| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00512/И |
| Дугаар | 151/ШШ2017/00524 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 151/ШШ2017/00524
| 2017 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 151/ШШ2017/00524 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Зуунмод сум, 4-р баг, Зүүндэлгэр, 14 гудамж, 3 тоотод оршин суух НЮ67112077 регистрийн дугаартай Боржигон овогт Отгон-Өлзийгийн Энхболдын хүсэлттэй эрх олгосон бичиг баримтын жинхэнэ эзэмшигчийг тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Энхболд, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Энхболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1967 онд төрсөн.Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ дээрх овог ээж Отгон-Өлзийгээр овоглосон байдаг. Тэтгэвэрт гарах зорилготой юм. Төв аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1984 оноос 1986 он хүртэл ажиллаж байсан. 1986 оноос 1988 оны хооронд Ардын армийн 132-р ангид байлдагч байсан ба 1988 оноос Зэвсэгт Хүчний 310-р ангид харуулчнаар 2000 оноос мөн ангидаа ахлагч цолтойгоор ажиллаж байгаад 2012 оноос Зэвсэгт Хүчний 016-р бригадад харуулчнаар томилогдон ажиллаж байна. Тэтгэвэрт гарах нас болсон. Тэтгэвэртээ гарах гэтэл №113755 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 103 үнэмлэхийн дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх, №200197 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дээр аав Батпүрэвээр бичигдсэн овог зөрүүтэй байгаа тул тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд миний цуглуулсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн Төв аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1985 оны 03 сарын 05-ны өдөр олгосон №113755 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 103 үнэмлэхийн дугаартай цэргийн үүрэгтнийүнэмлэх, №200197 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Боржигон овогт Отгон-Өлзийгийн Энхболд мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Боржигон овогт Отгон-Өлзийгийн Энхболд нь НЮ67112077 регистрийн дугаар бүхий 1967 оны 11 сарын 20-ны өдөр төрсөн гэж бичигдсэн цахим иргэний үнэмлэхтэй байна.
Нэхэмжлэгч О.Энхболдод Төв аймгийн Зам барилга ашиглалтын контороос 1985 оны 03 сарын 05-ны өдөр олгосон №113755 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, цэргийн үүрэгтний №103 үнэмлэх, №200197 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүд дээр бичигдсэн овог нь иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэнтэй тохирохгүй байгаагаас дээрх бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр Боржигон овогт Отгон-Өлзийгийн Энхболд мөн болохыг шүүхээр тогтоолгох зайлшгүй шаардлага гарсан байна. Нэхэмжлэгчээс ирүүлсэн дараах баримтуудаас үзвэл:
- 1985 оны 03 сарын 05-ны өдөр Төв аймгийн Зам барилга ашиглалтын контороос олгосон №113755 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “.... Батбүргэдийн Энхболд гэж,
- №62 дугаартай О.Энхболдийн төрсний гэрчилгээнд “... Отгон-Өлзийгийн Энхболд, 1967 оны 11 сарын 20-ны өдөр төрснийг 1967 оны 12 сарын 13-ны өдөр бүртгэв ..” гэх бичилт,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 05 сарын 01-ний өдрийн №04/000149 дугааратай, төрсний бүртгэлийн лавлагаанд “...1967 оны 11 сарын 20-ны өдөр эмнэлэгт төрсөн, хүү, Отгон-Өлзийгийн Энхболд, 63-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэлтэй...” гэх бичилт,
- №200197 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр,
- цэргийн үүрэгтний № 103 дугаар үнэмлэх,
- №01130845 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дээр “.... Батбүргэдийн Энхболд ..” гэх бичилт,
- гэрч Б.Алтанцэцэг: Манай аавыг Чүлтэмийн Батбүргэд гэдэг, ээжийг Дагвын Отгон-Өлзий гэдэг, бид эхээс 4-үүлээ, Би айлын хамгийн том нь, О.Энхболд миний доод талын дүү, бид багаасаа нэг дор өссөн. О.Энхболд төрөхдөө л төрсний гэрчилгээнд ээж Отгон-Өлзийгөөр овоглож авсан. Паспорт, эрүүл мэндийн дэвтэр гээд баримт бичгүүд нь ээжээр овоглож явдаг, Ажилд орохдоо ааваар овоглоод бичсэн байсан. Зам анги, нэгдэлд дундын үйлдвэр 2 нэг хашаанд байдаг байсан. О.Энхболд зам ангид анх ажилд орсон. Аав дүүг анх ажилд нь оруулж байсан. Аав нэгдэл дундын үйлдвэрт ажилладаг байсан тул нэгнийгээ сайн таньдаг байсан. Тэгээд л тухайн үеийн боловсон хүчин хөдөлмөрийн дэвтрийг ааваар овоглоод л явсан байх. гэх тодорхойлолт,
-гэрч Ж.Алдармаа: О.Энхболд нь манай нөхөр, эхээс 4-үүлээ, айлын 2 дох хүү нь байгаа юм. Батбүргэд гэдэг нь манай хүний аав, Отгон-Өлзий гэдэг нь ээж нь байгаа юм. Багаасаа л ээжээрээ овоглож явдаг байсан. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр гээд бүх бичиг баримт ээжээрээ байгаа. Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үнэмлэх нь аав Батбүргэдээр овоглосон байдаг, тухайн үеийн боловсон хүчин ааваар нь овоглосон гэдэг гэх мэдүүлэг ирсэн байна.
О.Энхболдын хөдөлмөрийн дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх,нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримт дээрх “Батбүргэд” гэх овог иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээ дээрх овог нэртэй зөрсөн байх тул уг эрх олгосон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Отгон-Өлзийгийн Энхболд мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар НЮ67112077 регистрийн дугаартай Боржигон овогт Отгон-Өлзийгийн Энхболд нь Төв аймаг, Зам барилга ашиглалтын контороос 1985 оны 03 сарын 05-ны өдөр олгосон №113755 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, цэргийн үүрэгтний №103 дугаартай үнэмлэхийн,
№200197 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ