Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 691

 

Булнайн-Ар ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/00116 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Булнайн-Ар ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Мөнгөнсүх, О.Оюунчимэг нарт холбогдох

 

Үйлчилгээний хөлс 14 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, хохиролд 7 310 200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэнд-Очир

Хариуцагч: О.Мөнгөнсүх

Хариуцагч О.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Оргил

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Булнайн-Ар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус  компани харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2016 онд “Евролайн” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг компанийн хэрэгжүүлсэн харуул хамгаалалтын үйл ажиллагаатай холбоотой аливаа гэрээ хэлцэл, түүний эрх үүрэг, бусад үйл ажиллагаа зэргийг мөн адил шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу нэг талаас иргэн О.Мөнгөнсүх, түүний ээж О.Оюунчимэг нар, нөгөө талаас “Евролайн” ХХК хооронд байгуулсан 2015.09.25-ны өдрийн 09/01 дугаартай “Обьект хамгаалах гэрээ”-ний эрх, үүргийг Булнайн ар ХХК шилжүүлэн авч, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Оюунчимэгийн захиалгаар баригдаж буй 48 айлын орон сууцны барилгад харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж, иргэн О.Оюунчимэг, О.Мөнгөнсүх нартай хамтарч ажилласан. Гэтэл үйлчлүүлэгч тал  гэрээний үүргээ зөрчиж, харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөр төлөх хугацааг хэтрүүлж, удаа дараа шаардлага тавьсны эцэст 2016.06.07-ны өдөр 16 800 000 төгрөгийг, 2016.06.25-ны өдөр 5 600 000 төгрөг, 2016.07.15-ны өдөр 5 600 000 төгрөг, 2016.08.01-ны өдөр 5 600 000 төгрөгийг тус тус төлж барагдуулах талаар О.Мөнгөнсүх бичгээр баталгаа гарган өгснөөр талууд харилцан тохиролцож хамтын үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлсэн боловч 2016.07.01-ээс эхлэн харуул хамгаалалтын үйлчилгээгээ зогсоож хоёр тал ажил хүлээлцэн, төлбөр тооцоогоо нийлсэн. Тооцоо нийлсэн актад үйлчлүүлэгчийг төлөөлж О.Мөнгөнсүх гарын үсэг зурсан бөгөөд 2016.07.01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 14 700 000 төгрөгийг манай компанид төлөхөөр тохиролцсон. Иймд хариуцагч талаас 14 700 000 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Мөнгөнсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булнайн-Ар” ХХК /Евролайн ХХК/-тай 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн харуул хамгаалалтын үйлчилгээ авах гэрээ байгуулан хамтран ажилласан. “Булнайн-Ар” ХХК нь гэрээний хугацаандаа захиалагч болох О.Мөнгөнсүх миний тодорхой хугацаагаар түрээслэн авсан барилгын туслах материалын тооцоог дутаах буюу барилгын хашаанаас алдаж хохирол учруулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Алдаж гээгдүүлсэн  материалын тооцоо нийлэх шаардлагатай байна. Нэхэмжлэгч нь миний өөрийн гарган өгсөн баталгааг хүлээн авахгүйгээр өөрсдөө бичиг бэлдэж ирээд заавал гарын үсэг зур, гарын үсэг зурахгүй явахгүй гэх байдлаар харьцаж байгаад гарын үсэг зуруулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд бараа материалыг нөхөн төлүүлсний дараа төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэжээ.

 

Хариуцагч О.Оюунчимэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булнайн-Ар” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр харуул хамгаалалтын үйлчилгээг авах гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, төмөр зам 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгыг хамгаалуулахаар харилцан тохиролцсон. “Булнайн-Ар” ХХК нь хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж барилгын талбайгаас эд зүйлс алдагдах зөрчил гарч байсан учир талууд тооцоо нийлсний дараа 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шинээр байгуулсан гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг шилжүүлэх хүсэлтэй байна. “Булнайн-Ар” ХХК нь гэрээт хамгаалалтын үйлчилгээний гол нөхцөл болох хамгаалж буй объектоос алга болсон эд зүйлсийг хариуцахгүй гэж маргаж байгаа нь үндэслэл муутай байна. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Мөнгөнсүх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай барилгын ажил 2014 оны 09 дүгээр сарын 25-нд эхлээд 2014 оны 11 дүгээр сарын 18 хүртэл үргэлжлээд өвлийн улирлын улмаас түр зогсолт хийсэн юм. Барилгын ажил 2015 оны 05 дугаар сарын 15-нд дахин эхэлсэн бөгөөд мөн өдрөөс эхлэн “Булнайн-Ар” ХХК /Евролайн ХХК/ харуул хамгаалалтын ажлын үүргээ дахин гүйцэтгэж эхэлсэн юм. Барилгын ажлын талбайд “Булнайн-Ар” ХХК /Евролайн ХХК/ харуул хамгаалалтын үүргээ гүйцэтгэж эхэлсний дараагаар иргэн миний бие “Түвшинсайхан цамхаг” ХХК-тай барилгын хэв хашмал, дагалдах материал түрээслэх гэрээ байгуулан барилгын хэв хашмал, дагалдах материал түрээсээр авч ашигласан. Хашаагаар хүрээлэгдсэн барилгын талбайд нэвтрүүлэн оруулж ирсэн барилгын хэв хашмал, дагалдах хэрэгслийн тоо ширхэгийн бүрэн байдлыг харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхийг нэхэмжлэгч  үүрэг хүлээсэн.  Гэвч  харуулын ажилтан нь миний түрээсээр авч ашиглаж байсан барилгын хэв хашмал, дагалдах хэрэгслийн тоо ширхэгийг барилгын талбайгаас алдан дутааж надад хохирол учруулсан. Үүргээ зөрчин эд материалын хохирол учруулсан. “Түвшинсайхан цамхаг” ХХК надаас 7 310 200 төгрөгийн барилгын хэв хашмал, дагалдах хэрэгслийн нөхөн төлбөрийн дүнг шаардсаны дагуу хариуцагч “Булнайн-Ар” ХХК /Евролайн ХХК/-иас 7 310 200 төгрөгийн үнийн дүнг шаардаж байна. Гадна булан 2.4 метр 9 ширхэг нэгж үнэ 35 500 төгрөг, нийт үнэ 319 500 төгрөг, дотор булан /15x15/ 5 ширхэг нэгж үнэ 41 500 төгрөг, нийт үнэ 207 500 төгрөг, хомут 94 ширхэг нэгж үнэ 1 500 төгрөг, нийт үнэ 141 000 төгрөг, труба 6 метр 174 ширхэг нэгж үнэ 21 000 төгрөг, нийт үнэ 3 654 000 төгрөг, хэв /200x1200/ 2 ширхэг нэгж үнэ 36 500 төгрөг, нийт үнэ 73 000 төгрөг, хэв /300x1200/ 1 ширхэг 39 500 төгрөг, хэв /400x1200/ 60 ширхэг нэгж үнэ 43 000 төгрөг, нийт үнэ 2 580 000 төгрөг, хэв /450x1200/ 1 ширхэг 48 200 төгрөг, хэв /600x1200/ 5 ширхэг нэгж үнэ 49 500 төгрөг, нийт үнэ 247 500 төгрөг, нийт дүн 7 310 200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Булнайн-Ар” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Барилгын хэв хашмал, дагалдах хэрэгслийн тоо ширхэгийн бүрэн байдлыг үйлчлэгч тал хариуцах үүрэгтэй талаар Иргэний хуулийн ямар зүйл заалт болон гэрээний аль хэсэгт заасныг хариуцагч тодорхой дурдаагүй байна. Харин талуудын хооронд байгуулсан объект хамгаалах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгт “Инженер нярав болон гэрээт ажилчид нь ажлын цаг дуусахад объектын бараа материалыгтоо ширхэгээр харуулд бүрэн хүлээлгэн өгнө. Хэрэв хүлээлгэж өгөөгүй тохиолдолд дутсан, алдагдсан бараа материалыг хамгаалалтын алба хариуцахгүй болно гэж заасан бөгөөд хариуцагч О.Мөнгөнсүх нь сөрөг нэхэмжлэлдээ дурдсан барилгын хэв хашмал, дагалдах хэрэгсэл гэгчийг харуулын ажилтанд тоо ширхэг бүрээр нь хүлээлгэн өгөөгүй болно. Хэзээ, хэрхэн, хаанаас дутсан, хэнд мэдэгдсэн, ямар арга хэмжээ авсан талаарх нэг ч баримт нотолгоог шүүхэд гаргаагүй, сүүлд талууд ажлын талбай хүлээлцэх акт үйлдэн, ямар нэгэн дутагдалгүй, бүрэн бүтэн хүлээлцсэн тухай баталгаажуулсан бөгөөд мөн харуулын рапортонд энэ тухай тэмдэглэн О.Мөнгөнсүх өөрөө гарын үсэг зурсан нь хэргийн материалд авагдсан байдаг. Иймд О.Мөнгөнсүхийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

              Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Оюунчимэгээс 14.700.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Булнайн-Ар” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас О.Мөнгөнсүхэд холбогдох хэсгийг, мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “Булнайн-Ар” ХХК-аас 7 310 200 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.Мөнгөнсүхийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Булнайн-Ар” ХХК-ийн төлсөн 231.450 төгрөг, хариуцагч О.Мөнгөнсүхийн төлсөн 131.913 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, мөн нэхэмжлэгчийн илүү төлсөн 550 төгрөгийг, хариуцагчийн илүү төлсөн 20.800 төгрөгийг тус тус Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулан буцаан олгож, хариуцагч О.Оюунчимэгээс 231.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Булнайн-Ар” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.Мөнгөнсүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчээс харуул хамгаалалтын үйлчилгээ авсан нь үнэн бөгөөд уг үйлчилгээний явцад дутагдсан 7 310 200 төгрөгийн бараа материалын  талаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч гэрчээс татгалзах эрхгүй, хүсэлт гаргасан, шүүгч гэрчээр дуудагдсан этгээдээс мэдүүлэг авалгүй шүүх хуралдаан явуулсан. Гэрчийн мэдүүлэг авалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь шүүх хуралдааны дэг зөрчсөн.

Шүүгч гэрчийг дуудан ирүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж татгалзах асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай захирамж гаргалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. н.Баярсайхан нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоно гэх нэхэмжлэгчийн байр суурийг хуулийн дагуу шийдвэрлэлгүй өөрөөр хэлбэл шүүгч хуульд захирагдалгүй шүүх хуралдаанд оролцуулсан нь хууль зөрчсөн. Булнайн-Ар ХХК нь тусгай зөвшөөрөлгүй үедээ гэрээ байгуулан гэрээт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж хууль бус үйл ажиллагаа явуулсан. Энэхүү үйлдэл нь хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг гэрчлэх бөгөөд шүүх энэхүү нотлох баримтыг үнэлэлгүй хууль бус шийдвэр гаргасан. Булнайн-Ар ХХК нь Евролайн ХХК-иас эрх шилжүүлэн авсан гэх боловч гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх үйл явц, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх боломжгүй. Тусгай зөвшөөрөл шилжүүлсэн гэх хууль бус үйлдэл хийж тайлбар гаргаж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн. О.Мөнгөнсүх нь  О.Оюунчимэгийг төлөөлөн гэрээний дагуу хийсэн зарим үйлдлийг хүлээн зөвшөөрсөн атлаа гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэн дүгнэлт гарган хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн О.Оюунчимэгийг барилгын талбай, эд аж ахуйг өөрийн биеэр хүлээн авч гарын үсэг зураагүй байхад шүүгч хүлээн авсан мэтээр ойлгож хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг зөрчсөн. Шүүхийн шийдвэр нь талуудын хууль шүүхийн өмнө эрх тэгш байх нөхцлийг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр  буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэг журам зөрчсөн. Нэхэмжлэгч гэрчээс татгалзах хүсэлт гаргасан боловч түүнийг шийдвэрлээгүй. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ түүнд гомдол гаргах эрхийг хязгаарласан. Хариуцагч О.Мөнгөнсүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 10 сарын 14- ний өдөр нэхэмжлэгчээс нотлох баримтаар “Харуулын ээлжийн дэвтэр”-үүдийг гаргуулах хүсэлтийг гаргасан байдаг. Хэргийг хянаж буй шүүгч Д.Золзаяа нь уг хүсэлтийг хүлээн аваад 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 30631 тоот захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн Захирамжлах хэсгийн 2 дугаар заалтад “Шүүгчийн захирамжид зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай” гэж заасан байдаг. Гэтэл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1 дэх хэсгийн заалт нь шүүгчийн захирамжид гомдол гаргах боломжтой заалтуудыг зааж өгсөн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэг нь  татгалзсан захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу  зохигчдоос гомдол гаргах эрхтэй захирамж юм. Энэ нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарласан явдал болсон.  Хариуцагч О.Мөнгөнсүхээс сөрөг нэхэмжлэлийг гаргасан байдаг. Гэтэл шүүх  сөрөг нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гаргасан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлд бүхэлд нь дүгнэлт хийж хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй хэмээн дүгнэлт хийсэн бөгөөд уг асуудлаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар дурдаагүй нь хариуцагчийн  эрхийг нь хязгаарлаж байна.

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт заасныг гэрээнд  тусгаагүй бол хүчин төгөлдөр бусад тооцно гэж тодорхой заасан.  Харин талуудын хооронд 2015 оны 9 сарын 25-ны өдөр байгуулагдсан “Объект хамгаалах гэрээ”-ний 1 дүгээр зүйлд зөвхөн ‘гэрээт харуул хамгаалалтын 038 тоот тусгай зөвшөөрөл бүхий Евролайн ХХК-ийн харуул хамгаалалтын алба” гэж заасан байдаг. Шүүх Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8.2.1 дэх хэсэгт заасан мэдээллийг  ганцхан тусгай зөвшөөрлийн дугаар илэрхийлнэ гэж үзсэн нь хуулийг илтэд буруу ойлгон, тайлбарлаж хэрэглэсэн. Иймд  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Булнайн-Ар ХХК нь хариуцагч О.Мөнгөнсүх, О.Оюунчимэг нарт холбогдуулан харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний хөлс 14 700 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч хамгаалж буй объектоос барилгын материал алдсан тул тооцоо нийлж байж төлөх эсэхийг шийдвэрлэнэ гэж татгалзаад, О.Мөнгөнсүх нь барилгын талбайгаас алдагдсан гэх бараа материалын хохиролд 7 310 200 гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

 

Нэхэмжлэгч Булнайн-Ар ХХК нь Евролайн ХХК-иас шилжүүлсэн шаардах эрхийн дагуу хариуцагч нараас гэрээний үүрэг шаардсан байх бөгөөд Евролайн ХХК, О.Оюунчимэг нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр обьект хамгаалах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, /Булайн-Ар ХХК/ нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дандарын гудамжинд байрлах орон сууцны барилгад эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, гэмт халдлагаас хамгаалах, дэг журам сахиулах, үйлчлүүлэгч /О.Оюунчимэг/ нь сарын 2 100 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, энэ талаар зохигчид маргаагүй. /хх-ийн 13, 6-12/

 

Талууд 14 700 000 төгрөгийн хөлс төлөгдөөгүй үлдсэнд маргаагүй. Гагцхүү  хамгаалалтад байсан объектоос барилгын материал алдагдсан тул тооцоо нийлж байж төлнө гэж маргажээ. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа  Евролайн ХХК болон О.Оюунчимэг нарын хооронд байгуулагдсан гэрээнд үндэслэж байх бөгөөд уг гэрээнд О.Мөнгөнсүх нь О.Оюунчимэгийг төлөөлж гарын үсэг зурсан тул О.Мөнгөнсүхийг гэрээний нэг тал гэж үзэх үндэслэлгүй, түүнийг гэрээний хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Булнайн-Ар ХХК /Евролайн ХХК-иас эрх, үүрэг шилжүүлэн авсан/,  хариуцагч О.Оюунчимэг нарын хооронд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлэх  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан. Учир нь гэрээний зүйл нь ажлын биежсэн үр дүн биш ажил үйлчилгээ үзүүлэх байхад анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу болжээ. Гэвч дээрх алдааг давж заалдах  шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан харуул хамгаалалтын үйл ажиллагааны төрөл, ашиглах техник, тусгай хэрэгсэл, алба хаагчийн тоо, тэдгээрийн ажиллах нөхцөл, хөдөлмөр хамгаалал, хамгаалалтад авсан объекод нэвтрэн орох, гарах журам, гэрээний хугацаа, гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, төлөх журам, талуудын хүлээх хариуцлага зэрэг хуулийн тусгай шаардлагуудыг тусгаж хангасан гэрээг байгуулаагүй, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, Евролайн ХХК шаардах эрхээ Булнайн-Ар ХХК-нд шилжүүлсэн, Булнайн-Ар ХХК нь гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэйгээс гадна түүнээс харуул хамгаалалтын үйлчилгээ авч байсанд хариуцагч маргаагүй, гэрээ дуусгавар болсон байна.  

 

Сөрөг нэхэмжлэлийг зөвхөн хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан гаргадаг бөгөөд нэгэнт тухайн гэрээний тал биш О.Мөнгөнсүх гэрээтэй холбогдуулан сөрөг шаардлагыг Булнайн-Ар ХХК-нд гаргах эрхгүй юм. Сөрөг шаардлагыг гаргах эрх бүхий гэрээний тал нь О.Оюунчимэг байх бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргахдаа О.Мөнгөнсүх, О.Оюунчимэгээс итгэмжлэл авсан байдал хэргийн баримтаар нотлогдоогүй. О.Мөнгөнсүхийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь тухайн асуудлаар цаашид нэхэмжлэл гаргах талуудын эрхийг хязгаарлаж болзошгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй. Нэгэнт сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар О.Мөнгөнсүхийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон  агуулгатай  өөрчлөлтийг оруулах нь зүйтэй бөгөөд энэ нь цаашид эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах эрхэд саад болохгүй юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүд асуулгах хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргаж улмаар уг хүсэлтээсээ татгалзжээ. /х.х-ийн 133, 142 хуудас/

 

 Гэвч уг гэрчүүдийг асуулгах хүсэлттэй байгаагаа хариуцагч тал илэрхийлээгүй тул гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулаагүй анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй, шүүх  хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/00116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “359 дугаар зүйлийн 359.1” гэж, “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэлгүй тул” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар” гэж, “нэхэмжлэлийг” гэснийг “нэхэмжлэлтэй хэргийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Мөнгөнсүх, О.Оюунчимэг нарын тус бүр давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 713 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

           

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                          ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

                                                                                Ш.ОЮУНХАНД