Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 370

 

Б.Чулуунбатын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Б.Чулуунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэртэй, Б.Чулуунбатын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.4, 70.5.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Чулуунбатын “Улсын Их Хурлын сонгуулийн 54 дүгээр тойрогт сонгуулийн дүн гаргасан Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, С.Жавхланд Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын сонгуулийн 54 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чулуунбатын “Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас С.Жавхланг хасуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Чулуунбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Сонгуулийн тухай хууль тогтоомжийг буруу хэрэглэж, нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.4-т заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэл гаргасаар байтал давж заалдах шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээж авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иргэн Б.Ганбаатарын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан С.Жавхланг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн жагсаалтаас хасах хууль зүйн бүрэн үндэслэлтэй гомдлыг Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн тухай хуулийн 131.1-д “нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу шийдвэрлэж, С.Жавхланг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс хасч, нийтэд мэдээлэх ёстой байсан. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо ингэлгүйгээр хууль зөрчсөн эс үйлдэхүй гаргасан юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос иргэн Б.Ганбаатарын гомдлыг хууль зүйн дагуу шийдвэрлээгүй энэхүү эс үйлдэхүй нь нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Сонгуулийн тухай хуулийн 111.4-т заасны дагуу 4 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болохоос биш шүүхийн шийдвэрт дурдсан Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 127 дугаар тогтоолтой ямар ч хамааралгүй юм. Мөн шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн хариуцагчийн тайлбар нь нэхэмжлэлийн үндэслэлтэй ямар ч хамааралгүй байтал шүүх үүнийг хүлээн авч шийдвэрлэсэн нь нэг талыг хэт барьсан шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байна.

Сонгуулийн тухай хуулийн 131.1-д заасан зохицуулалт нь нэр дэвшигчийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнийг тогтоохтой ямар ч холбоогүй бөгөөд гагцхүү Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйл буюу нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлүүдтэй хамааралтай заалт юм. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг нягталж үзэлгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Миний бие Сонгуулийн ерөнхий хорооны хууль зөрчсөн үйл ажиллагаанд Сонгуулийн тухай хуулийн 111.4-т “сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас эрх, эрх чөлөө, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд нь доор дурдсан журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг буруу хэрэглэж, хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж миний эрхийг дахин зөрчлөө.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 115.2-т заасныг удирдлага болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2-т заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгчийн “...нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас С.Жавхланг хасуулах” шаардлагын тухайд:

Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 127 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 54 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн С.Жавхланг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосон байна.

Нэхэмжлэгч Б.Чулуунбат нь дээрх тогтоол гарахаас өмнөх үйл баримт буюу С.Жавхлангийн Т.Баясгалантай хамтарч 2016 оны 3 дугаар сард зохион байгуулсан “Илгээлтийн эзэд” нэртэй хандивын урлагийн тоглолт, үүний орлогоор авсан эд зүйлээ бусдад өгч тараасан нь Сонгуулийн тухай хуулийн 70.1.1, 70.1.4, 70.5.10-т заасан ...мөнгө эд зүйл тараах, нийтийг хамарсан урлагийн тоглолт зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан... сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд... хүнсний болон эд зүйл төлбөргүй тараах... гэсэн зөрчил, уг зөрчил нь С.Жавхланг “нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах” үндэслэл гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Чулуунбат нь Улсын Их Хурлын сонгуулийн 54 дүгээр тойрогт нэр дэвшиж, өрсөлдсөн ба С.Жавхлангийн “зөрчил гаргасан” гэх асуудлаар эрх бүхий байгууллагад өргөдөл, мэдээлэл гаргаагүй, иргэн Б.Ганбаатарын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан өргөдөлд Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 205 дугаартай албан бичгээр харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад хандахыг мэдэгджээ.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээдэд сонгогчдын саналыг татах зорилгоор хориглох үйлдэл, үйл ажиллагаа /хууль бус сурталчилгаа/-г заасан ба зөрчлийн талаар өргөдөл, мэдээллийг хаана гаргах, ямар байгууллага шалгах, зөрчлийг тогтоох, хянан шийдвэрлэх харьяаллыг мөн хуулийн арван тавдугаар бүлгийн дөрөвдүгээр дэд бүлэгт тусгайлан зохицуулсан байна.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 131.2-т “нэр дэвшигч энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж зааж, нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах 2 өөр үндэслэл, журмыг зохицуулсан ба 3 дугаар зүйлийн 3 3.1.7-д “...“сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” ойлгоно гэжээ.

Үүнээс үзэхэд, нэр дэвшигчийн гаргасан гэх Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчсөн зөрчлийг шүүх тогтоосон, уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон нөхцөлд нэр дэвшигчийг “нэрийн жагсаалтаас хасах” хууль зүйн үндэслэл бүрдэх юм.

Иймд, Сонгуулийн ерөнхий хороо нь С.Жавхланг “нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах” эрх зүйн үндэслэлгүй тул ийм шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль ёсны тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой байжээ.

Харин шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад буруу дүгнэлт хийж, нэхэмжлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 127 дугаар тогтоолтой маргаагүй байхад энэ тогтоолын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж уг шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй болсон байна.

2. Нэхэмжлэгчийн “Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 236 дугаар тогтоолыг хүчингүй болгох, УИХ-ын сонгуулийн 54 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлагын тухайд:

Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох, түр үнэмлэх олгох тухай” 236 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2, 133.4, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасныг тус тус үндэслэн УИХ-ын сонгуулийн 54 дүгээр тойрогт нэр дэвшиж, сонгогчдын хамгийн олон санал авсан С.Жавхланг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, гишүүний түр үнэмлэх олгосон байна.

Сонгуулийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “сонгуулийн дүн гарсны дараа буюу нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхээ авсны дараа энэ хуулийн 131.2-т заасны дагуу нэрийн жагсаалтаас хасагдсан бол Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно”, 132 дугаар зүйлийн 132.3-т “нэр дэвшигч нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх нь хүчингүйд тооцогдсон бол дахин сонгууль явагдана” гэж тус тус заажээ.

Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 236 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, гишүүний түр үнэмлэх авсан С.Жавхланг Сонгуулийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасны дагуу “нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах”-гүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй учир Сонгуулийн тухай хуулийн 131.3, 132.3-т заасан эрх зүйн үр дагавар бий болохгүй, нэхэмжлэгчийн уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...нэхэмжлэлийн агуулга, үндэслэлтэй ямар ч хамааралгүй Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 127 дугаар тогтоолоор дүгнэлт хийсэн, зөрчлийг тогтоохтой холбоогүй Сонгуулийн тухай хуулийн 131.1-ийг хэрэглэсэн” гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй боловч энэ нь нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл биш юм.

Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 ба 2 дахь заалтыг нэгтгэж, “1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.1, 131 дүгээр зүйлийн 131.2, 131.3, 132 дугаар зүйлийн 132.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Чулуунбатын гаргасан “С.Жавхланг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасуулах,Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 236 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Улсын Их Хурлын сонгуулийн 54 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлаж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэ тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ         

 ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ