| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2021/0489/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/452 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/452
2021 05 18 2021/ШЦТ/452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: М.Солонго,
улсын яллагч: Б.Ундрах,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 200000000000 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1973.01.12-ны өдөр төрсөн, 48 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, арьс ширний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл- 5, эгч, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүрэг 0 дугаар хороо Баянголын 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:АЮ00000000/ Боржигин овогт Пын Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 28-р гудамжинд хохирогч Т.Гийг “манай охинтой юу хийж зогсоо юм” хэмээн маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, улмаар газарт унахад нь зүүн, гуя, нуруу хэсэгт нь 2-3 удаа өшиглөж зодсоны улмаас Т.Гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо Баянголын 28-11 тоот энд хүн зодуулсан байна” гэх дуудлага мэдээллийг 2020 оны 7 дугаар сарын 14-ний 00 цаг 59 минутад хүлээн авсан тэмдэглэл /хх-2/
Хохирогч Т.Гийн “...2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 23 цаг өнгөрөөд гэр лүүгээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 28 дугаар гудамжны үзүүрт явж байхад Ш ахын охин хоёр эрэгтэй найзын хамт зогсож байхад машинаас Ш ах бууж ирэхээр нь би “сайн уу, Ш ахаа” гэхэд “чамд ямар хамаатай юм, муу гуйлгачин минь яах гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэр үед Ш ах бид хоёрын дунд маргаан үүссэн. Би зүүн тал руугаа шүлсээ хаячихаад эргээд харахад миний нүүрэн тус газарт хатуу биетэй юмаар нэг удаа цохисон. Би хойшоо нэг алхаад дөрвөн хөллөөд газарт суухад нүүрнээс цус гоожоод юм харагдахгүй байсан. Ш зүүн, гуя, нуруун дээр хоёр гурван удаа өшиглөж байгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,
- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020.07.16-ны өдрийн 8151 дугаартай “...Т.Гийн биед дух, хамарт шарх, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-5-6/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Тийн “...2020 оны 7 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн үед би найз Г.А, Ц.Төгөлдөр, Ш.У нарын хамт гудамжинд юм яриад байж байсан чинь манай гудамжинд байдаг Гомбодорж ах халамцуу бид хэд дээр ирээд “дүү нар сайн уу” гээд байж байсан чинь Урангоогийн аав Ш ах согтуу ирсэн. Тэгээд Гомбодорж ах Ш ахыг “сайн уу” гэсэн чинь Ш ах Гомбодорж ахыг “чи манай охинтой юу хийж зогсож байгаа юм” гэж хэлээд маргалдсан. Тэгээд Ш ах Гомбодорж ахыг гартаа барьж байсан нэг түлхүүр шиг зүйлийг атгаж байгаад нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон чинь Гомбодорж ах газарт унасан. Мөн хэд хэдэн удаа хөл, гуя руу нь өшиглөсөн. Гэтэл нүүрнээс нь их хэмжээний цус гарсан..." гэх мэдүүлэг /хх-н 46/,
- Насанд хүрээгүй гэрч Г.Аын “...бид нар юм яриад байж байсан чинь манай гудамжны Гомбодорж ах ирээд “дүү нар юу хийж байгаа юм “гээд ойр зуурын юм яриад байж байсан чинь найз Урангоогийн аав Ш ах такситай халамцуу ирээд Урангоог “гэр лүүгээ ор” гэсэн чинь Урангоо гэр лүүгээ яваад орсон. Ингээд Гомбодорж ах Ш ахыг “сайн уу ах” гэж хэлсэн “чи манай охинтой юу хийж зогсож байгаа юм” гэж хэлээд Гомбодорж ах Ш ахтай маргалдаад Ш ах Гомбодорж ахыг нүүр лүү нь 2 удаа гараараа цохиод унагаасан. Тэгээд гуя, нуруу руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд манай гудамжны Аагий ах хашаанаасаа гарч ирээд Ш ахыг салгаад гэр лүү нь авч орсон. Гомбодорж намайг болон Урангоог айлган сүрдүүлж өдөж хоргоож байгаагүй..” гэх мэдүүлэг /хх-55/”
- Гэрч Г.Аийн “...2020 онь 7 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн үед манай гэрийн гадаа гудамжинд хүмүүс шуугиад, зодолдоод байгаа чимээ гараад байхаар нь гудамж руу харсан чинь манай гудамжны Ш, Гомбодорж нар зодолдсон байдалтай Гомбодорж газарт унасан, нүүрнээс нь цус гарсан байдалтай байхаар нь би очиж босгоод Ш агсраад байхаар нь гэр рүү нь оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 48/,
- Гэрч Б.Тын “...Шгийн гэрийн ойролцоо Гомбодорж нүүрнээс нь цус гарсан байдалтай байхаар нь очоод “юу болсон, яасан” гэж асуухад “Ш намайг зодсон” гэж хэлээд “цагдаа, түргэн дуудаад өгөөч” гэхээр би өөрийн 99820642 дугаарын утаснаас 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 56/,
- Насанд хүрээгүй гэрч Ш.Угийн “...би найз Г.А, Ц.Төгөлдөр, Б.Т нарын хамт гудамжинд байж байсан чинь манай гудамжны ах Гомбодорж ах халамцуу ирээд манай гурван найзтай юм яриад байсан. Удаагүй манай аав Ш такситай халамцуу ирээд шууд “гэр лүүгээ ор” гэж хэлсэн. Тэгээд удаагүй аавыг манай гудамжны Алтансүх ах оруулж ирээд буцаад гараад явсан. Тэгээд цагдаа ирээд аавыг аваад явсан юм. Гомбодорж ах намайг айлган сүрдүүлж хоргоож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-51/,
- Яллагдагч *******гийн “...би гараараа Гомбодоржийн дух, нүүр рүү хэн хэдэн удаа цохиж газарт унагаасан. Тэгээд би гуя, хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Би буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх- 70/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч Т.Гтой “манай охинтой юу хийж зогсоо юм” хэмээн маргалдаж Т.Гийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, улмаар газарт унахад нь зүүн, гуя, нуруу хэсэгт нь 2-3 удаа өшиглөж зодсоны улмаас Т.Гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Т.Гийн биед дух, хамарт шарх, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, баруун тохойд зулгаралт гэмтэл учирсан, эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл болох нь шинжээчийн 2020.07.16-ны өдрийн 8151 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогч Т.Г нь эмчилгээ хийлгэсэн ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр гаргасангүй, хэлэлцэхгүй орхилоо.
Хохирогч Т.Г шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Улсын яллагчаас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг нэг хоногт 8 цагийн хугацаагаар эдлүүлэх санал гаргалаа.
Шүүгдэгч ******* нь урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан нь *******г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 -д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2004.01.06-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-92, 101-103/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2004 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна.
Хохирогч Т.Г нь төлбөр нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч шүүгдэгч ******* сайн дураараа 500000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгч, “гомдолгүй” болгосон /хх-111/, мөн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас буюу “насанд хүрээгүй охиныг нь өдөж хоргоолоо” гэх шалтгаанаар гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ /2,04%/ гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүлжүүлсэн баримтаар /хх-97-99/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй болно.
Иймд дээр дурдсан нөхцөл байдал болон ******* нь ялгүй болсон ба түүний хувийн байдал, яллагдагч, хохирогч нар эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт хэн аль нь гаргасан /хх-110, 111/, шүүгдэгч нь “ахынхаа ажилд тусалж торгуулийн ялыг биелүүлэх боломжтой” гэж мэдүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг хуульд заасан хугацааны дотор эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигин Пын Шг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин Пын Шг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Т.Г иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ