Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/432

 

 

 

 

 

 

 

 

 

    2021          05          14                                    2021/ШЦТ/432

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: С.Хонгорзул,

улсын яллагч: Ж.Отгончимэг,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох 2108000000000  дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984.12.01-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, бичиг үсэг мэддэг гэх, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа гэх, ам бүл 1, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо Консулын 0-000 тоотод оршин сууж буй гэх, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЦБ00000000/ Боржигон овогт Дгийн Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 23-9 тоотод бусадтай архидан согтуурч Г.Мыг хамтран амьдрагч Г.Бтэй хардаж маргалдан улмаар хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Цагдаагийн байгууллага “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 23-9 тоотод Гын М бусдад хутгалуулсан” гэх гомдол мэдээллийг 2021.01.14-ний өдрийн 22 цаг 00 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7/,

-Хохирогч Г.Мын: “...Баатархүү, Лхагвасүрэн, Батчимэг, Б нарын хамт 0.75 литрийн архи хувааж уусан архи ууж дуусаад дэлгүүрээс нэмж архи ууя гээд Б, Баатархүү, Лхагвасүрэн нар дэлгүүр явсан. Батчимэг бид хоёр гэрт үлдсэн. Би ядраад орон дээр хувцастайгаа хэвтсэн. Удалгүй гаднаас Б орж ирсэн ба эхнэрээ миний хажууд хэвтэж байхыг хараад авгай руугаа “я..н,  г..ий” гээд дайраад байхаар нь би Бод хандаж “эмэгтэй хүнийг болиоч” гэж хэлэхэд Б намайг “ална” гэхээр нь би “чам шиг юмны хаана цохих юм цаашаа бай” гэж хэлэхэд “чамайг ална” гээд зурагтын тавиур дээр байсан хар иштэй хутгыг шүүрч аваад миний зүүн гуяны дотор талд өвдөгний дээд хэсэгт мөн зүүн ташааны орчим тус бүр нэг удаа гартаа барьсан хар иштэй хутгаар хутгалсан. ...” гэх мэдүүлэг /хх-18, 21/,

-Гэрч Б.Лгийн: “...би Г.М, Г.Б, Э.Б, ******* нартай хамт 0.75 литрийн 2 шил архи хувааж ууж байгаад нэмж архи авч, хоол идэхээр хоорондоо ярилцаад *******, Э.Б бид гурав дэлгүүр явсан. Гэрт Г.Б, Г.М нар үлдсэн. Дэлгүүр ороод архи аваад бэлэн гоймон гэдэс аваад буцаад ирсэн чинь ******* түрүүлж байшин руу орсон, араас нь Э.Б бид хоёр бие засаад орсон. Байшинд ороход Г.М, Г.Б хоёрыг хамт орон дээр хэвтэж байсан гээд Б, Г.М луу уурлаад хардаад байсан, би нэг их тоогоогүй гэнэт ******* хар өнгийн иштэй хутга зурагтын тавиур дээрээс шүүрч аваад Г.Мыг хөл рүү нь хутгалчих шиг болохоор нь “болиоч ээ” гэж хэлэхэд ******* хар иштэй хутгаа газар хаясан. Баатархүү бид хоёр Г.Мын шархыг харахад зүүн гуя, ташаа орчмоос хоёр газар цус гарч байсныг *******, Г.Бтэй хамт орны дэвсгэр даавуугаар боож өгсөн. Тухайн үед ******* хар иштэй хутгаар Г.Мын хөлд хоёр удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-23/,

-Гэрч Э.Бгийн: “... Гэнэт ******* хар өнгийн иштэй хутга зурагтын тавиур дээрээс шүүрч аваад Г.Мыг хутгалчих шиг болсон. Г.М газар суусан, ******* хар иштэй хутгаа газар хаясан, би шархыг хараад цус гарч байна уу гээд Г. Мын шархыг харахад зүүн хөлийн өвдөгний дээд хэсэгт ташаа орчмоос хоёр газар цус гарч байсныг *******, Г.Бтэй хамт орны дэвсгэр даавуугаар боож өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-25/,

-Гэрч Г.Бийн: “... М бид хоёр гэрт үлдсэн. Архи уусан байсан болохоор нойр хүрээд Мын хажууд хэвтэж байхад гаднаас Б орж ирээд бид хоёрыг хардаад намайг “я..н” гээд дайраад байсан. Тухайн үед М бид хоёр хувцастайгаа хэвтэж байсан, юу ч болоогүй байхад М над руу дайраад байхаар нь Быг “болиоч п...а минь би танай авгайгаар яадаг юм” гэж хэлэхэд “чамайг ална” гээд зурагт тавьдаг зурагтын суурь дээрээс хар иштэй хутга шүүрч аваад Мын зүүн хөл ташаа орчим хөл рүү нь хутгаар хутгалчихсан. Мын унтдаг орны хэрэглэлээр шархыг дарж өгөөд түргэн дуудахад Б гараад зугтаасан. ...” гэх мэдүүлэг /хх-29/,

- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021.02.03-ны өдрийн 1138 дугаартай: Хэсэг газрын үзлэгээр: Зүүн гуяны урд дунд гадаргууд 4х4см барзгар тав тогтож эдгэрч эхэлсэн шархтай. Зүүн ташаанд зах ирмэг нь тэгш, оёдлын ором бүхий идээлж үрэвссэн шархтай. Зүүн гуяны ар доод гадаргууд 0,1х0,1см дугуй цэгэн шалбаралттай, уг шалбаралтыг тойроод 21х10см талбайд хөх ягаан цус хуралттай. ГССҮТ-д үзүүлж оёдол тавиулсан гэх. Дүгнэлт: “...Г.Мын биед зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-38-39/,

- шинжээч Б.Дгийн: “...Дээрх дүгнэлтэд заасан гэмтлүүд нь тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-62-63/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний 21 цагийн орчимд хамтран амьдрагч Г.Бтэй “хамт хэвтэж байсан” хэмээн хардаж маргалдан улмаар иргэн Г.Мыг хутгалан бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь түүний яллагдагчаар өгсөн “... Гэрт орж ирэхэд орон дээр Г.Б, Г.М нар тэврэлдээд хэвтэж байхаар нь би Мт хандаж “арай давраад байгаа юм биш үү” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би Г.Б, Г.М хоёрыг хардаад зурагтын хажууд тавиур дээр байсан хар иштэй хутга аваад уг хутгаар Г.Мын зүүн хөлийн өвдөгний дээд хэсэгт нэг удаа хутгаар хатгасан. ...Г.Мын надад хутгаар хатгуулсан хэсгээс цус гарахаар нь би орны цагаан хэрэглэлээр шархыг нь боож өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-60/ болон дээр дурдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Г.Мын бие махбодид “зүүн гуянд шарх, цус хуралт” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь шинжээчийн 2021.02.03-ны өдрийн 1138 дугаар дүгнэлт /хх38-39/, шинжээчийн мэдүүлэг /хх-62-63/ баримтаар нотлогдсон байна. Хохирогч нь “Гомдолтой байна. Одоогоор баримт байхгүй ч 1 сая төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн /хх-21/ боловч нэхэмжлэлийг нотлох баримт гаргаж өгөөгүй, хохирогч 2021 оны 3 сарын 14-ний өдөр хавтаст хэргийн материалтай танилцаад санал хүсэлт гаргаагүй /хх-88/ байна.

Иймд иргэний нэхэмжлэлийг нотлох баримт гаргаж өгөөгүйн улмаас шүүх дүгнэлт гаргах боломжгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр 2 удаа ял шийтгүүлж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор ******* нарыг бусдын 72900 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, *******од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар баримтаар /хх-73, 90-91/,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1215 дугаар шийтгэх тогтоолоор ******* нарыг бүлэглэн бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг чага дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, тус шүүхийн шүүгчийн 2015.11.06-ны өдрийн 188 дугаар захирамжаар *******ын эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 4 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, үлдэх 2 жил 7 сар 4 хоног хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 817 дугаар магадлалаар шийтгэх тогтоолд “******* нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сар хорих ялаар шийтгэх, уг ялаас 2 жилийг өршөөн хасаж үлдэх 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх” өөрчлөлт оруулсан, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.06.22-ны өдрийн 09 дүгээр захирамжаар *******ын эдлээгүй үлдсэн 3 сар 8 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, нэн даруй суллахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, давж заалдах шатны шүүхийн мэдэгдэх хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт баримтаар /хх-73-83, 92-95/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2006 онд хүндэвтэр гэмт хэрэгт шийтгүүлж, шүүхээс хорих ялыг тэнссэн хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй тул уг гэмт хэрэгт ялгүй болсны дараа 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д заасан гэмт хэрэгт шийтгүүлж, 2016 оны 10 сарын 1-нээс хойш Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ялгүй болох 8 жилийн хугацаа тоологдож байгаад 2021 оны 1 сарын 14-ний өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг шинээр үйлдсэнээр уг хугацаа тасарсан байна. Иймд *******ыг ялтайд тооцох үндэслэлтэй байна.

Гэвч *******ын сүүлд үйлдсэн хэрэг нь өмнөх хэргүүдээс төрөл, ангиллын хувьд өөр гэмт хэрэг байх тул түүний ялтай байдлыг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэлдээ ахуйн хэрэглээний хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Улсын яллагчаас *******од 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргалаа.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцож байгаа бөгөөд шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд амбулаторийн карт гаргаж өгснийг судалж үзэхэд  2020 оны 5 сарын 6-наас 13-ны өдөр хүртэл хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, эмнэлгээс гараад цаашид харьяа дүүргийн нефрологийн эмчийн хяналтад байх зөвлөгөө өгч гаргасан, мөн 2021 оны 3 сарын 10-наас 17-ны хооронд архины шалтгаант нойр булчирхайн архаг үрэвсэл сэдрэлийн үе,  архины хордлого оношоор хэвтэж эмчлүүлсэн, цаашид өрхийн эмчийн хяналтад гаргасан, Евро-эм БГБХН-ийн эмч Г.Гантуул “Нойр булчирхай үрэвсэл, сэдрэлийн үе оношоор өрхийн эмчийн хяналтад байдаг нь үнэн болно” гэж тодорхойлсон болох нь тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь дээрх оношийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгоогүй боловч эрүүл мэндийн хувьд нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх чадваргүй болох нь амбулаторийн карт, төрсөн эх Ц.Туулын гэрчээр өгсөн “Эрүүл мэндийн хувьд их бие султай, бөөрний дутагдалтай, элэгний хатууралтай, бөөр нь их өвддөг” гэх мэдүүлэг /хх-33/, хойт эцэг Г.Бямбасүрэнгийн гэрчээр өгсөн “эрүүл мэндийн хувьд бөөрний дутагдалтай, элэгний хатууралтай, их бие султай, одоо Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа” гэх мэдүүлэг /хх-31/, хадам эх П.Эрдэнэчимэгийн гэрчээр өгсөн “******* элэг, бөөр муутай, ер нь бие султай хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-27/ баримтаар нотлогдож байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан *******од Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгч *******ын орлого тодорхойгүй байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтлоо.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа “26 см урттай, хар өнгийн иштэй” хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч Г.М, гэрч Б.Л, Э.Б, Г.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг устгуулахаар шүүхийн Тамгын газарт шилжүүлэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дгийн Бод 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ыг торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөг төлүүлэх байдлаар 3 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Г.Мын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г.М нь эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч *******ын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******од урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хар иштэй 1 ширхэг хутгыг шүүхийн Тамгын газарт хүлээлгэн өгч, баримтыг *******од холбогдох 2108002230295 дугаартай хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Сд даалгасугай.

9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солино гэдгийг *******од мэдэгдсүгэй.

11. Шүүгдэгч *******ын амбулаторийн картны нүүр хэсгийг сүүлийн 10 хуудасны хамт хуулбарлан хэрэгт үлдээж, эх хувийг *******од хүлээлгэн өгч, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Сд даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             С.СЭРЖМЯДАГ