Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0803/3 |
Дугаар | 221/МА2023/0142 |
Огноо | 2023-03-07 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2023/0142
Б, Лнарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б
Нэхэмжлэгч: Б, Лнар
Хариуцагч: Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд: “ХХБ” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: "Б, Лнарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Парк вью хотхон 751 дүгээр байр *** тоот 109.98 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б, Лнарын нэр дээр гаргуулахыг даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 875 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0803/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 875 дугаар шийдвэрээр:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б. Лнарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан "Б, Лнарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Парк вью хотхон 751 дүгээр байр *** тоот 109.98 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б, Лнарын нэр дээр гаргуулахыг даалrax"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ээс: Б, Лнарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Парк вью хотхон 751 дүгээр байр *** тоот 109.98 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б, Лнарын нэр дээр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2.1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын холбогдох заалтуудыг үндэслэсэн байдаг.
2.2.Нэхэмжлэгчээс барьцааны гэрээнээс чөлөөлүүлье, хэсэгчлэн хүчингүй болгуулъя гэж маргаагүй. Зөвхөн бүртгэхгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох юм.
2.3.Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоолоор 2009 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна гэж заасан барьцааны хөрөнгийг бусдын эзэмшилд шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хүчингүй болгосон. Мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6 дах хэсэг ч агуулгаараа ижил тул тус цэцийн тогтоолоор хүчингүй болгосон байна.
2.4.Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглодог. Төр, түүний эрх бүхий байгууллага нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан байтал хариуцагч Монгол Улсын Үндсэн хууль дахь иргэний суурь эрхийг зөрчсөн байна. Худалдаа хөгжлийн банкнаас ямар нэгэн зөвшөөрөл авч байгаа нь өөрөө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох буюу хуулийн этгээдүүд банканд гэрээний нэг талд давуу байдал олгосон байна гэдэг үндэслэлээр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийг хүчингүй болсон.
2.5.Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг харахад 2018 оны Засгийн газрын Эд хөрөнгийн бүртгэл хөтлөх журмыг ярьж байна. Энэ журмын 2, 10.7 дах хэсгүүдийг ярьж байх боловч 10.7 дахь заалт нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг бүхэлдээ зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн 2017 онд гарсан дүгнэлтэд мөн тусгасан байтал хуулиас давсан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн журмыг үндэслээд татгалзаж байгаа нь хууль бус, шилжсэн үйлдлээсээ үл хамаараад ямар нэгэн байдлаар банкны барьцаа хөндөгдөхгүй. Нэхэмжлэгч нар энэ нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа. Бид зөвхөн өөрийнхөө нэр дээр гэрчилгээ гаргуулах хүсэлтэй. ЖГГ ХХ банканд зээлийн төлбөрөө төлөхгүй бол нэхэмжлэгч нар болон бусад захиалагчид үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдгийг бүгд мэдэж байгаа. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэрүүд ч гарч байгаа. Өмчлөгчөөр тогтоож шийдвэрийн агуулга нь нэхэмжлэгч нар бол өмчлөгч байна. Гэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлээр хязгаарлагдсан эд хөрөнгийн өмчлөгч болно. Таны орон сууц захиалгаар бариулах гэрээ хийсэн гүйцэтгэгч компани зээлээ төлөхгүй бол таны орон сууцаар зээлийг барагдуулна гэдэг үр дагавар бүхий шүүхийн шийдвэр.
2.6.Эсрэгээрээ нэхэмжлэгч нар банкнаас энэ төлбөрөө гаргуулж болно. Эсхүл орон сууцанд ногдох зээлийн төлбөрийг банканд төлөөд энэ төлбөрөө төслийг хэрэгжүүлсэн ЖГ группээс гаргуулж болно гэсэн агуулгатай. Энэ шүүхийн шийдвэрт Жигүүр гранд группээс болоод Худалдаа хөгжлийн банкнаас энэ шийдвэрт ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Өмчлөгчөөр тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болчихсон байгаа. Үл хөдлөх хөрөнгийн хөдлөх журмын 2.8, 10,7-д тус тус заасан хэсгүүд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Бүртгэлийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтууд, хэм хэмжээнүүдийг зөрчсөн. Энийг бүртгүүлж даалгаж шийдсэнээр хариуцагчид болоод банкны ямар нэгэн эрх ашиг хөндөгдөхгүй юм. Үл хөдлөх эд хөрөнгөөс нэхэмжлэгч нар 109.98 м.кв хасуулах гээд, барьцааны гэрээг хүчингүй болгох байгa зүйл биш. Эдийн засгийн эргэлтэд оруулбал үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ,итгэмжлэл гэхээр улсын бүртгэлийн гэрчилгээ заавал шаардагддаг. Нэхэмжлэгч иргэдийг мэдэхгүйгээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжтой болоод байна.
2.7.Хэрвээ ЖГ группийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүх шийдчихвэл нэхэмжлэгч нар шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцох ямар ч боломжгүй болно. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарчихвал бие даасан буюу гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гэдэг үүднээс эрх ашгаа хамгаалаад холбогдох зээлийнхээ төлбөрөө төлөөд барьцаанаас чөлөөлүүлж, эргээд Жигүүр гранд группээс шаардах боломжууд байгаа. Зөвхөн бүртгэл хөтлөх журмын дагуу барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй гэдэг үндэслэлээр л татгалзсан байгаа нь үндэслэлгүй юм. Өөр бусад бүрдүүлбэр, хаягжилтын лавлагаа үл хөдлөх хөрөнгийн фото зураг, гэрээ, үйлчилгээний хураамжууд дутуу гэдэг үндэслэлээр татгалзаагүй. Бүртгэсэн ч гэсэн ХХ банкны эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөхгүй барьцаа үргэлжлээд явах боломжтой.
Гэтэл анхан шатны шүүхээс хуулиас давсан журмыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Б. Лнараас "Б, Лнарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Парк вью хотхон 751 дүгээр байр ***тоот 109.98 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б, Лнарын нэр дээр гаргуулахыг даалrax” нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргажээ.
3.Нэхэмжлэгч Б, Лнар нь “ЖГГ” ХХК-тай ***А тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”[1] 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “ПВ” орон сууцны барилгын 1 дүгээр байр 4 давхар *** тоотод байрлах 3 өрөө 109.98 м.кв талбай бүхий орон сууцанд 245,475,360 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, “ЖГГ” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
4.Улмаар “ЖГГ” ХХК нь “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтад оруулсан орон сууцны зориулалттай “П В” хотхоны 751-р байрны 4 давхрын *** тоот буюу 109.98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хөрөнгө оруулалтын гэрээ хийж захиалгаар бариулсан иргэн Б, Лнар нь манай компанитай тооцоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгож өгнө үү.” гэсэн 21/624 албан бичгийг[2] 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан гаргажээ.
5.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 620 дугаар шийдвэрээр Б, Лнарыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Пв” хотхон 751 дүгээр байр *** тоот 109.98 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэжээ[3].
6.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийг бүртгүүлэхээр 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргахад “ХХБ” ХХК-д барьцаатай байх тул хэсэгчлэн чөлөөлсөн албан бичиг хавсаргах шаардлагатай” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан талаарх мэдэгдлийг[4] гаргажээ.
7.Нэхэмжлэгчээс улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэн маргаж буй үндэслэлээ “...бүртгэхгүй байгаа үйлдэл нь хууль бус,...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан барьцааны хөрөнгийг бусдын эзэмшилд шилжүүлэхтэй холбоотой зохицуулалт нь Үндсэн Хуулийн Цэцийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоолоор хүчингүй болсон. Хуулиас давсан журмыг үндэслээд татгалзаж байгаа нь хууль бус” гэж маргадаг.
Харин хариуцагчаас “...үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана гэж хуульд заасан. Нэхэмжлэгч нар нь үүрэг ногдуулсан хэлцэл хийсэн этгээдийн зөвшөөрлийг мэдүүлэгт хавсаргаагүй, хуульд заасан бүрдүүлбэрийг бүрэн хангаагүй тул бүртгэхээс татгалзсан...” гэж маргажээ.
8.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “ЖГГ” ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17/120 дугаартай албан бичгээр “...5771.06 м.кв талбайтай барилга нь 45 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргаж[5] улмаар Ү-2** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ[6] авч, мөн “ЖГГ” ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18/443 дугаар албан бичгээр “...85 хувийн гүйцэтгэлтэй болсон тул гэрчилгээ гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж[7], Ү-2*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг дахин “ЖГГ” ХХК-ийн нэр дээр авчээ.
9.“ЖГГ” ХХК-иас ЗГ/149 дүгээр зээлийн гэрээг “ХХБ” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулж,[8] үүний дараа 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ/149-01 дугаартай зээлийн нэмэлт гэрээ[9], 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №ЗГ/149-02 дугаар зээлийн нэмэлт гэрээ[10], 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ/149-4 дугаар зээлийн нэмэлт гэрээг[11] байгуулсан байх бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЗБ/149-21 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ[12], 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №149-21-1 дугаартай барьцааны нэмэлт гэрээг[13] тус тус байгуулсан талаарх бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
10.“ХХБ” ХХК-аас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 7-494 тоот албан бичиг, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 7-494/641 тоот албан бичиг[14], 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 7-494/664 тоот албан бичгүүдээр[15] маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж байжээ.
11.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана:”, 11.1.4-т “эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар”, 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, 11.9-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” гэж тус тус заажээ.
12.Дээрх хуулийн заалтаас үзвэл, нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 620 дугаар “Б, Лнарыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ПВ хотхон 751 дүгээр байр *** тоот 109.98 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн” шүүхийн шийдвэрийг үндэслэж, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан байна.
13.Энэ тохиолдолд нэхэмжлэгч нар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх үүссэн байх тул өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл хийлгэх нөхцөл үүссэн гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэрийг хавсаргасан байх тусгай шаардлагыг анхаарах нь зүйтэй.
14.Мөн хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээд болох “ХХБ” ХХК-д энэ тухай бичгээр мэдэгдэх үүргийг дээрх хуулиар хүлээсэн атал тус үүргээ хэрэгжүүлэлгүйгээр “...барьцаатай байх тул хэсэгчлэн чөлөөлсөн албан бичиг хавсаргах...” шаардлагатай гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцээгүй байна.
15.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ” гэж зааснаас үзвэл барьцааны хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх ба барьцааны зүйлийг бусдад шилжүүлсэн нь барьцааг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд уг бүртгэлийн улмаас барьцаалагч “ХХБ” ХХК-ийн эрх хөндөгдөхгүй.
Учир нь энэхүү хуулийн зохицуулалтаар өмчлөгч нь солигдсоноор барьцааны гэрээ өөрчлөгдөхгүй тул барьцаалагчийн эрх хамгаалагдсан гэж үзэхээр байна.
16.Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 6.5-д “Шүүх, арбитрын шийдвэр, албадан дуудлага худалдаа, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.5, 11.6-д заасан журмыг баримтална” гэж, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.1-д “улсын бүртгэгч нь ..., үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус заажээ.
17.Иймд нэхэмжлэгч Б, Лнарыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Пв хотхон 751 дүгээр байр *** тоот 109.98 м.кв орон сууцны өмчлөгч болохыг иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон байхад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсан нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзэхээр байх тул "Б, Лнарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Пв хотхон 751 дүгээр байр *** тоот 109.98 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б, Лнарын нэр дээр гаргуулахыг даалrax нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3, 11.9-д заасныг тус тус баримтлан Нэхэмжлэгч Б. Лнараас Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан "Б, Лнарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Пв” хотхон 751 дүгээр байр *** тоот 109.98 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б, Лнарын нэр дээр гаргуулахыг даалrax нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтаст 9-15 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 17 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас 33-38 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 24-25 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 62 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 94 дэх тал
[7] Хэргийн 1-р хавтас 96 дахь тал
[8] Хэргийн 1-р хавтас 187 дахь тал
[9] Хэргийн 1-р хавтас 190-191 дэх тал
[10] Хэргийн 1-р хавтас 192-193 дахь тал
[11] Хэргийн 1-р хавтас 195-196 дахь тал
[12] Хэргийн 1-р хавтас 149-150 дахь тал
[13] Хэргийн 1-р хавтас 201-202 дахь тал
[14] Хэргийн 1-р хавтас 155 дахь тал
[15] Хэргийн 1-р хавтас 185 дахь тал