Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/439

 

 

 

 

 

 

 

 

 

     2021          05          17                                     2021/ШЦТ/439

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Л.Баатар, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: М.Солонго,

Улсын яллагч: Д.Нямбат,

Иргэдийн төлөөлөгч: В.А, В.Ц,

Хохирогч Б.Б,

Хохирогчийн өмгөөлөгч С.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Б,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 21080000000000 дугаартай хэргийг 2021.04.05-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Архуст суманд 1986.06.09-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замын оператор бутлуурчин мэргэжилтэй гэх, “Ханан салхит” ХХК-д оператор ажилтай, ам бүл-3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны Согоотын 00 дугаар гудамжны 000Б тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ШВ0000000/ Их Монгол овогт Г-ын Б нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021.03.31-ний өдрийн 328 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Яллагдагч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 33 дугаар байрны 128 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бтэй маргалдан нурууны ар хэвлийн хэсэгт зэвсэг буюу хутгаар нэг удаа хутгалж биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нурууны ар бүсэлхийн зүүн хэсгээр хэвлийн хөндий рүү хатгагдаж, зүсэгдэж, нэвтэрсэн шарх, зүүн бөөрний гүн хатгагдсан, зүсэгдсэн шарх, чацархайд хатгагдсан, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн бөөрний авах мэс заслын дараах байдал, зүүн дал, баруун сарвууны хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-59/

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан баримтууд, шүүгдэгч *******ы хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан  шийдвэрлэлээ. 

 

1/ Хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 1 дүгээр сарын 23-ны 19 цагийн орчимд   Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 33 дугаар байрны 128 тоотод Ц.С, Л.Б, Ц.А, Б.Б нартай архидан согтуурч байх үедээ Б.Бтэй маргалдан хутгалж түүний бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Цагдаагийн байгууллага 2021.01.23-ны орой 19 цаг 24 минутад “өрөө хөлсөлдөг айлын хүмүүс нэгийгээ хутгалчихлаа” гэх дуудлага мэдээлэл хүлээн авсан бүртгэл /хх-2/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-13/,

- Хохирогч Б.Бий: “...Ц.С, Л.Б, *******, Ц.А бид 5 Ц.Сүх- Эрдэнийн гэр рүү таксигаар явсан. Ц.С-ийн гэрт ороод авсан архиа хувааж уугаад сууж байтал *******, Л.Б нар шорон болон хулгайн гэмт хэргийн талаар яриад байхаар нь би дургүйцээд *******тай барьцалдсан. Тухайн үед Б бид хоёрыг Ц.С, Ц.А, Л.Б нар салгаад болиулахаар нь *******аас холдоод цаашаа эргээд явах үед Б хутга газраас аваад миний араас хутгалсан. Би бултах гэсэн чинь амжаагүй. Намайг ******* хутгалах үед хутга нь миний биед ороод гарч байгаа нь мэдэгдсэн. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг ******* надад учруулсан ба баруун гарын сарвууны шархыг хутгыг нь тавиулах гэж бариад гараа зүссэн...” гэх мэдүүлэг/хх 17-18/,

- Гэрч Ц.Аын: “...Ц.С бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 байр 128 тоот байрыг хамт түрээсэлж амьдардаг. Тухайн үед Б.Б, Ц.С, Л.Б, ******* бид нар архи уугаад, би нэлээд согтоод унтаж байтал гэнэт Б.Б орилоод байхаар нь сэрээд Б.Бий нуруунаас нь цус гараад газар хэвтээд байхаар нь цагдаа болон түргэн тусламж дуудсан. Б.Бээс юу болсон талаар асуусан чинь “******* манийг нь хутгалчихлаа шүү дээ” гэхээр нь би ******* дээр очоод яаж байгаа юм бэ хөгшөөн гэсэн чинь ******* “...одоо баларсан, одоо өнгөрсөн...” гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг/хх-22/,

- Гэрч Ц.С-ийн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б.Б над руу залгаад машинаа угаалгаж байгаа талаар хэлээд “ганц хоёр пиво уух уу” гэхээр нь “тэгье” гэж хэлсэн. Б.Бий машинд суугаад “Залуус” хороолол ороод тэндээ байж байтал ******* болон Л.Б нар ирсэн. Тэгээд манай гэр рүү бүгдээрээ яваад дэлгүүрээс архи, пиво аваад манай гэрт ороод Б.Б, Ц.А, *******, Л.Б бид нар архи, пиво хувааж уусан. Гэтэл Б.Б, ******* хоёр хоорондоо зодолдоно гээд байхаар нь Л.Б салгаад байж байхад дахин Б.Б, ******* хоёр зодолдоод ******* зодуулсандаа шаралхаад Б.Бийг хутгалсан байсан. ******* тухайн үед шар футболктой байсан...” гэх мэдүүлэг /хх-24/,

- Гэрч Л.Бийн: “...Ц.С-ийн гэрт ирээд Ц.С, Б.Б, Ц.А, ******* бид нар архи хувааж уугаад сууцгааж байхад *******, Б.Б хоёр хоорондоо зодолдоод байхаар нь салгасан чинь дахин зодолдоод байхаар нь тэр чигт нь хаяад үлдээгээд Ц.С, Ц.А бид гурав архи ууж байсан чинь гэнэт цагдаа орж ирэхээр нь Б.Б рүү харсан чинь нуруундаа хутгалуулсан байсан..." гэх мэдүүлэг /хх-28/,

- Гэрч Ц.Даваагийн: “...би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 128 тоотыг түрээслүүлдэг юм. 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр түрээслүүлээгүй өрөөндөө засвар хийхээр ирсэн байсан. Том өрөөг түрээсэлж байгаа 3 эрэгтэй байхгүй байсан. Тэр 3 залуу 18 цагийн үед ирэх шиг болсон. Их чимээгүй орж ирсэн болохоор хэдүүлээ орж ирснийг мэдээгүй. Тэгээд байж байхад Ц.А гэх залуу орж ирээд “ахаа гялс цагдаад дуудлага өгчих, энд нэгнийгээ хутгалчихлаа, та ороод хэрэггүй шүү байж байгаарай” гэхээр нь дуудлага өгсөн. Удалгүй 103 эмч ирээд, би эмчийн хамт том өрөө рүү ороход 5 эрэгтэй байсан ба 1 нь газар цус болчихсон хэвтэж байсан. Би Ц.Ааас “хэн хутгалсан бэ” гэж асуухад шар футболктой залуу руу заагаад “энэ хутгалсан” гэж хэлсэн. Би шар футболктой залуугаас “чи хутгалсан юм уу” гэж асуухад “тийм би хутгалсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-32/,

- Шүүх эмнэлгийн  шинжээчийн 2021.02.15-ны өдрийн 1209 дугаар дүгнэлтэд “Б.Бий биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх: нурууны ар бүсэлхийн зүүн хэсгээр хэвлийн хөндий рүү хатгагдаж, зүсэгдэж, нэвтэрсэн шарх, зүүн бөөрний гүн хатгагдсан, зүсэгдсэн шарх, чацархайд хатгагдсан, зүсэгдсэн шарх хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн бөөрийг авах мэс заслын дараах байдал, зүүн дал, баруун сарвууны хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл хэрэг болсон хугацаанд үүсгэгдэх боломжтой” гэжээ /хх-41-43/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мөр судлалын шинжээчийн 2021.02.01-ний өдрийн 499 дугаартай дүгнэлтэд “Цамцны ар тал, цамцны доод ирмэгээс эгц дээш 24.5 см, зүүн хажуу оёдлоос баруун тийш 22 см зайд 16 мм хэмжээтэй гэмтэл гарсан байна. Дүгнэлт: 1/ Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн цамцанд зүсэгдэлт хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна. 2/ Зүсэгдэлт ягаан өнгийн цамцны ар талд гарсан байна” гэх дүгнэлт /хх-47-48/,

- Шүүхийн шинжилгээний биологийн шинжээчийн 2021.03.09-ний өдрийн 898 дугаар дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн цамц, саарал эрээн өнгийн дотоож, саарал өнгийн футболкон дээр хүний цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Ягаан өнгийн цамц, саарал өнгийн дотоожны цус нь АВО системээр О /II/ бүлгийн харьяалалтай байна. Саарал өнгийн футболкон дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /хх-51-53/,

- Хэрэг учрал болсон байрны гадна талаас “ажлын хэсгийн урт 14см, бариулын хэсэг 11см, нийт урт 25см урттай хар өнгийн иштэй хутга” хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-9, 82-84/,

- Шүүхийн шинжилгээний биологийн шинжээчийн 2021.02.03-ны өдрийн 786 дугаартай дүгнэлтэд  “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар 12см иштэй 26см урттай хутган дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэх дүгнэлт /хх-65-66/,

- Шүүгдэгч *******ы “...Б.Б миний нүдийг ухна гээд ноцолдоод дээр мордоод нүд рүү хуруугаа хийсэн. Тэгэхээр нь орны хажуу талын шүүгээн дээр тэмтэртэл хутга байхаар нь аваад Б.Бий нуруун хэсэгт хутгалсан. Энэ хутгаар Б.Бий ар хэсэгт хутгалсан. Энэ миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-143/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, хохирогч Б.Б нар архидан согтуурч байх явцдаа  маргалдан, барьцалдаж ноцолдож зодолдсон, улмаар ******* нь Б.Бийг нурууны зүүн доод талд буюу араас нь хутгалсан болох нь хохирогч Б.Бий “...архиа хувааж ууж байтал *******, Л.Б нар нь шорон болон хулгайн гэмт хэргийн талаар яриад байхаар нь би дургүйцээд *******тай би барьцалдсан. Тухайн үед бид хоёрыг Ц.С, Ц.А, Л.Б нар салгаад болиулахаар *******аас холдоод цаашаа эргээд явах үед ******* газраас хутга аваад миний араас хутгалсан” гэх мэдүүлэг /хх-17/, гэрч Ц.С-ийн “...Б.Б ******* хоёр хоорондоо зодолдоно гээд байхаар нь Л.Б салгаад байж байтал дахин Б.Б, ******* хоёр зодолдоод ******* зодуулсандаа шаралхаад ******* Б.Бийг хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-24/, гэрч Л.Бийн “...бид нар архи хувааж уугаад сууцгааж байтал *******, Б.Б хоёр хоорондоо зодолдоод байхаар нь эхлээд салгасан. Гэтэл дараа нь дахин Б.Б, ******* хоёр хоорондоо зодолдоод байхаар нь тэр чигт нь хаяад үлдээгээд Ц.С, Ц.А бид гурав архи ууж байсан чинь гэнэт цагдаа орж ирэхээр нь Б.Б рүү харсан чинь нуруундаа хутгалуулсан байсан..." гэх мэдүүлэг /хх-28/,  Шүүхийн шинжилгээний мөр судлалын шинжээчийн 2021.02.03-ны өдрийн 500 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн хагас ханцуйтай цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-57-58/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь тухайн үед “Б.Б нүдийг чинь ухаж авна п...а” гэж орилоод нүд ухаад байсан. Тэгэхээр нь хутгалсан” хэмээн мэдүүлсэнийг хохирогч Б.Б хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэж байгаа ба *******аас гаргаж өгсөн “1/24/21”  гэх огноотой  “2021.01.24-ний өдөр хохирогч Б.Б нүд ухаж авна гээд нүд өвдсөн” гэх гэрэл зургийн /хх-118-р хуудасны ар талд/ эх сурвалж тодорхойгүй, эрх бүхий этгээд бэхжүүлж цуглуулж аваагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гаргаж өгсөн байна.

Мөн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд “Б.Б миний нүдийг ухаж авна гээд нүд өвтгөсөн нь үнэн. Гэхдээ энэ хүнийг хутгалж ийм хүнд гэмтэл учруулсан нь миний буруу тул би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Үүнтэй холбоотой гомдол гаргаагүй, гаргах ч үгүй” гэж мэдүүлсэн болно.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу “******* хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж Б.Бий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээний дотор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, харин “Б.Б нь *******ы нүдийг ухаж өвтгөсөн эсэх, гэмтэл учруулсан эсэх” асуудлыг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Б.Бтэй маргалдан муудалцан зодолдож байх явцдаа Б.Бийг хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан нь хохирогч Б.Бий “******* нь миний араас хутгалсан” хэмээн нэр заан мэдүүлсэн удаа дараагийн мэдүүлэг, тухайн үед хамт архидан согтуурсан Ц.А, Ц.С, Л.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-22,  24, 28/, байрны эзэмшигч Ц.Даваагийн мэдүүлэг /хх-32/, хохирогч Б.Бий тухайн үед өмссөн байсан ягаан өнгийн цамц, дотоожинд үзлэг шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-47-48/, *******ы тухайн үед өмссөн байсан шар өнгийн цамцанд үзлэг шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-57-58/, хутганд үзлэг шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт тэмдэглэл, гэрэл зураг, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.02.15-ны өдрийн 1209 дугаар дүгнэлт /хх-41-43/, Б.Бий эхнэр Б.Хулангийн гэрчээр өгсөн “...манай нөхөр Б.Б 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээсээ машинаа угаалгаад ирье гээд гарсан. Тэгээд 15 цагийн үед байрны гадаа машинаа тавьж байна гэрийн гадаа байна гэж утсаар хэлсэн ба түүнээс хойш манай нөхөр Б.Б надтай холбогдоогүй гэртээ ирэхгүй байж байтал орой 20 цагийн үед над руу манай нөхөр Б.Б залгаад “би Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр байна, хүнд хутгалуулсан, яаралтай хагалгаанд орох юм байна” гэж хэлсэн. Тэгээд гэмтэл дээр очиход манай нөхөр Б.Б эрчимт тасагт хэвтэж байсан ба тухайн үед орж уулзаж чадаагүй юм. Манай нөхөр Билгүүн 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн үед бөөрний хагалгаанд орж нэг бөөрөө авхуулсан ба хутгалуулахдаа бөөрний судаснуудыг дайрч гэмтээсэн байсан. Ц.С-ийн найзад хутгалуулсан гэж надад хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-30/, Б.Бий эх Ш.Энхжаргалын гэрчээр өгсөн: “...Билгүүнээс юу болсон талаар асуухад “Ц.С дээр ирсэн хоёр залуугийн намхан залуу буюу шар футболктай залуу араас ирээд хутгалсан, ******* хутгалсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-20/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ы энэхүү үйлдэл нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, иргэдийн төлөөлөгч нар “гэм буруутай” гэх дүгнэлтийг санал нэгтэй гаргасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч *******ы хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Бий бие махбодид учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл буюу “хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх: нурууны ар бүсэлхийн зүүн хэсгээр хэвлийн хөндий рүү хатгагдаж, зүсэгдэж, нэвтэрсэн шарх, зүүн бөөрний гүн хатгагдсан, зүсэгдсэн шах, чацархайд хатгагдсан, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт” гэмтэл учирсан, уг гэмтлийн улмаас зүүн бөөрийг нь авсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2021.02.15-ны өдрийн 1209 дугаартай дүгнэлтээр /хх-41-43/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 632 дугаартай өвчний түүх, мэс заслын тэмдэглэл /хх-100-104/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд  учирсан гэм хорыг арилгахыг *******аас шаардах эрхтэй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогч Б.Бээс нийт 887679 төгрөгийн баримт гаргаж өгсөн /хх-86-91,149-151/, шүүгдэгч талаас 2021.05.17-ны өдөр Б.Бий дансанд 887679 төгрөг шилжүүлсэн баримт гаргаж өгсөн тул баримтаар нэхэмжилсэн төлбөрийг шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан байна.

Хохирогч Б.Б шүүх хуралдаанд “Энэ хэргийн улмаас нэг бөөрөө авахуулж хөдөлмөрийн чадвараа алдсан бөгөөд өнөөдрийг хүртэл ажлаа хийж чадахгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин 4400000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба нэхэмжлэлд хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хавсарган гаргаж өгснийг нягталж үзэхэд хохирогч Б.Б нь “Ангир заяа" ХХК-д ахлах тогоочийн албан тушаал дээр сарын 1100000 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажиллах 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан, “Ангир заяа” ХХК-иас Б.Бий нийгмийн даатгалын шимтгэлийг 2019 оны 1 сараас 2020 оны 8 сарыг дуустал төлсөн болох нь тогтоогдож байна. Хохирогч Б.Б “2020 оны 9 сараас хойш чөлөө авсан байсан. 2021 оны 1 сараас ажилдаа орох гэж байтал энэ хүнд хутгалуулж, гэмтээд тогоочийн ажлаа цаашид хийж чадахгүй болсон” гэж мэдүүлж байгаа нь баримтаар хангалттай тогтоогдохгүй байгаа ба баримт хангалтгүй цугларсаны улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаар холбогдох нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Б.Б нь уг нэхэмжлэлийг болон цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж *******аас жич нэхэмжлэх эрхтэй байна.      

 

3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь урьд 1 удаа шийтгүүлж байсан нь ******* нарыг бүлэглэн хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дах хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-126/, ******* нь хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, лавлагаагаар /хх-123, 131/ тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь хүнд гэмт хэрэгт хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялгүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч ******* нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг удаа дараа өгсөн, гэм буруугийн асуудал дээр маргаагүй, өнөөдрийн байдлаар бусдад төлбөргүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг болох хутга, *******, хохирогч Б.Б нар нь хувцсаа эгүүлэн авах хүсэлт гаргаагүй тул устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Их Монгол овогт Г-ын Быг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар *******д 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус  зааснаар *******д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хохирогчид 887679 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг ягаан өнгийн цамц, 1 ширхэг шар өнгийн футболкийг  тус тус устгасугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 ширхэг хутга, 1 ширхэг цамц, 1 ширхэг футболкийг устгуулахаар шүүхийн Тамгын газарт хүлээлгэн өгч, баримтыг *******д холбогдох 2108002920268 дугаартай хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.С-д даалгасугай.     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Бий ажилгүй байсан хугацааны цалин 4400000 төгрөгийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар ар гэр, өмгөөлөгчид нь шийтгэх тогтоол уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор мэдэгдэхийг шүүгчийн туслах Т.С-д даалгасугай.

10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.СЭРЖМЯДАГ

 

                           ШҮҮГЧИД                                                Л.БААТАР

 

                                                                                                                                                                       Б.БЯМБААБААТАР