Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/451

 

 

 

 

 

 

 

 

 

   2021          05          18                                        2021/ШЦТ/451

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Д.Нямбат,

шүүгдэгч: *******,

улсын өмгөөлөгч А.Г нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 200000000000 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 1988.03.03-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, сургуульд суугаагүй, бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, “Инверт” ХХК-д туслах ажилтан хийдэг гэх, ам бүл-2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Бэрх сумын 0 дугаар баг 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүрэг 0 дүгээр хороо, Баянбүрдийн автобусны буудлын ард талын нийтийн байрны 00 тоотод түр оршин суух хаягтай,  урьд 1 удаагийн ял шийтгэлтэй /РД:СА00000000/  Итэль овогт Х М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Чулуутын 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух Д.Цийн гэрт Б.Быг нүүр рүү нь өвдөглөх, гараараа цохих зэргээр зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Цагдаагийн байгууллага “Х гэх хүнтэй ууж байгаад шалтгаангүйгээр Б.Бын нүүр нүд рүү нь цохиж хамраас нь цус гаргаж зүүн нүд хөхөрч хавдсан байдалтай байна” гэх  дуудлага мэдээллийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг 34 минутад хүлээн авсан бүртгэлийн хуудас /хх-11/,

- Цагдаагийн алба хаагчийн дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас /хх- 13/,

- Хохирогч Б.Бын “...2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны Чулуутын 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух Аийн гэрт ороход хүргэн нь гэх буриад залуу байсан ба танилцаад бид нар хамтдаа нэг шил архи хувааж уусан. Өдөр 11 цагийн үед гарч яваад гэртээ хариад буцаад Аийн гэрт ирээд сууж байхад нөгөө хүргэн гэх буриад залуу миний нүүр рүү өвдөглөөд хамраас цус гаргасан. Тэгээд гэрээс чирч гаргасан. Тэгтэл гэр дотроос Аийн дүү “хүн андуураад цохичихлоо ш дээ” гэхэд тэр залуу надаас уучлалт гуйсан. Тэгээд түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-4/,

- Яаралтай түргэн тусламжийн хуудасны хуулбар, КТГ-ын шинжилгээний баримт /хх-32-34/,

- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020.07.16-ны өдрийн 7826 дугаар “Б.Бын биед баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, тархи доргилт, толгойн хуйх, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-54-56/,

- Гэрч Б.Уы “...М бид хоёр 2015 онд танилцаад хамт амьдарч байна. 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр миний төрсөн ах Цэнд- Аийн гэрийг худалдаж аваад гэрт нь байж байхад Болдбаатар гаднаас орж ирээд ахтай хамт архи уусан. Би гэрээс гараад явсан ба Болдбаатарын хамраас цус гарчихсан зогсож байхаар нь юу болсон талаар асуухад “танай нөхөр намайг цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд би нөхрөөсөө юу болсон талаар асуухад “хүнтэй андуураад цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-47/,

- Яллагдагч *******ийн “...2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Чулуутын 3 дугаар гудамжны 13 тоотод өмнө нь хамт амьдарч байсан Урансайханы ах Цэнд-Аийн гэрт хамт архи уугаад сууж байхад Болдбаатар гэх залуу гаднаас орж ирсэн. Бид 3 нэг шил архи хувааж ууж байхад “хуучин гэр авлаа” гээд байхаар нь “танд ямар хамаатай юм” гээд нүүр лүү нь өвдөглөж, гараараа нүүр лүү нь цохисон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлыг ажил хийж байгаад төлнө...” гэх мэдүүлэг /хх-79-80/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь Б.Быг ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь өвдөглөх, гараараа цохих зэргээр зодож түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх бөгөөд энэхүү үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн 7826 дугаартай дүгнэлтээр /хх-54-56/, тухайн үед өмсөж явсан цамц, хүрэм, өмд нь цусаар бохирлогдож цаашид өмсөж ашиглах боломжгүй болсны улмаас эд хөрөнгөд нь 60000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх60-63/ тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд  учирсан гэм хорыг арилгахыг *******ээс шаардах эрхтэй байна.

Хохирогч нь “Эмчилгээний зардал баримтаар 261.276 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг төлбөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж  мэдүүлсэн /хх-45/ нь эмчилгээ, шинжилгээ, шинжээчийн төлбөр, хувцасны үнэлгээний баримтуудаар /хх-39, 60-63, 118 / нотлогдож байна.

Шүүгдэгч ******* 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо өнөөдрийг хүртэл хугацаанд нөхөн төлж арилгаагүй байх тул түүнээс 261276 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогч нь цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан нь Сум дундын 28 дугаар шүүхийн 2014.09.04-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор *******ийг төрүүлсэн хүүхдээ хөдөө хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар 6  сар баривчлах ялаар оногдуулж, баривчлах ялыг биечлэн эдэлж, 2015 оны 3 дугаар сарын 01-нд хугацаа дуусаж суллагдсан болох нь, шийтгэх тогтоолын хуулбар /хх-114-115/, суллагдсан хүмүүст олгодог справка, зан байдлын тодорхойлолт /хх-116/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-81/ тус тус тогтоогдож байна. ******* нь хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссаны дараа 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул түүнийг ялгүй болсонд тооцно.

 Шүүгдэгч *******ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагчаас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал гаргаж мэтгэлцлээ.

Хэргийг судалж үзэхэд ******* нь ажил төрөл эрхэлдэг эсэх талаар нотлох баримт шүүхэд ирээгүй, түүний амьжиргааны эх үүсвэр, орлогын байдал тодорхойгүй ба өнөөдрийг хүртэл хохирлоо нөхөн төлөөгүй байдал тогтоогдлоо.

Мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг хориглосон этгээдэд ******* нь хамаарахгүй байна.

Иймд улсын яллагчаас санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 720 цагийн хугацаагаар тогтоож, *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Итэль овогт Х Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Итэль овогт Х Мт 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Итэль овогт Х Мээс нийт 261276 /хоёр зуун жаран нэгэн мянга хоёр зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бт олгосугай.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч *******ийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай. 

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ