Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/222

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарансолонго, 

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Д.Батнаран,

шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт В-гийн Б-т холбогдох эрүүгийн *************дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 10-17 насны 3 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ************ тоотод оршин суух бүртгэлтэй, *********************** тоотод түр оршин сууж байгаа, урд ял шийтгэлгүй, Х овогт В-ийн Б /РД:***************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч В.Б нь “Чамаас цай, кофе авъя мөнгийг нь 2 хуваагаад өгчихье, З гэдэг хүн Ховд руу авч яваад зарж борлуулаад мөнгийг нь удахгүй өгчихнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Д.О-гаар дамжуулан 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 27.305.000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг “Б” ХХК, “Б” ХХК- иудаас гаргуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо “С” ХХК-ийн агуулахын хашаанд хүргүүлэн авч бусдад төлөх өр зээлэндээ өгөх замаар Д.О-д 22.305.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч Д.О-гийн:

“...Би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “***” зах дээр хүнсний лангуу ажиллуулдаг бөгөөд В.Б гэж хүн нь одоогоос 8-9 жилийн өмнөөс эхэлж надад бараа нийлүүлдэг байсан юм. Тухайн үед В.Б гэж хүн “Д” ХХК-д борлуулагч хийдэг байсан ба компанийнхаа бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг байсан. Ингээд надад байнгын бараа өгдөг учраас таньдаг болсон. 2020 оны 06 дугаар сард над дээр ирж уулзаад борлуулалтын компаниасаа гараад өөрөө тусдаа 100 айлд байрлах “О” нэртэй газар кофе шоп ажиллуулж байгаа гээд кофе шоп ажиллуулахад шаардлагатай кофе, цай зэргийг бэлнээр болон дансаар мөнгийг шилжүүлээд худалдаж авдаг болсон. Энэ байдал нээх үргэлжлээгүй бөгөөд Б нь ярихдаа кофе шоп ажиллуулахынхаа хажуугаар “В” компаниас зөгийн бал худалдаж аваад З гэж хүнтэй хамтарч Ховд аймгаар дамжуулан урагшаа улсын хилээр гаргаж зарж борлуулж байгаа гэж ярьдаг байсан. Ингэхдээ чи кофе, цай зардаг юм чинь зардаг бараанаасаа надад өгчих, би З гэж хүнд өгөөд хил гаргаж Хятад улс руу заруулъя, З нь цаанаа хил дээр аваачиж хүнд зардаг юм, надад боломжтой хэмжээгээр нь зээлээр бараа өгөөч, би түүнийг З гэж хүнээр заруулчхаад мөнгийг нь өгчихье гэхээр нь хүмүүс дээрх байдлаар урагш нь хилээр гаргаж зардаг учир найдвартай байх гэж бодоод зөвшөөрсөн. Үүний дагуу Б нь З гэж хүнийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай лангуун дээр дагуулж ирээд энэ хүн маш найдвартай, урагшаа бараагаа гаргаж заруулдаг юм, зарсныхаа дараа мөнгийг нь над руу шилжүүлчихдэг юм гэж хэлсэн. Ингээд З гэж хүнийг дагуулж ирээд найдвартай, зээлээр авсан бараагаа маш богино хугацаанд урагшаа Хятад руу гаргаж зараад 2020 оны 08 дугаар сарын 20-ны дотор мөнгийг 2 хуваагаад төлчих болно, бараа зээлээр өгөөч ээ гээд байхаар нь өмнө нь ч би бараа авдаг байсан, мөн надаас бараа авдаг учраас итгэлтэй байх гэж бодоод Б, З нарт кофе, цай өгч заруулж мөнгийг шилжүүлнэ гэхээр нь итгээд өгч явуулсан. Үүний дагуу “Бо” ХХК, “Б” ХХК-иас доорх кофе, цайг зээлээр болон бэлэн мөнгөөр авч, Б, З нарт өгсөн. Би “Б” ХХК, “Б” ХХК-иудаас байнгын кофе, цай авдаг юм. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Б” ХХК-иас 8.870.000 төгрөгийн үнэ бүхий кофег зээлээр авахаар болж, улмаар Б нь “Б” компанийн борлуулагчаас хүлээн авсан. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Б” ХХК- иас 18.435.000 төгрөгийн үнэ бүхий кофе, цайг зээлээр авахаар болж, улмаар Б нь “Б” ХХК-ийн борлуулагчаас хүлээн авсан.

Нийт 27.305.000 төгрөгийн үнэ бүхий кофе, цайг би өөрийн нэр дээр зээлээр худалдаж аваад, тус компаниудын борлуулагчид нь Б нь ТЭЦ-4 урд талд зөгийн балаа урагш нь явуулах гээд ачиж байна гэхээр нь аваачиж өгч ачуулсан юм. Дээрх бараа бүтээгдэхүүнийг өгөхөөр тохиролцохдоо бараа бүтээгдэхүүнээ хүлээж авангуут надад урьдчилгаа байдлаар 5.000.000 төгрөгийг өгнө, харин бараагаа зарж ирснийхээ дараа үлдэгдэл мөнгийг өгөх болно гэж тохиролцсон. Үүний дагуу З гэх хүний Хаан банкны ********** тоот данснаас миний Хаан банкны *********** тоот данс руу 5.000.000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөө шилжүүлсэн. Мөнгийг шилжүүлснийхээ дараа З гэж хүн ********* дугаарын утаснаас залгаад би түрүүлээд Ховд аймаг руу явж байна, автобусанд суучихсан араас бараа ачигдаад ирэх болно гэж ярьж байсан. Ингээд бараа өгсөн цагаас хойш Б нь байнгын өдөр болгон шахуу ирж уулзаад бараа авчихсан байгаа зарагдчихна ямар ч асуудалгүй санаа зоволтгүй гэдэг байсан. Ингээд тохиролцсоны дагуу 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өгөх ёстой мөнгөний эхний төлөлтийг хийх ёстой байсан боловч мөнгөө хийгээгүй бөгөөд З-оос нь асуухаар Б-т өгсөн, Б чамд өгөх ёстой гээд, Б-ээс асуухаар надад мөнгө орж ирээгүй, орж ирвэл би явуулна гээд бие бие рүүгээ түлхсэн. Энэ үеэс хойш Б гэж хүний тухайн үед барьж байсан *********** дугаар нь холбогдохгүй, эсвэл утсаа авахгүй, утас нь холбогдохгүй орох ярианы эрх нь хаагдчихаар нь залилуулчихлаа гээд цагдаад хандсан. ...Гэрээ хэлцэл байгуулаагүй, байгуулъя гэсэн боловч Б нь шаардлагагүй, найдвартай богино хугацаанд зарчихна гээд байсан.

...“Б” ХХК-иас Үе Үе кофе, Үе Үе голд нэртэй 2 төрлийн нийт 8.870.000 төгрөгийн кофег зээлээр би өөрийнхөө нэр дээр авсан. “Б” ХХК-д төлөх ёстой 8.870.000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр би өөрөөсөө мөнгийг төлж дуусгасан байгаа. “Б” ХХК-аас Хаан кофе, Хаан цай хоёроос нийт 18.435.000 төгрөгийн барааг өөрийн нэр дээр зээлээр авсан. “Б” ХХК-иас зээлээр авсан барааны мөнгөнөөс 435.000 төгрөгийг би өөрөөсөө төлсөн. 18.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Б, З нараас зарсан барааны мөнгөө авчих юм бол төлчих гээд байгаа энэ талаар “БЭ” ХХК-д хэлсэн. ...Б, З нарт нийт 27.305.000 төгрөгийн бараа өгсөн, үүнээс 5.000.000 төгрөгийг нь л авсан. ...Би өөрийнхөө барааг зараад “Бо” болон “БЭ” ХХК-иудаас авсан 27.305.000 төгрөгийн өрөө төлж дуусгасан. ...Одоо Б-ээс 20.305.000 төгрөгийг авах үлдэгдэлтэй үүнийгээ яаралтай гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 69-71, 73-74/,

В.Б нь 27.305.000 төгрөгийн бараа авсан гэх зарлагын баримтын хуулбар /хх 15/,

Гэрч И.З-гийн:

“...Би 2018 оноос хойш В.Б-ээс зөгийн бал авч хилээр гаргаж зардаг байсан. Би Бт 2019 оны 12 дугаар сарын дундуур зөгийн бал, Хаан цай, кофе авахаар 22.600.000 төгрөгийг Бийн Хаан банкны дансаар шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 7 дугаар сард би өөрөө бараагаа авахаар хотод очиход Б надад “Хүчит шонхор” захаас нэг найзаасаа авч өгч байна гээд миний барааг бэлдэж өгсөн. Бодвол тэр найзыг нь О гэдэг юм байлгүй дээ. Би бол Б-т өгсөн мөнгөндөө бараагаа авсан. Б цааш найзаасаа юу гэж хэлж авчсаныг нь би мэдэхгүй. Би Б-т шилжүүлсэн мөнгөндөө тааруулж бараа материал авсан. Авсан бараагаа Булган суманд борлуулаад дууссан. Бараа материал зарж борлуулсантай холбоотой баримт байхгүй. Би тэр О гэх хүнийг танихгүй. Надад тийм гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Би тухайн үед Б-ээс авах ёстой бараагаа авсан гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /хх 83/,

Хаан банкны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 50/12212 дугаартай албан бичиг /хх 22/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, И.З-гийн Хаан банкны *************** дугаарын депозит данснуудын дэлгэрэнгүй хуулга /хх 18, 19-20, 23-24, 57/,

Гэрч О.Т-ийн:

“...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дэнжийн 1000-н харилцагч Д.О нь утсаар 50 авдар хаан цай, 30 авдар хаан кофе маргааш өглөө Ховд аймаг руу ачуулмаар байна гэсэн. Тэгээд би маргааш нь ажил дээрээ очоод манай төв агуулах Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байдаг тэндээсээ би 50 авдар хаан цай, 30 авдар хаан кофе нийт дүн 18.375.000 төгрөг болоод би ТЭЦ-4 баруун талд Сладко гэсэн агуулахад хүргэж өгсөн. Тэнд бараа авч байхад Б байсан. Тэгээд О-тай утсаар яриад 50 авдар цай, 30 авдар кофе буулгаж өглөө падаан бичиж өгөх үү энэ хүнд гэсэн чинь О хэрэггүй би өөрөө бичээд өгсөн гэсэн тэгээд би явсан. ...О нь манай “БЭ” ХХК-аас авсан 18.435.000 төгрөгийн бараа материалыг авахдаа 435.000 төгрөгийг өгөөд 18.000.000 төгрөг үлдчихсэн байсан. Удалгүй өөрөө бүгдийг нь төлчихсөн маш нарийн тооцоотой учраас мөнгө төгрөг өр төлбөрийн асуудал гаргадаггүй юм...” гэсэн мэдүүлэг /хх 77, 91-92/,

Гэрч Б.М-ын:

“...2012 онд би “Бо” ХХК-д борлуулагчийн ажилд ороод Дэнжийн 1000-аар бараа өгдөг байхдаа О-тай танилцаж байсан юм. О манай компанийн байнгын харилцагч байгаа юм. О манай компаниас байнга кофены багц авдаг юм. Тэгээд сарын эхэнд бараагаа хүлээж аваад тухайн сардаа багтаагаад тооцоогоо хийгээд явчихдаг юм. О манайхаас байнга бараа авдаг болохоор төлөлтүүдээ хуваагаад хуваагаад хийчихдэг. Сараас сар дамнуулж өртэй үлдэж байсан тохиолдол байхгүй. ...2020 оны өр төлбөрийн асуудал байхгүй, сар сардаа төлөлтөө хийж дуусгадаг болохоор өргүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 86/,

Шүүгдэгч В.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би “Дөрвөн өлзий” компанид борлуулагч хийж байгаад Д.О-тай танилцаж 2014 оноос хүнсний бараа нийлүүлдэг болсон юм. О нь “Хүчит шонхор” зах дээр хүнсний барааны лангуу ажиллуулдаг. Би 2020 оны 01 дүгээр сард З-гоос 21.600.000 төгрөгийг ********** гэсэн өөрийнхөө данс руу шилжүүлж хүүтэй зээлж авсан юм. Тэгээд 2020 оны 07 дугаар сард З Улаанбаатар хотод ирчихсэн надаас мөнгөө нэхээд байхаар нь тухайн үедээ би мөнгөний боломжгүй байгаад З-д 21.600.000 төгрөгийн оронд хүнсний бараа материал аваад өгье цааш нь зарчих уу гэж хэлсэн. Тэгээд өмнө нь таньдаг байсан “Хүчит шонхор” зах дээр хүнсний бараа зардаг Од “чамаас цай кофе авъя мөнгийг нь 2020 оны 08 дугаар сарын 10, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гээд 2 хуваагаад өгчихье, З гэдэг хүн Ховд руу авч яваад зарж борлуулаад мөнгийг нь удахгүй өгчихнө” гэж хэлээд бараа материал авахаар болсон. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 20-нд ТЭЦ 4-ийн урд талд О-тай яриад борлуулалтын 2 машин нийт 27.305.000 төгрөгийн цай, кофег авч ирж З бид хоёрт хүлээлгэн өгсөн. Тухайн үед З бид хоёр барааг хүлээж аваад З данснаасаа 5.000.000 төгрөгийг О-гийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 22.305.000 төгрөгийг би Од төлж барагдуулахаар болсон. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр О-гийн *********** дугаарын данс руу 2.000.000 төгрөг хийсэн. Үлдэгдэл хохирлоо бага багаар төлөөд барагдуулах болно. Би З-гоос зээлсэн мөнгөө хувьдаа зарцуулаад дууссан. ************* дугаарын данс 2020 онд хаагдчихсан юм. Одоо баримт байхгүй. Би З-д 21.600.000 төгрөгийн өртэй байсан тэрийгээ дарах гээд Од “барааг чинь аваад зараад өгье” гэж худлаа хэлээд 27.305.000 төгрөгийн цай, кофе аваад З-д өгчихсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх 103-104/,

Шүүгдэгч В.Б-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 80-81, 102-104/, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд В.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч В.Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.О-гаас 22.305.000 төгрөг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс хохирол төлбөрт 20.305.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч В.Б нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулахын тулд хохирогч Д.О-г ашигласан байдаг. Өнөөдөр шүүгдэгч нь хэдийгээр хохирол төлнө гэж хэлж байгаа боловч хэзээ, яаж төлөх нь тодорхойгүй байна. Иймд В.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, хохирол төлбөрийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч В.Б нь гэм буруу дээр маргахгүй, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа мөн илэрхийлж байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.  

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч В.Б-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч В.Б нь: “Чамаас цай, кофе авъя мөнгийг нь 2 хуваагаад өгчихье, З гэдэг хүн Ховд руу авч яваад зарж борлуулаад мөнгийг нь удахгүй өгчихнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Д.О-гаар дамжуулан 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 27.305.000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг “Бо” ХХК, “БЭ” ХХК- иудаас гаргуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Сладко” ХХК-ийн агуулахын хашаанд хүргүүлэн авч бусдад төлөх өр зээлэндээ өгөх замаар Д.О-д 22.305.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

- Хохирогч Д.О-гийн “...Би Ч дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” зах дээр хүнсний лангуу ажиллуулдаг бөгөөд В.Б нь одоогоос 8-9 жилийн өмнөөс эхэлж надад бараа нийлүүлдэг байсан. Тухайн үед В.Б ...борлуулалтын компаниасаа гараад өөрөө тусдаа 100 айлд байрлах “О” нэртэй газар кофе шоп ажиллуулж байгаа гээд кофе шоп ажиллуулахад шаардлагатай кофе, цай зэргийг бэлнээр болон дансаар мөнгийг шилжүүлээд худалдаж авдаг болсон. Энэ байдал нээх үргэлжлээгүй бөгөөд Б нь ярихдаа кофе шоп ажиллуулахынхаа хажуугаар “В” компаниас зөгийн бал худалдаж аваад З гэж хүнтэй хамтарч Ховд аймгаар дамжуулан урагшаа улсын хилээр гаргаж зарж борлуулж байгаа гэж ярьдаг байсан. Ингэхдээ чи кофе, цай зардаг юм чинь зардаг бараанаасаа надад өгчих, би З гэж хүнд өгөөд хил гаргаж Хятад улс руу заруулъя, З нь цаанаа хил дээр аваачиж хүнд зардаг юм, надад боломжтой хэмжээгээр нь зээлээр бараа өгөөч, би түүнийг З гэж хүнээр заруулчхаад мөнгийг нь өгчихье гэхээр нь хүмүүс дээрх байдлаар урагш нь хилээр гаргаж зардаг учир найдвартай байх гэж бодоод зөвшөөрсөн. Үүний дагуу Б нь З гэж хүнийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай лангуун дээр дагуулж ирээд энэ хүн маш найдвартай, урагшаа бараагаа гаргаж заруулдаг юм, зарсныхаа дараа мөнгийг нь над руу шилжүүлчихдэг юм гэж хэлсэн. Ингээд З гэж хүнийг дагуулж ирээд найдвартай, зээлээр авсан бараагаа маш богино хугацаанд урагшаа Хятад руу гаргаж зараад 2020 оны 08 дугаар сарын 20-ны дотор мөнгийг 2 хуваагаад төлчих болно, бараа зээлээр өгөөч ээ гээд байхаар нь өмнө нь ч би бараа авдаг байсан, мөн надаас бараа авдаг учраас итгэлтэй байх гэж бодоод Б, З нарт кофе, цай өгч заруулж мөнгийг шилжүүлнэ гэхээр нь итгээд өгч явуулсан.

...Нийт 27.305.000 төгрөгийн үнэ бүхий кофе, цайг би өөрийн нэр дээр зээлээр худалдаж аваад, тус компаниудын борлуулагчид нь Б нь ТЭЦ-4 урд талд зөгийн балаа урагш нь явуулах гээд ачиж байна гэхээр нь аваачиж өгч ачуулсан юм.

...Үүний дагуу З гэх хүний Хаан банкны ********* тоот данснаас миний Хаан банкны ************** тоот данс руу 5.000.000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөө шилжүүлсэн. Мөнгийг шилжүүлснийхээ дараа З гэж хүн ************дугаарын утаснаас залгаад би түрүүлээд Ховд аймаг руу явж байна, автобусанд суучихсан араас бараа ачигдаад ирэх болно гэж ярьж байсан. Ингээд бараа өгсөн цагаас хойш Б нь байнгын өдөр болгон шахуу ирж уулзаад бараа авчихсан байгаа зарагдчихна ямар ч асуудалгүй санаа зоволтгүй гэдэг байсан. Ингээд тохиролцсоны дагуу 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өгөх ёстой мөнгөний эхний төлөлтийг хийх ёстой байсан боловч мөнгөө хийгээгүй бөгөөд З-гоос нь асуухаар Б-т өгсөн, Б чамд өгөх ёстой гээд, Б-ээс асуухаар надад мөнгө орж ирээгүй, орж ирвэл би явуулна гээд бие бие рүүгээ түлхсэн. Энэ үеэс хойш Б гэж хүний тухайн үед барьж байсан ************ дугаар нь холбогдохгүй, эсвэл утсаа авахгүй, утас нь холбогдохгүй орох ярианы эрх нь хаагдчихаар нь залилуулчихлаа гээд цагдаад хандсан.

...Б, З хоёр анх бараа авсан өдрөө 5.000.000 төгрөг өгсөн. Дараа нь Б 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөгийг миний 5017185500 дугаарын данс руу хийсэн. Одоо Б-ээс 20.305.000 төгрөгийг авах үлдэгдэлтэй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч И.З-гийн “...Би Б-т 2019 оны 12 дугаар сарын дундуур зөгийн бал, Хаан цай, кофе авахаар 22.600.000 төгрөгийг Бийн Хаан банкны дансаар шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 07 дугаар сард би өөрөө бараагаа авахаар хотод очиход Б надад “Хүчит шонхор” захаас нэг найзаасаа авч өгч байна гээд миний барааг бэлдэж өгсөн. Бодвол тэр найзыг нь О гэдэг юм байлгүй дээ. Би бол Б-т өгсөн мөнгөндөө бараагаа авсан. Б цааш найзаасаа юу гэж хэлж авчсаныг нь мэдэхгүй. Би тухайн үед Б-ээс авах ёстой бараагаа авсан гэж ойлгосон. Б бид хоёрын дунд одоо ямар нэгэн өр авлага байхгүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч О.Т-ийн “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дэнжийн 1000-н харилцагч Д.О нь утсаар 50 авдар хаан цай, 30 авдар хаан кофе маргааш өглөө Ховд аймаг руу ачуулмаар байна гэсэн. Тэгээд би маргааш нь ажил дээрээ очоод манай төв агуулах Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байдаг тэндээсээ би 50 авдар хаан цай, 30 авдар хаан кофе нийт дүн 18.375.000 төгрөг болоод би ТЭЦ-4 баруун талд С гэсэн агуулахад хүргэж өгсөн. Тэнд бараа авч байхад Б байсан. Тэгээд О-тай утсаар яриад 50 авдар цай, 30 авдар кофе буулгаж өглөө падаан бичиж өгөх үү энэ хүнд гэсэн чинь О хэрэггүй би өөрөө бичээд өгсөн гэсэн тэгээд би явсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.М-ын “...2012 онд би “Бо” ХХК-д борлуулагчийн ажилд ороод Дэнжийн 1000-аар бараа өгдөг байхдаа О-тай танилцаж байсан юм. О манай компанийн байнгын харилцагч байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

- В.Б нь 27.305.000 төгрөгийн бараа авсан гэх зарлагын баримтын хуулбар, Хаан банкны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 50/12212 дугаартай албан бичиг, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, И.З-гийн Хаан банкны ************ дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд залилан мэхлэх гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх гэх зэрэг бусад аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр үйлдэгддэг ба, хуурах гэдэг нь үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба илрэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг үйлдэх гэх зэрэг бусад байдлаар илэрнэ.

Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч В.Б нь хохирогч Д.О-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “чамаас цай, кофе авъя, Ховд аймгаар дамжуулан урагшаа улсын хилээр гаргаж зарж борлуулна, мөнгийг нь 2 хуваагаад өгнө” гэх зэргээр хуурч бараа бүтээгдэхүүн авч залилсан нь хохирогчийн мэдүүлгээс гадна гэрч И.З, О.Т, Б.М-ын нарын мэдүүлэг, зарлагын баримтын хуулбар, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хаан банкны албан бичиг, дансны хуулга зэрэг баримтаар давхар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч В.Б-ийг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед
нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар мөн заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-д 22.305.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч В.Б нь мөрдөн байцаалтын шатанд 2.000.000 төгрөгийн хохирол төлсөн байх тул үлдэх 20.305.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч В.Б-ээс гаргуулж хохирогч Д.О-д олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч В.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг 1 жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “В.Б нь насанд хүрээгүй 3 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч В.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хувийн байдлын тухайд В.Б нь 10-17 насны 3 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй /хх 122/, мөн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 15 дугаар байр, 51 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 17 дугаар гудамж, 498 тоотод түр оршин сууж байгаа, түүнчлэн Баянзүрх дүүргийн 2-р хороо “МТ” колонкын хажууд Past food хоолны газарт хувиар хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийж, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заажээ.

Иймд шүүхээс шүүгдэгч В.Б-ийг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, түүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирно гэж үзэж, түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Хэрэв шүүгдэгч В.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тогтоолоор анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005026910118 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт В-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-ийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-ээс 20.305.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Од олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч В.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ДАЛАЙХҮҮ