| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00425/И |
| Дугаар | 151/ШШ2017/00522 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 151/ШШ2017/00522
| 2017 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 151/ШШ2017/00522 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт, 30 байр, 9 тоотод оршин суух НЭ65082707 регистрийн дугаартай Алаг адуут овогт Лосолын Солонгын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Солонго, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Солонго шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1965 онд Төв аймгийн Жаргалант суманд төрсөн. 1981 онд Жаргалант сумд 8-р анги төгсөөд Төв аймагт ТМС-д суралцан 1983 оны 06 сард төгссөн. Дараа нь Төв аймгийн Барилга угсралтын конторын засал чимэглэлчнээр 3-р бригадад анх ажилд орсон. Тэтгэвэрт гарах болсон гэтэл хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, компани дампуураад ажилчдын бичиг баримт шатсан тул ажиллаж байсан байдлаа тогтоох шаардлагатай байна. Тухайн үед миний ажиллаж байсан газар Барилга угсралтын контор нэрээр 1981 оноос 1986 он хүртэл байсан. 1986 онд Барилга угсралтын тресст, 1991 оноос хойш Барилгачин пүүс, “Оргил” компани гэх зэргээр нэр нь өөрчлөгдсөн. Би засал чимэглэлийн 3-р зэрэгтэй байсан. Улсад тасралтгүй 11 жил 6 сар засал чимэглэлчээр ажилласан. Ажилд орсон тушаал бол байдаг, цуглуулсан нотлох баримтыг үндэслэн Төв аймгийн Барилга угсралтын конторын 3-р бригадад 1983 оны 06 сарын 29-ны өдрөөс 1991 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл засал чимэглэлчнээр, “Оргил” компанид 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Солонго нь Төв аймгийн Барилга угсралтын конторын 3-р бригадад 1983 оны 06 сарын 29-ны өдрөөс 1991 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл засал чимэглэлчнээр, “Оргил” хувьцаат компанид 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
- Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 06 сарын 29-ны өдрийн 134 дугаартай ажилчнаар авах тухай тушаалд “... Лосолын Солонго 1983.06.29-нөөс эхлэн авч ажилчин болгосугай гэж, мөн тушаалын хавсралтын 59 дүгээрт нэр нь бичигдсэн ...” бичилт,
- Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1986 оны 01 сарын 24-ний өдрийн 16 дугаартай 1986 оны орон тоо ажиллах хүчийг зохион байгуулах тухай тушаал “... тус тушаалын хавсралтын 23 дугаарт Л.Солонго 3-р зэрэг, заслал” гэх бичилт
- Улсын барилгын хороо, Төв аймгийн Барилга угсралтын Трестийн даргын 1988 оны 08 сарын 30-ны өдрийн 200 дугаартай нэмэгдэл чөлөө олгох тухай тушаалд “... 3-р бригадын ажилчин Л.Солонго ... нар нь төрсний дараах болон ээлжийн амралтаа эдлэж дуусаад ...” гэх бичилт,
“Оргил” Хувьцаат компанийн гишүүдийн нэрсийн “... 233 дугаарт Лосолын Солонго, Засал чимэглэлчин, 1-р хороо ..” гэх бичилт,
- Төв аймаг, Барилга угсралтын “Оргил” компанийн захирлын 1993 оны 05 сарын 27-ны өдрийн 68 дугаартай нэмэгдэл чөлөө олгох тухай тушаалд “.. хавсралтын 4 дүгээрт Лосол овогтой Солонгод 1992 оны 10 сарын 02-ны өдрөөс 67 хоног, 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 7 сар, 5 хоног. ..” гэх бичилт,
- 1991 он, 1993 онуудад хамт олонтойгоо болон ажлын байрандаа барилгын засварын ажил хийж байсан үед авахуулсан фото зургийн цомог,
- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаанд: Төв аймгийн Барилга угсралтын трест нь 1991 онд “Барилгачин “пүүс , ...1991 оны 12 сарын 26 нд аймгийн амч хувьчлалын комиссын 37 тоот тогтоолоор хувьчилж “Оргил” ХК үүсгэн байгуулсан, 1996 онд “ТөвОргил “ ХК болж нэрээ өөрчилсан байна гэсэн баримт,
- Гэрч Н.Гаажид: Л.Солнго нь Төв аймгийн Барилга угсралтын конторын 3-р бригадад 1983 оны 06 сарын 29-ны өдрөөс 1991 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл засал чимэглэлчнээр, “Оргил” хувьцаат компанид 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсан нь үнэн би тухайн үед мөн засал чимэглэлчин байсан” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-гэрч Х.Цогзолмаа: Л.Солнго нь Төв аймгийн Барилга угсралтын конторын 3-р бригадад 1983 оны 06 сарын 29-ны өдрөөс 1991 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл засал чимэглэлчнээр, “Оргил” хувьцаат компанид 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсан нь үнэн” би мөн засал чимэглэлчин байсан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд зэрэг нь хамт нэг байгууллагад ажиллаж байсныг нотолж байна.
Л.Солонгын хөдөлмөрийн дэвтэр өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүний хүсэлтээр Төв аймгийн Барилга угсралтын конторт засал чимэглэлчнээр хамт ажиллаж байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг тэдний хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдсэн байдал, Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын тушаалууд, Улсын барилгын хороо, Төв аймгийн Барилга угсралтын Трестийн даргын тушаал, Төв аймаг, Барилга угсралтын “Оргил” компанийн захирлын тушаал, фото зургууд зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Барилга угсралтын трест нь 1991, 1996 онуудад нэрээ өөрчилж байсан болох нь Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх тул түүнийг
Төв аймгийн Барилга угсралтын конторын 3-р бригадад 1983 оны 06 сарын 29-ны өдрөөс 1991 оны 11 сарын 26 хүртэл засал чимэглэлчнээр, 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31 ны өдрийг хүртэл “Барилгачин “пүүс буюу “Оргил” компанид засал чимэглэлчнээр тасралтгүй ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НЭ65082707 регистрийн дугаартай Алаг адуут овогт Лосолын Солонго нь Төв аймгийн Барилга угсралтын конторын 3-р бригадад 1983 оны 06 сарын 29-ны өдрөөс 1991 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл засал чимэглэлчнээр,
“Барилгачин пүүс буюу “Оргил” хувьцаат компанид 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл засал чимэглэлчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ