Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/62   

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,

Шүүгдэгч C.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сы Лад холбогдох 2135000320052 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1965 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын ** дүгээр багт оршин суух , улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Сы Л, Регистрийн дугаар *******,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Л нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар ус” гэх газарт бэлчээрлэж байсан Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багийн иргэн П.Бын 4 настай хээр зүсмийн нэг морийг хулгайлж, бусдад 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч П.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын дундуур миний хээр зүсмийн азарга, бөөсөгтэй хар үрээ хоёр адуунаас алга болсон байсан. Тухайн хоёр адууг хамгийн сүүлд Б.Р Өмнөговь сумын 4-р багийн нутаг Туулайн хар уулын ард байсныг харсан байсан. Түүнээс хойш хүү бид хоёр Өмнөговь сумын нутаг, Өлгий сумын Өлгий нуур багийн нутаг, Баян-Өлгий аймгийн Б сумын нутгуудаар эрж хайсан боловч олдоогүй. Би эрж хайж байхдаа 2020 оны 9 дүгээр  сарын 10-ны үеэр анх манай 2 адуутай Туулайн хар уулын ард цуг байсан алаг гүү, хар зүсмийн унагатай хул гүүний эзэн Б.Б гэх хүний гэрт очиж 2 адуугаа асуухад миний алаг гүү, хар зүсмийн унагатай хул гүү Ховд голын цаана Баян-Өлгий аймгийн Б сумын нутагт байна гэж сураг гарсан, танай хоёр адуу дагаж очоогүй гэж казах хүмүүс хэлсэн гэхээр нь хэрэв гол гарсан байвал чи сураг тавьж нааш нь гаргаж ирж өгөөрэй гэж гуйгаад явсан. Түүнээс хойш Бтой уулзаагүй ба голын наана байгаа байх гэж таамаглаж хайж явсан. Б.Бгийн хүү Б /Хобби/ надад хэлэхдээ танай хоёр адуу Яргайтын зүүн бэлчээрт байсан гэж Гондоны Шовгор гэх хүн хэлсэн гэхээр нь тэр хавьд хайгаад олоогүй болохоор нь Шовгор гэх залуугаас асуухад тийм зүйл яриагүй гэж хэлсэн байсан. Миний алга болсон 2 адууны хар зүсмийн үрээ нь 2020 оны 11 дүгээр сарын дундуур манай адуу Өмнөговь сумын 2-р багийн нутаг Хужирын цэхээ гэх газарт байх үед өөрөө гүйж ирж адуунд нийлсэн байсан. Тухайн үед хээр азарга тэр хавьд байж магадгүй гээд манай хүү Р болон би өөрөө мотоцикль машинтай эрж хайгаад олдохгүй болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. ...Баян-Өлгий аймгийн Б сумын харьяат С.Л гэх хүн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр эхнэр, ах, найз нарын хамт манай гэрт ирээд би таны хүрэн зүсмийн азаргыг аваад хүнд зарж борлуулсан, одоо би таны хохирлыг барагдуулж өгнө гэж гуйж ирсэн. Би түүнээс яагаад миний азарга авсан талаар асуухад би таны азарга гэж таниагүй намайг уучлаач гэж уучлал гуйгаад миний эрж хайсан зардал болон азарганы үнийн тал мөнгийг нь өгөөд, үлдсэн мөнгийг таны данс руу шилжүүлнэ гэж хэлээд явсан. Түүнээс хойш 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үлдэгдэл мөнгө болох 1,200.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан. Нийтдээ надад С.Л 3.700.000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, бид хоёрын дунд өглөг, өр авлагын маргаан байхгүй болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-24-р тал/,

Гэрч Б.Ргийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Өмнөговь сумын 5 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний мал болон миний аав П.Бын мал нь Өмнөговь сумын 2 дугаар багийн нутагт байдаг ба 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь сумын 2 дугаар багийн нутаг Туулайн харын ард явж байтал манай аавын хээр зүсмийн бага азарга, хар үрээ Б.Бгийн алаг гүү, унагатай хул гүүгийн хамт нийт 5 адуу байсан. Би тухайн үедээ тэндээ байж байна байх гээд үлдээсэн. Түүнээс хойш 3 хоногийн дараа буюу 08 дугаар сарын 18-ны өдөр тэр хоёр адуугаа авахаар очиход тэр хавиар нь хайгаад олоогүй. 2020 оны 11 дүгээр сарын дундуур хар үрээ Өмнөговь сумын 2 дугаар багийн нутаг Хужирын цэцээ гэх газар байсан адуундаа ирж нийлсэн байсан. Би тэр хавиар болон Ховд голын дагуу эрж хайсан боловч олдохгүй болохоор нь Ховд гол хөлдөхөөр Б сум руу явж хайхаар болоод 2020 оны 12 дугаар сарын 10-ны үеэр Ховд гол хөлдөхөөр нь голын цаана Б сумын нутгаар эрж хайгаад олдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

Гэрч Ү.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сард Б манайд хээр зүсмийн азарга хайж байна гэхээр нь танай азарга манай адуунд байж байгаад манай адуу Өмнөговь сумын нутаг руу бэлчээрлэх үед салаад явсан байсан гэж хэлсэн ба тухайн адуу ижилдээ нийлсэн байсан, харин түүнтэй цуг явсан хээр зүсмийн 4 настай азарга олдохгүй байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,

Гэрч Ж.К-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б гэх хүний хээр зүсмийн азарга алга болсон талаар 2020 оны 09 дүгээр сарын 05-ны үеэр сонссон. Манай Б сумын Саясат гэх хүн над руу утсаар яриад Өмнөговь сумын П.Б гэх хүний хээр азарга танай хээр алаг гүүг дагаж ирсэн байна гэхээр нь би түүнд  хадлан дээр явж байгаад манай хээр алаг гүү 3 тооны адуу дагуулаад ирсэн байсныг үзсэн. Чухам хэний адуу гэдгийг нь хэлж мэдэхгүй байна,  хээр зүсмийн морь юм уу азарга юм уу сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Би Өмнөговь сумын Б-гийн утсаар яриад түүнд миний чамд зарсан хээр алаг гүү Б суманд хар унагатай хул гүү хээр зүсмийн адуу дагуулж ирсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38- 39-р тал/

Гэрч О.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ өвөл буюу 2020 оны 11 дүгээр сарын дундуур Лаас 1 100.000 /нэг сая нэг зуун/ мянган төгрөгөөр хээр зүстэй азарга авсан. Яг хэдний өдөр азарга авснаа сайн санахгүй байна. Би Л гэх хүнээс авсан азаргыг энэ жилийн 2020 оны 11 дүгээр сард өвлийнхөө хүнсэнд хэрэглэсэн. Л өөрөө 20-30 гаруй тооны адуутай хүн болохоор надад мөнгөний хэрэгцээ гараад зарах гэж байна гэхээр нь нэг их юм асууж тодруулахгүйгээр авсан юм. Өвлийн идэшний мөнгө гэж хадгалж байсан мөнгөнөөс азарга авсан юм. Бэлэн мөнгө өгч авсан. Хажууд хүн байгаагүй. Би адууны ширийг Б сумын ченж А- гэдэг хүнд 10.000 /арван мянган/ төгрөгөөр өгсөн ба толгойны арьсыг нь өвчиж салгаад аваад гэрийн гадна амбаарын хажууд тавьсан байсан чинь нохой зуугаад аваад явсан юм шиг байсан алга болчихсон байсан. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр манайд Л ирээд нөгөө азарганы шир болон толгой нь хаана байгаа гэж асуухаар нь би арьсыг ширтэй нь хамт ченж Алданышт зарсан, толгой хэсгийн арьсыг нь өвчиж тавиад одоо олдохгүй байна гэхэд Л надад “цагдаа ирээд чамд зарсан азарганы талаар асуух юм бол энийг үзүүлээрэй” гэж хээр зүсмийн адууны толгой авч ирж надад өгөхөөр нь би “яагаад цагдаа нар ирж асууж байгаа юм вэ, ямар учиртай юм вэ” гэж асуухад Л надад “би нэг монгол залууд хууртсан юм шиг байна, хулгайн хэрэгт холбогдох магадлалтай юм шиг байна, цагдаа нар ирээд асуух юм бол хээр зүстэй гүү гаргасан гэж хэлээд энийг үзүүлээрэй” гэж хэлсэн. Хэн гэдэг хүнээс авсан юм бэ? гэж асуухад Л ах Улиастай багийн Б-оо гэдэг залуугаас авсан юм гэж хэлсэн. ...Л надад тухайн адууг Өмнөговь сумын Болдын адуу гэж бодож байтал энэ адуу нь Өмнөговь сумын Б гэх хүний адуу байсан байна гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11-р тал/,

Шүүгдэгч С.Лын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14-р тал/,

Хохирогч П.Бын 2019, 2020 оны мал тооллогын тодорхойлолт /хх-ийн 15-16-р тал/,

Шинжээч Я.Нарантуягийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай “4 настай азарганы зах зээлийн үнэ 1.200.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 53-р тал/,

Шүүгдэгч С.Лын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар ус” гэх газарт ирэхэд өмнө байсан 7 тооны адуу байсан ба тухайн адуун дотроос 4 насны орчим, хээр зүсмийн морийг хад чулуутай жалга руу оруулж хашиж байгаад барьж авсан. Дараа нь уг хээр зүсмийн морийг Еын гэрт хүргэж, түүнд худалдаж,  2-3 хоногийн дараа бэлнээр 1.100.000 төгрөгийг авсан. 2020 оны 12 дугаар сарын 07-ны үед Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Б манай гэрт ирж “Кенжеханы алаг гүүтэй хамт манай нэг хээр зүсмийн адуу хамт байсан байна. Чи тэр адууг харсан уу?” гэж асуухад нь би түүнд хараагүй гэж худлаа хэлээд явуулсан ба тэр үед миний хулгайлж аваад Еад худалдсан адуу Гоёогийн биш Б гэх хүний адуу байсныг мэдсэн. Би тэр үед амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын нэг тооны адууг хулгайлж гэмт хэрэг үйлдсэнтэй маш их гэмшиж байна. Тэр хүний адууны үнэ болон эрж хайсан гэх зардал гэж 3.700.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  нийцсэн байх тул шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Лад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокурор нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талуудын хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-17.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүгдэгч С.Лыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Л нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар ус” гэх газарт байсан Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багийн иргэн П.Бын 4 настай хээр зүсмийн нэг морийг хулгайлж, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д  заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Мал хулгайлах гэмт хэргийн объектив шинж нь бусдын өмчлөх эрх байдаг бөгөөд иргэний өмчлөх эрхийг хуулиар хамгаалдаг. Тухайлбал: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч С.Л нь хохирогч П.Бын дээрх хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний 1 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн О.Еад 1.100.000 төгрөгөөр худалдан борлуулж захиран зарцуулсан байх ба түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч С.Л нь хохирогч П.Бын 1 тооны малыг бэлчээрээс нь хулгайлж, бусдын өмчийг хууль бусаар өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар хувьдаа ашиг олж мөнгөтэй болох шунахайн сэдэлт нөлөөлсөн байх ба С.Л нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж, зориуд хор уршигт хүргэж үйлдсэн байх тул түүнийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч С.Лын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Бд 1.200.000 төгрөгийн бодит хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирол болон малыг эрж хайсан зардалд нийт 3.700.000 төгрөгийг төлсөн  болох нь хохирогч П.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хүсэлт, шүүгдэгч С.Лын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Лаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Лад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Л нь Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд С.Л нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба тэрээр гэмт хэргийн хор уршигт хохирогч П.Бд 3.700.000 төгрөг төлж барагдуулсан тул эдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл тооцох нь зүйтэй гэж үзэв.

            Шүүгдэгч С.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Лад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар С.Лад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадпагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.100.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг тус тус гаргаж, шүүгдэгч С.Лад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

            Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.Лад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар С.Лад тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадпагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/-н төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож , шүүх ердийн журмаар ял оногдуулахыг сануулах нь зүйтэй байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Лад оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан энэхүү шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж, биелэлтийг хэрэгжүүлж ажиллахыг  Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй  

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт шүүгдэгч С.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Лад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогтой Сы Лыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Лад 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лад оногдуулсан хорих ялыг  эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, түүнд тэнссэн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан ялтанд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

7. Шүүгдэгч С.Л нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт, болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Лын хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1.100.000 (Нэг сая нэг зуун мянга)-н  төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

9. Шүүгдэгч С.Лад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.Б