Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00226

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00226

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

          Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, мал тууврын зам 4 гудамж, 13 тоотод оршин суух УС66040909 регистрийн дугаартай Иш овогт Балдангомбын Отгонбаярын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 

           Б.Отгонбаяр нь Төв аймгийн Лүн сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн анги 1990 оны 01 сараас эхлэн Эд хэрэглэлийн хоршоо болсон. Худалдаа бэлтгэлийн ангиас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй, мөн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Иймд тус суманд 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

           Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Б.Отгонбаяр нь Төв аймгийн Лүн сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

           1. Төв аймгийн Лүн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1981 оны 02 сарын 01-ний өдрийн 4 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралтад “......Отгонбаяр, цэвэрлэгч ажлын 15 хоног ::” гэх бичилт,

          

           2. Төв аймгийн Лүн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1981 оны 06 сарын 29-ний өдрийн 14 дугаартай шагналт цалин олгох тухай тушаал, түүний хавсралтад “....Отгонбаяр, цэвэрлэгч, үндсэн цалин 210, анхан тогтоох хувь 60 ...” гэх бичилт,

            3. Төв аймгийн Лүн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1982 оны 07 сарын 05-ны өдрийн 24 дугаартай хүмүүсийг шагнах тухай тушаалд “.... уралдааныхаа амлалт үүргийг амжилттай биелүүлсэн цэвэрлэгч Отгонбаяр. ... нарт ажлын амжилт хүсэж, баяр хүргье....” гэсэн бичилт,

 

            4. Төв аймгийн Лүн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1984 оны 02 сарын 10-ны өдрийн 8 дугаартай тушаалд хүн хүмүүжүүлэх арга хэмжээний тухай тушаалд “......4-т Нярав Чадраабалд – Отгонбаяр /цэвэрлэгч/ .......” гэх бичилт,

 

            5. Төв аймгийн Лүн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 05 сарын 22-ны өдрийн 15 дугаартай шагналт цалингийн тухай тушаалд “.....хавсралт цэвэрлэгч Отгонбаяр 25 хувь ...” гэх гар бичилт,

 

             6. Төв аймгийн Лүн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 12 сарын 12-ны өдрийн 54 дугаартай болзол дүгнэх тухай тушаалд “.....Отгонбаяр 45 төгрөгөөр шагнах .......” гэсэн бичилт,

 

             7. Төв аймгийн Лүн сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажиллаж байсан Балдангомбын Отгонбаярын 1987 он, 1988 он, 1989 онуудын цалингийн түүвэр,

 

            8.  Гэрч Б.Түмэндэмбэрэл:  “Б.Отгонбаяр нь Төв аймгийн Лүн сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

            -гэрч Ж.Оюунцэцэг: ”Г.Отгонбаяр нь Төв аймгийн Лүн сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан нь үнэн” гэх  мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

              Г.Отгонбаярын гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин  Төв аймгийн Лүн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын тушаалууд, цалингийн түүвэр болон  гэрч  нарт хууль сануулж  асуусан  мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн  дэвтрийн хуулбар дахь  бичилт нь  хамт нэг  дор  ажиллаж  байсан болохыг  нотолсон  байх тул ач холбогдолтой  нотлох  баримт гэж  дүгнэв.

 

             Иймд дээрх нотлох баримтыг хуульд зааснаар өөрийн дотоод итгэлээр үнэлж хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Иш овогт Балдангомбын Отгонбаяр нь Төв аймгийн Лүн сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар УС66040909 регистрийн дугаартай Иш овогт Балдангомбын Отгонбаяр нь Төв аймгийн Лүн сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУНЦЭЦЭГ