| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0054/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/59 |
| Огноо | 2021-04-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/59
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Прокурор: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П,
Хохирогч К.Б,
Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч С.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Б,
Шүүгдэгч Е.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.Ад холбогдох 2113000000038 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1991 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Баяжуулалтын инженер мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И овгийн Е-ын А, регистрийн дугаар ******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Е.А нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 11 цаг 50 минутын үед тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Е” дэлгүүрээр үйлчлүүлэх явцдаа худалдагч К.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан гаргаж, түүнийг түлхэж унагаан, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэм буруугийн талаарх нотлох баримтууд:
Шүүгдэгч Е.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 2-5-р тал/,
Гэрч К.К, хохирогч К.Б нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-13, 27-29-р тал/,
-Хохирогч К.Бы гэмтсэн хөлийн рентген зураг, КТГ-ийн CD 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14-р тал/,
Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 124-129-р тал/,
Хохирогч К.Бы мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өглөөний 11 цаг 40 минутын үед миний аав К, дүү нарын хамт гэртээ байсан юм. Энэ үед аавын гар утас руу *****дугаартай утас залгах үед нь би утсыг нь аваад ярихад “би юм сонирхоод явж байна, дэлгүүрээ онгойлгоорой” гэж хэлэхэд нь би “за тэгье” гэж хэлээд нэгдүгээр давхарт буугаад дэлгүүрийн хаалгыг онгойлгоход үл таних нэг залуу зогсож байсан. Тэгээд би хаалга онгойлгож өгөөд лангууны ар талд орж зогссон. Энэ үед уг залуу “танайх зарсан бараагаа зөв өгдөггүй, өмнө нь би кабель авахад надад дутуу өгсөн” гэж хэлээд намайг болон миний аав, ээжийг минь янз бүрээр хэлээд байсан. Би чимээгүй зогсоод л байсан. Би эхэндээ хэл амаа ололцох гэж хичээсэн боловч энэ залуу эхэлж дайраад, намайг хананд шахаад цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би ахыгаа дуудах гээд ах руугаа залгах гэж байтал миний утсыг булаацалдаж эхэлсэн бөгөөд утас маань газар унасан. Тэгээд би утсаа аваад буруу хараад зогсож байтал намайг шууд мөрнөөс барьж аваад эргүүлээд газарт шидсэн. Тэгэхэд миний хөл эвгүй дуугарч баруун тийш эргэчихээр нь миний хөл хугарчихлаа гээд бариад авахад А “ чи битгий маяглаад бай” гээд гараад яваад өгсөн. Дараа нь би ах руугаа залгаж, ах ирээд тусламж дуудаж, би түргэн тусламжийн машинаар эмнэлэг рүү хүргэгдэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтсэн. Мэс заслын тасагт хагалгааг хүлээгээд 7 хоног хэвтсэн. 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хагалгаанд орсон. Хагалгаанд орсны дараа 15 хоног эмнэлэгт хэвтэхэд А эргэж ирээгүй. Эмнэлгээс гараад гэртээ 50 хоног хэвтсэн боловч ирээгүй. Энэ залуу эхэндээ хэргээ хүлээгээгүй. Мөрдөн байцаагчид би хийгээгүй, мэдэхгүй гэж хэлсэн байсан. Би өвчин зовлонтой хэвтэж байхад би хэрэг хийгээгүй гэхэд нь би маш их гомдсон. Миний эрүүл мэнд болон сэтгэл санаанд маш их хохирол учруулсан. Урьд өмнө нь манай дэлгүүрт ирж миний өндөр настай аав, ээжийг хэл амаар доромжилсон. Миний аавыг цохих гэж оролдсон. Тухайн үед нь бид гомдол санал гаргаагүй байсан. Би хэзээ ч уучлахгүй гэж бодож байна.Надаас уучлалт гуйгаагүй. Би гэр бүлийнхээ талаар дурдахыг хүсэж байна. Би эцэг, эхийн хамт гурвуулаа амьдардаг байсан. Өндөр настай эцэг эхээ асардаг, 2 дэлгүүр ажиллуулж, өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байсан. Хөлөө гэмтээснээс хойш дэлгүүрээ ажиллуулж чадахгүй, орлогогүй, Улаанбаатар хотод байгаа ахыгаа дуудаж асруулж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдчихаад байна. Би цаашид давтан хагалгаанд орно. Хөлийн хавчаар ясанд нэг талд нь төмөр шрүп, нэг талд нь хадаас тавьсан байгаа. Дахин хагалгаанд орж хадаасыг нь авхуулах шаардлагатай. Гарах зардлыг одоогоор тодорхойлох боломжгүй байна. Тиймээс цаашид гарах зардлыг шүүгдэгчээс Иргэний журмаар гаргуулах хүсэлтэй байна. Гэхдээ өнөөдөр энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд ямар нэгэн татгалзах зүйл байхгүй, харин миний цаашид гарах эмчилгээний зардлыг Е.Аээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Эмчилгээний болон бусад зардалд 1.627.440 төгрөг гарсныг Е.А бүрэн төлж өгсөн. Гэхдээ би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал,115-116-р тал/,
Гэрч М.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн үед том хүү Серикжан, бэр Жанерке бид гурав гэрээсээ гараад “Ф” эмнэлэгт очиж үзүүлээд уг эмнэлгээс гарах гэж байх үед миний хүү Б нь Серикжан руу залгаж “хурдан ирээрэй, миний хөл хугарчихлаа, дэлгүүр дотор байна” гэж хэлсэн байсан. Тэгээд бид шууд яваад гэрийнхээ гадна талд очоод дэлгүүрт ороход хүү Б дэлгүүрийн шалан дээр хэвтэж байсанд хүүгээ очоод тэврээд авсан. Манай том хүү, бэр хоёр түргэн дуудсан, мөн Цагдаагийн газарт залгаж дуудлага өгсөн. Тэгээд би нөхрийн утас руу хамгийн сүүлд залгасан *****дугаарт залгаж “чи миний хүүг яасан юм бэ” гэж асуухад битгий хуц, би яаж мэддэг юм гэж казакаар хэлээд утсаа тасалчихсан. Миний хүүг түлхэж унагаан гэмтээсэн залууг би танина, урьд нь (2020 онд) манай дэлгүүрт ирээд 8 метр кабелийн утас худалдаж авч яваад буцаж ирээд кабелийн утас дутуу өгсөн байна, буцаагаад ав гэж манай нөхөр Ктэй маргалдаж, орилж, янз бүрийн хараалын үг хэлээд хэрүүл маргаан хийж байсан юм. Тэр залуу хүүг минь түрхэж унагаах үед миний хүүгийн утас шалан дээр унаад цуураад гэмтчихсэн байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р тал/,
Гэрч К.К-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өнөөдөр 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 30 минутын үед миний 99425462 дугаарын утас дугарч манай хүү Б авч ярихад “дэлгүүрээ онгойлгоорой” гэж хэлсэнд манай хүү Б нэгдүгээр давхарт буусан. Миний бие цонхоор харахад манай гэрийн дэлгүүрийн хаалганы үүдэнд цагаан өнгийн машин зогсож байсан. Хэсэг хугацааны дараа манай дэлгүүрээс хар хувцастай, өндөр нуруутай үл таних залуу гарч ирээд цагаан өнгийн машинд суугаад яваад өгсөн. Тэгээд 20-иод минутын дараа том хүү Серикжан гэртээ орж ирээд “ааваа дүү Бы хөлийг нь хугалсан байна” гэж хэлсэнд би нэгдүгээр давхарт буугаад очиход хүү Б газарт хэвтэж байсанд түүнээс юу болсон талаар асуухад “нэг залуу орж ирээд намайг буруу тал руу хараад зогсож байтал миний ар талаас татаад унагаачхаад гараад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй эмч нар ирээд хүүг аваад явсан. Манай хүүг гэмтээсэн залуу урьд нь манай дэлгүүрээр үйлчлүүлээд явдаг байсан залуу байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р тал/,
Гэрч К.С-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн үед ээж Майра, эхнэр Жанерке бид гурав Өлгий сумын 5 дугаар багт байрлах гэрээсээ гараад Ф эмнэлэгт очиж ээжийгээ эмнэлэгт үзүүлээд гарах гэж байх үед миний дүү Б нь над руу залгаж “нэг хүн ирээд миний хөлийг хугалчихлаа хурдан ирээрэй, түргэн дуудаарай” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд гэрийнхээ гадна очиход манай дэлгүүрийн хаалга онгорхой байхаар нь ээж, эхнэр бид гурав дэлгүүрийн хаалгаар ороход миний дүү Б дэлгүүрийн лангууны урд хэсэгт шалан дээр хөлөө бариад хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад “үл таних нэг залуу ирээд юм худалдаж авъя” гэж хэлээд манай дэлгүүрийг онгойлгоод зогсож байх үед надтай хэрүүл маргаан хийж байгаад намайг газарт унгааж миний хөлийг хугалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар түргэн тусламж дуудаж. цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Дэлгүүрт хяналтын камер байхгүй ” гэх мэдүүлэг, /хх-ийн 49-р тал/,
Гэрч А.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”2021 оны 2 сарын 18-ны өглөө 10 цагийн үед хадам ээж Майра, нөхөр Серикжан нарын хамт Ф эмнэлэгт хадам ээж Майраг үзүүлээд гарах үед манай нөхөр Серикжан руу дүү Б залгаж яриад хүнд зодуулаад хөл нь хугарсан гэж хэлсэн байсан. Тэгээд бид эмнэлгээс гараад гэртээ харихад манай дэлгүүр онгорхой байсан ба Б нь дэлгүүрийн шалан дээр хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад нэг залуу орж ирээд надтай хэрүүл маргаан гаргаж, араас татаж унагаах үед хөл хугарчихлаа гэсэн. Бы баруун талын хөл нь гадагшаа эргэсэн байдалтай, тэр босож чадахгүй байсан. Тэгээд бид цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Б өөрийг нь гэмтээсэн залууг урьд өмнө нь манай дэлгүүрт ирж хэрүүл хийдэг байсан залуу гэж хэлсэн. Мөн тэр залуу Быг татаж унагаах үед хадам дүү Бы гар утас шалан дээр унаж хагарсан гэж хэлсэн. Тэр залуутай маргалдахаас өмнө Бы хөлд ямар нэгэн гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 123-р тал/,
Гэрч С.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би ажил дээрээ байсан. Тухайн өдрийн 12 цагийн үед манай эмнэлэгт хөл нь бэртсэн гэх залуу хүргэгдэж ирээд намайг ажилдаа байх үед уг залуугийн хөлний рентген зургийг авсан юм. Тухайн залуугийн нэрийг нь сайн санахгүй байна. Тухайн хөл нь гэмтсэн гэх залуугийн хөлний зургийг аваад гаргачхаад өрөөндөө сууж байх үед 99429766 дугаараас 14 цаг 34 минутанд Гүлстан /Аий ээж/ залгаж “сая зураг авхуулсан залуугийн хөл нь зүгээр байна уу?” гэж асуухад нь би “сайн мэдэхгүй байна, зургийг нь дараад явуулсан, гэмтлийн эмч нар мэдэж байгаа байх” гэж хэлээд утсаа тасалсан” гэх мэдүүлэг/хх-ийн 55-р тал/,
Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмчээр ажилладаг бөгөөд 2021 оны 2 сарын 18-ны өдрийн 12 цагийн үед “К.Б, 28 настай, хүнд зодуулж, гэмтэл авсан” гэх дуудлага яаралтай тусламжийн тасагт ирсэн. Дуудлагын дагуу 12 цаг 07 минутад Өлгий сумын 5-р багт байрлах “Э” дэлгүүрт очиход үл таних эрэгтэй хүн дэлгүүрийн шалан дээр хэвтэж байсан ба юу болсон, ямар зовиур байгаа талаар асуухад “нэг залуу орж ирээд зодчихоод явчихлаа, баруун талын хөлөө гишгэж чадахгүй байна, баруун хөл их өвдөж байна” гэхээр нь харахад баруун хөл нь гадагш эргэсэн байсан.Тэгээд залууг дамнуурга дээр хэвтүүлж, эмнэлэгт авч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119-р тал/,
Гэрч А.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 2 сарын 18-ны өдөр нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт К.Б гэх залуу хөлдөө гэмтэлтэй хүргэгдэж ирсэн. Баруун хөл нь гэмтсэн байсан тул рентген зураг авч харахад гэмтэл нь сайн харагдахгүй байсан тул компьютер томографи хийлгэхэд уг залуугийн баруун талын хөлний гадна болон дотор талын хавчаар яс хугарч, шагайны үеэр хагас мултралттай байсан. Тэгээд баруун хөлд нь гипс тавьж ороогоод 7 хоногийн дараа хохирогч залуугийн хөлд хугарсан хавчаар ясыг бэхлэх мэс засал хийсэн. Б гэх залуугаас юу болсон талаар асуухад нэг залуутай маргалдаж байх үед ар талаас татаж унагаасан” гэж хэлсэн. Зогсож байгаа хүнийг араас нь татаж унагаах үед хөлний хавчаар яс хугарах боломжтой байдаг. Хавчаар яс нь гадны хүчин зүйлийн хүчтэй татах, хүчтэй цохих, цохигдох үед хугардаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 121-р тал/,
Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 89 дугаартай: “...К.Бы биед баруун хөлний нарийн ба бүдүүн шилбэний гадна дотор талын хавчаар ясны хугаралттай, хавдартай, үений хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-р тал/,
Хохирогч К.Бы Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 2021 оны 2 сарын 18-ны өдрөөс 2021 оны 3 сарын 03-ны хооронд 10 хоног хэвтэн эмчлүүлэх үеийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 82-99-р тал/,
Хохирогч К.Баас гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /хх-ийн 133-140-р тал/,
Хохирогч К.Бы 2021 оны 4 сарын 22-ны өдөр бичсэн “Миний эмчилгээний төлбөрт нийт 1.457.440 төгрөгийн зардал дээр гэмт хэргийн үеэр шалан дээр унаж эвдэрсэн гар утасны мөнгө 170.000 төгрөг, нийт 1.627.440 төгрөгийг төлүүлж авсан болно. Бодит хохирол төлөгдсөн” гэх тодорхойлолт /хх-ийн 155-р тал/,
Шүүгдэгч Е.Аий мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, 12 цагийн үе байсан байх, дэлгүүрт кабель авах гэж очсон. Тэгээд тэнд К.Бтай маргалдсан. Өмнө нь бараа буцаасан гэж хэл амаар доромжлохоор нь би уурлаад маргалдсан.Тэр лангууны цаад талд нь зогсож байсан ба над руу дайрч гарч ирээд чамд үзүүлэх болно гээд утсаараа залгах гэж байхад нь түлхчхээд яваад өгсөн. Тухайн үед хөл нь хугарсан талаар мэдээгүй. Тийм учраас гэмтлийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Дараа нь хөл нь хугарсан талаар мэдсэний дараа гарсан бүх зардлыг нь төлж өгсөн. Урьд нь 2019 оны намар манай нарийн боовны цехэд цахилгааны кабель утас хэрэг болоод би Бы “Э” дэлгүүрээс 7 м кабелийн утас аваад цехдээ авч ирээд утсаа холбож татах гэхэд хүрээгүй. Тэгээд утсаа хэмжиж үзэхэд 5 метр байхаар нь ээж Г-ы хамт буцаж уг дэлгүүрт очиход худалдагч залуу зогсож байсан. Би түүнд түрүүхэн чамаас 7 метр утас худалдаж авсан боловч хүрсэнгүй, хэмжиж үзэхэд 7 биш, 5 метр байна, чи надад 2 метр утас дутуу өгсөн байна, зөрүүг мөнгийг нь авъя гэхэд нөгөө залуу би дутуу өгөөгүй, чи шалгаж авахгүй яасан юм бэ гээд бид маргалдаж байтал худалдагч залуугийн ээж орж ирээд биднийг хөөж гаргасан. Тухайн үед би цагдаа дуудах гэхэд манай ээж цагдаа хэрэггүй, хэл амтай хүмүүс байна гэхээр нь би явчихсан. Гэхдээ тэр асуудал тэр чигээрээ үлдсэн.Түүнээс хойш тухайн дэлгүүрээр 3-4 удаа үйлчлүүлж байсан. Өөрөөр бидэнд ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байхгүй. 2 сарын 18-нд болсон асуудлын хувьд миний буруутай үйлдлээс болж К.Б-ы биед хүндэвтэр гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 сарын 19-ний өдрийн 01/52 дугаартай албан бичиг /хх-ийн 75-р тал/,
Шүүгдэгч Е.Аий иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76-77-р тал/,
Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Е.Аий нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байгаа эсэх талаарх лавлагаа /хх-ийн 78-р тал/,
Шүүгдэгч Е.Аий урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “урьд ял шийтгүүлж байгаагүй” гэж тэмдэглэсэн /хх-ийн 79-р тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Е.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокурор нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талуудын хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е.Аий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Е.А нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 50 минутын үед тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Е” дэлгүүрээр үйлчлүүлэх явцдаа худалдагч К.Бтай үл ойлголцон, хэрүүл маргаан гаргаж, түүнийг түлхэж унагаан биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгч Е.Аий хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хохирогч К.Бы биед “баруун хөлийн нарийн ба бүдүүн шилбэний гадна дотор талын хавчаар яс хугарч үений хөдөлгөөн хязгаарлагдсан” гэмтэл учирсан байх ба энэ гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах, шинэ гэмтэл болох нь хэргийн 34-35-р талд авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баян-Өлгий аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 89 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.
Түүнчлэн хохирогч К.Б нь дээрх гэмтлийн улмаас Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 2021 оны 2 сарын 18-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 10 хоног хэвтэн эмчлүүлэх явцдаа 2021 оны 2 сарын 25-ны өдөр баруун хөлийн шилбэний хугарсан ясыг эвлүүлж, ялтсаар бэхэлж тогтоох хагалгаа хийлгэсэн нь хэргийн 82-99-р талд авагдсан К.Бы өвчний түүхийн хуулбараар нотлогдож байна.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн өвчний түүхийн хуулбар, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хохирогч К.Бы биед учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгч Б.Аий гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Е.А нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Е.Аий хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ёс зүй, зан харьцааны дутмаг байдал болон талуудын урьдын таарамжгүй харилцаа нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч К.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Е.Аээс эмчилгээний зардалд 1.457.440 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн нь хэргийн 132-140-р талд авагдсан байна.
Мөн гэмт хэрэгт өртсөний улмаас хохирогч К.Бы ашиглаж байсан Samsung S8 маркийн гар утас шалан дээр унаж дэлгэц нь хагарч, түүнд эдийн гэм хор учирсан болох нь тогтоогдсон ба Samsung S-8 маркийн гар утасны дэлгэц зах зээлийн ханшаар 170.000 төгрөгийн үнэтэйг эрх бүхий шинжээч тогтоож, дүгнэлт гаргасан нь хэргийн 106-109-р талд авагдсан байна.
Шүүгдэгч Е.А нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас К.Бд учирсан бодит хохирол болох эмчилгээний зардал 1.457.440 төгрөг, гар утасны дэлгэцийн үнэ 170.000 төгрөг, нийт 1.627.440 төгрөг бүрэн төлж барагдуулсан болох нь хэргийн 155-р талд авагдсан хохирогч К.Бы тодорхойлолт, хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Е.Аээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Харин шүүх хуралдаанд хохирогч К.Б нь “Миний бие баруун хөлдөө гэмтэл авсны улмаас мэс засалд орж, шилбэний хугарсан ясаа ялтас тавьж бэхлүүлсэн. Одоогоор хөл бүрэн эдгэрээгүй, таягтай явж байгаа, цаашид баруун хөлийн хугарсан яс эдгэрсний дараа дахин хагалгаанд орж, шилбэний ясыг бэхэлсэн ялтсыг авхуулах шаардлагатай байгаа бөгөөд гарсан эмчилгээний зардлыг тухайн үед нь нэхэмжилж авах хүсэлтэй байна” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч Е.А нь хохирогч К.Бд цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нь төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн.
Иймд хохирогч К.Бы цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Е.А нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хэргийг хөөн хэлэлцэх хуульд заасан хугацаа дуусаагүй тул Е.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Е.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч К.Б нь шүүгдэгч Е.Ад гомдолтой байна гэж мэдүүлсэн боловч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээс татгалзахгүй гэдгээ илэрхийлсэн, түүнчлэн шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн хохирол болох 1.627.440 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нь төлж барагдуулахаа шүүх хуралдаанд илэрхийлсэн, одоогоор хохирогч нь шүүгдэгч Е.Аээс нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Е.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг Е.Ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Шүүгдэгч Е.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Е.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Е.Ад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаа болох 5 сарын дотор биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн хохирогч К.Бы баруун хөлийн рентген зураг 1 ширхэг, КТГ-ын CD хуурцаг 1 ширхгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Е.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36,6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овгийн Е-ын Аийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Аийг 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Е.Ад оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Е.А нь хохирогч К.Бд гэмт хэргийн хор уршигт 1.627.440 /нэг сая зургаан зуун хорин долоон мянга дөрвөн зуун дөч/-н төгрөг төлснийг дурдаж, хохирогч К.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн хэрэггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч К.Бы баруун хөлийн рентген зураг 1 ширхэг, КТГ-ын бичлэг бүхий CD-1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.