Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 038

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Ц даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ч” ХХК

Хариуцагч: НХТЕТГ

Гуравдагч этгээд: Д.Ц 

Нэхэмжлэлийн шаардлага: “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, уг барилгад Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дахин ажиллуулахыг даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А өмгөөлөгч Г.Б, хариуцагч НХТЕТГ-ын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, өмгөөлөгч Г.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжид байрлах 55 дугаар байрны зоорийн давхар бүхий 9-н давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 07 сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтээр ашиглалтад хүлээн авсан байх бөгөөд гүйцэтгэгч болон хөрөнгө оруулагчаар манай компанийг, гүйцэтгэгч компаниар “А” ХХК-ийг оруулаагүй. Мөн төлбөр тооцоо дууссан талаар манай компаниас тодорхойлолт аваагүй Д.Ц, М.Т, “Э ж э т" ХХК-ийн инженер Б.Б нар ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 48.7.1, 48.8, ЗГ-ын 2017 оны 69 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 3.1.1 дэх заалтыг зөрчин барилгын үндсэн хийц болох төмөр бетон карказын ажил гүйцэтгэсэн ил, далд ажлын актыг хуурамчаар үйлдэн, барилгын төмөр бетон карказыг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн болгон өөрчилж уг барилгыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Зүй нь бол Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу барилгыг ашиглалтад оруулахаас татгалзах ёстой байсан юм.

Мөн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дарга (НХТЕТГ-ын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга) Т.Э дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзсан байхад түүнийг төлөөлөх эрхгүй этгээд болох ББХХ-ийн ахлах мэргэжилтэн Ч.Б гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байдаг.

Гэрч Ч.Б мэдүүлэгт “...Би тухайн барилгатай холбоотой бичиг баримтуудыг үзэж шалгалгүйгээр гарын үсэг зурсан” гэсэн байсан. Тухайн барилгын жинхэнэ захиалагч, гүйцэтгэгч байсан эсэхийг тодруулалгүйгээр өмнө нь хийсэн ажиллагааг үзэлгүйгээр ахлах Т.Э шалгасан байсан учраас шууд гарын үсэг зурсан гэсэн тайлбар гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Мөн дээр нь тухайн маргаан бүхий актад гүйцэтгэгчээр тэмдэглэгдсэн “Э ж э т” ХХК-ийн захирал Р.Ж-ийн гэрчийн мэдүүлэгт “...Манай байгууллага тус барилгын барилга угсралтыг гүйцэтгээгүй. Зөвхөн гадаад, дотоод засал чимэглэлийг гүйцэтгэсэн болно” гэж тодорхой хэлсэн. 

Мөн тус барилгыг ашиглалтад хүлээж авахтай холбоотой бүрдүүлсэн баримтуудад гүйцэтгэгчээр тэмдэглэгдсэн “Э ж э т” ХХК-иас “...Барилга угсралт болон цутгалтын ажил дууссан. Манай компани гадаад, дотоод засал чимэглэл хийж байгаа” гэсэн албан бичгийг бүрдүүлж НХТЕГ-т өгсөөр байтал барилгын карказ угсралтыг ямар байгууллага гүйцэтгэсэн гэдгийг нягталж үзэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

Маргаан бүхий актад гүйцэтгэгчээр “Э ж э" ХХК гэж тэмдэглэгдсэн байдаг. Тэгсэн хирнээ тухайн барилгын ажлыг хүлээж авахтай холбоотой бүрдүүлсэн баримтуудад “Э ж э т” ХХК гэж байгаа. Нэг үсэг байтугай нэг үг зөрөхөд энэ компани мөн эсэх нь учир дутагдалтай. Үүнээс үзэхэд анхнаасаа хуурамч бичиг баримтыг бүрдүүлсэн. Маргаан бүхий актад гарын үсэг зурах эрхгүй этгээд зурсан. Эдгээр баримтуудаар маргаан бүхий акт нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйл, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 3.1.1-д заасныг тус тус 

зөрчсөн. 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 07 сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч “Ч" ХХК-ийн барилгын үйл ажиллагаанд эрх тэгш, бие даан оролцох эрх нь сэргэж, уг Комиссыг дахин ажиллахыг даалгаснаар манай компани Комисст оролцон баталгаа дүгнэлт, шаардлагатай баримт бичгийг гарган өгч Комиссын дүгнэлтэд “Захиалагч”-аар тэмдэглүүлэн гарын үсэг зурж баталгаажуулах боломжтой болох юм.

Манай компани оруулсан хөрөнгө оруулалтаа авахаар Д.Ц холбогдуулан ХУДИХАШШ-д “Барилга угсралтын ажилд зарцуулсан 1,280,000,000 төгрөгийг гаргуулах" нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн дагуу 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 183/Ш32017/06544 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Энэ нь зөвхөн оруулсан хөрөнгө оруулалтаа авахаар маргаж байгаатай холбоотой хэрэг болно.

Иймд манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 55 дугаар байрыг ашиглалтад хүлээн авсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 07 сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дахин ажиллуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч НХТЕТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.Ц НЗД-ын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/272 дугаар захирамжийг үндэслэн орон сууцны барилгын зориулалтаар ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулан 0.04 га талбайд 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан. Барилгын захиалагч иргэн Д.Ц нь ЗГ-ын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журамд заасан баримт бичгийн бүрдлийг ханган хүсэлтээ өгснийг нь судлан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 265/2016 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон.

 

Үүнээс хойш ЗГ-ын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 69 дүгээр тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 2 дугаар зүйлд зааснаар хүсэлт гарган, БТ хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлэн өгсөн. Тус хүсэлтийг нь судлан үзэж Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд зааснаар 16 автомашины зогсоолтой, 26 айлын орон сууцад 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр болон 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус Комисс ажиллан 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар актаар баталгаажуулж, ашиглалтад хүлээн авсан. 

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “барилгын ажил гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг”, 4.1.13-д “барилгын ажлын захиалагч гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасан. 

Нэхэмжлэгчээс “...2017/32 дугаартай Комиссын дүгнэлтийг хүчингүй болгож, дахин комисс ажиллуулахыг даалгаснаар нэхэмжлэгчийн барилгын үйл ажиллагаанд эрх тэгш, бие даан оролцох эрх сэргэнэ” гээд байна. Хэрэв Барилгын тухай хуульд заасан “захиалагч” болох нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах тохиолдолд барилгын үйл ажиллагаанд эрх тэгш, бие даан оролцох эрх нь хэрхэн сэргэх нь одоог хүртэл тодорхойлогдоогүй. 

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд “...өөрийн барилгатай холбоотой бүхий л бичиг баримтыг бүрдүүлнэ” гэж заасан. Улсын комисс ажиллуулах хүсэлтийг захиалагч өгнө. Түүнээс барилгын гүйцэтгэгч компани улсын комисс ажиллуулах хүсэлт өгөхгүй. Архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг, барилгын зөвшөөрөл нь Д.Ц-ийн нэр дээр гарсан. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д зааснаар Д.Ц захиалагч болно. Комисс Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан бичиг баримтын бүрдлийг бүрдүүлсэн тохиолдолд ажилладаг. 

Тус газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дүрэмд “...Хэлтсийн даргын эзгүйд ахлах мэргэжилтэн орлоно” гэж заасан. Чиг үүргийн хувьд 2 ахлах мэргэжилтэн байгаа. Хэн нь орлох нь тухайн дүрэмд зааснаар чөлөөтэй байна. Энэ талаар олон удаа маргалдаж, сүүлдээ ахлах мэргэжилтэн Ч.Б-ийг гэрчээр асуусан.

Тухайн үед Комисс очиж ажиллаж, дараа нь Комиссын дүгнэлтийг баталгаажуулж гишүүд бүгд гарын үсэг зурсан. Комиссыг ахалсан Хэлтсийн дарга Т.Э тухайн үед ээлжийн амралттай байсан. Төрийн алба шуурхай, хүнд сурталгүй ажиллах гэсэн зарчим бий. Тус зарчмын хүрээнд Хэлтсийн дүрэмд зааснаар албан ёсны ээлжийн амралттай байгаа үед ахлах мэргэжилтэн гарын үсэг зурна гэдгээрээ орлож гарын үсэг зурсан. 

Комиссын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлд “НХТЕТГ-ын ББХХ-ийн дарга дараах ажилтай газар дээр нь очиж дараах саналуудыг өгөв” гээд, дахин 06 дугаар сарын 20-ны өдөр “дээрх үүрэг даалгаврын биелэлтийн хянаад, байнгын ашиглалтад оруулах саналтай байна” гээд дэмжсэн байдаг. Дэмжсэн учраас бичиг баримтын бүрдэл бүх зүйл бүрэн байна гэдгийг үүгээр нотолж байна. 

Ийм учраас тухайн дүрэмд зааснаар ахлах мэргэжилтэн орлож гарын үсэг зурж, комиссын актыг баталгаажуулсан байна. Иймд энэхүү маргаан нь захиалагч болон гүйцэтгэгчийн хоорондын гэрээний маргаантай холбоотой байгаа тул нэхэмжлэлийг  бүхэлд  нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Д.Ц миний бие “Ч" ХХК-ийн захирал Ч.Б-тай 1990 оноос хойш айл сахалт, ах дүү шиг өнөөдрийг хүртэл гэмгүй сайхан нөхөрлөж ирсэн. Миний бие 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НЗД-ын А/272 дугаар захирамжаар ХУД-ийн 15 дугаар хороонд байрлах 0386040 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй 418 м2 талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай хууль ёсоор эзэмшдэг. Улмаар тус газар дээрээ үйлчилгээтэй орон сууц барихаар төлөвлөн Ч.Б-гийн “Ч” ХХК-иар барилга байгууламжийг бүхэлд нь бариулахаар харилцан тохиролцож 2012 онд барилгын бүтээцийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн.

Ингэхдээ тухай бүрт нь барилгын ажилд шаардагдах төлбөр тооцоог Ч.Б-д төлж байсан бөгөөд 2016 онд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цаашид тус барилгад хөрөнгө оруулах боломжгүй болж энэ тухай нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн захиралтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр уг барилгыг ашиглалтад оруулах, мөн “Ч” ХХК нь тус барилгатай холбоотой ямарваа төлбөр тооцоогүй тул 55 дугаар байрны барилгын бүтээцээс бусад ажлыг иргэн М.Т хийж гүйцэтгэн тус барилгыг байнгын ашиглалтад оруулан, оршин суугчдад өмчлөх эрхийн гэрчилгээг гарган бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

Гэтэл нэхэмжлэлд “Ч” ХХК нь маргаан бүхий барилгын бүтээцийн ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн, улмаар “А” ХХК-иар гүйцэтгэгчээр ажиллуулж өөрсдөө захиалагч мэтээр нэхэмжлэл гаргажээ. Захиалагч гэдэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар захиалагчийг тодорхойлох бөгөөд ХУДИХАШШ-д 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлд “...Манай байгууллага иргэн Д.Ц-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2008-2012 оны хооронд түүний газар дээр захиалагч талыг төлөөлж өөрийн хөрөнгөөр төрийн байгууллага, албан тушаалтан 

төлөөлж, ... барилга угсралтыг хийж гүйцэтгэсэн...” гэх нэхэмжлэлдшүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” 183/ШЗ2017/06544 дүгээр захирамжаар “Ч” ХХК нь захиалагч бус гүйцэтгэгч гэдэг нь нотлогдох бөгөөд “А” ХХК-ийн барилгын бүтээцийн ажил хийж гүйцэтгэсэн, улмаар хүлээлгэн өгсөн тухай өнөөдрийг хүртэл бидэнд хэн аль нь хандаж байсангүй.

Улмаар нэхэмжлэгч “Ч” ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус барилгыг өөрийн хөрөнгөөр барьсан тул захиалагч мөн гэж 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлох бөгөөд уг үндэслэлтэй холбоотой дээр дурдсанчилан ХУДИХАШШ-ийн 183/ШЗ2017/06544 дүгээр “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамжаар өөр шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа болно.

Иймд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авч гэрчилгээ олгосон 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар Комиссын дүгнэлт нь хууль ёсных байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Ч” ХХК-иас “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дахин ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч анх шаардлагын үндэслэлээ “Иргэн Д.Ц-гийн 9 давхар орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг “Ч” ХХК хийж гүйцэтгэсэн. Гэтэл Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд захиалагч (хөрөнгө оруулагч)-аар “Ч” ХХК гэж оруулаагүй. Манай компанийн барилгын үйл ажиллагаанд эрх тэгш, бие даан оролцох эрх хөндөгдөж байна” гэж маргасан 

ба шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад “Уг дүгнэлтэд барилгын ажлын гүйцэтгэгчээр “Ч” ХХК нэр бичигдэх ёстой байсан” гэж тайлбарлан мэтгэлцсэн болно.

1. Үйл баримтын тухайд: 

Иргэн Д.Ц нь НЗД-ын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/272 дугаар  захирамжаар ХУД-ийн 15 дугаар хороонд орон сууцны зориулалтаар 418 м2 газар эзэмших эрхтэй тул уг газар дээрээ орон сууцны барилга бариулжээ. Анх “Ч” ХХК нь гуравдагч этгээд Д.Ц-тай түүний эзэмшил газар дээр зоорийн давхар бүхий 9 давхар орон сууцны барилга угсралт буюу төмөр бетон карказын ажлыг гүйцэтгэхээр (амаар) харилцан тохирсон байна. 

Улмаар “Ч” ХХК 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г  “А” ХХК-тай байгуулсан, гэрээний дагуу 2012 онд Д.Ц-ийн эзэмшил газар дээр 9 давхар орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг “А” ХХК хийж гүйцэтгэсэн гэх ба энэхүү үйл баримтын тухайд талууд маргадаггүй болно.

2016 оноос гуравдагч этгээд Д.Ц нь иргэн М.Т-той хамтран дээрх барилгыг үргэлжлүүлэн барих болж, М.Т нь “Э ж э т” ХХК, “А г к” ХХК, “Ц т” ХХК-иудтай “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ” байгуулан, гүйцэтгэгчээр “Э ж э т” ХХК ажиллаж 9 давхар орон сууцны барилга (одоогийн ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 55 дугаар байр, цаашид “55 дугаар байр” гэх)-ыг барьж дуусгасан байна.

Ингээд гүйцэтгэгч “Э ж э т” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр НЕТГ-т хүсэлт гаргасны дагуу Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2017 оны 04 дүгээр сарын 12, мөн давтан 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус ажилласан ба Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017/32 дугаар дүгнэлтийг (цаашид “Комиссын дүгнэлт” гэх) 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталгаажуулсан байна.

Харин одоо ХУДИХАШШ-д “Ч” ХХК-иас иргэн Д.Ц-д холбогдуулан “Барилга угсралтын ажилд зарцуулсан 1.280.000.000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн захирамжаар шинжээч томилж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа болно .

2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын  тухайд:

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах асуудлыг зохицуулсан байх ба 48 дугаар зүйлийн 48.5-д “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж заажээ.

ЗГ-ын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн (2018 оны 317 дугаар тогтоолоор хүчингүй болсон) 1.2-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагаанд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйл болон энэхүү дүрмийг баримтална”, 4.4-д “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно”, 4.5-д “Комисс дүгнэлтийг эцэслэн гаргахаас өмнө барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, зөрчлийг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө”, 4.6-д “Захиалагч, гүйцэтгэгч талууд илэрсэн зөрчлийг 14 хоногт багтаан арилгаж, комиссын хуралдаанаас даалгасан үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлнэ”, 4.7-д “Комиссын гишүүд үүрэг, даалгавар бүрээр гүйцэтгэсэн ажлын биелэлтэд урьдчилан үнэлэлт, дүгнэлт өгсөн байх бөгөөд комиссын хуралдаанаар үүрэг даалгаврын биелэлтийг нэгтгэн хэлэлцэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж тус тус зохицуулжээ.

Анх гүйцэтгэгчээс 55 дугаар байрыг ашиглалтад оруулах хүсэлт гаргасны дагуу Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажиллаж Комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр “Саналын хуудас”-аар үүрэг даалгавар өгч, дахин Комисс 06 дугаар сарын 20-ны өдөр ажиллан “...Комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянан, актыг баталгаажуулахаар шийдвэрлэсэн” байх ба 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017/32 дугаар дүгнэлтэд нийт гишүүд гарын үсэг зурж, баталгаажуулсаннь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.4, 4.7 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгчээс “Комиссын дүгнэлтэд Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Э гарын үсэг зурахаас татгалзсан байхад түүнийг төлөөлж Ч.Б гарын үсэг зурсан нь хууль бус, мөн Комисст хүлээлгэн өгөхдөө хуурамч нотлох баримт бүрдүүлсэн” гэж мэтгэлцэн маргаж буй нь үндэслэлгүй байна. 

Тодруулбал, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыгдарга Т.Э ахлан ажиллаж, өөрийн хариуцсан асуудлаар “Саналын хуудас”-аар үүрэг даалгавар өгч, дахин 06 дугаар сарын 20-ны өдөр өөрөө биечлэн гишүүдийн өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, нэгтгэн хэлэлцээд Комиссоос “барилгыг байнгын ашиглалтад оруулах, актыг баталгаажуулахаар шийдвэрлэсэн” болох нь хэрэгт авагдсан “Саналын хуудас”, хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар  тогтоогдож байна.

Харин маргаж буй Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017/32 дугаар дүгнэлтийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсанбөгөөд тухайн үед Хэлтсийн дарга Т.Э ээлжийн амралттай байсан тул ХД-ын ажил үүргийг албан ёсоор орлон ажиллаж байсан ахлах мэргэжилтэн Ч.Б Комиссын даргыг төлөөлж гарын үсэг зурсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь НХТЕТГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Нэгжүүдийн дүрэм батлах тухай” А/13 дугаар тушаалын  хавсралтаар батлагдсан “Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дүрэм”-ийн Хоёр. Үйл ажиллагааны үндсэн чиглэл. 2.2-т “Барилга байгууламжийн байнгын ашиглалтад оруулах” гэж, Дөрөв. Удирдлага, ажлын зохион байгуулалт, 4.5-д “Хэлтсийн дарга эзгүйд хэлтсийн даргын үүргийг хэлтсийн ахлах мэргэжилтэн гүйцэтгэнэ” гэж тус тус зохицуулсан.

Мөн тус Газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” Б/11 тушаалаар  “Хэлтсийн дарга Т.Э 7 дугаар сарын 03-ны өдрөөс ажлын 26 хоног амрах, ахлах мэргэжилтэн Ч.Б 8 дугаар сарын 17-ноос ажлын 20 хоног амрах” хуваарь батлагдсан бөгөөд тухайн цаг хугацаанд Хэлтсийн дарга Т.Э ээлжийн амралттай байсан болох нь үүгээр нотлогдож байна.

Гэрч Ч.Б-ийн мэдүүлэгт  “Комисс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр болон 06 дугаар сарын 20-ны өдөр ажилласан. Энэ 2 комиссыг Т.Э дарга өөрөө ахалж...үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан. Миний хувьд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 2017/32 дугаар дүгнэлтийг комиссын гишүүд...хянаж гарын үсэг зурж баталгаажуулсан тул би даргыг орлож гарын үсэг зурсан. Хэлтсийн дарга Т.Э ээлжийн амралттай байсан” гэв.

Иймээс давтан Комисс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажиллахдаа “барилгыг байнгын ашиглалтад оруулах актыг баталгаажуулахаар шийдвэрлэсэн” байх тул 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017/32 дугаар дүгнэлтэд Хэлтсийн дарга Т.Э-г албан ёсоор орлон ажиллаж байсан ахлах мэргэжилтэн Ч.Б гарын үсэг зурсныг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “барилгын ажил гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий этгээдийг”, 4.1.13-д “барилгын ажлын захиалагч гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж ойлгохоор тодорхойлсон байх бөгөөд энэ тохиолдолд гуравдагч этгээд Д.Ц, М.Т нар нь 55 дугаар байрны захиалагч гэж үзэхээр байна. 

Харин нэхэмжлэгчийн “...гэрээний дагуу “А” ХХК 9 давхар орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг хийсэн, бид “А” ХХК-д тухай бүр төлбөрийн төлсөн” гэх тайлбараас үзвэл уг ажлыг “Ч” ХХК хийж гүйцэтгээгүй атлаа “Комиссын дүгнэлтэд барилгын ажлын гүйцэтгэгчээр “Ч” ХХК гэж бичих ёстой” гэж маргаж буй нь ойлгомжгүй байна. 

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж...”, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 3.1-д “А, НЗД захиалагчийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг хүлээн авч дараах арга хэмжээ авна”, 3.1.1-д “Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянах”, 3.1.2-д “энэхүү дүрмийн 1 дүгээр хавсралтын 1 дэх заалтад заасан бүрэлдэхүүнтэй комиссыг хуульд заасан хугацаанд байгуулж ажиллуулах” гэж тус тус зохицуулжээ.

Шүүх хариуцагчаас “захиалагч, гүйцэтгэгчийн гаргасан хүсэлт, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.1-48.5.7-днэрлэн заасан баримт бичгийг” нотлох 

баримтаар гаргуулан авахаар шаардсан боловч НХТЕТГ-ын 2018 оны 09/2534 дүгээр албан бичгээр дээрх баримтуудыг ҮТА-аас гаргуулна уу гэсэн тул АЕГ-т хадгалагдаж буй 55 дугаар байрны Хувийн хэрэгт үзлэг хийж,Барилга байгууламжийн хувийн хэрэг, Угсралтын акт, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл зэрэг баримтуудаас маргаанд холбогдох нотлох баримтуудыг авсан .  

Дээрх хууль болон дүрэмд заасны дагуу эрх бүхий байгууллага нь хүсэлт, түүнд хавсаргавал зохих хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д нэрлэн заасан баримт бичгийн бүрдлийг хянаж, баримт бичиг бүрэн байвал барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах эрх хэмжээтэй байна.

Харин Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана”, 48.7.1-д “энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй” гэж заасны дагуу хүсэлт гаргагчийн бүрдүүлэн өгсөн баримт бичиг бүрдэл дутуу, эсхүл баримт бичиг илт, илэрхий хуурамч байвал эрх бүхий байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад оруулахкомиссыг ажиллуулахаас татгалзах боломжтой. 

Хэдийгээр ЗГ-ын 2017 оны 69 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн маягтад барилга (барилгын бүтээц) угсралтын ажил гүйцэтгэгчийн нэр бичигдэхээртусгагдаагүйбайгаад хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзлээ. 

Иймд бодит нөхцөл байдалд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтэд барилгын ажлын гүйцэтгэгч “Ч” ХХК гэж бичигдээгүйгээс болж нэхэмжлэгчийн барилгын үйл ажиллагаанд эрх тэгш, бие даан оролцох эрх зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дахин ажиллуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм. 

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д “Энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийн үнэн зөвийг захиалагч хариуцна” гэж заасан тул нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Д.Ц-с төрийн захиргааны  байгууллагад гаргаж өгсөн мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.1-48.5.7-д нэрлэн заасан баримт бичгүүд үнэн зөв эсэх, хуурамч баримт бичиг үйлдсэн эсэх асуудлаар эрх бүхий этгээдэд шалгуулах, тогтоолгох эрх нь нээлттэй. 

Хэрвээ “Ч” ХХК болон “А” ХХК нь барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын ажил гүйцэтгэх харилцаанд тухайн барилгын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэдэг баримт шаардлагатайбол өөр бусад байдлаар нотлуулах боломжтой.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 48.6, 48.8, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 3.1, 3.1.1, 4.4, 4.7, 4.7.1 дэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дахин ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Барилгын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 48 дугаар зүйлийн 48.6, 48.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн гаргасан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дахин ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ч” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.Ц