Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/57

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.П,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.Т,

Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч  Т.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч  Х.Б,

Шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Нд холбогдох 2113000240033 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Х овогт Х-н Н, 2000 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн 21 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, оюутан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар *****

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт байрлах Толбо нуурын мөсөн дээр ***** ОРХ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаар гулсах, дрифт хийх зэрэг үйлдэл хийж  байгаад нуурын мөсөн дээр зогсож байсан 23 настай, хохирогч Б.Сийг тээврийн хэрэгслийн жолооч талын хойд хэсгээр мөргөж, авто осол гаргасны улмаас амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Х.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт байрлах Толбо нуурын мөсөн дээр ***** ОРХ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслээр гулсах, дрифт хийх зэрэг хөдөлгөөн хийж байгаад мөсөн дээр зогсож байсан хохирогч Б.Сийг тээврийн хэрэгслийн жолооч талын хойд хэсгээр мөргөж, авто осол гаргасны улмаас түүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8-р тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14-р тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-20-р тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.Т-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Манайх 4 охин, 2 хүүтэй ба талийгаач Т.С миний том охин юм. Охиныг маань 1998 оны 3 сарын 05-ны өдөр төрөхөд миний ээж Буршахбай үрчлэн авч, өсгөсөн. Ээж маань 2015 онд 73 настайдаа бурхан болсон бөгөөд тэр үед С 17 настай байсан. Ээжийг нас барснаас хойш С охин маань бидэнтэй хамт амьдрах болсон. Охин маань Улаанхус сумын ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд Улаанбаатар хотод О их сургуулийг цэцэрлэгийн багш мэргэжлээр 2020 оны 6 дугаар төгссөн. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод хувийн цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад халдварт өвчин гарсантай холбогдуулан 2020 оны 12 сард гэртээ амрахаар ирсэн.

2021 оны 1 сарын 13-ны өдөр 13 цагийн үед охин маань надруу залгаад “Би найз нартайгаа Толбо нуурын мөсөн дээр очоод ирье” гэхээр нь би зөвшөөрч, болгоомжтой яваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байтал надруу нэг хүүхэд залгаж “С аваарт орж, эмнэлэгт ирсэн байна, та нар хүрээд ирээч” гэж хэлэхээр нь очиход охин маань ухаангүй, яаралтай тусламжийн тасагт байсан. Тэнд байсан хүүхдүүд хөх өнгийн Приус-20 маркийн мөргөсөн гэж хэлсэн. Охин маань сэхээн амьдруулах тасагт ухаан орохгүй байсаар 5 хоногийн дараа, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан. Тэр үед Хойшбайн Н гэх залуу аав ээжийнхээ хамт ирж, охиныг маань мөргөсөн гэдгээ хэлж, уучлалт гуйн, дрифт хийж байгаад машины арын хэсгээрээ цохисон талаар хэлсэн. Х.Н болон түүний аав, ээж нь миний охины оршуулгын ажил явдал болон бусад зүйлд сэтгэлээсээ хандаж, оролцож, бас маш их гэмшиж байгаа гэдгээ хэлж уучлалт гуйж байсан. Хохиролд нийт 8.500.000 төгрөг төлж өгсөн. Миний хувьд охин С маань найз нөхөхтэйгөө явж байгаад золгүй явдлаас болж амь насаа алдсанд харамсаж байна. Гэхдээ надад одоо Х.Наас нэхэмжлэх зүйлгүй, санал, гомдол гээд байх зүйлгүй. Н нь өөрөө бас 20 гаруй насны залуу байна. Энэ хүүхдийг шоронд явууллаа гээд миний охин босоод ирэхгүй, бас нэг хүүхдийн амьдрал, ирээдүйг харлуулахыг хүсэхгүй байгаа тул шүүгдэгч Х.Ныг хорихгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэнэ үү” гэх мэдүүлэг /хх-ийн 41-46-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний бие Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт их эмчээр ажилладаг ба тухайн өдөр 24 цагийн эмчээр үүрэг гүйцэтгэж байхад 17.25 цагийн үед 86147724 гэх утаснаас 103 дугаартай утсанд “Авто осол гарлаа, нэг эмэгтэйг машин мөргөчихлөө” гэх дуудлага ирсэн тул миний бие жолоочийн хамт  яаралтай Шар нуурын пост явах замдаа 86147724 дугаарт залгахад холбогдохгүй байсан. Сүлжээ орсны дараа би 103-с 94839783 дугаарт залгахад “бид нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг руу ирж байна” гэж хэлсэн ба бид буцаад нэгдсэн эмнэлэгт ирэхэд осолд өртсөн хүнд эмч нар анхны тусламж үзүүлж байсан бөгөөд миний бие аймгийн цагдаагийн газрын 102 дугаарт залгаж, эмэгтэй хүн машинд мөргүүлж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн талаар мэдээлэл өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

Гэрч Ж.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өнөөдөр бид 2 машинтай, 10-уулаа Толбо нуурын мөсөн дээр агаарт гарах зорилгоор ирсэн. Эрэгтэйчүүдээс Т, Е, Д, Б, Н, эмэгтэйчүүдээс А, А, С, А бид 10-уулаа Н, Б нарын Приус 20 маркийн машинд хуваагдан сууж, Толбо нуурын мөсний гол хэсэгт очсон. Тэгээд бид Толбо нуурын мөсөн дээр очоод дугуйгаа машинд олсоор холбож нэг нэгийгээ чирч байгаад даараад байхаар нь дугуйгаа тайлж тавиад нэг бөөгнөрч дрифт хийж байгаад явахаар болж, өөр өөрсдийн ирсэн машиндаа суугаад дрифт хийцгээсэн юм. Би Бы машины зүүн хойд талд суусан юм. Урьд суудалд нь Е суусан хойно нь би, Д, Т бид сууж дрифт хийсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Н ганцаараа машинтайгаа хүрээд ирсэн. Тэр үед машины ард сууж байсан Т Ны машинд сууж, бид дахиад дрифтээ хийж байгаад эмэгтэйчүүд дээр очиход Аккенжей Бы машинд суусан байсан ба харин С, А хоёр машинд суугаагүй, мөсөн дээр зогсож байсан. Хэсэг дрифт хийж байгаад би машины цонхоор С, А нарын байгаа зүг рүү харахад цаана нь дрифт хийж байсан Х.Н хойшоо хараад зогсож байсан Т.Сын ар талаас машины жолооч талын арын хаалга хэсгээр хажуу талаараа маш хүчтэй мөргөсөн юм. Тэр үед С урагшаа шидэгдсэн юм. Тэгээд бид сандраад машинаасаа буугаад гүйгээд очиход С мөсөн дээр доошоо хараад хөдлөхгүй хэвтэж байсан ба түүнийг дээш эргүүлж, босгож байгаад ороолтыг нь авахад ам хамар хэсгээс нь маш их цус гарсан байсан. Сийг Х.Ны машины арын суудалд суулгаад шууд эмнэлэгт ирсэн. Тухайн үед Х.Н дрифт хийж байхдаа нэлээд хурдтай эргэж байсан ”.. гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуудас/,

Гэрч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Бид өчигдөр уулзаад өнөөдөр Толбо нуур явахаар тохирсон байсан тул 15 цагийн үед 10-уулаа 2 машинтай Толбо нуурын мөсний гол хэсэгт очсон. Нуурын мөсөн дээр очоод бид дугуйгаа машинд олсоор холбож, нэг нэгийгээ чирч тоглож байгаад даараад байхаар нь дугуйгаа тайлж тавиад жаахан дрифт хийж байгаад явахаар болж, өөр өөрсдийн сууж ирсэн машиндаа сууж дрифт хийсэн. Тэгж байтал гэнэт Еркинбек “Яанаа, Н дрифт хийж байгаад Сийг мөргөчихлөө” гэж хэлэхээр нь бид машинаа зогсоож, гүйгээд очиход Н, Т хоёр Сийг суганаас нь өргөж, Ны машины арын суудалд суулгаж, шууд аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Тэр үед С ухаангүй байсан. Анх Толбо нуур явахад Ны машинд ямар нэгэн гэмтэл байгаагүй бөгөөд Сийг мөргөснөөс болж түүний машины арын хаалганы хэсэг хонхойж эвдэрсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/,

Гэрч И.Т-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Өнөөдөр бид 10-уулаа Толбо нуурын мөсөн дээр тоглож, агаарт гарахаар 2 машинд хуваагдан сууж, нуурын мөсний гол хэсэгт очсон. Тэгээд бид машинд дугуй олсоор бэхэлж, нэгнийгээ чирч тоглож байгаад даараад байхаар нь дугуйгаа тайлж тавиад 1 цаг гаруй дрифт хийж тоглосон. Би Х.Ны машины урд суудалд, арын суудалд түүний найз охин А суугаад бид 3 дрифт хийж байтал гэнэт хүчтэй тасхийх чимээ гарсан. Тэр үед мөсөн дээр зогсож байсан Сыг мөргөсөн байсан. Тэгээд машинаа зогсоогоод С дээр очиход тэр мөргүүлсэн газраасаа ойролцоогоор 3 метрийн зайтай газарт шидэгдэн, мөсөн дээр доошоо хараад ухаангүй хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд Сийг Д бид хоёр суганаас нь өргөөд Ны машинд суулгаад шууд эмнэлэгт авч ирсэн.Тухайн үед миллийг нь хараагүй ч Н маш хурдтай дрифт хийж байсан. Тэгээд ч машины хөгжим чанга тавьчихсан байсан. Толбо нууранд ирэхэд Ны машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй бөгөөд Сийг мөргөсний улмаас арын хэсэг нь гэмтсэн. Сийг Н машинаараа мөргөхийг А, А нар бас харсан. Д болон бусад найзууд ч бас харсан байх. Бид дрифт хийхдээ бичлэг хийсэн боловч осол гарсан болохоор бүгдээрээ айгаад бичлэгээ устгачихсан. Тэнд бид нараас өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/,

Гэрч А.А-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Дрифт хийх үед толгой эргээд байхаар нь С бид хоёр машинаас буугаад мөсөн дээр зогсож байтал Н дрифт хийж байгаад жолооч талынхаа арын хаалганы хэсгээр Сыг маш хүчтэй мөргөсөн юм. Тэр үед С ойролцоогоор З метрийн зайтай шидэгдсэн юм. С мөсөн дээр доошоо хараад ухаангүй хөдөлгөөнгүй хэвтсэн байсан. Бид сандралдаж, Сийг дээш харуулаад түүний суганаас Д, Т нар өргөж, Ны машин суулгаж, нэгдсэн эмнэлэгт авч ирсэн. Н нэлээд хурдтай дрифт хийж байсан. Сийг мөргөснөөс болж Ны машины арын хэсэг хонхойж гэмтсэн. Сийг Н машинаараа мөргөснийг би өөрийн нүдээр харсан” гэх мэдүүлэг/хх-ийн 54-55-р тал/,

Гэрч А.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Өнөөдөр буюу 2021 оны 1 сарын 13-ны өдөр 13 цагийн үед бид найзуудаараа тус аймгийн Толбо сумын Толбо нуурлуу явахаар болоод Х.Н, Б.Б нарын Приус 20 маркийн машинд хуваагдаж суугаад явцгаасан. Бид нар 1 цаг гаруй нуурын мөсөн дээр тоглож байгаад аймгийн төврүү буцахаар болсон. Энэ үед Ны машинд Т, А нар суусан, би даараад байсан болохоор Бы машинд суусан. Харин С, А нар мөсөн дээр зогсож байхаар нь би тэдэнд хандаж, та хоёр даарахгүй байна уу, машинд суугаач гэхэд тэр хоёр бид хоёр багтахгүй, Ны машин ирэхээр сууя гэсэн. Хэсэг хугацааны дараа Ны машин ирж байгаа харагдсан. Би тухайн үед гар утсаараа зураг үзээд сууж байтал гэнэт Б Е хоёр хүүе, Н машинаараа Сийг мөргөчихлөө гэж хэлээд машинаасаа буугаад гүйгээд явчихсан. Араас нь гүйгээд очиход С мөсөн дээр доош харсан байдалтай, ухаангүй хэвтэж байсан. Дээшээ харуулахад ам, хамраас нь цус гарсан байсан. Тэгээд Сийг Д, Т нар өргөж, Ны машины арын суудалд суулгаад шууд эмнэлэгт хүргэж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р тал/,

Гэрч К.Ды мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Нэг харахад Н нь бид нар луу дөхөж ирж байгаад тоормосоо гишгэх шиг болсон ба Ны машин нь баруун хажуу талаараа мөсөн дээгүүр гулгаж ирж байгаа харагдсан бөгөөд бид нарын хажууханд мөсөн дээр зогсож байсан А С нар луу чиглэж ирж байгаад Н нь машиныхаа баруун хажуу талаар гулгаж ирээд мөсөн дээр зогсож байсан Сыг мөргөж унагаасан. Энэ үед бид нар бүгдээрээ С дээр очиход С нь мөсөн дээр ухаан алдаж унасан байдалтай, хөдөлгөөнгүй байсан, түүний хамраас цус гарч байсан тул Т бид хоёр суганаас нь өргөж, Ны машинд суулган эмнэлэгт хүргэсэн. Ныг дрифт хийж байхад С, А хоёр мөсөн дээр зогсож байсан. Тухайн үед Н нь ***** ОРХ Приус-20 маркийн хар хөх өнгийн машинтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р тал/,

Гэрч Х.Айн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Өнөөдөр буюу 2021 оны 1 сарын 13-ны өдрийн 13 цагийн үед бид найзуудаараа Толбо нуур явсан. Ангийн найз Б болон Н нарын машинд 10-уулаа хуваагдаж суугаад нуурын мөсний гол хэсэгт ирсэн. Тэгээд бид зураг авхуулж, мөн машинд олсоор дугуй холбож, нэгнийгээ чирч 1 цаг гаруй тоглосон. Бид даараад байсан болохоор Ны машинд А, Аккенже, С бид нар суусан. Т бас Ны машинд суусан ба Н бид нарыг суусны дараа дрифт хийхэд охидуудын толгой эргэж машинаас бууцгаасан. Тэгээд Н нь Ты хамт дрифт хийж байгаад бидний хажууд ирэхэд нь би түүний машины арын суудалд суусан. Харин А, С нар суугаагүй, мөсөн дээр зогсож байсан. Тэгээд Н Т бид хоёрыг суулгаад дахин дрифт хийх үед гэнэт машины хажуу талд хүчтэй цохих чимээ гараад Н сандарч машинаа зогсоогоод харахад С машинаас холгүй мөсөн дээр хэвтэж байсан. С нь ухаан алдсан байдалтай, ам хамраас нь цус гарч байсан тул бид Ны машины арын суудалд суулгаад шууд эмнэлэгт хүргэж ирсэн. Н нь машиныхаа баруун хажуу талаар Сийг мөргөж унагаасан учраас машиных нь баруун талын хойд хаалга нь дотогш хонхойсон байсан. Н нь тухайн үед ***** ОРХ улсын дугаартай, Приус 20 маркийн машинтай явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р тал/,

Гэрч Е.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Бид 2021 оны 1 сарын 13-ны өдөр 13 цагийн үед найзуудаараа нийлж, Толбо нуур луу 2 машинтай явсан. Очоод хэсэг хугацааны дараа бид Б, Н нарын машинд хуваагдаж суугаад дрифт хийж байтал Еркинбек нь гэнэт “Н Сийг мөргөчихлөө” гэж хэлэхэд  Б бид нар машинтайгаа Ны машин дээр очиж бүгд машинаас буугаад очиход С мөсөн дээр ухаан алдсан байдалтай доош хараад хэвтэж байсан. Д, Т нар Сийг суганаас нь өргөж, Ны машинд суулгаж, эмнэлэгт хүргэсэн. Тухайн үед Сийн ам, хамраас цус гарсан байсан. Ны машины баруун талын хойд хаалга нь дотогшоо хонхойсон байсан. Н нь Приус 20 маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн үед үзэгдэх орчин сайн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р тал/,

Гэрч Х.Ейн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр жижүүрийн хугацаанд яаралтай тусламжийн тасгаас намайг 18 цагийн үед дуудахад өвчтөний биеийн байдал маш хүнд ам хамраас нь цус гарсан, ухаангүй амь тэмцсэн байдалтай эмэгтэй хүн байсан. Тэгээд би шууд сэхээн амьдруулах анхны тусламжийг үзүүлсэн. Тэр үед даралт 68/32-г зааж байсан, уушгины хүчил төрөгчийн агууламж 49-50-ийг зааж байсан. Ердийн хүнд 100-г заадаг юм. Мөн гар хөл нь хүйтэн арьс салст нь цайвар байсан бөгөөд өвчтөний амны хөндийг цэвэрлэж амьсгалын замыг чөлөөлж, амьсгал нь тасалдаж байсан тул интувацын гуурсыг тавьж амьсгалыг амбуугаар дэмжиж судсаар адреиналинийг хийсэн. Цус цусан бүтээгдэхүүн залгасан гэх зэрэг бүхий л эмчилгээг хийсэн. Тэр өдрөө өвчтөнийг сэхээний тасагт шилжүүлэн амьсгалын аппаратанд холбосон. Өвчтөн шокийн байдалтай байсан тул бүх шинжилгээг хийж, эмч нарын хамтарсан зөвлөгөөн хийж эмчилгээг эхэлсэн. Маргааш нь буюу 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 09.00 цагийн үед томографид оношийг нь тогтооход хавсарсан гэмтэл буюу тархины битүү гэмтэлтэй, баруун талын чамархайн яс цөмөрч, бутарч хугарсан, мөн баруун талын хацар нүүрний яс, нүдний ухархайн ар, дээд доод хана бутарч хугарсан, баруун чамархайн ясны хугарал доош нь суурь яс руу үргэлжилсэн, баруун гейморын хөндий дотор гадар хана бутарч хугарсан, элхэгний яснууд бутарч хугарсан, элхэгний яснууд бутарч хугарсан, гавал яс хугархай, нүүрний яс, хамрын хөндийн яснууд хавсарсан гэмтэлтэй, тархинд цус хуралттай, нүдний алимны нэвт гэмтэл, солонгон бүрхэвчийн урагдал, өмнөд хоргын цус хуралт зэрэг маш олон хугаралттай онош гарсан ба уг оношид тааруулж бүх эмчилгээг хийсэн, энэ талаар өвчний түүхэд байгаа”..гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуудасI,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай “Талийгаач Т.Сийн биед гавал тархины битүү гэмтэл хүнд зэргийн няцралт, тархины орой болон суурь ясны баруун талд хугаралттай/баруун талын чамархай ясны хөхлөг сэртэнг дайрсан цөмөрсөн хугаралттай/, тархины эдийн няцралт, тархины хатуу хальсны баруун хэсэг, зөөлөн хальсны доор цус хуралттай, цусан хураатай бага тархинд цэгчилсэн цус хуралттай, хавагнасан, хажуугийн ховдлууд цус хуралттай, шок, тархины дарагдал, няцрал, хаван, тархины эдэд эрс цус дүүрэлт, тэжээл хувирал. баруун гайморын хөндийд дотор гадна доод хана бутарч хугарсан, духны ясны баруун талд нүдний аяганы дээд хэсгээр цуурч хугарсан, гавлын яс ухархай, нүүр яс хамрын яс хугарсан, баруун талын хацар хугарсан, цээж, хэвлийн битүү гэмтэл. хоёр уушигны гадна талд дээд болон дунд сегментид няцарсан цус хуралттай. баруун элэгний гадан талд няцарсан цус хуралттай, баруун нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун дээд зовхины баруун хажуу талд шархтай, духны баруун хэсэг баруун чамархай орчим зулгаралттай, баруун хацарт зулгаралттай, хамрын нурууны баруун талд шархтай, зүүн гуяны урд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн гуяны дотор хажуу талд цус хуралттай, баруун өвдөгний урд хэсэгт шархтай зэрэг гэмтлүүд учирсан байх ба амь хохирогч Т.С нь тархины битүү хавсарсан хунд гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 69-72-р тал/,

Эрх бүхий шинжээч, Баян-Өлгий аймгийн Авто тээврийн газрын авто тээврийн хяналтын мэргэжилтэн Б.Ж-ийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаартай “1."Приус-20" маркийн ***** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл үүссэн байна.Уг тээврийн хэрэгслийн баруун талын хойд хаалганы хаагдах хэсэг, мөн хаалга ба хойд гэрлийн хоорондох хэсэг хонхойж дотогш орсон, хаалганы бариулын доод хэсгээр хонхойсон, замаск нь ховхорч унасан байв.2."Приус-20" маркийн ***** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлүүд нь гадны мохоо биетийг мөргөсний улмаас нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3."Приус-20" маркийн ***** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байна. "Приус-20" маркийн ***** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байна. "Приус-20" маркийн ***** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн учир уг осол гарахад нөлөөлөөгүй байна. 6. "Приус-20" маркийн 12- 21 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагдаагийн журмын хашаанд Х овогтой Ныг байлцуулан шалгаж үзлээ.Үүнд: уг тээврийн хэрэгслийн тоормос нь урьд дугуйндаа жигд, хойд дугуйндаа сул байв, жолооны механизм хэвийн жигд ажиллагаатай, оврын болон дохионы гэрлүүд, том гэрлийн хол ойрын тусгал хэвийн, бүрэн ажиллагаатай байлаа.Уг тээврийн хэрэгслийг шалгаж үзэх явцад осол гарахад нөлөөлөхүйц бүрэн бус байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 81-82-р тал/,

Эрх бүхий шинжээч, Баян-Өлгий аймгийн Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.М, “Алтын көлик” жолооны сургуулийн замын хөдөлгөөний хууль, дүрмийн багш С.Ергали нарын гаргасан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай “Тоёота приус-20” маркийн ***** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах зүйл, заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал болохгүйгээр зорчино”, 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”,12.1-д зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэж заасныг тус тус зөрчиж, мөстэй, халтиргаатай замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулаагүй, аюултай нөхцөл байдал үүсгэсэн, тээврийн хэрэгслээ зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангаагүй нь осол гарах шалтгаан болсон байна” гэх дүгнэлт /хх-ийн 92-93-р тал/

Амь хохирогч Т.Сийн өвчний түүх /хх-ийн 109-142-р тал/,

Шүүгдэгч Х.Ны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 15 цаг 45 минутын үед Б өөрийнхөө машинтай Д, Т нар ирээд одоо Толбо нуур дээр очоод ирье гээд байсан. Тэгээд манай найз нар ааваас зөвшөөрөл аваад яваад ирэхээр болоод би өөрийнхөө ***** ОРХ улсын дугаартай, хөх өнгийн приус-20 маркийн машинаа жолоодож найз А түүний найз С, А, А нарыг машиндаа суулгаад түрүүлээд бид очоод удаагүй байхад найз Б өөрийнхөө приус-20 маркийн цагаан өнгийн ***** БӨТ улсын дугаартай машинаар Т, Е, Д, Е нарыг суулгаад Толбо нуурын мөсний гол хэсэгт нь бидэн дээр ирсэн. Тэгээд Б машиныхаа багажнаас хоёр хуучин дугуйгаа гаргаж машины арын хэсгээс олсоор уяж бид нэг нэгийгээ чирч тоглосон юм. Тэгээд нэг нэг удаа эмэгтэйчүүдийг чирэхэд толгой эргээд байна гээд охидууд дахиж чирүүлээгүй юм. Тэндээ бид нар цаг гаруй хугацаанд тоглож байгаад аймаг руу явья гэж ярилцаад машинд уясан дугуйгаа тайлаад тавьсан ба Б бид хоёр өөр өөрийнхөө машинаа бариад авч ирсэн хүмүүсээ суулгаад машинаараа мөсөн дээр дрифт хийхэд манай машинд суусан А, А С, Ай нар толгой эргээд байна бид нарыг буулгачих гэхээр зогсоод буулгаад би машинтайгаа дрифт хийж байсан Бы хажууд очоод Тыг машиндаа суулгаад дрифт хийгээд эмэгтэйчүүд дээр очоод найз охин Аыг суулгаад дахин дрифт хийсэн юм. Тэгээд бид гурав дрифт хийж машинаа эргүүлж байхад гэнэт л хүчтэй тас хийх чимээ гарсан, би машинаа зогсоогоод харахад С ойролцоогоор 3 метрийн зайд шидэгдэж доош хараад ухаангүй хэвтэж байсан, тэр үед А, Т бид гурав машинаас буугаад С дээр очиход цаанаас Д гүйгээд ирсэн. Тэгээд Д, Т хоёр өргөж хоёр гарнаас нь өргөөд босгосон ба С ороолтоор ам хэсгээ хаасан байхаар нь би ороолтыг нь авахад хамарнаас нэлээд их цус гарсан. С ухаангүй байсан. Тэр үед би нэлээд сандарч бид нар утсаа харахад сүлжээгүй байсан болохоор бид Сийг шууд машинд суулгахаар болоод Д, Т хоёр Сын суганаас нь өргөж машин руу ирэх үед машины арын хаалгыг А онгойлгоод Сыг миний машинд оруулсан юм. Тэгээд би машинаа жолоодоод миний хажууд урд суудалд А суугаад шууд аймаг руу нэгдсэн эмнэлэгт авчирч яаралтай тусламжийн тасагт эмчлүүлэхээр авч ирээд сэхээн амьдруулах тасагт 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл эмчлүүлж байгаа С нас барсан. Би дрифт хийж байхдаа  машины хурдыг нэг харахад хянах самбар дээр “60” гэж зааж байсан юм. Тухайн үед Сыг би анзаарч хараагүй. Би дрифт хийж байгаад хүн мөргөчихнө гэж огт бодоогүй дрифт хийж байгаад Сыг санамсаргүй мөргөсөндөө маш их гэмшиж байна. Сийн ар гэрт учирсан хохирлыг төлж, уучлалт гуйж, талийгаачийг нас барах хүртэл аав ээжийнхээ хамт тэдэнд тусалж байсан, би маш их харамсаж гэмшиж байна. Миний буруу учраас гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар огт маргахгүй. Бид хамт тоглож байгаад ийм зүйл болчихлоо.Намайг нэг удаа уучлаач гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч Х.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Ныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан, хохирогч Е.ТТ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлүүлж авсан, санамсар болгоомжгүйгээс үйлдэгдсэн хэрэг тул Нд гомдох зүйлгүй, цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй, гаргах санал хүсэлтгүй гэдгээ илэрхийлж, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүссэнийг хохирогчийн өмгөөлөгч Т.Б дэмжиж оролцсон, шүүгдэгч Х.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б дэмжин оролцож, шүүгдэгчийг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Х.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухайд

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд “Хүн бүр амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан ба энэхүү хүний амьд явах жам ёсны үндсэн эрхэд халдсаны улмаас бусдын амь насыг хохироосон тохиолдолд гэм буруугийн санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээс үл хамааран гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Х.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий  аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт байрлах Толбо нуурын мөсөн дээр буюу халтиргаатай, аюул, осол гарах эрсдэлтэй газарт ***** ОРХ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаар дрифт хийх, гулсах зэргээр  аюултай нөхцөл байдал үүсгэсний улмаас нуурын мөсөн дээр зогсож байсан 23 настай, хохирогч Б.Сийг тээврийн хэрэгслийн жолооч талын хойд хэсгээр мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Тодруулбал: Жолооч Х.Н нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Т.Сийг автомашинаар мөргөж, амь насыг хохироосон нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2-д “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна.

Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Х.Н нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй байна. 

Гэтэл шүүгдэгч Х.Н нь 2021 оны 1 сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, мөстэй, халтиргаатай, аюул, эрсдэл ихтэй замын нөхцөлд хөдөлгөөн эхлэхээс өмнө орчны байдлыг биеэр шалгаж, аюул осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангахгүйгээр хайхрамжгүй хандан, мөн тухайн нөхцөлд тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулахгүйгээр, автомашинаар мөсөн дээр дрифт хийж, аюултай нөхцөл байдал үүсгэсэн нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон нь хэргийн 92-93-р талд авагдсан, эрх бүхий шинжээч Б.Мэндбаяр, С.Ергалы нарын дүгнэлтээр бүрэн нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн  тухайн осол гарах үед Х.Ны жолоодож явсан ***** ОРХ улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь осол гарахад нөлөөлөхүйц эвдрэл, гэмтэлгүй, техникийн хувьд бүрэн бүтэн байсан, ослын улмаас уг тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы хаагдах хэсэг, мөн хаалга ба хойд гэрлийн хоорондох хэсэг хонхойж дотогш орсон, хаалганы бариулын доод хэсгээр хонхойж, замаск нь ховхорч унасан болохыг эрх бүхий техникийн шинжээч Б.Женис тогтоож, 2021 оны 1 сарын 19-ний өдөр 06 дугаартай дүгнэлт гаргасан нь хэргийн 82-83-р талд авагдсан байна.

Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Т.Сийн цогцост гавал тархины битүү гэмтэл хүнд зэргийн няцралт, тархины орой болон суурь ясны баруун талд хугаралттай/баруун талын чамархай ясны хөхлөг сэртэнг дайрсан цөмөрсөн хугаралттай/, тархины эдийн няцралт, тархины хатуу хальсны баруун хэсэг, зөөлөн хальсны доор цус хуралттай, цусан хураатай бага тархинд цэгчилсэн цус хуралттай, хавагнасан, хажуугийн ховдлууд цус хуралттай, шок, тархины дарагдал, няцрал, хаван, тархины эдэд эрс цус дүүрэлт, тэжээл хувирал. баруун гайморын хөндийд дотор гадна доод хана бутарч хугарсан, духны ясны баруун талд нүдний аяганы дээд хэсгээр цуурч хугарсан, гавлын яс ухархай, нүүр яс хамрын яс хугарсан, баруун талын хацар хугарсан, цээж, хэвлийн битүү гэмтэл. хоёр уушигны гадна талд дээд болон дунд сегментид няцарсан цус хуралттай. баруун элэгний гадан талд няцарсан цус хуралттай, баруун нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун дээд зовхины баруун хажуу талд шархтай, духны баруун хэсэг баруун чамархай орчим зулгаралттай, баруун хацарт зулгаралттай, хамрын нурууны баруун талд шархтай, зүүн гуяны урд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн гуяны дотор хажуу талд цус хуралттай, баруун өвдөгний урд хэсэгт шархтай зэрэг гэмтлүүд учирсан байх ба амь хохирогч нь тархины битүү хавсарсан хунд гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон,

Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед буюу автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэх боломжтойг шинжээч мөн тогтоосон байх тул шүүгдэгч Х.Ны Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчин аюултай нөхцөлд байдалд дрифт хийж,  зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Х.Ны  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 1.5, 10.1, 12.1-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

Тодруулбал шүүгдэгч Х.Н нь халтиргаа, гулгаа ихтэй мөсөн дээр автомашинаар дрифт хийж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын амь насыг  болгоомжгүйгээр хохироосон байна.

Шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч Т.Сийн амь нас хохирсон үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байна гэж шүүх  үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон” шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч Х.Нд холбогдуулан үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.

Иймд шүүгдэгч Х.Ныг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг нэг хүний амь насыг хохироож үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч Х.Ны авто осол гаргасан үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон байх тул түүнийг гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Н нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол буюу эмчилгээ, оршуулгын зардалд  амь хохирогч Т.Сийн ар гэрт 8.500.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.ТТийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “Нэгэнт миний охин найз нөхөхтэйгөө явж байгаад золгүй байдлаар амь насаа алдсан тул Наас нотлох баримтгүй, үндэслэлгүй хохирол нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд надад цаашид нэхэмжлэх  хохирол төлбөр байхгүй, бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэж мэдүүлснийг үндэслэн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Наас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.ТТэд олгох хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Ны үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Х.Н нь хувийн байдлын хувьд 2000 оны 11 сарын 12-ны өдөр төрсөн, 20 настай,урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 6, аав, ээж дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын** дугаар багийн *** тоотод оршин суудаг, төлөв даруу зантай иргэн болох нь хэргийн 161-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 163-164-р талд авагдсан багийн засаг даргын тодорхойлолт,167-р талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Х.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан ” гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Х.Н нь автомашинаар мөсөн дээр дрифт хийхээр урьдаас төлөвлөж, найз нөхдийн хамт Толбо нууранд очсон байх боловч гаргасан ослын хувьд тухайн үед гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийг Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, амь хохирогч Т.С нь эмнэлэгт 5 хоног эрчимт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан, амь хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд 8.500.000 төгрөг төлсөн зэрэг нь нотлогдсон байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эдгээрийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Х.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад  биечлэн эдлүүлэх санал, дүгнэлтийг,

Хохирогч Е.ТТ болон түүний өмгөөлөгч Т.Б нар нь шүүгдэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул шүүгдэгч Х.Ныг хорихгүйгээр тэнсэж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Ны өмгөөлөгч Х.Б эрүүгийн хариуцлагын хуралдаанд “Х.Н нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан, өөрийнх нь болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсонд маш их харамсаж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.ТТ нь Х.Ныг өөрийн хүүхэдтэй адилхан хүүхэд гэдэг утгаар нь уучилж, хойч ирээдүйг нь бодож, гомдол саналгүй гэдгээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд удаа дараа илэрхийлж байгааг шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэхийг хүсэж байна. Түүнчлэн Х.Н нь энэ жил 20 настай, дөнгөж амьдралын гараагаа эхэлж байгаа залуу хүн бөгөөд анх удаа алдаа гаргаж, ийм асуудалд холбогдсон байна. Ийм учраас шүүхээс Х.Нд алдаагаа ойлгож ухаарах боломж олгож, хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, Х.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан нөхцөлүүдийг Х.Н бүгдийг нь хангаж байгаа” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Шүүгдэгч Х.Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, амь хохирогчийн ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэн гэмшсэн сэтгэлээ илэрхийлж 8.500.000 төгрөг төлсөн, хэдийгээр энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ их байгаа ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.ТТ нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг учраас ямар нэгэн гомдол саналгүй, шүүгдэгч Х.Н нь насны хувьд дөнгөж 20 гарч яваа залуу хүн тул шүүхээс түүнд алдаагаа ойлгож ухаарах боломж олгож, хорих ял оногдуулахгүй байхыг хүсье” гэж мэдүүлсэн байна.

Гэмт хэрэг үйлдэж, бусдад гэм хор учруулсан этгээд хийсэн хэргийнхээ төлөө заавал цээрлэл амсах нь шударга ёсны зарчимд нийцэх хэдий ч нөгөө талаасаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлуулахгүйгээр нийгэмд нь хүмүүжүүлэх нь эрүүгийн хариуцлагын бас нэг зорилго юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүгдэгч Х.Ны холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд нэгэнт хууль тогтоогчоос “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” нөхцөл хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх эрх олгосон зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлжээ.

Дээрх хуулийн зохицуулалтын агуулга нь гэмт хэргийн хор уршиг, үр дагавар их бага байхаас үл шалтгаалан хөнгөн ангиллын гэмт хэрэг бүрт хуульд заасан тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд шүүхээс уг заалтыг хэрэглэх боломжтойг илэрхийлж байна.

 Өөрөөр хэлбэл хөнгөн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар гарсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг огт хэрэглэхгүй байх хориглосон агуулгатай зохицуулалт хуульд байхгүй бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал, гомдол зэргийг харгалзан шүүх болгоомжгүйгээр үйлдэгдсэн хөнгөн ангиллын энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, гэмт этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмд нь хүмүүжүүлэх, төлөвшүүлэхээр шийдвэрлэх боломжтой байна.

Нөгөө талаар нэгэнт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан” гэж үзэж гомдол саналгүй гэдгээ илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан” гэх урьдач нөхцөл хангагдсанд тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.ТТийн хүсэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бий саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Ны хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.ТТийн “Шүүгдэгч Х.Ныг хорихгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлт зэрэгт үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар Х.Ны тээврийг хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Нд тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолохыг дурдаж, шүүгдэгч Х.Ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Х.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор хохирол, төлбөр гаргуулж шийдвэрлээгүй тул түүний өмчлөлийн 00-67 БӨН улсын дугаартай, Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 3 сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт хураагдаж ирсэн шүүгдэгч Х.Ны жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Н.Болатбекэд даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Х-йн Ныг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Нд тэнсэгдсэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.Н нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүх ердийн журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар Х.Нд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн энэхүү шийтгэх тогтоолд хяналт тавихыг  оршин суугаа газар болох Баян-Өлгий аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Х.Н нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.ТТэд төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Х.Ны  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт  Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Болатбекэд даалгасугай.

9. Шүүгдэгч Х.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шүүгдэгч Х.Ны өмчлөлийн 2007 онд Японд үйлдвэрлэгдсэн, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Монголд орж ирсэн, 8.500.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, 00-67 БӨН улсын дугаартай,  Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 3 сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.Б