд гар утсаа халаасандаа хийчихсэн. Гэтэл миний гар утсанд мессеж ирснийг нь уншиж байтал цагдаа хүлээлгийн өрөөнөөс гарч ирээд намайг эрүүлжүүлэх, саатуулах байрны хүлээлгийн өрөөнд оруулах гээд зууралдсан. Тэр үед Э эгч миний урдуур ороход цагдаа Э эгч бид 2-ыг түлхсэн. Вакум хаалганы урд очих үед цагдаа миний үснээс татсан тул би уурлаад баруун гартаа барьж байсан ягаан өнгийн кэйстэй, хар өнгийн гар утсаараа хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл цагаан хувцастай эмэгтэй гарч ирээд салгасан. Би нэг мэдэхэд газарт хэвтчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-89 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Хгийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Бат-Эрдэнийн төрсөн өдрийг тэмдэглээд Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 6 тоотод Э, М, Бат-Эрдэнэ, Одгэрэл нарын хамт байсан. 23 цагийн орчимд цагдаа ирээд “дуу чимээ гаргаад байна гэх дуудлага мэдээлэл өгсөн, та нараас заавал нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн явж арга хэмжээ авхуулах ёстой” гэсэн. Тэгээд бид явах боломжгүй гээд бидний дундаас Одгэрэл явсан. Гэтэл Одгэрэл залгаад “намайг энд хонуулна гэж байна” гэсэн. Ингээд Э, М бид 3 Одгэрэлийг очиж авахаар болсон. Б дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байр дээр ирээд хаалгыг нь тогшсон. Гэтэл М бичлэг хийж хэлэх үгийг нь баталгаажуулна гэсэн. Цагдаа “Одгэрэлийг өгч явуулах боломжгүй” гэж хэлсэн. Тэгээд “бичлэг хийж болохгүй, боль” гэсэн шаардлага тавьсан. Би харин гар утсаа дуу хураагуур дээр нь тавиад халаасандаа хийчихсэн байсан. Цагдаа “гар утсаараа бичлэг хийхээ боль” гэж хэлээд маргаан гарсан. Цагдаа Мийн гар утсыг булааж авах гэхэд М цагдааг түлхээд сүүлдээ цагдаа Мийг эрүүлжүүлэх байр руу авч орох гэж зууралдаад маргасан. Энэ үед цагдаа Э, М нарыг хүлээн авах байрны үүд рүү түлхсэн. Би энэ үед цагдааг хажуу талаас нь зуурч татаад гараараа нэг удаа цохиод салгах гэхэд салахгүй байсан. Гэтэл цагдаа миний үснээс татсан. Цагдааг буланд орох үед нь 1 удаа өшиглөчихсөн. Тэр үед М гар утсаараа цохиж байх шиг байсан. Нэг мэдэхэд М газарт уначихсан, цагдаагийн толгойноос цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-100 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Эийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр цуг байр түрээсэлдэг Бат-Эрдэнийн төрсөн өдрийг тэмдэглээд Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 6 тоотод М, Х, Бат-Эрдэнэ, Одгэрэл нарын хамт байсан. 23 цагийн орчимд цагдаа ирээд “дуу чимээ гаргаад байна гэх дуудлага мэдээлэл өгсөн, та нараас заавал нэг хүн хамт явж арга хэмжээ авна гэж хэлээд Одгэрэлийг аваад явсан. Гэтэл Одгэрэл залгаад “намайг энд хонуулна гэж байна, та нарыг ирэх юм бол өгч явуулна гэнээ” гэсэн. Ингээд бид 3 очиж авахаар болсон. Б дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байр дээр ирээд би хаалгыг нь тогшиход цагаан хувцастай хүн гарч ирсэн. Би “найзыгаа авъя” гэхэд “явуулах боломжгүй” гэж хэлээд хаалгаа хаасан. Тэгэхээр нь “манай найз сая утсаар яриад ирж авч болно гэж хэлсэн” гэхэд “явуулахгүй” гэсэн. Тэр үед М утсаараа бичлэг хийж байсан. Дахиад хаалгыг нь нүдээд хаалга онгойлготол цагдаа “гар утсаараа бичлэг хийхээ боль” гээд Мийн гар утсыг авах гэсэн. М гар утсаа өгөхгүй гээд маргаан үүссэн. Мийг хүлээн авахын өрөө рүү оруулах гэхэд М ухарсаар үүдэнд тулсан. Тэгэхээр нь би болиулах гээд урдуур нь орсон. Нэг мэдэхэд маргаан үүсээд цагаан хувцастай эмэгтэй гарч ирээд салгасан. Тэр үед М цагдаагийн толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Цагдаагийн толгойноос цус гарч, гар нь цус болсон байсан. Эрүүлжүүлэх, саатуулах байрны үүдэнд очоод байж байхад миний гадуур хувцасны малгайнаас татаж намайг газарт унагаасан. Миний хоолой боогдоод байсан учир тавиулах гээд 2 удаа гарынхаа алгаар цагдааг цохисон. Ерөнхийдөө маргаан дуусаж байхад гаднаас өөр цагдаа болон энгийн хувцастай хүмүүс орж ирээд бид нарыг эмнэлэгт үзүүл гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-111 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 134-135 тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 138 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 139 тал/, Эд хөрөнгөтэй эсэх талаарх хураангуй лавлагаа /хх-ийн 140 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 141 тал/, гадаад паспортын хуулбар /хх-ийн 142 тал/, Бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 143-144 тал/, Б дүүргийн 0 хорооны Засаг даргын “түр оршин суугч болохыг тодорхойлсон” тодорхойлолт /хх-ийн 145 тал/, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 147 тал/,

 

Шүүгдэгч А.Эийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 149-150 тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 153 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 154 тал/, Эд хөрөнгөтэй эсэх талаарх хураангуй лавлагаа /хх-ийн 155 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 156 тал/, гадаад паспортын хуулбар /хх-ийн 157 тал/, Бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 159-160 тал/, Б дүүргийн 0 хорооны Засаг даргын “түр оршин суугч болохыг тодорхойлсон” тодорхойлолт /хх-ийн 161 тал/, “Ноён капитал” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 158 тал/,

 

Шүүгдэгч Б.Хгийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 164-165 тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 168 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 169 тал/, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 170 тал/, Бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 171-172 тал/, гадаад паспортын хуулбар /хх-ийн 173 тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 174-175 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.Мийг А.Э, Б.Х нартай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн, Б.Хтай бүлэглэн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Б.Хг Д.М, А.Э нартай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн, Д.Мтэй бүлэглэн Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч А.Эийг Д.М, Б.Х нартай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,  

 

Шүүгдэгч Д.М нь “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өөрийнхөө уур бухимдлаас болоод бусдад гэмтэл учруулсандаа харамсаж байна. Намайг салгах гэж байгаад хэрэгт холбогдсон 2 найзаасаа уучлалт хүсэж байна...” гэж,

 

Шүүгдэгч Б.Х нь “...Хохирогч цагдаагаас уучлалт гуйсан. Миний зүгээс нэгдэж нийлээд тухайн хүнийг хохироох үйлдэл гаргаагүй...” гэж,

 

Шүүгдэгч А.Э нь “...Хэлэх зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М  нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Б дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Б.Агийн “гар утсаар бичлэг хийж болохгүй” гэсэн хууль ёсны албан шаардлагыг эсэргүүцэхдээ баруун гартаа барьсан гар утсаа ашиглан хохирогч Б.Агийн толгой тус газар олон удаа цохиж бусадтай бүлэглэн хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-13 тал/, шинжээч эмчийн 1395 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэг учрал нь Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Б дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд болсон, уг орой  буюу 2021 оны 02 дугаар сарын 06-ны 23 цагт хохирогч Б.А нь ажлын байран дээрээ албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

Хохирогчийн зүгээс албан үүргээ гүйцэтгэх үедээ шүүгдэгч Д.Мт хандан “бичлэг хийж болохгүй” гэж шаардлага тавьсан улмаар шүүгдэгч Д.М эсэргүүцэн бичлэгээ үргэлжлүүлсээр байсан тул хохирогчийн зүгээс гар утсыг нь авах гэж, хүлээлгийн өрөө лүү оруулах гэж татаж чангаасны улмаас хохирогч Б.А болон  шүүгдэгч Д.М, шүүгдэгч Б.Х, шүүгдэгч А.Э нарын хооронд үймээн гарч улмаар хохирогч Б.Агийн биед хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тодруулбал, хохирогчийн зүгээс албан үүргээ гүйцэтгэж байхдаа шаардлагыг зөвхөн шүүгдэгч Д.Мт хандаж тавьсан, энэ харилцаа нь  шүүгдэгч Д.М болон алба хаагч хоёрын  хооронд үүссэн, шүүгдэгч Д.М нь алба хаагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбоотой хууль ёсны шаардлагыг эсэргүүцэхдээ  хүч хэрэглэн эсэргүүцсэн, эсэргүүцэхдээ хохирогчид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

 

Үйл баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Х, шүүгдэгч А.Э нар нь  алба хаагч Б.Агийн тэдэнд хандсан/чиглэсэн  алба хаагчийн ямар шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсонгүй гэж дүгнээд шүүгдэгч Б.Х, шүүгдэгч А.Э нарт холбогдох “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

 Өөрөөр хэлбэл, алба хаагч албан үүргийн хүрээнд шүүгдэгч Б.Х, А.Э  нарт ямар нэгэн шаардлага тавьсан энэ шаардлагыг нь шүүгдэгч нар эсэргүүцсэн, эсэргүүцэхдээ хүч хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин  шүүгдэгч Б.Х, А.Э  нар нь шүүгдэгч Д.Мийн зүгээс алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэхдээ гаргасан үймээнд оролцож шүүгдэгч Б.Х нь шүүгдэгч Д.Мтэй бүлэглэн хохирогчид хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

 Алба хаагч Б.А нь тухайн өдөр шүүгдэгч нартай ажил үүргийн хувьд шууд холбогдоогүй, Б дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулагдсан найзынхаа араас ирсэн шүүгдэгч нар болон алба хаагч нарын хооронд таарамжгүй нөхцөл байдал бий болж, улмаар “гар утсаар бичлэг хийж болохгүй ” гэх шаардлагыг шүүгдэгч Д.Мт тавьсны улмаас хохирогч болон шүүгдэгч нарын хооронд маргаан үүсэх  нөхцөл байдал бий болсон гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Х шүүгдэгч Д.Мтэй бүлэглэн хохирогч Б.Агийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үйл баримт нь хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-13 тал/, шинжээч эмчийн 1395 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Х болон түүний өмгөөлөгч нар нь хохирогчийн биед гэмтэл учруулахад оролцоогүй гэж маргах хэдий ч энэ нь хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд авагдсан “...Х нь... өшиглөөд доош суух үед нь толгой нь дээрээс нь 1 удаа гараараа цохиж байх ба...” гэх баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Шүүгдэгч А.Э нь хэрэг учрал болсон газарт бусад шүүгдэгч нарын хамт очсон хэдий боловч түүний үйлдэл оролцоо хэлбэрийн төдий буюу шүүгдэгч Д.М, Б.Х нарыг хохирогчоос салгах гэж оролдохдоо хохирогчийг өөрөөсөө холдуулж түлхсэн, хохирогчийн зүгээс шүүгдэгч Д.Мийг хүлээн авах өрөөний хаалга руу түлхэх үйлдлийг хаах гэсэн  төдийд үргэлжилсэн, өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй     гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч Б.Х, Д.М нар нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээдүүд байх ба  бүлэглэсэн гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүхээс, шүүгдэгч Д.Мийн алба хаагч Б.Агийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа түүнд тавьсан “бичлэг хийхээ болих тухай ” шаардлагыг эсэргүүцсэн үйлдлийг нь “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”  гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцож, шүүгдэгч Б.Хтай бүлэглэн хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцож;

шүүгдэгч Б.Хг  шүүгдэгч Д.Мтэй бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн гэм буруутайд тооцож харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт  хэргийг үйлдсэн гэх хэргийг нь  хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж;

шүүгдэгч А.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Б.А нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй болно харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.М нь хохирогчид 3.000.000 /гурван сая/ төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн болохыг тэмдэглэж байна.

ХОЁР. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.М нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, эсэргүүцэхдээ бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч Б.Х нь бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.М, Б.Х нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын үйлдэл, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн талуудын  харилцаа хандлага, нийгмийн аюулын шинж, учруулсан гэмтэл хохирол, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан үзсэн болно.

 

Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэмт хэрэг гарахад гаргасан үйлдэл оролцоо, хохирогчид учруулсан гэмтэл, гэмтэл учруулсантай холбоотой эмчилгээний зардал  төлсөн байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Мийн үйлдсэн  Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь  4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 / дөрвөн сая / төгрөгөөр торгох ялыг , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь  1000 / нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3-т заасныг журамлан нийт оногдуулсан ялыг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.Хгийн үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 / нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг сонгож,  ял оногдуулж  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч нарын хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, тухайн хэргийг үйлдсэндээ гэмшиж байгаа зэргийг нь харгалзан үзэж торгох ялыг оногдуулсан болно.

 

   Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг шүүгдэгч Д.М, Б.Х нарт тайлбарлав.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М, Б.Х, А.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болно. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхийн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, ягаан өнгийн кэйстэй, хар өнгийн Самсунг А-51 маркийн гар утсыг шүүгдэгч Д.Мт буцаан олгож шүүгдэгч Д.М, Б.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1-5 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э, Х нарт холбогдуулан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг журамлан тэдэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч А.Э, Б.Х нарыг энэ хэрэгт гэм буруугүйд тооцон цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000                     / гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр тус тус торгох ялаар,

 

Шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 / нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүнд оногдуулсан нийт ялыг  4000 / дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 / дөрвөн сая/ төгрөгөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Б.Х нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн кейстэй хар өнгийн Самсунг А-51 маркийн 1 ширхэг гар утсыг  шүүгдэгч Д.Мт буцаан олгож, бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Д.М  нь хохирогч Б.Ад 3.000.000 /гурван сая/ төгрөгийг эмчилгээний зардалд төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг  дурдсугай.

 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч нар  шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ өдрөөс эхлэн шүүгдэгч А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ