Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 134/ШШ2017/00085

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар байрны 37 тоотод оршин суух, Цэдэв овогт Нямсүрэнгийн Цэнд-Аюуш /РД: ХД88032670, утас: 99209789/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж /РД:4611853, улсын бүртгэлийн дугаар: 3270327002, утас: 70543482/-д холбогдох

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөрхүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэхолговорт 7 090 977 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Цэнд-Аюуш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2016/01320 дугаар тогтоолоор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 216/МА2016/00006 тоот магадлалыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2016/00080 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтуудыг үндэслэн Н.Цэнд-Аюуш намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн.

Миний бие нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны буюу нийт 9 сар 28 хоног ажилгүй байсан бөгөөд энэхүү хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэг өдрийн 43 907 төгрөгөөр тооцон нийт 9 725 396 төгрөг олгохоор шийдвэрт заасан 2 сар 17 хоногийн буюу 2 634 419 төгрөгийн олговрыг хариуцагч надад олгосон.

Иймд, хариуцагчаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэж, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2016/00080 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон өдрөөс Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 ны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/10 тоот тушаалаар намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон өдөр хүртэлх хугацааны ажлаас буруу халсны 7 сар 11 хоногийн үлдэгдэл олговрыг нэг өдрийн 43 907 төгрөгөөр тооцон 7 090 977 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Н.Цэнд-Аюуш нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг нэг өдрийн 43907 төгрөгөөр тооцон нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Н.Цэнд-Аюуш нь 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтнээр томилогдож, 900 000 төгрөгийн цалин авч байсан боловч Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний А/30 тоот тушаалаар Нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилэнг бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалын нэр нь Нийгмийн түншлэл хариуцсан ажилтан, албан тушаалын ангилал, зэрэглэлээр ТҮ-7, 535286 цалин олгохоор тогтоосон ба албан тушаалын нэршлийн өөрчлөлтийг урьд эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэгтэй хамааралтай гэж үзэж байгаа.

Иймд, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг нэг өдрийн 24331 төгрөг хоол, унааны нэмэгдлийг нэг өдрийн 2000 төгрөгөөр тус тус тооцон олгох хүсэлттэй байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхцоож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай сургууль 83 багш, ажилчидтай. Яамнаас бүтэц орон тоо нь батлагдаж ирсний дагуу ажилладаг. Нэхэмжлэгч нь манай сургуулийн Нийгмийн түлшлэл, олон нийттэй харилцах албанд харьяалагдаж байсан. Энэ алба 2 орон тоотой, 2 ажилтанажилладаг. Энэ 2 ажилтан төрийн ажил хийдэг учраас ТҮ-гээр цалинжиж явдаг. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ төсөл манай сургуульд хэрэгжиж байгаа. Тиймээс цалинг 900.000 төгрөг гэж тогтоож, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс /GIZ/ цалинг оруулдаг байсан учраас манай байгууллага нэг хүний цалинг хэмнэдэг байсан. Нэхэмжлэгч талын цалинг төслөөс гаргаж өгч чадахгүй учир ТҮ-7-оор цалинжиж байгаа мөнгийг гаргаж өгөх нөхцөл байдал тулгарч байна. ТҮ-7-оор цалинжиж байгаа нэг өдрийн цалин, хоол, унааны мөнгө нийлээд 24 331 төгрөг байдаг. Энэ үнийн дүнг ажилгүй байсан хугацааны хоногт үржүүлээд ажилгүй байсан хугацааны олговор олгох саналтай байгаа. Манай сургууль ажлаас гэнэт халагдсан хүмүүсийн тэтгэмж өгсөөр байгаад татварын газруудад өр үүсч байгаа. Нэмэлт санхүүжилт тавьж өгөх хүсэлт явуулж байгаа боловч одоогоор шийдсэн зүйл байхгүйучраас тулгамдаж байгаа асуудал юм. Нэхэмжлэгч талын 900000 төгрөг, 43907 төгрөг гэж тогтоож байгаа нь төслөөс гаргаж өгнө гэвэл боломжтой, харин төрийн сангаас гаргаж өгөх боломжгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

 Нэхэмжлэгч Н.Цэнд-Аюуш нь Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт  7 090 977 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэртзохих бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаар тушаалаар Нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтэнг бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалын нэр нь Нийгмийн түншлэл хариуцсан ажилтан, албан тушаалын ангилал, зэрэглэлээр ТҮ-7, 535286 төгрөгний цалин олгохоор тогтоосон ба албан тушаалын нэршлийн өөрчлөлтийг урьд эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэгтэй хамааралтай гэж үзэж байна, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг нэг өдрийн 24331 төгрөг, хоол, унааны нэмэгдлийг нэг өдрийн 2000 төгрөгөөр тус тус тооцож олгоно, Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан цалинг төслөөс гаргаж өгнө гэвэл боломжтой, харин төрийн сангаас гаргаж өгөх боломжгүй гэж маргажээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2016/00080 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн Н.Цэнд-Аюушийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг олгож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2016/01320 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх6-12/

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан цалинг төслөөс гаргаж өгнө гэвэл боломжтой, харин төрийн сангаас гаргаж өгөх боломжгүй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Н.Цэнд-Аюушийг ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул тэрээр ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй, нөгөөтэйгүүр хууль бус шийдвэр гаргаж, ажлаас халсан ажил олгогч ажлаас буруу халсан үеийн олговрыг нөхөн төлөх учиртай тул хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежоос ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь хуульд нийцнэ.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Н.Цэнд-Аюушийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан  дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг дараах байдлаар тооцож шийдвэрлэв.

Н.Цэнд-Аюушийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр /хх-11/ нэг сард 944 000 төгрөгийн үндсэн цалинтай гэж тогтоосон байх ба түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ын А-д зааснаар тооцож олгов. Үүнд: 2016 оны 06 дугаар сард ажлын 15 хоног, 07 дугаар сард ажлын 16 хоног, 08 дугаар сард ажлын 23 хоног, 09 дүгээр сард ажлын 22 хоног, 10 дугаар сард ажлын 20 хоног, 11 дүгээр сард ажлын 22 хоног, 12 дугаар сард ажлын 21 хоног, 2017 оны 01 дүгээр сард ажлын 11 хоног, нийт ажлын 150 хоног, 944000:21.5=43.907 төгрөг, 150 хоног x43907=6 586 050 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 504 927 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд, нэхэмжлэгч Н.Цэнд-Аюушийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэв. 

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 120 327 төгрөгийг хариуцагчаас гаргуулж,орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежоос нэхэмжлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 586 050 /зургаан сая таван зуун наян зургаан мянга тавин/ төгрөгийг гаргуулан Н.Цэнд-Аюушд олгож, үлдсэн 504 927 /таван зуун дөрвөн мянга есөн зуун хорин долоон/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Цэнд-Аюушийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120 327 /нэг зуун хорин мянга гурван зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА