Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2018/ДШМ/39

 

 

     2018            06             20                                                 2018/ДШМ/39

               

Б.Д-т холбогдох эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааны танхимтай цахим сүлжээгээр холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Г.Мөнхтүвшин,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЗ/164 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Б.Дт  холбогдох, эрүүгийн 1720001240035 дугаартай, 1 хавтас 142 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Г.Мөнхтүвшингийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дугаар  баг, ... гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын цагдаа ажилтай, Алаг адуу овогт Бямбажавын Д /РД: ЧЛ83091713/-т холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхтүвшингээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Яллагдагч Б.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд Дрноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд иргэн Д.Да-г саатуулах үедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч Алаг адуу овогт Бямбажавын Дт холбогдох эрүүгийн 1720001240035 тоот хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж,

хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж,

хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Мөнхтүвшин давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... хэргийг Прокурорын газарт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хохирогч Д.Да /хх-65-66/, гэрч Наранбаатар /хх-08-09/, гэрч Ю.Жавзантуяа /хх-12-13/ нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа, яллагдагч Б.Дийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон ба одоо хэргийн газрын үзлэг хийхэд,  хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой зүйл тогтоогдохгүй юм. Яллагдагч Б.Д болон өмгөөлөгч Д.Энхтуяа нар мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтанд хүсэлт гаргаж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдаагүй байхад үндэслэлгүй хүсэлт гаргаж ирснийг шүүх үнэлсэн нь буруу юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж,  прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хэрэг гарсан газарт үзлэг хийлгүйгээр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэх бөгөөд харин захирамжид дурдсан нөхцөл байдал нь хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой, ямар хамааралтай талаар түүнчлэн нэмж шалгаж, тодруулах өөр нөхцөл байдлын талаар анхаараагүй орхигдуулсан байна.

Тодруулбал 1/ Мөрдөгчөөс бодит баримтад тулгуурласан нөхцөл байдлыг тодруулахын тулд зайлшгүй хэрэг гарсан газарт үзлэг хийх улмаар мөрдөгч, прокурор цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэнийг, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлох хуульд заасан журмыг мөрдөн байцаалтын явцад тогтоолгүй орхигдуулсан, прокуророос энэхүү нөхцөл байдлыг шалгаж хянаагүйг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуульд заасан шаардлыг зөрчсөн гэж үзнэ.  

2/ Энэ хэрэгт туршилт хийх нь тухайн цаг үеийн үйл явдлыг сэргээн дүрслэхэд ач холбогдолтой, шаардлагатай төдийгүй гэмт хэргийг хаана, яаж, хэн үйлдсэнийг нотлоход ач холбогдолтой.

3/ Хавтас хэрэгт “...онош: зүүн гарын тохойн үений ясны цууралт” эмч П.Түвшинжаргал, “...онош: зүүн тохой орчмын зөөлөн эдийн няцрал” эмч Б.Ганжигүүр гэсэн  зөрүүтэй баримтууд авагдсан байх ба эдгээр баримтыг үндэслэж шинжээчээс “...Д.Дагвын биед зүүн тохой орчмын зөөлөн эдийн няцрал...гэмтлүүд тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хх-7/ гаргасан нь ойлгомжгүй буюу дээрх “зүүн гарын тохойн үений ясны цууралт” гэмтэл тогтоогдсон эсэх талаар дүгнэлтэд дурдаагүй нь шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийх хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болно.

 

Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтын эх сурвалж болохын хувьд үндэслэлтэй, үнэн зөв, эргэлзээгүй байх учиртай.

4/ Хохирогч Д.Дагвыг хавтаст хэргийн материалтай танилцуулаагүй /хх-100/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх ба прокуророос оролцогчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэхийг хянах үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, “Хэргийг прокурорт буцаах” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЗ/164 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                  Н.БОЛОРМАА