Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2023/0130

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өмгөөлөгч А.Н

Нэхэмжлэгч: “Г” ХХК, “В” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны дэд бүтцийн газар чөлөөлөхөд зарцуулсан 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож уг 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж “Г” ХХК, “Вешн девелопмент” ХХК-д төлөхийг нийслэлийн Засаг даргад даалгах, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоолын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 667 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.А нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2019/0088/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 667 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг баримтлан “В” ХХК-иас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд болон нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоолын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны дэд бүтцийн газар чөлөөлөх зардлын санхүүжилтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зардлын санхүүжилтийг шийдвэрлэж “Г” ХХК, “В” ХХК-д төлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3, 79.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтын “д”, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4, 11 дүгээр зүйлийн 11.1.1, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 3, 75 дугаар зүйлийн 1, 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд хийгдсэн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн газар чөлөөлөх зардлын санхүүжилтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3,087,154,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлэж “Г” ХХК-д төлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоолын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дэд бүтцийн газар чөлөөлөлтийн 583,486,000 төгрөгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлэж төлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэртээ “...инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн трассын газар чөлөөлөлтийн зардлыг маргааны зүйл гэж буруу тодорхойлсон. Энэ тодорхойлсон маргааны зүйл нь НИТХТ-ийн 2014 оны 23 дугаар журмын 1.3.3. “сонгосон талбай гэж нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин төлөвлөлт хийхээр байршил хэжээг тогтоосон газрыг”, 1.3.6. “хэсэгчилсэн талбай" гэж сонгосон талбайг хэсэгчлэн хуваасныг гэж заасантай нийцэхгүй. Тус журмын заалтаар "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон /эсвэл хэсэгчилсэн/ талбайн газар чөлөөлөх зардлыг маргааны зүйл гэж тодорхойлохоор байна Хариуцагч улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр дэд бүтцийн барилга байгууламж барих газрыг чөлөөлөх зардлыг талууд журам, гурван талт гэрээгээр шийдсэн байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т хариуцагч нэхэмжлэгчид тус зардлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29.1.4 дэх заалтын "д". Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2. "орон сууцны дэд бүтэц" гэж орон сууцны дулаан, цахилгаан холбоожуулалт, хий, ус хангамж, ариутгах татуургын инженерийн гадна шугам сүлжээг, 3.1.3. "орон сууц хөгжүүлэх үйл ажиллагаа" гэж орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх арга хэмжээг, 8.2 4 орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх, 11.1.1 улсын болон аймаг, нийслэлийн төсвөөс олгох хөрөнгө, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.4.2-т хот суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн хүрээнд инженерийн дэд бүтэц барих чиг үүргийг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлнэ гэсэн хуулийн заалтыг Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 4.6-д заасан "инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, түүнийг барих газар чөлөөлөх зардлыг нийслэлийн Засаг дарга хариуцна" гэсэн зохицуулалтай агуулгын хувьд ижил гэж хууль буруу тайлбарлан дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3, 79.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29.1.4 дэх заалтын "А" /нутаг дэвсгэртээ эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, худалдаа, ахуйн үйлчилгээ, хот тосгоны орон сууц, нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/, Орон сууцны тухай хуулийн 8.2.4 орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх, 11.1.1 улсын болон аймаг, нийслэлийн төсвөөс олгох хөрөнгө, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.4.2.хот суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих гэсэн заалтуудыг баримтлан 3,087,154,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг "Г” ХХК-д төлөхийг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдсэн нь үндэслэлгүй.

2.1.1.Эдгээр хуулийн заалтуудаар нийслэлийн Засаг даргад орон сууц хөгжүүлэх арга хэмжээ зохион байгуулахыг даалгасан ерөнхий зохицуулалт бөгөөд түүнийг биелүүлж гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, түүний гадна инженерийн шугам сүлжээг төсвийн хөрөнгөөр шийдэж хуульд заасан чиг үүргээ биелүүлсэн. Шүүх тус харилцааг нарийвчлан зохицуулсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан "Тэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам"-ын 3.15, 2014 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам"-ын 4.22 дэх заалт, иргэдтэй байгуулсан гурван талт гэрээний 422 дэх заалтыг баримтлах байсан. Тус зохицуулалтаар нэхэмжилж буй газар чөлөөлөхөд зарцуулсан гэх 3,670,640,200 төгрөгийг нийслэлийн Засаг дарга биш нэхэмжлэгч өөрөө хариуцахаар байна. Нэхэмжлэгч журам, гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч сонгосон талбайн газрыг бүрэн чөлөөлсөн. Нэхэмжлэгч 2014 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд газар чөлөөлөхөд зарцуулсан 3,670,640,200 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр нийслэлийн Засаг даргад хандаагүй, түүнийг эс шийдвэрлэсэн хариу үйлдэхүй байхгүй.

2.1.2.Нийслэлийн Засаг даргын төсвийн хөрөнгөөр инженерийн шугам сүлжээ байгуулах, орон сууц хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах талаарх хуулиар олгосон ерөнхий чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын шийдвэр 2015 оны А/289. 2017 оны А/598 дугаар захирамж, бусад шийдвэр, ажил гүйцэтгэх гэрээт дэд бүтцийн барилга байгууламжийн газрыг чөлөөлөх зардлыг тусгах үүрэг хүлээгээгүй байхад тус зардлыг тусгаагүй байна гэж нотлох баримтыг буруу үнэлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх бодит нөхцөл байдлыг харгалзалгүй нотлох баримт буруу үнэлсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр гаргасан ж үзэж байна.

2.1.3.Хариуцагч хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж нийтийн эрх ашгийг дээдлэх төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах зарчмыг баримтлан төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төсвөөс олговол зохих санхүүжилтийг шийдэн гадна инженерийн шугам сүлжээг байгуулж, нийслэлийн өмчид бүртгэн авсан. Хариуцагчийн энэ хууль ёсны үйлдлийг нэхэмжлэгч инженерийн шугам сүлжээг өмчлөх замаар өөрт давуу байдал үүсгэх эсвэл хууль тогтоомжийг өөрт ашигтай байдлаар буруу тайлбарлан төрийн байгууллагад асар их хэмжээний төсвийн дарамт үүсгэхээр зорьж байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй гэдгийг шүүхийн байгууллага харж хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гаргана гэж итгэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13- ний өдрийн 128/ШШ2022/0667 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтыг хүчингүй болгож хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2.Хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн процессын ажиллагааг зөрчиж нэхэмжлэгч хариуцагч нарын ирц, төлөөлөх эрх, мэдэгдлийг шалгаж тодруулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. Уг хэрэг 2019 оноос хойш шүүхээр хянан хэлэлцэгдэж, 2 дахь удаагаа анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж байхад хариуцагч нарын төлөөлөгчийг, тухайлбал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг оролцуулаагүй, 2 дахь нэхэмжлэгч "В" ХХК-ны төлөөлөгчийг оролцуулаагүй бөгөөд иргэн Б.Г нь хэнийг, ямар хуулийн этгээдийг төлөөлж оролцож байгаа нь тодорхойгүй байхад хэргийг хэлэлцсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90, 91-р зүйл заасныг зөрчсөн гэж үзэж байна.

2.2.1.Нэхэмжлэгч нар нь 3 удаа нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, тодруулж өгсөн байдаг. Эдгээрт, 2019 оны 6 сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ 3,670,640,200 төгрөгийн газар чөлөөлөхөд гарсан хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэнээс энэ хохирлыг гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй нэхэмжилсэн. Улсын дээд шүүхийн 2021 оны 1 сарын 18 өдрийн 21 тоот тогтоолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т "хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны ямар хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх" нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарна гэж заасан. Тухайн тохиолдолд, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага тодорхойгүй, хариуцагч нийслэлийн Засаг даргаас хохирол нэхэмжилж буй шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай.

2.2.2.Мөн тогтоолд төслийг хэрэгжүүлэхэд гарсан гэх зардлыг "хохирол"-д тооцож нь ямар учир шалтгаантай хохирлын хэмжээ лавтай баримтаар нотлогдохгүй...хохирол болон зардлыг гаргуулах гэсэн эрх зүйн өөр өөр тусдаа ойлголт шүүх дүгнээгүй буруу гэсэн дээд шатны шүүхээс заасан алдааг засаж дүгнэж шийдвэрлээгүйд гомдолтой.

2.2.3.Шүүх шийдвэр танилцуулахдаа 30 айлын төлбөрийг хариуцагчаас төлүүлж, 18 айлын төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж тайлбарласан боловч шийдвэрээ бичгээр авахад үнийн дүн нэгж айлын тоо зөрүүтэй байгаа асуудал ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь 48 айлын төлбөр 3,670,640,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн хариуцагчаас 32 айлын (нэгжийн) төлбөр гаргаж 16 нэгжийн төлбөрийг хэрэгсэлгүй болгож байгаа нөхцөлд 32 нэгжийн төлбөр нь 3.087.154 200 төгрөг байж таарахгүй байгааг анхаарч үзнэ үү.

2.2.4.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.22-т Гэр хорооллын дахин төлөвлөлийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна. Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 24-р зүйлийн 24.1-д "Tөcөл хэрэгжүүлэхэд аймаг нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эрэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна" хэрэгт авагдсан гурван талт гэрээний 4.2-т төсөл хэрэгжүүлэгч дор дурдсан үүрэг хүлээнэ 4.2.2-т Сонгосон талбай дахь газар чөлөөлөх барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх" гэж заасан.

Ийнхүү холбогдох журам болон хуульд заасны дагуу байгуулагдсан гурван талт гэрээнд газар чөлөөлөх зардлыг төсөл хэрэгжүүлэгч компани хариуцах тухай тусгасан байх бөгөөд үүнийг зөвшөөрч талууд гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл газар чөлөөлөх зардлыг төсөл хэрэгжүүлэгч компани хариуцахаар тусгасан байхад уг зардлыг хохирол учирсан хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Төрийн өмчид эд хөрөнгийг дараах байдлаар олж авна", 6.1.2-т "Үйлдвэрлэл ажил үйлчилгээний хувьд бий болсон эд хөрөнгө". 6.2-д "Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна" гэж заасан.

2.2.5.Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/289, Нийслэлийн засаг даргын 2017 оны 08 дүгээр сарын 17-ны өдрийн А/598 дугаар захирамж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/4673 дугаар албан Бичиг, гэрээг дүгнэсэн протоколууд нь Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо, Батлан хамгаалах их сургууль орчимд байрлах ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжийн нэвтрэх сувгийн байгууламж, гадна дулаа шугам сүлжээг улсын төсвөөс санхүүжүүлэн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон нь холбогдох баримтаар тогтоогдож, мөн энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар маргахгүй байгаа учир хуульд зааснаар төрийн өмч гэж үзэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны ямар хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх" гэж заасан. Дээрх хуулийн заалтын захиргааны хууль бус үйл ажиллагаа, түүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байхыг шаардсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоол гарснаар “Г” ХХК-д хохирол учирсан бус харин ус дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжийн нэвтрэх сувгийн байгууламж, гадна дулааны шугам сүлжээг барихад газар чөлөөлсөн зардлыг гаргуулахаар нэхэмжлэгч нэхэмжилсэн.

Үүнээс үзэхэд маргаан бүхий захиргааны акт болон хохирлын хооронд шалтгаант холбоо үүссэн гэж үзэхээргүй тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Дээрхи бүх үндэслэлийг харгалзан үзэж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 147 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож 3.6 тэрбум төгрөгийн хохирлын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

2.3.Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адъяа шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/464 дүгээр Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай" захирамжаар Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр "Батлан хамгаалах их сургууль" орчим ГХДТ-2013/6 багцын "Б" хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Г” ХХК болон "В" ХХК-иудын түншлэл шалгарсныг батламжилсан Дээрх компани гэрээ байгуулж, төсөл хэрэгжих үед Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам" хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тус журмын дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан байдаг.

Тус журмын 4.20 дахь хэсэг Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн санхүүжилтийг бие даан шийдвэрлэх үүрэгтэй. ...4.22 дахь хэсэгт "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна" гэж тус тус заасан.

2.3.2.Монгол Улсын хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, захиалагч болох Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14/2014 С-ДБ-Б 2014/77 тоот гэрээг гүйцэтгэгч болох “Г” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Энхтөр, "Баганат өргөө" ХХК-ийн Ерөнхий захирал О.Батсайхан нартай байгуулсан байгуулсан бөгөөд гэрээний Захиалагчийн эрх, үүрэг буюу 5 дугаар зүйлийн 5.6-д төслийн хэрэгжилтийн явцад бий болсон хөрөнгийг хүлээн авч, холбогдох тайлан балансад бүртгэн, арчлалт хамгаалалтыг хариуцах үүрэгтэй, мөн Гүйцэтгэгчийн эрх, үүрэг буюу 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т захиалагч, санхүүжүүлэгчээс тавьсан шаардлагын дагуу, гэрээний бух нөхцөл, болзолд нийцүүлэн ажлыг гүйцэтгэж, Захиалагчид хугацаанд нь хүлээлгэн өгөх, зөрчил, ажлын доголдол арилгах үүрэг хүлээнэ" мөн Санхүүжүүлэгчийн эрх, үүрэг буюу 4 дүгээр зүйлийн 4.7-д валютын ханшны хэлбэлзэл болон гэрээний дүнгээс илүү гарсан аливаа зардалд хариуцлага хүлээхгүй болно" гэж тус тус заасан бөгөөд Дээрх зүйл, заалтыг гэрээний талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан болно.

Гэтэл “Г” ХХК болон "В" ХХК-иудын түншлэл нь "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам" болон 14/2014 С-ДБ-Б 2014/77 тоот гэрээнд тусгагдсан бүх нөхцөл болзлыг хүлээн зөвшөөрч төслийг хэрэгжүүлж дууссан атал хохирол нэхэмжлэх нь ямар нэгэн баримт, хууль эрх зүйн үндэслэлгүй байна

2.3.3.Шүүх шийдвэрийг үндэслэхдээ: Төсөл хэрэгжиж эхлэх үед 2014 онд батлагдсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам" хүчин төгөлдөр хэрэгжиж тус журмын хүрээнд гэрээ байгуулагдаж, төсөл хэрэгжсэн атал хугацааны хувьд төсөл хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2015, 2016, 2017, 2018 онд батлагдсан хууль, журмыг үндэслэж, тус төсөлд хамааруулан тайлбарлаж байгаа нь хугацааны хувьд ч агуулгын хувьд ч нийцэхгүй. Энэхүү төсөл нь гэр хороолол"-ыг дахин төлөвлөх ажил бөгөөд тусгайлан нарийвчилсан журмаар зохицуулагдсаар байтал хом суурин газрын дахин хөгжүүлэх тухай, Орон сууцны тухай хуулийг үндэслэл болгож байгаа нь илт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Гэр хорооллыг дахин төлөвлөх, хот суурин газрыг дахин төлөвлөх нь хоорондоо ялгаатай ойлголт юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр 13- ны өдрийн 128/ШШ2022/0667 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалт нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн мөртлөө 2 дугаар заалтаар 3,087,154,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлэж “Г” ХХК-д төлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан нь шүүхийн шийдвэр салаалсан утгатай, тодорхой бус, утга агуулгын алдаатай гэж ойлгогдож байна.

Мөн нэхэмжилж буй хохирлын 3,670,640,200 (гурван тэрбум зургаан зуун далан сая зургаан зуун дөчин мянга хоёр зуу төгрөгийг ямар ч санхүүгийн баримтаар нотлогдоогүй зардлыг зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр шийдвэрлэж байгаа нь нэг талыг хэт баримталсан. Шүүгч шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа нийт 48 айлын нийт 3,670,640,200 төгрөгийн хохирлын 30 айлын төлбөрийг хариуцагч тал, 18 айлын төлбөрийг хэрэгсэхгүй болгосон тухай танилцуулсан атлаа шийдвэртээ 16 нэгж гэж гаргасан бөгөөд үнийн дүн илт зөрүүтэй байна.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг Бүгдийг оролцуулж шийдвэрлээгүй. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид тус тус давж заалдах гомдол гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Г” ХХК, “В” ХХК-аас “Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны дэд бүтцийн газар чөлөөлөхөд зарцуулсан 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,

...уг 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж “Г” ХХК, “Вешн девелопмент” ХХК-д төлөхийг нийслэлийн Засаг даргад даалгах,

...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоолын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргажээ.

Нэг.Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэвээр үлдээсэн үндэслэлийн тухайд:

1.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулжээ.

1.2.Хэрэгт авагдсан баримтуудаас[1] үзэхэд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн дулаан хангамжийн эх үүсвэрийг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчээр “Г” ХХК болон “Баганат өргөө” ХХК нар оролцсон, харин нэхэмжлэл гаргагч “В”  ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ГХДТ-2013/6 багцын “Б” хэсэгчилсэн талбайд  төсөл хэрэгжүүлэгчийн түншлэлээр оролцсон боловч барилга угсралтын ажил гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.

            1.3.Иймээс ““В” ХХК нь Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ГХДТ-2013/6 багцын “Б” хэсэгчилсэн талбайд  төсөл хэрэгжүүлэгчээр оролцсон гэж үзэхээргүй байх тул төсөл хэрэгжүүлэх талбайд тавигдсан инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн доорх газар чөлөөлөлттэй холбоотой зардлын талаар маргах этгээд биш” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд уг үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхээс “В” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

1.4.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Төрийн өмчид эд хөрөнгийг дараах байдлаар олж авна:", 2 дахь заалтаар  "Үйлдвэрлэл, ажил үйлчилгээний хувьд бий болсон эд хөрөнгө", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна", 75 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Орон нутгийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна:”, 1 дэх заалтад “энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-4, 6 дахь заалт, 6.2, 6.3 дахь хэсэгт заасан хэлбэрээр бий болсон эд хөрөнгө”, 77 дугаар зүйлийн З дахь хэсэгт Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд ..., шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын дарга шийдвэрлэнэ. гэж тус тус заажээ.

1.5.Маргааны тохиолдлын хувьд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжийн нэвтрэх сувгийн байгууламж, гадна дулааны шугам сүлжээг Хөгжлийн банк болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[2] тогтоогдож байх тул энэхүү  инженерийн байгууламж, ус, дулааны шугам сүлжээг дээр дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалтын дагуу маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 147 дугаар тогтоолоор нийслэлийн өмч гэж үзэн  нийслэлийн буюу орон нутгийн өмчид бүртгэсэн хариуцагчийн шийдвэрийг хууль бус бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

1.6.Энэ үндэслэлээр “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоолын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Хоёр.Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэлийн тухайд:

2.1.Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг баталж, уг хөтөлбөрийн хот байгуулалт, төлөвлөлтийн шинэлэг бодлого, зохицуулалт, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж, мөн хөтбөрийн 4.4-т “Хөтөлбөрийн зорилтуудад хүрэхийн тулд дараахь үйл ажиллагаа явуулна:”, 4.4.3-д Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд: 4.4.3.3-д “гэр хороололыг нэн тэргүүнд дэд бүтэцтэй болгоход улсын төсөв болон бусад орлогын үүсвэрийг зориулах, түүнчлэн гэр хорооллын айл өрхийг дэд бүтэцтэй өртөг нэмэгдсэн газраа барьцаалан орон сууцтай болох, орон сууцны зээлд хамрагдах бололцоогоор ханган амины орон сууц барих төсөл хэрэгжүүлэх, 4.4.3.4-т “Улаанбаатар хотын гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй болгох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцанд орох нөхцөлийг бүрдүүлэхдээ хот төлөвлөлтийн судалгаанд үндэслэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 32100-аас доошгүй орон сууцыг ашиглалтад оруулах” гэж заажээ.

Мөн энэхүү Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдуулан УИХ-д өргөн мэдүүлэх хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн жагсаалтыг баталсан байх бөгөөд уг жагсаалтын 2-т “Хотыг дахин хөгжүүлэх /төлөвлөх/ тухай хуулийн төсөл” багтсан байна.

2.2.Энэхүү Улсын Их Хурлын тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 118 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар[3] Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны гэр хорооллын инженерийн шугам сүлжээний санхүүжилт, төлөвлөлт хийгдэх барилга байгууламжуудын талаар тодорхой оруулж, уг тогтоолын санхүүжилтийн хэмжээнд Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 285 дугаар тогтоолоор өөрчилсөн.

2.3.Улмаар Засгийн газрын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 263 дугаар тогтоолоор[4] төлөвлөлт хийгдсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдэлд өөрчлөлт орсон үндэслэлээр Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хорооны гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хувьд санхүүжилт, хариуцах этгээдийг өөрчилсөн байна.

2.4.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.”, 20 дугаар зүйлийн 20.1-д “..., нийслэл, ...ийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн ...дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:”,  20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 22 дугаар зүйлийн 22.1-д “..., нийслэл, ...ийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 22.1.9-д “нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих” гэж тус тус заасан.

Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай /1994 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрх эдлэхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, мөн хэсгийн 1 дэх заалтад “нийслэлтэй холбогдсон асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргах” гэжээ.

2.5.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор[5] “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтод тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталж, уг журмын хавсралтаар баталсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын 1.3.3-д ““Сонгосон талбай” гэж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин төлөвлөлт хийхээр байршил, хэмжээг тогтоосон газрыг”, 3.9-д “Гурван талт гэрээг нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, төсөл хэрэгжүүлэгч болон газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай байгуулна.”, 3.15-д “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.” гэжээ.

2.6.Энэхүү 3/31 дүгээр тогтоолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны” журмыг хавсралтаар баталж, уг журмын 1.3.3-д ““Сонгосон талбай” гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин төлөвлөлт хийхээр байршил, хэмжээг тогтоосон газрыг”, 1.3.4-т “гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ гэж дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч болон Нийслэлийн Засаг дарга харилцан тохиролцож, байгуулсан баримт бичгийг” ойлгохоор, 4.17-д “Төсөл хэрэгжүүлэх ...гурван талт гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.”, 4.22.-т “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна” гэж зохицуулсан.

2.7.Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/535 дугаар захирамжаар[6] Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Батлан хамгаалахын сургууль” орчим ГХДТ-2013/6 багцын Б блокын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Баганат өргөө” ХХК шалгарч, мөн өдрийн Нийслэлийн Засаг даргын А/536 дугаар захирамжаар[7]  Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Батлан хамгаалахын сургууль” орчим ГХДТ-2013/6 багцын Б блокын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Г” ХХК шалгарсан, мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/464 дүгээр захирамжаар[8] Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Батлан хамгаалахын сургууль” орчим ГХДТ-2013/6 багцын Б блокын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Г” ХХК болон “В” ХХК нарын түншлэл шалгарсныг батламжилжээ.

2.8.Дээр дурдсан журам, баримт бичгийг үндэслэн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-г 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр[9], 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр[10], 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр[11], 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр[12], 2016 оны 06 дугаар сарын 02 өдөр[13]-үүдэд тухай бүрт нь иргэн, төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК, Нийслэлийн Засаг даргын төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газрын дарга нар харилцан тохиролцож гэрээнүүдийг байгуулж байсан бөгөөд эдгээр гэрээний 4.1.2, 4.2.2 дэх заалтын зохицуулалтаар гэрээний нэг тал болох төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК нь төсөл хэрэгжүүлэх газар чөлөөлөх зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх, сонгосон талбай дахь газар чөлөөлөх ажлын зардал, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх үүргийг хүлээсэн байна.

2.9.Эдгээр  нөхцөл байдлаас дүгнэхэд, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй болгох, тус нутаг дэвсгэрт байрладаг гэр хорооллын өрхүүдийг орон сууцанд орох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн 2013 онд батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр нэхэмжлэгч “Г” ХХК нь шалгарч, улмаар уг төслийг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч компани нь сонгосон талбай буюу Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлын зардлыг хариуцах болзол, нөхцөлийг хүлээн зөвшөөрч, тодруулбал, уг төслийг хэрэгжүүлэхдээ газар чөлөөлөх зардлыг хариуцах үүргийг нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлэгч талын хувьд хүлээсэн гэдэг нь тогтоогдож байна.

2.10.Харин хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх буюу уг төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцохдоо инженерийн дэд бүтэцтэй холбоотой газрыг чөлөөлөх зардлыг хариуцах талаар үүргийг тухайн төсөл хэрэгжих цаг хугацаанд хүлээгээгүй, мөн уг төслийг хэрэгжүүлэхдээ инженерийн дэд бүтэц барих газрыг чөлөөлөх зардлыг сонгогдсон талбайн газрын зардлаас тусад нь авч үзэн нэхэмжлэгч компани болон хариуцагч Нийслэлийн Засаг дарга хариуцахаар газар чөлөөлөлтийн зардлыг ялгамжтайгаар тогтоогоогүй, цаашлаад инженерийн дэд бүтэц барих газрыг чөлөөлөх зардлыг хариуцагч хүлээхээр өмнө баталсан журам, гэрээнд нэмэлт, өөрчлөлт орсон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтууд, тухайн төслийг хэрэгжүүлэх үндэслэл болсон журам, тогтоол, бусад баримтаар тогтоогдохгүй байна.

2.11.Тодруулбал, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан газрыг чөлөөлөх зардлыг төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгч компани өөрөө хариуцахаар, харин инженерийн дэд бүтцийг барих зардлыг Нийслэл Засаг даргын болон улсын төсвөөс хариуцахаар зохицуулсан, эдгээр нөхцөл байдал сүүлд өөрчлөгдөөгүй.

2.12.Эдгээр нөхцөл байдлаас үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь тухайн үед мөрөгдөж байсан хууль тогтоомж, журам болон гурван талт гэрээгээр маргаан бүхий төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор газар чөлөөлөх зардлыг хариуцах үүрэг хүлээгээгүй байгаа учраас түүнийг “хууль тогтоомж, гэрээнд зааснаар инженерийн дэд бүтцийн доорхи газрыг чөлөөлөх үүргээ биелүүлээгүй” гэж үзэн хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж шүүхээс үзэх үндэслэлгүй бөгөөд уг газар чөлөөлөлтийн зардлыг нэхэмжлэгч компани өөрөө хариуцахаар гэрээгээр тохиролцсон атлаа уг зардлыг хариуцсантай холбоотойгоор нэхэмжлэгч компанид хохирол учирсан гэж хариуцагчаас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

2.13.Гэтэл анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2013 оны хэсэгчилсэн төлөвлөгөө, уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх үндэслэл болсон Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 118 дугаар тогтоол, 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 285 дугаар тогтоол, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 263 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоол, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолууд батлагдсан цаг хугацаанаас сүүлд батлагдаж, дагаж мөрдөгдсөн, мөн маргааны тохиолдолд хамааралгүй төслүүдэд хамаарах Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хууль, уг хуулийг баримтлан гарсан Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 122, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тогтоолын холбогдох заалтуудыг баримтлан хариуцагчийг буруутгаж, маргаан бүхий төслийн инженерийн дэд бүтцийн доорхи газар чөлөөлөлтийн зардлыг хариуцагчийг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

2.14.Дээрхээс гадна анхан шатны шүүхийн шийдвэрт “барилга угсралтын ажлын төсөвт инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн трассд өртөх газар чөлөөлөлтийн зардлыг шийдвэрлээгүй, хууль тогтоомжийн зохицуулалтыг буруу хэрэглэн ажлын гүйцэтгэгчид энэ зардлыг хариуцуулсан Нийслэлийн Засаг даргын  эс үйлдэхүй хууль бус... гаргасан” гэж дүгнэн, үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, улмаар дэд бүтцийн газар чөлөөлсөн 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлэж “Г” ХХК-д төлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт өгсөн байх тул шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.  

2.15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг ..., нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.”, 47.3-д “... давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн бол шүүхийн зардлын хуваарилалтыг нэгэн адил өөрчлөн шийдвэрлэнэ.”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод үлдээх, шинжээчийн зардлыг бүхэлд нь нэхэмжлэгчээс гаргуулах өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 667 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 20.1.7, 22.1.9, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай /1994 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 75 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 77 дугаар зүйлийн З дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны дэд бүтцийн газар чөлөөлөхөд зарцуулсан 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг 3,670,640,200 төгрөгийн зардлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж “Г” ХХК-д төлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоолын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн зардлыг нэхэмжлэгч “Г” ХХК-иас гаргуулсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 3-р хавтас 72-92 дахь тал

[2] Хэргийн 3-р хавтас 31-33, 41-48, 54-57, 65-67, 6-р хавтас 117-118, 131, 136, 138, 140, 156 дахь тал

[3] Хэргийн 6-р хавтас 117, 131 дэх тал

[4] Хэргийн 6-р хавтас 140, 156 дахь тал

[5] Хэргийн 4-р хавтас 98, 101 дэх тал

[6] Хэргийн 3-р хавтаст 68 дахь тал

[7] Хэргийн 3-р хавтаст 100 дахь тал

[8] Хэргийн 3-р хавтас 69 дэх тал

[9] Хэргийн 3-р хавтас 191-194 дэх тал

[10] Хэргийн 3-р хавтас 61-63 дахь тал

[11] Хэргийн 3-р хавтас 229-231 дэх тал

[12] Хэргийн 3-р хавтас 210 дахь тал

[13] Хэргийн 3-р хавтас 121-123 дахь тал