Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2018/ДШМ/47

 

Б.Батзоригт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

                                      Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                                      Шүүгчид                                   Г.Давааренчин

                                                                                    Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                    Прокурор                                 Д.Нямдэлэг

                                       Шүүгдэгчийн өмгөөлөгч          А.Отгонбаяр

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 106 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батхуягийн Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000000002 дугаартай, 175/2018/0102/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1977 оны 04 сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суммын 3-р баг 3-р хэсэг 96 тоотод оршин суух хаягтай, урьд

-1995 оны 01 сарын 01-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дэх хэсэгт зааснаар,

-1997 оны 06 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-2000 оны 05 сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-2002 оны 01 сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

-2005 онд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар,

-2008 оны 10 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар,

-2010 оны 08 сарын 13-ны өдөр эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

-2013 оны 12 сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

-2015 оны 01 сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 200000 төгрөгөний эд хөрөнгийг хурааж 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож байсан, Боржигон овогт Батхуягийн Батзориг /Регистрийн дугаар МЮ77040757/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Батзориг нь 2017 оны 12 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Д.Балжмаагийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүний гар утас 2500 төгрөгийг авч Д.Балжмаад 275.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Батхуягийн Батзоригийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батхуягийн Батзоригт 03 /гурав/ жилийн хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Батзоригт оногдуулсан 03 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар.зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Батзоригийн энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 13 хоног, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоног бүгд 24 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шүүгдэгч Б.Батзориг болон түүний өмгөөлөгчийн зүгээс түүнийг гэм буруутайд тооцсон хуулийн зүйлчлэл хорих ялын хэмжээ зэргийн тухайд гомдол санал үгүй бөгөөд гагцхүү хорих ял эдлүүлэх байгууллагын дэглэмийг өөрчлөн нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж давж заалдаж байгаа болно. Учир нь Б.Батзориг нь удаа дараа 4-5 удаа хэвлийн хөндийн нээлттэй мэс заслын хагалгаанд орж байсан, сүүлийн 2 хагалгааны зай богино, мөн гэдэсний түгжрэл гэсэн онош нь дахин давтагдах өндөр эрсдэлтэй байгаа юм. Иймээс түүний ял эдлүүлэх дэглэмийг өөрчлөн “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэх гэж өөрчилж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Ял эдлүүлэх дэглэмийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзээд нээлттэй болон хаалттай хорих ангид эдлүүлэх талаар шүүх шийдвэр гаргадаг. Б.Батзоригийн хувьд шоронгоос гараад удаагүй байхдаа дахин хүнд гэмт хэрэг үйлдсэн. Дээрх байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Батзориг нь 2017 оны 12 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Д.Балжмаагийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүний гар утас 2500 төгрөгийг авч Д.Балжмаад 275.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Боржигон овогт Батхуягийн Батзоригийг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батхуягийн Батзоригт 03 /гурав/ жилийн хорих ял шийтгэж,  уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус зааж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлын дагуу шүүгдэгчид холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Шүүгдэгч Б.Батзориг нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Балжмаа /хх-ийн 17-19-р ху/, гэрч Б.Ариунжаргал /хх-ийн 22-24-р ху/, Б.Элбэгсайхан /25-26-р ху/, Б.Цэрэнтогтох /хх-ийн 27-28-р ху/, П.Халиун /хх-ийн 29-р ху/, А.Чинбаатар /хх-ийн 30-31-р ху/, Б.Цэрэнтогтох /хх-ийн 42-43-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А-34 тоот дүгнэлт /хх-ийн 56-р ху/, Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 49-р ху/, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тэмдэглэл /хх-ийн 55-р ху/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-10-р ху/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13-р ху/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн асуудлаар шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс ямар нэгэн санал гомдол гаргаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д “…Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно…” гэж заасны дагуу анхан шатны шүүх Б.Батзоригт оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Б.Батзоригийн өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан “…Б.Батзориг нь удаа дараа 4-5 удаа хэвлийн хөндийн нээлттэй мэс заслын хагалгаанд орж байсан, сүүлийн 2 хагалгааны зай богино, мөн гэдэсний түгжрэл гэсэн онош нь дахин давтагдах өндөр эрсдэлтэй байгаа юм. Иймээс түүний ял эдлүүлэх дэглэмийг өөрчлөн “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэх гэж өөрчилж өгнө үү…” гэсэн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                             ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                            Д.БУЯНЖАРГАЛ