Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Прокурор: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч А.С,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч С.Н

Шүүгдэгч М., А.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2013001760149 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын харьяат, Н овгийн М овогтой Ж, 1992 оны 10 дугаар сарын 20-нд Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин гэх, одоо тус аймгийн Алтанцөгц сумын *** дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар *******.

2. Монгол Улсын харьяат, Н харатай овгийн А овогтой А, 1995 оны 10 дугаар сарын 16-нд Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин гэх, одоо тус аймгийн Алтанцөгц сумын ***дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ***********.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ж, А.А нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Х багийн Ш нуур гэх газраас хохирогч Ж.Аийн 1 тооны адууг хулгайлж, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг: Шүүгдэгч М.Ж шүүхийн хэлэлцүүлэгт:” Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ би энэ хэргийг ганцаараа үйлдсэн, А.Аийн оролцоо байхгүй тул хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Би М.Жтэй бүлэглэж, мал хулгайлаагүй, энэ хэрэгт огт оролцоогүй, харин малгайгаа М.Жийнд орхисныг тэр өмсөж явсан байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хоёр: Эрүүгийн 2013001760149 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 14-15-р тал/,

-Шүүгдэгч А.Аээс хохирогч Ж.Ад хохиролд тооцож өгсөн үхрийг эд мөрийн баримтаар хураан авч үзлэг хийж, хохирогчид буцаан өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-20-р тал/,

-Шүүгдэгч М.Ж нь хохирогч Ж.Аэд  хохиролд тооцож өгсөн 2 тооны гүүг эд мөрийн баримтаар хураан авч, үзлэг хийж, буцаан хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-25-р тал/,

-Хохирогч Ж.Аийн хулгайд алдсан 1 тооны адуу нь аймгийн Их насны морины уралдаан, Наурызын баярын тохиолдуулан явуулсан морины уралдаанд тус тус байр эзэлж хүрэл, мөнгөн медиалаар шагнуулж байсан талаарх өргөмжлөлийн хуулбар, түүний орчуулга /1-р хх-ийн  29-32-р тал/,

Хохирогч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед Алтанцөгц сумын Х багийн Шар нуур гэх газраас адуун сүрэг дотроос хээр зүсний зөв талын гуянд “8” тамгатай, буруу талын чихний араас ухам имтэй, 17 настай морь алдсан бөгөөд морь алдсан газраас тухайн үед саравчтай шар өнгийн малгай олж авч, малгайг хэнийх болохыг хүмүүсээс асуухад А овогтой А гэдэг залуугийн малгай гэж хэлсний дагуу А.Атэй очиж уулзахад М овогтой Ж, А овогтой А нар миний морийг хулгайлан, улмаар нядалсан гэж хэлсэн. Тухайн үед миний морийг яагаад хулгайлсан талаар асуухад М.Жийн эхнэр нас барж мөнгөний хэрэг гарсан гэж хэлсэн. Тэгээд миний хулгайд алдсан морины оронд 2 гүү, 1 үхэр өгч дараа нь 1 сая төгрөг өгөхөөр болсон. 2 гүүг миний бие Алтанцөгц сумын иргэн Ас-нд өгч  оронд нь 2 гүү авч, тухайн 2 гүүг аймгийн төв оруулж ченж нарт худалдсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35-р тал/,

Хохирогч Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд 2 дахь удаагаа өгсөн:”Тухайн малгайг миний бие морь алдсан гэх газраас олж аваад А.Аийн малгай гэдгийг мэдсэн юм. Яагаад гэхээр тухайн малгайг урьд нь А.А өмсөөд явж байсныг олон удаа харсан юм. Тэгээд А.Аийн малгай мөн эсэхийг тодруулах гэж А.А. М.Ж нарын хөрш айл болох Бидирханы Болат гэдэг хүнээс очиж асуухад А.Аийн малгай мөн байна гэж хэлсэн. Тэгээд миний бие М.Жтэй очиж уулзахад А.А бид хоёр таны морийг хулгайлан улмаар нядлаад хүнд өгчихсөн гэж хэлсэн. Надад хохиролд тооцож өгсөн 2 гүүг М.Жийн аав нь болох Х.Мын хашаанаас, 1 үхрийг А.Аийн аав нь болох Х.Айн хашаанаас миний бие өөрийн портероор ачиж авсан юм. ...М.Ж, А.Ак нар аав, ээжтэй хамт ирж уучлалт гуйгаад болохгүй байхаар нь миний бие цагдаагийн байгууллагад мэдэгдэж чадаагүй болно” гэх мэдүүлэг/1-р хх-ийн  36-37-р тал/,

Хохирогч Ж.Аийн  мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 3 сарын 26-ны өдөр өгсөн:“...Тухайн үед Жийн эхнэр нь нас бараад удаагүй байсан бөгөөд Ж нь надаас уучлалт гуйж ирээд гуйгаад байхаар нь би энэ хэргийн талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гомдол гаргаагүй. Тэдний хэлснээр өөрийн эзэмшлийн портер маркийн 20-11 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Жийн аав нь Мын хашаанаас 2 гүү, 1 тооны үхрийг ачиж авсан. Тухайн үед Жийн аав нь М, Ж, Аийн аав нь Амангелди нар тус тус байсан. Би 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн хошууч Т.Ет өгсөн мэдүүлэгт болсон хэргийн хүрээнд үзэж харсан мэдсэн зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн юм. Дээрх мэдүүлэгт хэлсэн зүйлүүд маань үнэн зөв. Харин мөрдөгч Нурболатад иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгөх үед би дээрх өгсөн мэдүүлгүүдийг үгүйсгэж худал мэдүүлэг өгөөгүй. Тухайн үед  М.Ж, А.А нарын ар гэрийн хүмүүсийн надад хэлснийг би мэдүүлэгт тусгуулсан. Худал мэдүүлэг өгсөн асуудал байхгүй. Үүнд, тэдний ар гэрийн хүмүүсийн “....уг адууг М.Ж өөрөө ганцаараа хулгайлсан байна. Тухайн үед өмсөж байсан малгай нь А.Аийн малгай мөн байсан ч М.Ж өмсөж явсан байна” мөн анх М.Ж А.Аийн ар гэрийн хүмүүсийг дагуулж ирэх болсон шалтгаан нь хэрэв А.Аийн ээж нь ирээд, надаас уучлалт гуйх юм бол намайг тэд нарыг уучлах болно гэж бодсон” гэж хэлснээр би мэдүүлэгт тусгуулсан.” гэх мэдүүлэг/  1-р хх-ийн 207-208-р тал/,

Гэрч Ж.Раягийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: / Манайх 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед Алтанцөгц сумын Х багийн Шар нуур гэх газарт байсан адуун сүрэг дотроос зөв талын гуянд “8” тамгатай морь алдсан бөгөөд морь алдсан гэх газраас миний нөхөр болох Ж.А /хоч нэр нь Е/ шар өнгийн саравчтай малгай олж авсан байна. Тухайн малгайг Х багийн иргэдтэй үзүүлэхэд А овогтой Аска гэдэг залуугийн малгай гэж хэлээд тэрний дагуу манай морийг М овогтой Ж нар хулгайлсныг мэдсэн юм. Тэгээд миний нөхөр тэр хүмүүстэй уулзаж хулгайд алдсан морины оронд 2 гүү, 1 үхэр авч дараа нь нэг сая төгрөг авахаар болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-р тал/, 

Гэрч Х.Мын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Миний бие аймгийн төвд явж байх үед миний хүү болох М.Ж, дүү болох А.А  хоёр манай багийн иргэн Ж.А /хоч нэр нь Е/-ын нэг тооны хээр зүсний адууг хулгайлан авч, аймгийн төв орж махыг нь зарж борлуулсныг мэдэж дүү болох А бид хоёр хохирогч болох Ж.Атэй тохиролцож нэг тооны адууны оронд 2 тооны гүү, нэг тооны Монгол үхэр өгч дараа нь нэг сая төгрөг өгөхөөр тохирсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43-р тал/,

 Гэрч Х.Айн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Миний бие ганцаараа аралд отроор байсан бөгөөд миний хүү болох А.А бид хоёр хоорондоо солилцож би гэртээ байх үед хүү А.А, дүү М.Ж хоёр манай багийн иргэн Ж.А /хоч нэр нь Е/-ын нэг тооны хээр зүсний адууг хулгайлан авч, аймгийн төв очиж нядалсан талаар хэлсэн. Тэгээд би ах Х.Мтай хамт Ж.Аийнд очиж уулзан  хулгайд алдсан адууны оронд 1 тооны гүү, 1 тооны Монгол үхрийг би өгч, 1 тооны гүүг ах болох Х.М өгч дараа нь 1 сая төгрөг өгөхөөр тохирч тухайн хулгайлсан адууны талаар асуудлыг дуусгасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р тал/ ,

Гэрч Ш.Хасымын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Би хөрш болох Ж.А /хоч нэр нь Е/-ын нэг тооны хээр зүсний адуу хулгайд алдагдаж, манай хөрш болох М.Ж, А.А нар хулгайлан авч гэрт нь нядалсан талаар хөрш айлуудаас сонсож мэдсэн ба хэдэн хоногийн дараа Ж.А хохирлоо барагдуулж авсан талаар мөн сонссон. Тухайн хээр зүсний адууг хулгайлах үед А.Аийн өмсөж явсан Бугат сум 60 жил гэсэн бичигтэй малгай үлдсэн бөгөөд тухайн малгайгаар таньж баригдсан гэдийг хөршийн хувьд өдөр болгон гарсан ярианаас сонсож байна. Мөн би Ж.Аийн морь хулгайд алдагдсаныг сонссоноос 2-3 хоногийн дараа Ж.Атэй худагт мал усалж байгаад таараад Ж.Аээс түүний морийг М.Ж, А.А нар хулгайлсан гэдгийг сонссон. Ж.А морио хулгайд алддаг өдөр М.Ж, А.А, Ж.А бид хэд хамт архи уугаад манайд ирсэн. Тэгээд би гэрт ирээд согтож тасарсан байсан ба ирсэн хэд хэзээ явсныг мэдээгүй болно. Тухайн хэрэг болох өдөр М.Ж, А.А нар манайхаас мотоциклио унаад яваад өгсөн” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 48-49, 58-59-р тал/,

Гэрч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: М.Ж миний ямааг хариулж өгдөг болохоор надаас мөнгө зээлж авдаг байсан. М.Ж надаас бага багаар нийт 3 сая төгрөг зээлж авсан юм. Энэ жил миний бие хашаандаа байшин барьж байгаа болохоор мөнгөний хэрэг гараад М.Жээс зээлж авсан 3 сая төгрөгийг асуухад яг одоо бэлэн мөнгө байхгүй байна, ямаа самнах үеэр таны мөнгийг өгье гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа утсаар холбогдож надад тарган адуу байна, 1 сая төгрөгөөр үнэлээд, нөгөө 3 сая төгрөгөөс хасаад авах уу гэхээр тарган адуу байвал 1 сая төгрөгөөр авъя гэж хэлсэн юм. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед байх шөнийн 2-оос 3 цагийн үед М.Ж ганцаараа нэг морь авч ирсэн юм. Яагаад шөнийн цагаар ирсэн талаар асуухад орой мал янзлаад гэрээс оройтож гарлаа гэж хэлсэн. Тэр манайд хонож өглөө 8 цагийн үед авч ирсэн морио нядалж өгөөд, хазаар, эмээл болон морины арьсыг аваад яваад өгсөн болно. Тухайн морь нь бор хээр зүсний морь байсан бөгөөд им тамгыг нь анзаараагүй болно” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-р тал/,

Гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... М.Ж манай нөхрөөс 3 сая төгрөг зээлж авсан гэсэн. Энэ жил манайх байшин барьж байгаа болохоор мөнгөний хэрэг гараад М.Жээс зээлж авсан 3 сая төгрөгийг асуухад яг одоо бэлэн мөнгө байхгүй байна, ямаа самнах үеэр өгье гэж хэлсэн байна. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед байх шөнийн 2-оос 3 цагийн үед М.Ж ганцаараа нэг морь авч ирж, манайд хоноод, өглөө 8 цагийн үед авч ирсэн морио нядалж өгөөд, хазаар. эмээл болон морийн арьсыг аваад яваад өгсөн болно. Тухайн морь нь бор хээр зүсний морь байсан бөгөөд им, тамгыг нь анзаараагүй болно.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-р тал/,

Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:” Тухайн өдөр манай ах  М.Жийн 5 болон 3 настай хоёр хүүхдийн хамт бид хэд гэртээ байж байтал орой 21 цагийн үед ах болох М.Ж морьдод өвс тавьж өгнө гэж хэлээд гарсан. Тэгээд бид хэд удалгүй унтаад өгсөн бөгөөд өглөө 8 цагт сэрэхэд ах М.Ж ирээд хэвтчихсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55-р тал/,

Гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Б.Ө миний хүргэн ах болдог бөгөөд адууны мах худалдаж байна гэж сонсоод яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, 2020 оны 04 дүгээр сарын 22-23-ны үед Б.Өаас 1 кг махыг 6000 төгрөгөөр үнэлээд 20 кг адууны махыг нийт 120.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-р тал/,

Гэрч А.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Б.Ө гэх хүн манай худ болдог бөгөөд тэднийх адууны мах худалдаж байна гэж сонсоод яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна, 2020 оны 04 дүгээр сарын 22-23-ны үед Б.Өаас 1 кг махыг 6000 төгрөгөөр үнэлээд 25 кг адууны махыг нийт 150.000 төгрөгөөр худалдаж авсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-р тал/,

Гэрч Т.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:“...Би хохирогч Ж.Аээс нийт 2 удаа мэдүүлэг авсан. Эхний мэдүүлгийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр авсан. Дараа нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Ж.Аээс 2 дахь удаа мэдүүлэг авсан ба хохирогч Ж.Аээс 2 удаа мэдүүлэг авах үед, түүнээс монгол хэл бичиг үсэг мэдэх талаар асуухад, бичиг үсэг болон монгол хэл мэднэ гэж хариулсан. Мөн эрх үүргийн тайлбарлаж өгөөд, мэдүүлэг авч дууссаны дараа хохирогч өөрөө уншиж танилцаад гарын үсэг зурсан. Би хохирогч Ж.Аээс эхний мэдүүлгийг түүний гэрт нь хөдөө очиж авсан. Тухайн үед мөрдөгч, цагдаагийн дэслэгч К.Е надтай хамт явж байсан. Мэдүүлэг авч дууссаны дараа  хохирогч Ж.А нь өөрөө уншиж танилцаад гарын үсэг зурсныг надтай хамт явж байсан мөрдөгч Е үзэж харсан. Дараа нь 2 дахь мэдүүлгийг албан өрөөнд авсан ба мэдүүлэг авахаас өмнө мөн адил монгол хэл бичиг үсэг мэдэх эсэх талаар тодруулж, улмаар эрх үүргийн тайлбарлан өгч гарын үсэг зуруулаад, мэдүүлэг авч дууссаны дараа өөрөө уншиж танилцах явцад, хохирогч М.Ж, А.А нартай байнга харилцаатай, тэдний гэрээр орж гардаг хөрш айлууд болохыг засуулж бичүүлсэн. Хохирогч Ж.Аээс 2 удаа мэдүүлэг авах явцад уншуулж танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210-211-р тал/,

Гэрч К.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг юм. Би Ж.А, А.А, М.Ж нарыг танихгүй бөгөөд гүйцэтгэх ажлын шугамаар авсан мэдээллийн дагуу тус аймгийн Алтанцөгц сумын ***-р багийн иргэн Ж.А гэгчийн 1 тооны морийг тус багийн иргэд болох А.А, М.Ж нар хулгайлсныг илрүүлэн, манай хэсгийн дарга, цагдаагийн хошууч Т.Е бид хоёр 2020 оны 5 сарын 05-ны өдөр Алтанцөгц сумын 1-р багт очиж ажилласан бөгөөд дээрх хэрэгт холбогдох гэрч нараас тус тус мэдүүлэг авсан. Түүнээс хойш М.Ж, А.А, Ж.А нарыг таньдаг болсон. Энэ хэргийг цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Т.Е бид хоёр хамт явж шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд хохирогч Ж.Аийн гэрт очиж түүнээс анхны мэдүүлгийг авсан. Мэдүүлгийг Т.Е авсан ба мэдүүлэг дууссаны дараа хохирогч Ж.Аэд танилцуулан гарын үсэг зуруулсан. Тухайн үед би Т.Е-ын хажууд сууж байсан. Харин хохирогч мэдүүлгийг уншиж танилцаад гарын үсгээ зурах явцад ямар нэгэн санал хүсэлт хэлээгүй. Мэдүүлэгт засвар оруулахыг санал болгоогүй. Болсон асуудлыг үнэн зөвөөр хэлж байна гэж хэлсэн. Харин хохирогч Ж.Аээс 2 дахь удаа мэдүүлэг авах үед би Т.Етой хамт байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-р тал/,

Гэрч Р.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1-р багийн засаг дарга ажилтай бөгөөд манай багийн иргэн Ж.А нь 2019 онд 100 гаруй адуу, 95 гаруй үхэр, 800 хонь, 400 ямаа, нийт 1400 гаруй мал тоолуулсан болно. Ж.А нь хурдан удмын морьтой бөгөөд уралдаанд уралдуулж байр эзэлж байсан. Ж.А нь аймгийн алдарт уяач, сайн малчин хүн юм. Мал тооллогоор хурдан удмын морийг тусад нь тоолохгүй бөгөөд Ж.А нь одоогийн байдлаар 8 тооны хурдан удмын морьтой болохыг би багийн даргын хувьд сайн мэднэ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 213-р тал/,

-Шүүгдэгч М.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Харин уг тогтоолд миний бие бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн байсан. Би тухайн үед бусдад өгөх өрний оронд Ж.Аийн нэг тооны адууг бэлчээрээс хулгайлж гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. ...би ганцаараа байсан. А.Аийн гэр нь манайд ойрхон байдаг. Өөрөөр хэлбэл бид хоёрын гэх 2-Зкм-ийн зайтай бөгөөд хамаатан хүмүүс болохоор ойр ойрхон манайд ирдэг байсан. А.А манай гэрт ирж явж байх үед өмсөж байсан малгайг манай гэрт мартаж үлдээсэн байсан ба би адуу хулгайлах үед А.Аийн малгайг өмсөж гарсан. Тэгээд шөнө дунд адуу хөөж явж байх үед малгайгаа унгаасан байсан ба хайж олоогүй болно” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80, 219-220 дугаар хуудас/,

                Шүүгдэгч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй. Хэнтэй ч бүлэглэж, ямар ч адуу хулгайлаагүй. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 224 дүгээр хуудас/ зэргийг,

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

-Шүүгдэгч А.Аийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 89-90, 237-238-р тал/,

-Шүүгдэгч М.Жийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 91-91, 232-233-р тал/,

-Шүүгдэгч А.Аийн нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 95-р тал/,

-Шүүгдэгч М.Ж, А.А нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 96-97-р тал/,

-Шүүгдэгч М.Жийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 5 сарын 26-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 99-100-р тал/,

-Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар  Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1-р багийн засаг дарга Р.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “М.Ж, А.А нар нь цайлган сэтгэлтэй, үг дуу цөөтэй, даруухан залуучууд юм. М.Ж нь ам бүл 3-уулаа, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр Жанилган нь нас бараад 1 жил гаруй хугацаа болж байна. А.А ам бүл 4-үүлээ, эхнэр хүүхдүүдийн хамт хөдөө мал маллаж амьдардаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 213-р тал/,

-Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1-р багийн засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 116 дугаартай “Алтанцөгц сумын **-р багийн иргэн М.Ж нь ам бүл 3, охин Ж.А, хүү Ж.И нарын хамт тус багт амьдардаг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /1-р хх-ийн 132-р тал/,

-Шүүгдэгч М.Жийн эхнэр Ж.Ж-ы нас барсны бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 133-р тал/,

-М.Жийн бага насны хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 134-135-р тал/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч М.Ж, Ж.А нарыг бүлэглэж, бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгч М.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2020 оны 4 сарын 20-ны үеэр хохирогч Ж.Аийн 1 тооны адууг ганцаараа хулгайлсан бөгөөд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, А.А энэ хэрэгт оролцоогүй,” гэж мэдүүлснийг түүний өмгөөлөгч П.Н дэмжин оролцож, “шүүгдэгч М.Ж, А.А нар нь бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, М.Ж нь Ж.Аийн 1 тооны адууг ганцаараа хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн тул М.Жэд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “Миний бие М.Жтэй бүлэглэн хэний ч малыг хулгайлаагүй. М.Ж нь миний ойрын хамаатан бөгөөд би тэднийхээр орж гарахдаа малгайгаа тайлж тавиад мартаж явсныг М.Ж ашиглан хулгай хийх үедээ миний малгайг өмсөж яваад хаясан байна. М.Ж нь хийсэн үйлдлээ надад тохох гэж зориуд миний малгайг өмсөж хулгай хийсэн байна гэж үзэж, гомдолтой байна. Би хулгай хийгээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг өгснийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.С дэмжин оролцож, “хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А.А нь М.Жтэй бүлэглэн хохирогч Ж.Аийн 1 тооны адууг хулгайлсан нь нотлогдохгүй байх тул А.Аэд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн болно.

                  Гурав:Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Ж, А.А нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.Ж, А.А нарыг бүлэглэж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Ж, А.А нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Х багийн Шар нуур гэх газар бэлчээрт байсан хохирогч Ж.Аийн 1 тооны адууг хулгайлсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],шүүгдэгч А.Аээс хохирогч Ж.Аэд хохиролд тооцож өгсөн үхрийг эд мөрийн баримтаар хураан авч үзлэг хийж, хохирогчид буцаан өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2], шүүгдэгч М.Ж нь хохирогч Ж.Аэд  хохиролд тооцож өгсөн 2 тооны гүүг эд мөрийн баримтаар хураан авч, үзлэг хийж, буцаан хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[3], хохирогч Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн: “...Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед Алтанцөгц сумын Х багийн Шар нуур гэх газраас адуун сүрэг дотроос хээр зүсний зөв талын гуянд “8” тамгатай, буруу талын чихний араас ухам имтэй, 17 настай морь алдсан бөгөөд морь алдсан газраас тухайн үед саравчтай шар өнгийн малгай олж авч, малгайг хэнийх болохыг хүмүүсээс асуухад А овогтой А гэдэг залуугийн малгай гэж хэлсний дагуу А.Атэй очиж уулзахад М овогтой Ж, А овогтой А нар миний морийг хулгайлан, улмаар нядалсан гэж хэлсэн. Хулгайд алдсан морины оронд М.Ж, А.А нар нь надад 2 гүү, 1 үхэр өгч дараа нь 1 сая төгрөг өгөхөөр болсон. Надад хохиролд тооцож өгсөн 2 гүүг М.Жийн аав болох Х.Мын хашаанаас, 1 үхрийг А.Аийн аав болох Х.Айн хашаанаас миний бие өөрийн портероор ачиж авсан юм. Тэгээд хохиролд авсан 2 гүүг миний бие Алтанцөгц сумын иргэн А-д өгч  оронд нь 2 гүү авч, тухайн 2 гүүг аймгийн төв оруулж ченж нарт худалдсан юм. Би 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн хошууч Т.Е- мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн хүрээнд үзэж харсан, мэдсэн зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн юм. Дээрх мэдүүлэгт хэлсэн зүйлүүд маань үнэн зөв юм[4]” гэх мэдүүлэг, гэрч Ж.Раягийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Манайх 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед Алтанцөгц сумын Х багийн Шар нуур гэх газарт байсан адуун сүрэг дотроос зөв талын гуянд “8” тамгатай морь алдсан бөгөөд морь алдсан. Манай морийг М овогтой Ж, А овогтой А нар нар хулгайлсан байсан ба нөхөр маань тэр хүмүүстэй уулзаж хулгайд алдсан морины оронд 2 гүү, 1 үхэр авч дараа нь нэг сая төгрөг авахаар болсон[5]” гэх мэдүүлэг, гэрч Х.Мын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Миний хүү болох М.Ж, дүү болох А.А  хоёр манай багийн иргэн Ж.А /хоч нэр нь Е/-ын нэг тооны хээр зүсний адууг хулгайлан авч, аймгийн төв орж махыг нь зарж борлуулсныг мэдэж дүү болох Х.А бид хоёр хохирогч болох Ж.Атэй тохиролцож нэг тооны адууны оронд 2 тооны гүү, нэг тооны Монгол үхэр өгч дараа нь нэг сая төгрөг өгөхөөр тохирсон[6]” гэх мэдүүлэг, гэрч Х.Айн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Миний хүү А.А, дүү М.Ж хоёр манай багийн иргэн Ж.А /хоч нэр нь Е/-ын нэг тооны хээр зүсний адууг хулгайлан авч, аймгийн төв очиж нядалсан талаар хэлсэн. Тэгээд би ах Х.Мтай хамт Ж.Аийнд очиж уулзан хулгайд алдсан адууны оронд 1 тооны гүү, 1 тооны Монгол үхрийг би өгч, 1 тооны гүүг ах болох Х.М өгч дараа нь 1 сая төгрөг өгөхөөр тохирсон[7]”, гэх мэдүүлэг, гэрч Ш.Хасымын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Би Ж.Аийн морь хулгайд алдагдсаныг сонссоноос 2-3 хоногийн дараа худагт мал усалж байгаад Ж.Атэй тааралдаад түүний морийг М.Ж, А.А нар хулгайлсан гэдгийг сонссон” гэх мэдүүлэг[8], гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:” Тухайн өдөр манай ах  М.Жийн 5 болон 3 настай хоёр хүүхдийн хамт бид хэд гэртээ байж байтал орой 21 цагийн үед ах болох М.Ж морьдод өвс тавьж өгнө гэж хэлээд гарсан. Тэгээд бид хэд удалгүй унтаад өгсөн бөгөөд өглөө 8 цагт сэрэхэд ах М.Ж ирээд хэвтчихсэн байсан[9]” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Ж, А.А нарын бүлэглэн хулгайлсан хохирогч Ж.Аийн нэг тооны адууг шүүгдэгч М.Ж нь ганцаараа тууж,  гэрч Б.Өы гэрт аваачин нядалж, түүнд өгөх өр төлбөр 3.000.000 /гурван сая/ төгрөгийн 1 сая төгрөгт тооцон өгч, захиран зарцуулсан болох нь гэрч Б.Өы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”М.Ж миний ямааг хариулж өгдөг болохоор надаас мөнгө зээлж авдаг байсан. М.Ж надаас бага багаар нийт 3 сая төгрөг зээлж авсан юм. Энэ жил миний бие хашаандаа байшин барьж байгаа болохоор мөнгөний хэрэг гараад М.Жээс зээлж авсан 3 сая төгрөгийг асуухад яг одоо бэлэн мөнгө байхгүй байна, ямаа самнах үеэр таны мөнгийг өгье гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа утсаар холбогдож надад тарган адуу байна, 1 сая төгрөгөөр үнэлээд, нөгөө 3 сая төгрөгөөс хасаад авах уу гэхээр тарган адуу байвал 1 сая төгрөгөөр авъя гэж хэлсэн юм. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед байх шөнийн 02-03 цагийн үед М.Ж ганцаараа нэг морь авч ирсэн юм. Яагаад шөнийн цагаар ирсэн талаар асуухад орой мал янзлаад гэрээс оройтож гарлаа гэж хэлсэн. Тэр манайд хонож өглөө 08 цагийн үед авч ирсэн морио нядалж өгөөд, хазаар, эмээл болон морины арьсыг аваад яваад өгсөн болно. Тухайн морь нь бор хээр зүсний морь байсан бөгөөд им тамгыг нь анзаараагүй болно[10]” гэх мэдүүлэг, гэрч Ш.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...М.Ж манай нөхрөөс 3 сая төгрөг зээлж авсан гэсэн. Энэ жил манайх байшин барьж байгаа болохоор мөнгөний хэрэг гараад М.Жээс зээлж авсан 3 сая төгрөгийг асуухад яг одоо бэлэн мөнгө байхгүй байна, ямаа самнах үеэр өгье гэж хэлсэн байна. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед байх шөнийн 02-03 цагийн үед М.Ж ганцаараа нэг морь авч ирж, манайд хоноод, өглөө 8 цагийн үед авч ирсэн морио нядалж өгөөд, эмээл хазаар болон морины арьсыг аваад явсан. Тухайн морь нь бор хээр зүсний морь байсан бөгөөд им, тамгыг нь анзаараагүй болно[11].” гэх мэдүүлэг, гэрч Ш.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Б.Ө миний хүргэн ах болдог бөгөөд адууны мах худалдаж байна гэж сонсоод яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, 2020 оны 04 дүгээр сарын 22-23-ны үед Б.Өаас 1 кг махыг 6000 төгрөгөөр үнэлээд 20 кг адууны махыг нийт 120.000 төгрөгөөр худалдаж авсан[12]” гэх мэдүүлэг, гэрч А.Еы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Б.Ө- гэх хүн манай худ болдог бөгөөд тэднийх адууны мах худалдаж байна гэж сонсоод яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна, 2020 оны 04 дүгээр сарын 22-23-ны үед Б.Өаас 1 кг махыг 6000 төгрөгөөр үнэлээд 25 кг адууны махыг нийт 150.000 төгрөгөөр худалдаж авсан юм[13]” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хохирогч Ж.Аийн 2020 оны 05 дугаар сарын 05, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрүүдэд мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2020 оны 4 сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Х багийн Шар нуур гэх газраас хулгайд алдагдсан миний 17 настай хээр зүсмийн морийг шүүгдэгч М.Ж, А.А нар бүлэглэн 1 тооны адуу хулгайлсан байсан” гэх мэдүүлгүүд үнэн зөв болох нь гэрч Т.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хохирогч Ж.Аээс нийт 2 удаа мэдүүлэг авсан. Эхний мэдүүлгийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр авсан. Дараа нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Ж.Аээс 2 дахь удаа мэдүүлэг авсан ба хохирогч Ж.Аээс 2 удаа мэдүүлэг авах үед, түүнээс монгол хэл бичиг үсэг мэдэх талаар асуухад, бичиг үсэг болон монгол хэл мэднэ гэж хариулсан. Мөн эрх үүргийн тайлбарлаж өгөөд, мэдүүлэг авч дууссаны дараа хохирогч өөрөө уншиж танилцаад гарын үсэг зурсан. Хохирогч Ж.Аээс 2 удаа мэдүүлэг авах явцад уншуулж танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулсан асуудал байхгүй[14]” гэх мэдүүлэг, гэрч К.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг бөгөөд гүйцэтгэх ажлын шугамаар авсан мэдээллийн дагуу тус аймгийн Алтанцөгц сумын 1-р багийн иргэн Ж.А гэгчийн 1 тооны морийг тус багийн иргэд болох А.А, М.Ж нар хулгайлсныг илрүүлэн, манай хэсгийн дарга, цагдаагийн хошууч Т.Е бид хоёр 2020 оны 5 сарын 05-ны өдөр Алтанцөгц сумын 1-р багт очиж ажилласан бөгөөд хохирогч Ж.Аийн гэрт очиж түүнээс анхны мэдүүлгийг авсан. Мэдүүлгийг Т.Е авсан ба мэдүүлэг дууссаны дараа хохирогч Ж.Аэд танилцуулан гарын үсэг зуруулсан. Тухайн үед би Т.Еын хажууд сууж байсан. Харин хохирогч мэдүүлгийг уншиж танилцаад гарын үсгээ зурах явцад ямар нэгэн санал хүсэлт хэлээгүй. Болсон асуудлыг үнэн зөвөөр хэлж байна гэж хэлсэн[15].” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

Иймд хохирогч Ж.Аийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Жийн эцэг Х.М, А.Аийн эцэг Х.А нараас гэрчийн мэдүүлэг авахдаа мөрдөгчөөс тэдгээрт өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлан өгсөн байх ба гэрч Х.М, Х.А нар нь мэдүүлэг өгөхийг зөвшөөрч, эцгийн хувиар хүү М.Ж, А.А нарын бүлэглэн хулгайлсан 1 тооны адууны хохиролд 2 гүү, 1 үхэр өгч, дараа нь 1 сая төгрөгийг хохирогч Ж.Аэд  бэлнээр өгөхөөр тохиролцсон талаар мэдүүлжээ. Мөрдөгчөөс гэрч Х.М, Х.А нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хохирогч Ж.Аийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул Х.М, Х.А нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Ж.А хээр зүсмийн, зөв талын гуянд “8” тамгатай, буруу талын чихний араас ухам имтэй, 17 настай адуугаа  Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Х багийн Шар нуур гэх газраас бэлчээрээс хулгайд алдаж, малаа эрж хайж яваад хэргийн газраас шар өнгийн саравчтай малгай олж авсан байх ба уг шар өнгийн саравчтай малгай нь шүүгдэгч А.Аийн малгай болох нь хохирогч Ж.А,  шүүгдэгч М.Ж, А.А нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Шүүгдэгч А.А, М.Ж нар  нь “А.А өөрийн малгайг өмсөж яваад М.Жийн гэрт мартаж орхисон ба А.Аийн малгайг М.Ж мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан”  гэж мэдүүлсэн боловч тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хэргийн газраас А.Аийн шар өнгийн саравчтай малгай олдсон нь хохирогч Ж.Аийн адуу бэлчээрлэж байсан газарт шүүгдэгч А.А очсон, адуу хулгайлах үед хамт байсныг нотолж байна.

Ийм байдлаар шүүгдэгч М.Ж, А.А нар нь бүлэглэн 2020 оны 4 сарын 20-ны өдөр хохирогч Ж.Аийн 1 тооны адууг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Х багийн Шар нуур гэх газраас бэлчээрээс хулгайлсан нь эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Мал хулгайлах гэмт хэргийн объектив шинж нь бусдын өмчлөх эрх байдаг бөгөөд иргэний өмчлөх эрхийг хуулиар хамгаалдаг. Тухайлбал: Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор, хохирогч Ж.Аийн 1 тооны адууг өмчлөгч болох Ж.Аэд мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар эзэмшилдээ авч, уг 1 тооны адууг өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулсан нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг бүрэн хангаж байх бөгөөд өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж, хулгайлах гэмт хэргийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч А.А, М.Ж нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч М.Ж, А.А нар нь хохирогч Ж.Аийн 1 тооны морийг бэлчээрээс нь хулгайлан нядалж, улмаар М.Жийн өр төлбөрт тооцон Б.Өд өгч захиран зарцуулсан байх ба уг гэмт хэрэг нь хохирогчийн морийг бэлчээрээс нь тууж, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөн байна.

Шүүгдэгч М.Ж, А.А нар нь мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул тэдгээрийг бүлэглэж,  мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүгдэгч А.А, М.Ж нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, мал хулгайлах гэмт хэргийг М.Ж ганцаараа үйлдсэн нь гэрч Б.Ө, Ш.Б нарын мэдүүлэг, мөн гэрч Ш.А, А.Е нарын мэдүүлгээр нотлогдож байгаа гэж маргасан ба гэрч Б.Ө, Ш.Б, Ш.А, А.Е нарын мэдүүлгээр нотлогдож байгаа үйл баримт нь шүүгдэгч М.Ж, А.А нарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэх үйлдэлд шууд хамааралгүй байна.

Тодруулбал: М.Ж, А.А нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа шүүгдэгч М.Ж нь хохирогч Ж.Аийн 1 тооны морийг шөнө ганцаараа тууж, шөнийн 02-03 цагийн үед Б.Өы гэрт аваачин, уг морийг нядалж, махыг нь Б.Өаас Ш.А, А.Е нар худалдаж авсан гэх үйл баримт эдгээр гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд энэ нь шүүгдэгч нарын бүлэглэж бусдын мал хулгайлсан үйлдлийг шууд нотлох баримт биш юм.

Харин мал хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа хохирогч Ж.Аийн 1 тооны адууг М.Ж хувьдаа захиран зарцуулсан нь гэрч Ө.Ө, Ш.Б, Ш.А, А.Е нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд гэрч Б.Ө, Ш.Б, Ш.А, А.Е нарын мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч А.Аэд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч М.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлт нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Хохирогч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 8-р багийн иргэн бөгөөд 8 тооны хурдан морьтой болох нь гэрч Р.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Ж.А нь хурдан удмын морьтой бөгөөд уралдаанд уралдуулж байр эзэлж байсан. Ж.А нь аймгийн алдарт уяач, сайн малчин хүн юм. Мал тооллогоор хурдан удмын морийг тусад нь тоолохгүй бөгөөд Ж.А нь одоогийн байдлаар 8 тооны хурдан удмын морьтой болохыг би багийн даргын хувьд сайн мэднэ[16]” гэх мэдүүлгээр нотлогдож байх ба Ж.Аийн хулгайд алдагдсан 1 тооны адуу нь хурдан морины уралдаанд оролцож байр эзэлж байсан нь хэргийн 29-32-р талд авагдсан “Өргөмжлөл”-ийн хуулбаруудаар нотлогдож байна.

Хохирогч Ж.Аийг Е гэх хоч нэрээр дууддаг бөгөөд албан ёсны, иргэний бүртгэлд бүртгэлтэй нэр нь “А” болох нь түүний иргэний үнэмлэхний лавлагаа, хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч М.Ж, А.А нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хэрэгт авагдсан “Е” гэх нэр бичигдсэн “Өргөмжлөл”-ийн хуулбарыг хохирогч Ж.Аийн хулгайд алдагдсан хурдан морины өргөмжлөл гэж үзэж, нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй.

Түүнчлэн Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний  Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн БӨА-20/18 дугаартай дүгнэлтээр хохирогч Ж.Аийн хулгайд алдсан хурдан удмын 17 настай морийг 2.500.000 (Хоёр сая таван зуун мянга)-н төгрөгийн үнэ цэнэтэй[17] болохыг тогтоожээ.

Иймд шүүгдэгч М.Ж, А.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Аэд 2.500.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэх ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Ж нь хохирогч Ж.Аэд 2 гүү, шүүгдэгч А.А нь хохирогч Ж.Аэд 1 үхэр өгч, гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгасан нь  хохирогч Ж.А, гэрч Х.М, Х.А, шүүгдэгч М.Ж, А.А нар мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Ж, А.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

Шүүгдэгч М.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, шүүгдэгч А.Аийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх боловч М.Ж, А.А нар нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч М.Ж, А.А нар нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө хохирогч Ж.Аийн 17 настай, 1 тооны хурдан удмын адууг бүлэглэн хулгайлсан нь тогтоогдсон боловч уг үйлдэл нь “бүлэглэж” гэх шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэгдэж байгаа тул шүүгдэгч нарын” бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан хүндрүүлэх шинжид хамааруулж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч А.А нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй[18], анх удаа Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн, эхнэр, бага насны хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багт мал маллан амьдардаг болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Ж нь хувийн байдлын хувьд урьд Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 5 сарын 26-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын баривчлах ял шийтгэгдэж байсан[19], ам бүл 3, бага насны буюу 3-5 насны 2 хүүхдийн[20] хамт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, түүний эхнэр Ж.Ж 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нас барсан нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар[21]нотлогдож байх ба тэрээр ганц бие эцэг болох нь мөн тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдал болон түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан,  

Шүүгдэгч М.Жэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж, хор уршгийг арилгасан, бага насны хүүхэдтэй ганц бие эцэг гэх хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан, шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.2-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Жэд 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул хорих ял эдлэх хугацаанд түүний асрамжид байсан бага насны хүүхдүүд болох  2015 оны 3 сарын 11-нд төрсөн, 6 настай охин Ж.А, 2017 оны  4 сарын 03-ны өдөр төрсөн, 4 настай хүү Ж.И нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоож, эрх ашгийг нь хамгаалахыг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон тус аймгийн  Алтанцөгц сумын Засаг дарга нарт үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Н нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч М.Ж нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн төлсөн тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэж, оногдуулах хорих ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмыг зохицуулсан ба тус зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байна.

Шүүгдэгч М.Жийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож, шүүгдэгч нар нь гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгасан байх боловч тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч М.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, харин намайг хулгайлах гэмт хэргийг А.Атэй бүлэглэж үйлдсэн гэж хүндрүүлж байгааг зөвшөөрөхгүй” гэж хэргийн зүйлчлэл дээр маргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн хуралдаанд дэмжиж дүгнэлт гаргасан тул шүүгдэгч М.Жийг  гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дөрөв: Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг  гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

Шүүгдэгч М.Ж нь А.Атэй бүлэглэн, хохирогч Ж.Аийн хурдан удмын 1 тооны морийг хулгайлан авч, гэрч Б.Өд өгөх өр төлбөрт 1.000.000 (нэг сая) төгрөгөөр тооцон өгч,  түүнд өгөх 3.000.000 (гурван сая) төгрөгийн зээлээс нэг сая төгрөгийг төлсөн нь гэрч Б.Ө, Ш.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч М.Жийг гэмт хэрэг үйлдэж, 1 сая  төгрөгийг ашиг болгож авсан гэж үзэж, түүний хувьд ногдох хөрөнгөөс 1.000.000 (нэг сая) төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Ж, А.А нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Н овогт М-ын Ж, Н овогт Айн А нарыг бүлэглэж, бусдын 1 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч М.Ж, А.А нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж, А.А нарт оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хохирол төлбөргүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3-д зааснаар шүүгдэгч М.Жийн хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1.000.000 (нэг сая) төгрөг албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.

6. Шүүгдэгч М.Жийг хорих ял эдлэх хугацаанд түүний асрамжид байсан 2015 оны 3 сарын 11-нд төрсөн, 6 настай охин Ж.А, 2017 оны  4 сарын 03-ны өдөр төрсөн, 4 настай хүү Ж.И нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоож, эрх ашгийг нь хамгаалахыг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон тус аймгийн  Алтанцөгц сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

7. Шийтгэх тогтоолын хувийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон тус аймгийн  Алтанцөгц сумын Засаг дарга нарт тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Болатбекэд даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Ж, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.Б

 

[1] 1-р хх-ийн 14-15-р тал

[2] 1-р хх-ийн 16-20-р тал

[3] 1-р хх-ийн 21-25-р тал

[4] 1-р хх-ийн 34-35, 36-37,207-208-р тал/,

[5] 1-р хх-ийн 41-р тал, 

[6] 1-р хх-ийн 42-43-р тал,

[7] 1-р хх-ийн 44-45-р тал

[8] 1-р хх-ийн 48-49,58-59-р тал

[9] 1-р хх-ийн 54-55-р тал

[10] 1-р хх-ийн 50-р тал

[11] 1-р хх-ийн 51-р тал

[12] 1-р хх-ийн 52-р тал

[13] 1-р хх-ийн 53-р тал

[14] 1-р хх-ийн 210-211-р тал

[15] 2-р хх-ийн 2-р тал

[16] 1-р хх-ийн 213-р тал

[17] 1-р хх-ийн 68-70-р тал

[18] 1-р хх-ийн 96-р тал

[19] 1-р хх-ийн 97,99-100-р тал

[20] 1-р хх-ийн 132, 134-135-р тал

[21] 1-р хх-ийн 133-р тал