Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0144

 

М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, гуравдагч этгээд Д.М, түүний өмгөөлөгч Л.Э

Нэхэмжлэгч: М

Хариуцагч: Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комисс

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021.11.08-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, 2021.11.18-ны өдрийн ажлаас чөлөөлсөн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт  зохион байгуулах шалгалтын комиссын 2021.11.02-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлийн зургаа дахь хэсгийн 4-д Мад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Төрийн албаны тусгай шалгалтад Мыг бүртгэсэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn сайтын цахим бүртгэлийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021.11.18-ны өдрийн Б/27 дугаар Мыг томилсон тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны мэргэшлийн тусгай шалгалтад Мыг хамгийн өндөр оноо авсанд тооцож, тус ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах”

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээд М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж

Хэргийн индекс: 125/2022/0006/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр:

1.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Төрийн албаны тусгай шалгалтад Мыг бүртгэсэн төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn сайтын цахим бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

1.2.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.5, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн "Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын 2021 оны 11 сарын 02-ны өдрийн №01 дугаартай хурлын тэмдэглэлийн зургаа дахь хэсгийн 4-д Д. Манатад холбогдох хэсэг, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 81 тоот тогтоол, Ховд аймаг Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/27 дугаартай "Мыг мэргэжилтнээр томилох тухай" тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны мэргэшлийн тусгай шалгалтад Мыг хамгийн өндөр оноо авсанд тооцож, тухайн ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар Зөвлөлд даалгах, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/26 тоот "Мыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгуулж, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах. эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.

2.1.2.Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын 2021 оны 11 сарын 02-ны өдрийн №01 дугаартай хурлын тэмдэглэлийн Зургаа дахь хэсгийн 4-д Мад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай, Төрийн албаны тусгай шалгалтад Мыг бүртгэсэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn сайтын цахим бүртгэлийг хүчингүй болгуулах тухай, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 81 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай, Ховд аймаг Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/26 тоот "Мыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгуулах тухай, Ховд аймаг Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай, Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай, Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Ховд аймаг Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/27 тоот "Д. Манатыг мэргэжилтнээр томилох тухай" тушаалыг хүчингүй болгуулах тухай, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны мэргэшлийн тусгай шалгалтад Мыг хамгийн өндөр оноо авсанд тооцож, тухайн ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар 3өвлөлд даалгахаар нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн.

2.1.3. ...Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын 2021 оны 11 сарын 02-ны өдрийн №01 дугаартай хурлын тэмдэглэлийн Зургаа дахь хэсгийн 4-д Мад холбогдох хэсгийг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 сарын 08-н өдрийн 81 тоот тогтоол, Ховд аймаг Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2021 оны 11 сарын 18- ны өдрийн Б/27 тоот "Мыг мэргэжилтнээр томилох тухай" тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

2.1.4.Харин ...тусгай шалгалтад Мыг хамгийн өндөр оноо авсанд тооцож, тухайн ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд даалгах, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/26 тоот "Мыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгуулж, Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

2.1.5.Нэхэмжлэгч М нь 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийг "Хүнсний микробиологи" мэргэжлээр "Хүнс судлалын ухааны" бакалаврын зэрэгтэй төгссөн. Улмаар Ховд аймаг Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2020 оны 02 сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай "Мыг ажилд томилох тухай" тушаалаар Ховд аймаг Хүнс, хөдөө аж ахуйн газарт тус байгууллагын үйлдвэр, худалдаа, үйлчилгээний албаны хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 2020 оны 02 сарын 13-ны өдрөөс эхлэн 6 сарын туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 03 сард Төрийн албаны ерөнхий шалгалтад орж тэнцэн төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн. Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 11 сарын 14-ний өдрийн A/40 дүгээр тушаалын хавсралтаар нэхэмжлэгч Мын ажил албан тушаалын тодорхойлолтыг баталсан. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 сарын 29-ний өдрийн 241 дугаартай "Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай" тогтоолоор төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон албан хаагчдын нэрс, албан тушаал шийдвэрийн жагсаалтын 11 дүгээр хавсралтаар хүнс, хөдөө аж ахуйн газрын төрийн захиргааны албан тушаалд төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон албан хаагчдын нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч Мын нэр багтаж, төрийн албаны тусгай шалгалт зарлагдсан.

2.1.6.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-д энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах гэж заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-д төрийн жинхэнэ албанд тухайн албан тушаалын тусгай шалгалт авахаар 33.10-д шалгалтын зарыг цахим хуудсаар нийтэд зарлаж мэдээлэхээр тус тус зааснаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2021 оны 11 сарын 04-ний өдөр явуулахаар зарлаж, бүртгэлийг 2021 оны 11 сарын 01-ний өдөр буюу нэг өдрийн хугацаанд явуулсан.

2.1.7.Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 3.2.2-д зааснаар шалгалтын комисс нь шалгалтад орох иргэдийн материалыг цахимаар хүлээн авах, ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянах эрхтэй байна. Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2021 оны 11 сарын 01-ний өдөр явуулж, 11 дүгээр сарын 02-ны өдөр шалгалтын комисс хуралдаж, шалгалтад орохоор цахимаар бүртгүүлсэн 4 иргэний материалыг албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлага хангаж байгаа эсэх, мэргэжлийн индексийг нягталж үзээд 4 иргэнийг тус бүр 100 хувийн саналаар бүртгэлийг баталгаажуулж шийдвэрлэсэн.

2.1.8.Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын 2021 оны 11 сарын 02-ны өдрийн №01 дугаартай хурлын тэмдэглэлд "... Албан тушаалын тодорхойлолтод мэргэжлийг индексээр заагаагүй бизнесийн удирдлага гэж заасан тул бизнесийн удирдлагын бакалавр зэргийг болно хэлэлцэж шийдвэрлэн албан тушаалын тодорхойлолтыг тусгай шаардлага бизнесийн удирдлага гэсэн мэргэжлийг бизнесийн удирдлагын бакалавр хангасан гэж үзээд албан тушаалын тодорхойлолтын мэргэжлийн тусгай шаардлага хангасан гэж үзсэн” ...гэжээ.

2.1.9.Шалгалтын комисс нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/78 дугаар тушаалаар баталсан индексийг харж гуравдагч этгээд Мыг шалгалтад бүртгэсэн гэдэг. Гэтэл уг тушаалын хавсралтаар баталсан "дээд боловсролын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/, /индекс/-д ерөнхий мэргэжлийн чиглэл 04 бизнес, удирдлага, эрх зүй- төрөлжсөн чиглэл 041 бизнес ба удирдахуй нарийвчилсан чиглэл -0411 нягтлан бодох бүртгэл, татвар хөтөлбөр /индекс-041101/ багтсан байх ба тушаалыг 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлтээс эхлэн хүчингүй болсонд тооцохоор заасан. Нягтлан бодох бүртгэл мэргэжил нь бизнесийн ухааны салбарт хамаарахаас бизнесийн удирдлага мэргэжил гэж ойлгохгүй.

2.1.10.Ховд их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Пүрэвсүрэн агсан мэдүүлэгтээ "... Манай сургуулийн 2014 оны тусгай зөвшөөрөл дээр нягтлан бодох бүртгэл 341400 индекстэй, бизнесийн удирдлага 340100 индекстэй хоёр өөр мэргэжил гэж заасан. М нь нягтлан бодох бүртгэл мэргэжлийн индексээр төгссөн учир бизнесийн удирдлагын мэргэжилтэй үзэхгүй. 2014 онд бизнесийн менежмент мэргэжил гэдгийг бизнесийн удирдлага гэж дүйцүүлэн олгосон" ...гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан.

2.1.11. ...гуравдагч этгээд Мыг бизнесийн удирдлага мэргэжил эзэмшсэн гэж үзэхгүй, харин бизнесийн ухааны бакалавр нь боловсролын зэргийг илэрхийлж байна. Мөн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил нь албан тушаалын чиг үүрэгт хамааралтай байх нь тусгай шаардлагын шалгуур болох ба маргаан бүхий албан тушаалын зорилго, чиг үүргийг хууль тогтоомж, тогтоол, шийдвэр бодлого хөтөлбөрүүдийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тайлагнах, аймгийн худалдаа, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, чанар хүртээмжийг дээшлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний албаны даргын өмнө хариуцна гэж тодорхойлсноос үзэхэд нягтлан бодох бүртгэлийн мэргэжил нь тус албан тушаалын чиг үүрэгт хамааралтай үзэхээргүй байна. Шалгалтын комисс буруутай эсэхийг шийдвэрлэхдээ албан тушаалын тусгай шаардлага бүрийг хангаж байгаа эсэхийг хянах үүрэгтэй тул туршлагын хувьд шаардлага хангаагүй буюу туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх шаардлага хангаагүй байхад шалгалтад бүртгэсэн. Дээрх үндэслэлээр албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй гуравдагч этгээд. Мыг шалгалтад бүртгэсэн шалгалтын комиссын шийдвэрийг буруутайд тооцох үндэслэлтэй байх тул түүний үр дагавраар нар дэвшүүлж ажилд томилсон шийдвэрүүдийг хууль бусад тооцож хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

2.1.12.Төрийн албаны тусгай шалгалтад 4 хүн бүртгүүлж, оролцсоноос гуравдагч этгээд хамгийн өндөр оноо буюу 76 оноо авч нэгдүгээрт, нэхэмжлэгч М 62 оноо авч хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 1.2-д "Шалгалтын зорилго нь төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийг сайн хангасан хүнийг томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд оршино гэж заасан тул гуравдагч этгээд Д. Манатыг албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн болон туршлагын тусгай шаардлагыг хангаагүй байхад бүртгэж шалгалтад оруулсан тул бүртгэл хүчингүй болсноор нэхэмжлэгч Мыг албан тушаалын тусгай шалгалтад

хамгийн өндөр оноо авсанд тооцож, нэр дэвшүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно гэжээ. Гэтэл Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 29 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Мыг шалгалтад өндөр оноо авсанд тооцож, нэр дэвшүүлэх үндэслэл болохгүй гэж үзэн шалгалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Мын Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх, хөдөлмөрлөх

эрхийг зөрчсөнд гомдолтой байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 29 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.2.Гуравдагч этгээд М болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

2.2.1.Анхан шатны шүүх нь төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дугаартай хурлын тэмдэглэлийн зургаа дахь хэсгийн 4-д Мад холбогдох хэсэг, төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 81 тоот тогтоол, Ховд аймаг дахь Хүнс хөдөө аж ахуйн даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/27 дугаартай Мыг мэргэжилтнээр томилох тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Маргаан бүхий ажлын байрны албан тушаалын сонгон шалгаруулалтад М нь холбогдох материалуудыг зохих журмын дагуу хууль зөрчихгүйгээр гаргаж өгсөн байдаг.

2.2.2.М нь тухайн шалгалтад 4 шалгуулагчаас хамгийн өндөр оноо буюу 76 оноог бол авсан байдаг. Гуравдагч этгээд М нь 2011-2014 онд Ховд их сургуулийг Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр Бизнесийн удирдлагын бакалавар зэрэгтэй төгссөн, бизнесийн удирдлага гэсэн мэргэжлийн тусгай шаардлагыг хангаж байхад хэрэгт авагдсан Ховд их сургуулийн захирлын тушаал, Мын Бакалаварын диплом болон бусад нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан дүгнэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж ээ...

2.2.3.2019 оноос эхлэн Төрийн албаны тусгай шалгалт нь цахим хэлбэрээр явагдаж эхэлсэн тухайн үед 8 хүн шалгалтад оролцсон ба түүний нэг нь М юм. Хуулийн дагуу шалгалтад оролцохоор бүртгүүлсэн, тухайн заагдсан хугацаанд шалгуулж хамгийн өндөр оноо буюу 76 оноог бол авсан байдаг.

2.2.4.Анхан шатны шүүх нь үндэслэх хэсгийнхээ 6.10-т Төрийн албаны тухай хуулийн 22, 23-р зүйлд заасан болзол болон албан тушаалын тодорхойлолт тавигдсан шаардлагыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол тухайн иргэний шалгалтыг хүчингүй болгоно гэж зааснаар гуравдагч этгээдийн шалгалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж бичээ. Тэгвэл М нь ямар нэгэн хуурамч баримт бичиг бүрдүүлээгүй. Их сургуулийг төгссөн мэргэжил нь тухайн ажлын байрны шаардлагыг хангаж байсан. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талаас нь үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Иймд тухайн хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд талаас гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн гомдлыг ханган  шийдвэрлэв.

Нэг.Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1.Нэхэмжлэгч Маас Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комисст тус тус холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ:

-Төрийн албаны тусгай шалгалтад Мыг бүртгэсэн төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn сайтын цахим бүртгэлийг хүчингүй болгуулах,

-Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах,

-2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ажлаас чөлөөлсөн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулж,

-урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”,

-Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт  зохион байгуулах шалгалтын комиссын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлийн зургаа дахь хэсгийн 4-д Мад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

-Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/27 дугаар Мыг томилсон тушаалыг хүчингүй болгуулах,

 -Ховд аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны мэргэшлийн тусгай шалгалтад Мыг хамгийн өндөр оноо авсанд тооцож,

-тус ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах.

Хоёр.Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэвээр үлдээсэн үндэслэлийн тухайд:

2.1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

2.2.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 4.1-д шалгалтанд бүртгүүлэх албан хаагч, иргэний болзол, 5.1-д бүртгүүлэх баримт бичгийг тус тус зааж, 5.3-т “Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаж, 5.1-д заасан холбогдох бичиг баримтыг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ” гэж заажээ.

2.3.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Тогтоол чиглэл хүргүүлэх тухай” 135 тоот[1] албан бичгийг үндэслэн маргаан бүхий Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд сул орон тоо гарч, уг сул орон тоог нөхөхөөр хариуцагч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нээлттэй сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Ховд аймгийн Төрийн албаны Салбар зөвлөлд хүргүүлж, уг Салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр явуулахаар зарлаж, сонгон шалгаруулалтын цахим бүртгэлийг[2] www.csc.gov.mn сайтаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр явуулсан гэдэг нь тогтоогдож байна.

2.4.Маргаан бүхий цахим бүртгэл нь эрх зүйн шууд үр дагавар бий болгосон гэж үзэхээргүй, бие даасан захиргааны актын шинжийг агуулахгүй  байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр  нэхэмжлэгчийн гаргасан “Төрийн албаны тусгай шалгалтад Мыг бүртгэсэн төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn сайтын цахим бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

2.5.Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар МыгХүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 6 сарын туршилтын хугацаагаар томилжээ[3].

2.6.Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор[4] Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 33.3-д тус тус заасныг зөрчин нэхэмжлэгч Мыг ажилд томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосны дагуу Ховд аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар[5] Мыг албан тушаалаас чөлөөлжээ.

2.7.Төрийн албаны тухай 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ”, 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж тус тус заажээ.

2.8.Нэхэмжлэгч М нь 2021 оны 03 дугаар сард Төрийн албаны ерөнхий шалгалтад орж тэнцсэн[6] тул Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 106 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн байна.

2.9.Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 6 сарын туршилтын хугацаагаар томилогдох үедээ Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй, Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлагыг ханган, хууль, журмын дагуу томилогдоогүй байсан тул Төрийн албаны зөвлөлөөс уг тушаалыг хүчингүй болгохыг үүрэг болгосныг үндэслэн гарсан Ховд аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хууль бус гэж шүүхээс хүчингүй болгох, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох,  эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.10.Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн “Ховд аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ажлаас чөлөөлсөн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гурав.Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэлийн тухайд:

3.1.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална” 23.4-т “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална” гэж тус тус заажээ.

3.2.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 1.2-т “Албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын тусгай шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно”, 3.5.1-д “төрийн жинхэнэ албан тушаалын тодорхойлолтод тусгагдах тусгай шаардлагыг боловсруулахдаа Төрийн албаны зөвлөлөөс баталсан тусгай шаардлагыг баримтална”, 3.5.2-т “төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах мэргэжил ба мэргэшлийн шаардлагыг тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцүүлэн, албан тушаалын тодорхойлолтод тусгана” гэж тус тус заасан.

3.3. Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тусгай шалгалтад нэр бүхий 4 иргэн оролцсоноос гуравдагч этгээд М 76 оноо авч 1 дүгээрт, нэхэмжлэгч М 62 оноо авч 2 дугаарт эрэмбэлэгдсэн байна.[7]

3.4.Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” А/40 дүгээр тушаалаар[8] маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтыг баталсан байна.

Тус албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэгт Албан тушаалд тавигдах “Бакалавр болон түүнээс дээш” зэрэгтэй байх, “Хүнс-хоол үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй, хүнсний инженерчлэл, бараа, түүхий эд судлал, биотехнологи, бизнесийн удирдлага, худалдааны” мэргэжилтэй” байх, “Төрийн албаны мэргэшүүлэх богино, дунд хугацааны багц сургалтад хамрагдаж төссөн мэргэшилтэй” байх,  “туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай” байх тусгай шаардлагуудыг тусгасан байна.

3.5.Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.” гэж заасан.

Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.З-д “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна. гэж тусгажээ.

3.6.М нь Казакстаны Их Сургуулийг багш мэргэжлээр, магистр зэрэгтэйгээр 1990-1995 онд төгссөн[9], Ховд Их Сургуулиас 2014 онд Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуульд “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр суралцан төгссөн тул Мад Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгож, D201419023 дугаар бакалаврын дипломыг[10] 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон байх тул гуравдагч этгээд М нь маргаан бүхий албан тушаалын ажлын байрны тодорхойлтод заасан “Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй” байх, “бизнесийн удирдлага” мэргэжилтэй байх тусгай шаардлагуудыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

3.7.Мөн гуравдагч этгээд Мад Удирдлагын академийн Ховд аймаг дахь сургалтын төвд суралцаж төгссөн тул “Төрийн удирдлагын менежерийн” дипломыг[11] 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгосон байх тул түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан “Төрийн албаны мэргэшүүлэх богино, дунд хугацааны багц сургалтад хамрагдаж төссөн мэргэшилтэй” байх тусгай шаардлагыг мөн хангасан гэж үзэхээр байна.

3.8.Дээрх маргааны үйл баримтаас дүгнэхэд гуравдагч этгээд М нь маргаан бүхий албан тушаалын тусгай шаардлагыг хангасан гэж үзэхээр байх бөгөөд түүний Ховд Их Сургуулийг 2014 онд “Нягтлан бодох бүртгэл” мэргэжил,  Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэйгээр суралцан төгссөн бодит нөхцөл байдлыг  нэхэмжлэгчийн “Боловсрол шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/78 дугаар тушаал нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөгдөж байгаа,  нягтлан бодох мэргэжилтэй хүнийг бизнесийн удирдлага гэсэн мэргэжлийг төгссөн гэж үзэн шалгалтад оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж маргаж буй үндэслэлээр үгүйсгэх үндэслэлгүй байна.

Харин хариуцагчийн “маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагад бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, ...бизнесийн удирдлага... мэргэжилтэй гэж зааснаас бус мэргэжлийн индексийг заагаагүй байсан тул бизнесийн удирдлагын бакалавр хангасан гэж үзээд шалгалтад оруулахаар шийдвэрлэсэн” гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна[12].

3.9.Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д албан тушаалд тавигдах тусгай шаардлагад мэргэжлийн индексийг заах талаар тусгаагүй байгааг дурдах нь зүйтэй.

3.10.Гэтэл анхан шатны шүүхээс “...Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/78 дугаар тушаалаар баталсан индексийг харж гуравдагч этгээдийг шалгалтад бүртгэсэн гэж тайлбарлажээ. ...тушаалыг 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлтээс эхлэн хүчингүй болсонд тооцохоор заасан. ...гуравдагч этгээдийг бизнесийн удирдлага мэргэжил эзэмшсэн гэж үзэхгүй, харин бизнесийн ухааны бакалавр нь боловсролын зэргийг илэрхийлж байна.  ...нягтлан бодох бүртгэлийн мэргэжил нь албан тушаалын чиг үүрэгт хамааралгүй гэж үзэн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй гуравдагч этгээдийг шалгалтад бүртгэсэн шалгалтын комиссын шийдвэрийг буруутайд тооцох үндэслэлтэй” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

3.11.Иймд Гуравдагч этгээд Мыг албан тушаалтнаас ирүүлсэн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж, төрийн албаны тусгай шалгалтад нэгдүгээрт эрэмбэлэгдэн тэнцсэн үндэслэлээр маргаан бүхий албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 81 тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно., 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно.”,  Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 7 дугаар зүйлийн 7.2-т “... Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ.” гэж тус тус заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

3.12.Уг маргаан бүхий 81 дүгээр тогтоолыг үндэслэн гуравдагч этгээд Мыг Ховд аймгийн Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон маргаан бүхий Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/27 дугаар тушаал нь Төрийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 27.1.3-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс” гэж тус тус заасныг зөрчсөн гэдэг мөн тогтоогдсонгүй.

3.13.Үүний учир нэхэмжлэгчийн “Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт  зохион байгуулах шалгалтын комиссын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлийн зургаа дахь хэсгийн 4-д Мад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/27 дугаар Мыг томилсон тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны мэргэшлийн тусгай шалгалтад Мыг хамгийн өндөр оноо авсанд тооцож, тус ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах.” нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхээс хүлээн авч хангах үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай 23 дугаар зүйлийн 23.3, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Маас Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комисст тус тус холбогдуулан гаргасан "Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021.11.08-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, 2021.11.18-ны өдрийн ажлаас чөлөөлсөн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт  зохион байгуулах шалгалтын комиссын 2021.11.02-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлийн зургаа дахь хэсгийн 4-д Мад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021.11.18-ны өдрийн Б/27 дугаар Мыг томилсон тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны мэргэшлийн тусгай шалгалтад Мыг хамгийн өндөр оноо авсанд тооцож, тус ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 57 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 91-93 дахь тал

[3] Хавтаст хэргийн 1-р хавтас 15 дахь тал

[4] Хавтаст хэргийн 1-р хавтас 75-77 дахь тал

[5] Хавтаст хэргийн 1-р хавтас 16 дахь тал

[6] Хавтаст хэргийн 1-р хавтас 72 дахь тал /40 дэх хэсэг/

[7] Хэргийн 1-р хавтас 112 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 63-65 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 144-147 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 142 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 148 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтаст 100 дахь тал /Хурлын тэмдэглэлийн 4 дэх хэсэг/