Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 093

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Ц даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Н г” ХХК

Хариуцагч: БОАЖС

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 тоот тушаалын “Н г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Н г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Т.М, хариуцагч БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Н г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, Т.М******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай “Н г” ХХК-д БОАЖС-ын 2016 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн А/179 дүгээр тушаалаар БЗД Богдхан уулын Зуун модны аманд 2,6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон. Дээрх газарт 2015 онд БОНХАЖЯ-аас Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан.

Бидний зүгээс уг газарт “И н” аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2017 онд УБХЕАБНХТЕТГ-ын даргаар  батлуулсан.  Өнгөрсөн  хугацаанд  тухайн  газарт  газар  ашигласны төлбөрийг 2018 оныг дуустал төлсөн бөгөөд “И н” аялал жуулчлалын цогцолбор төсөл нь тухайн орчны байгалийн төлөв байдалд нөлөөлөх нөлөөлөлгүй болохыг дээрх дүгнэлтүүдээр тогтоосон.

Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 22-ний өдөр БОАЖС-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар нэр бүхий 24 аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай манай байгууллагад мэдэгдсэн.

Уг тушаалд дурдсан холбогдох хуулийн зохицуулалтыг манай “Н г” ХХК нь зөрчөөгүй, зарим нэгэн зохицуулалт бидний газар ашиглах үйл ажиллагаанд хамааралгүй, зөрчигдөх боломжгүй байгааг дараах байдлаас харж болно. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь хэсгийг зөрчөөгүй буюу дээрх газарт газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэрэг үйл ажиллагаа аялал жуулчлалын цогцолбор байгуулах үйл ажиллагааны хүрээнд хийгдэхгүй, хийгдэх ч боломжгүй болохыг холбогдох дүгнэлтээс тодорхой харж болно. Нэг үгээр бол бидний үйл ажиллагаанд хамааралгүй хуулийн зохицуулалт байна.

Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дахь хэсгийг мөн зөрчөөгүй, тухайн үед холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан болохыг зохих газарт хандан шалгаж болно. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг зөрчсөн гэсэн нь чухам ямар хамгаалалтын горимыг удаа дараа ноцтой зөрчсөн болох нь тодорхойгүй, манай эзэмшлийн тус газарт ийм төрлийн зөрчил дутагдал гарах нөхцөл огт бүрдээгүй.

Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.дахь хэсгийг зөрчөөгүй. Учир нь манай ашиглах эрх авсан Богдхан уулын Зуун модны аманд дахь 2,6 га газар нь Усны тухай хууль тогтоомж зөрчөөгүй болохыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий ба нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон. Хуульд заасан зөвшөөрөгдөх зайд байгааг газрын солбицлын цэгээс тодорхой харж болно. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт заасныг мөн зөрчөөгүй. Манай ашиглах эрх бүхий дээрх газар нь усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмд хамаарахгүй газар учир тухайн дэглэмийг зөрчих боломжгүй юм.

БХБС-ын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны  өдрийн  А-230/127  дугаар  тушаал  “Усны  сан  бүхий  газар,  усны  эх  үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-аар зохицуулсан усны эх, ундарга, усны сан бүхий газраас Усны тухай хууль болон тухайн журамд заасан зөвшөөрөгдөх зайд байгаа бөгөөд дээрх дурдсанчлан онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсэд хамаарахгүй газар учир дэглэм зөрчих боломжгүй юм.

Манай газар нь энгийн хамгаалалтын бүсэд хамаарна. Энгийн хамгаалалтын бүсэд мод бут огтлох, газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис, цацраг идэвхт бодис, бүх төрлийн бордоо, пестицид хадгалах, ашиглах, шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах, хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хог хаягдлын цэг байршуулах зэргийг хориглодог. Манай зүгээс үүнтэй холбоотой ямар нэгэн зөрчлийг гаргаагүй.

БХУДЦГХЗ-аас 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 431 дүгээр албан бичгээр санал хүргүүлдэг. Үүнд эрсдэл бүхий 32 иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт орсон байдаг. Манай “Н г”ХХК-ийн нэр тус жагсаалтад байхгүй. Эрх бүхий байгууллагын хувьд үүнийг тодруулах ёстой байсан. Дээрх нөхцөл байдлуудаас манай компани нь хуулийг зөрчөөгүй, тушаалд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй болох нь харагдана.

Захиргааны ерөнхий хуульд итгэл хамгаалах зарчим гэж хуульчлагдсан бөгөөд энэ нь эд хөрөнгө, мөнгөөр илэрхийлэгдэх боломжтой. Эдийн засгийн үр ашигтай зарцуулалтыг хамгаалах, хувийн хэвшлийн хөрөнгийг захиргааны байгууллагын тогтворгүй шийдвэр, үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэсэн зохицуулалт юм. Нэг үгээр  бол  хууль  зөрчөөгүй , харилцааг дуусгавар болгох эрх  зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа дээрх тохиолдолд аж ахуй нэгжийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим баримтлах учиртай хэмээн үзэж байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт буюу захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулиар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн үндсэн зарчмыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт хуульчилж өгсөн. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт сонсох ажиллагаа явуулах талаар зохицуулсан ч дээрх захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгээгүй хууль зөрчиж байна.

Маргаан бүхий акт нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх, тухайн нөхцөлд тохирсон байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тусгай хамгаалалттай  газар  нутгийн  тухай  хуулийн  40  дүгээр  зүйлд  газар  ашиглах  эрх дуусгавар болох талаар тодорхой зааж өгсөн. Үүнд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд  газар   ашиглах   эрх   дуусгавар   болох   үндэслэлийг   зааж   өгсөн.  Гэрчилгээ 

хүчингүй болох, эрх зүйн чадамжгүй болох, гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр газар ашиглах эрх дуусгавар болно. Энэ нь газар ашиглах эрхийг цуцалж байгаа үйлдэл биш юм. Маргаан бүхий актаар газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа, хяналт тавин ажиллах талаар тодорхой зааж өгсөн. Гэтэл энэ хяналтыг тавьдаг байгууллага нь 2018 оны 03 дугаар сард шаардлага хангасан байна гэж үзээд гурвалсан гэрээг байгуулъя гэсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрх гэрээний үндсэн дээр үүснэ гэж заасан. Гэтэл гурвалсан гэрээг БЗДЗД хараахан баталгаажуулаагүй байдаг. БЗДЗД-ын томилгоо маргаантай байгаа учраас гурвалсан гэрээг баталгаажуулах асуудал хойшилсон. Газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусаагүй, үргэлжилж байгаа. Гэтэл дуусгавар болгон шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Мөн байгаль орчны онцгой хамгаалалтын бүсэд газрыг нөхөн олговортойгоор буцаан авч газар ашиглах эрхийг дуусгавар болгох зохицуулалт байдаг. Иймд үйл ажиллагаа огт хийгдээгүй. Эрсдэл бүхий байгаа нь тогтоогдвол газар ашиглах эрхийг дуусгавар болгоно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

Иймд  БОАЖС-ын  2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 тоот тушаалын “Н г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч БОАЖС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...БОАЖС-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар “Н г" ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хуулийн үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1 болон Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн  онцгой  болон  энгийн  хамгаалалтын,  эрүүл  ахуйн  бүсийн дэглэмийг   мөрдөх   журам"-ыг   үндэслэн   Усны   нөөцийг   бохирдож   хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган  төрхийг  алдагдуулан  дархан  цаазат  газрын нийтлэг дэглэм горимыг зөрчих 

эрсдэлтэй тул дуусгавар болгосон.

“Н г” ХХК нь газраа ашиглаж үйл ажиллагаа явуулж барилга барихад голын бургас модыг сүйтгэх, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” гэж заасныг зөрчих, мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэж заасан.

Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.2-т “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг дотор нь онцгой хамгаалалтын бүс ба энгийн хамгаалалтын бүс гэж хоёр ангилна”, 2.3-д “Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно", 2.3.4-д “хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 

100 метрээс  доошгүй,  үерийн  хамгаалалтын  далангаас  50 метрээс доошгүй зайд”, 2.5-д “Онцгой хамгаалалтын бүсэд дор дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан, суурьшлын бүс байгуулахыг тогтооно”, 2.6.1-д “усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд”, 2.6.2-т “нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх усны бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд”, 2.9-д “Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 2.9.1-д “мод бут огтлох”, 2.9.2-т “хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах” гэж тус тус заасан.

“Н г” ХХК нь НИТХТ-ийн 2016 оны 50 дугаар тогтоол болон дээрх хуулийн заалтууд хориглосон хамгаалалт, хязгаарлалтын бүсэд газар ашиглах нь хууль зөрчсөн байна. “Н г” ХХК-д БОАЖС-ын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 тоот тушаалаар газар ашиглах эх олгосон. Тус компанийн   газар   ашиглах   эрхийг   2018   онд   дуусгавар  болгосон. Энэ хугацаанд гэрээгээ байгуулаагүй. Мөн Усны тухай хууль болон Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд зааснаар хориглосон хэсэгт байршилтай, Туул голын эрэгт орших газар юм. 

БУДЦГХЗ-аас нэхэмжлэгч компанийн ашиглаж буй газарт хяналт шалгалт хийгээгүй, тогтоогдсон зөрчил байхгүй. Зөрчлийн үндсэн дээр акт гараагүй, тушаалд эрсдэлтэй гэдэг агуулгаар орсон. Эрсдэл бүхий аж ахуйн нэгж гэдэг утгаар газар ашиглах эрхийг цуцалсан юм. 431 дүгээр албан бичгээр хүргүүлсэн саналд 32 иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг хүргүүлсний дотор нэхэмжлэгч “Н г” ХХК-ийн нэр ороогүйг анзаараагүй явсан байна.

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр БОАЖЯ-ны “mne.mn” цахим хуудаст “Н г” ХХК-ийн нэрийг байршуулаагүй, сонсох ажиллагаа хийгдсэн талаарх баримт байхгүй. Тушаалыг өөрчилсөн ч дараа нь эрсдэлтэй гэдгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах тушаал гарах байх. Туул голын эргийг 2 дахь Зайсан болгохгүй гэсэн бодлого явагдаж байгаа. Байшин баригдсаны дараа газар ашиглах эрхийг цуцалъя гэхэд хүндрэлтэй асуудлууд их гардаг. Үүнийг шүүх анхаарах хэрэгтэй. Маргаан бүхий тушаалаа дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр “Н г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Н г” ХХК-иас “БОАЖС-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “Н г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анх БОНХАЖС-ын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар  Богдхан уулын дархан цаазат газар Зуун модны аманд аялал жуулчлалын зориулалтаар 2.6 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах зөвшөөрлийг “Н г” ХХК-д олгож, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2016/241 дугаартай  Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгожээ.

“Н г” ХХК-ийн захирал болон БУДЦГХЗ-ын дарга нар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2018/51 дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” гэрээ байгуулан гарын үсэг зурж, БЗДЗД-д хүргүүлсэн боловч одоог хүртэл уг гурвалсан гэрээнд дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй байна. Гэхдээ уг гурвалсан гэрээнд дүүргийн ЗД-ы гарын үсэг зурагдаагүй байгаад нэхэмжлэгч буруугүй бөгөөд гэрээнд БУДЦГХЗ-ны дарга  гарын үсэг зурж, тамга дарсан байна. 

БОАЖС 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр А/113 дугаар тушаалаар “Н г” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай шийдвэр гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нэхэмжлэгчийн ашиглах газар нь ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн хориглосон хэсэгт байршилтай. “Н г” ХХК-ийн хувьд усны нөөц бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, тухайн орчны төлөв байдал алдагдуулах эрсдэл бүхий гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон” гэж марган мэтгэлцэж байна.

1. Маргаж буй БОАЖС-ын 2018 оны А/113 дугаар тушаалд  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1/, 40 дүгээр зүйлийн 1. 2/, 2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.6 дахь хэсэгт заасныг болон БУДЦГХЗ-ны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий гэж үзэж “Н г” ХХК-ийн 2.6 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь дараах байдлаар хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Тухайлбал, БУДЦГХЗ нь усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уулыг нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий 32 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт гарган 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 дүгээр албан бичгээр ТХНУГ-т хүргүүлсэн байна. 

Харин маргаан бүхий А/113 дугаар тушаалын үндэслэл болсон дээрх 431 дүгээр албан бичгийн хавсралтад  дурдсан тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий 32 иргэн, аж ахуйн нэгжийн нэрс дотор “Н г” ХХК-ийн нэр ороогүй байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь ойлгомжгүй, учир дутагдалтай болжээ.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий акт гарах болсон шалтгаан нөхцөл, үндэслэлийг тогтоох зорилгоор хариуцагч болон БУДЦГХЗ-аас “Н г” ХХК-ийн газар ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийгдсэн эсэх, ямар зөрчил дутагдал илэрсэн талаар тайлбар, холбогдох нотлох баримтуудыг ирүүлэхийг шаардсан. 

Гэтэл БУДЦГХЗ-аас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1707 дугаар  албан бичгээр “...ашиглалтын талбай нь Туул голын онцгой хамгаалалтын бүс (50)-д байрлаж байгаа нь Усны тухай хуулийг ноцтой зөрчих эрсдэл үүссэн...Тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг тусгайлан шалгасан баримт байхгүй” гэх, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд  “Уг тушаалд эрсдэл бүхий аж ахуйн нэгж гэдэг утгаар газар ашиглах эрхийг цуцалсан. Тогтоогдсон зөрчил байхгүй” гэх тайлбарыг тус тус гаргаж байна. 

Түүнчлэн бодит байдалд нэхэмжлэгч “Н г” ХХК нь газар дээр барилгын болон ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлээгүй байгаа болох нь маргаан бүхий газарт хийсэн Шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зургаар  тогтоогдож байна.

 Үүнээс үзвэл эрх бүхий захиргааны байгууллагаас “Н г” ХХК нь голын бургас модыг сүйтгэх, уулыг нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулсан эсэхэд хяналт, шалгалт хийгдээгүй, ямар нэгэн зөрчил дутагдал тогтоогдоогүй байхад эрсдэл бүхий гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцэхгүй байна. 

Иймээс захиргааны байгууллага нь тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий эсэхэд хяналт шалгалт хийж, тогтоогоогүй байж БОАЖС 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр А/113 дугаар тушаал гаргаж “Н г” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль бус шийдвэр болжээ.

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус зохицуулжээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасанчлан захиргааны үйл ажиллагаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчим баримтлагдах учиртай бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох чиг үүргийнхээ хүрээнд хариуцагч БОАЖС нь маргаан бүхий актыг гаргахаас өмнө шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, хуульд зааснаас бусад тохиолдолд сонсох ажиллагааг явуулах үүрэгтэй.

Гэтэл энэ тохиолдолд захиргааны байгууллага нь тухайн захиргааны актыг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй “Н г” ХХК-д урьдчилан мэдэгдээгүй, тайлбар, санал гаргах боломж олгоогүй буюу сонсох ажиллагааг огт хийлгүйгээр маргаан бүхий А/113 дугаар тушаалыг гаргасан байна.

Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан “2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр БОАЖЯ-ны “mne.mn” цахим хуудаст ”Н г” ХХК-ийн нэрийг байршуулаагүй, сонсох ажиллагаа явуулсан, тайлбар авсан баримт байхгүй” гэх, “маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Сонсох ажиллагаа хийгээгүй, нотлох баримт байхгүй” гэх тайлбараар  тус тус нотлогдож байна. 

Иймээс захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу шийдвэр гаргахаас өмнө уг захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, сонсох ажиллагааг хийгээгүй байх тул уг захиргааны акт нь нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасантай нийцээгүй байна гэж шүүх үзлээ.

3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл “Газар ашиглах эрх дуусгавар болгох, газрыг чөлөөлөх”, 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 1/ “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”,  2/ “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх дээрх үндэслэлүүд бүрдсэн тохиолдолд л аливаа этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулсан.

Мөн Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д газар ашиглагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг зааж өгсөн бөгөөд нэхэмжлэгч хувьд дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлийн 39.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй байх тул хариуцагчаас газар ашиглагч “Н г” ХХК-ийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, “Н г” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, мөн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий эсэхийг шалгаж тогтоогоогүй, газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх тул маргаан бүхий БОАЖС-ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “Н г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Н г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖС-ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “Н г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БОАЖС-аас 70200 төгрөгийг гаргуулж “Н г” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь  хэсэгт  зааснаар  шүүхийн  шийдвэр  танилцуулан  сонсгосноор  хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн  оролцогч,  тэдгээрийн  төлөөлөгч,  өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг эс 

зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.Ц