Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2017/00086

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Ерөнхий сайд Амарын гудамж, Соёлын төв өргөө В корпуст байрлах Сод Монгол групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, 1 дүгээр багт байрлах Шивээ Овоо ХК-д холбогдох шатахууны төлбөрийн үлдэгдэл, алданги, нийт 1 871 424 168 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Сод Монгол групп ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сод Монгол групп ХХК болон Шивээ-Овоо ХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дизель түлш, А-80 бензин нийлүүлэх СШ.№05-01.ШОХК.2015 тоот тендер-ийн гэрээ байгуулан хамтран ажилласан. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж ажилласан бөгөөд Шивээ-Овоо ХК-д нийт 3 тэрбум гаруй төгрөгийн шатахуун зээлээр нийлүүлсэн. Гэтэл Шивээ-Овоо ХК нь гэрээний үүргээ эс биелүүлж, зээлээр авсан шатахууны төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй байсаар байна.

Шивээ-Овоо ХК манай компанид төлөх шатахууны төлбөрийн үлдэгдэл 1 280 082 415 төгрөг байгаа болно. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтын дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцон 569 610 946 төгрөг болоод байна. Манай компанийн зүгээс Шивээ-Овоо ХК-ийг шатахууны төлбөр болон алдангийг төлөхийг удаа дараа шаардсан боловч тус Шивээ-Овоо ХК нь төлбөр болон алдангийг төлөхгүй хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар байна. Шивээ-Овоо ХК нь шатахууны төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа нь манай компанид хүндээр тусаж шатахууны гадаад татан авалтын төлбөрөө төлж чадахгүй, цаашлаад шатахууны нөөцгүй болоход хүрээд байна.

Иймд, Шивээ-Овоо ХК-иас шатахууны төлбөрийн үлдэгдэл 1 280 082 415 төгрөг, төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 519 341 753 төгрөг, нийт 1 871 424 168 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 515 071 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Сод Монгол групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад Шивээ Овоо ХК-ийн зүгээс шатахууны төлбөрийг төлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манай байгууллагад төлөх шатахууны үлдэгдэл 19.282.415 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд, Шивээ Овоо ХК-иас шатахууны төлбөрийн үлдэгдэл 19.282.415 төгрөг, мөнтөлбөрийг хугацаандаа төлөөгүй алданги болох 591.391.753 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

Манай байгууллага Шивээ Овоо ХК-тай үндсэн төлбөрөө төлчих юм бол нэхэмжлэлээ татаж авна гэсэн гэрээ хэлцэл хийгээгүй. Цаашид хамтран ажиллах үүднээс төлбөрөө бүрэн төлчих юм бол манай байгууллага алдангийг багасгах талаарярилцъя гэсэн. Түүнээс биш алдангийг нэхэмжлэхгүй гэсэн зүйл яриагүй. Төлбөрийн үлдэгдэл 1 280 082 415 төгрөгийг хариуцагч талаас төлж дууссан гэж байна. Би өчигдөр орой хамгийн сүүлд санхүүгийн албанаасаа Шивээ-Овоо ХК-ийн үлдэгдэл мөнгийг шалгасан. Манай дансанд 50.000.000 төгрөг орж ирсэн. Үлдэгдэл нь 19 282 415 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай байгууллага бүх банкинд зээлтэй, жилийн 25 хувийн хүүтэй, сард 300 000 000, 400 000 000 төгрөгийн хүү төлдөг. Тиймээс манай байгууллага алдангиас бүхэлд нь татгалзаж болохгүй. Харин 90.000.000 төгрөгийг нь хасч, 501 341 753 төгрөгийг төлөх юм бол эвлэрэх боломжтой гэжээ.

Хариуцагч Шивээ Овоо ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, С.Одбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани 2015 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу дизель түлш, А-80 бензин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерээр Сод Монгол групп ХХК шалгарч ШО-15-21 дугаартай 6 653 300 000 төгрөгийн түлш, бензин худалдан авах гэрээ байгуулсан. Засгийн газрын 2016 оны 338 дугаар тогтоолоор Багануур, Шивээ-Овоо компаниудын дизель түлшний өглөгийг Хүний хөгжил сангаас хааж, чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг үндэслэн манай компани дизель түлшний оронд төлөх байсан мөнгөн хөрөнгөө өвөлжилтийн бэлтгэл ажил болон эх үүсвэргүй улмаас хойшлоод байсан зарим шаардлагатай худалдан авалтандаа зарцуулсан. Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжилтийг хангаж, өр төлбөрөө барагдуулах талаар эрх бүхий байгууллагуудад удаа дараа хандсан боловч хэрэгжээгүй юм. Тогтоол хэрэгжихгүй удааширсан тул 2016 оны 10 дугаар сараас эхлэн дизель түлш нийлүүлсэн компаниуд төлбөрөө нэхэмжилж эхэлсэн.

Сод Монгол групп ХХК-ийг өглөгөө бүрэн төлөхийг шаардан шүүхэд хандах үед төлбөрийн үлдэгдэл 1279,2 сая төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 319,2 сая төгрөг болгож бууруулаад байгаа бөгөөд 3 дугаар сард багтаан бүрэн төлөх болно.

Засгийн газрын тогтоол хэрэгжээгүйгээс 591 341 753 төгрөгийн алданги тооцогдсон тул манай компанийг тус алдангиас чөлөөлөх асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж байна гэжээ.

Хариуцагч Шивээ Овоо ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирсэн өдрөөс хойш Сод Монгол групп ХХК-тай ярьж тохиролцсон. Гэрээний үндсэн төлбөрөө танай байгууллага бүрэн төлчих юм бол алдангиасаа бүрэн татгалзаж, эвлэрье гэсэн саналыг тавьсан. Манай байгууллага 1.280.082.415 төгрөгийг бүрэн төлсөн байгаа. 591.341.753 төгрөгийн алдангийг танай байгууллага анх ярьж тохирсноороо татгалзаж дараа дараагийн харилцаагаа бодож эвлэрье гэсэн санал гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах юм бол улсын тэмдэгтийн хураамж болох 9.515.071 төгрөгийг бүрэн төлье.

Манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одбаяр нь шатахууны төлбөрийг бүрэн төлсөн гэж надад хэлсэн. Би өнөөдрийн шүүх хурал дээр эвлэрэх байх гэж бодожбайсан тул төлбөр төлсөн баримтыг авчраагүй. Тиймээс шүүхэд хүсэлт гаргамаар байна. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс алдангийг бодсон тооцоололыг харахаар хүүггэрээнд байхгүй нөхцөлөөр бодсон байна. Манай санхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө шүүх хуралд оролцож тайлан, тооцоогоо хэлсэн нь зүгээр байх гэж бодож байна.

Харин шатахууны үлдэгдэл 19 282 415 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтас хэрэгт авагдсан материалаас харахад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 200 000 000 төгрөгийг төлсөн. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл гарсан алдангийг хүлээн зөвшөөрч байна. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Сод Монгол групп ХХК нь хариуцагч Шивээ Овоо ХК-д холбогдуулан шатахууны төлбөрийн үлдэгдэл, алданги нийт 1 871 424 168 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Шивээ овоо ХК нь Сод Монгол групп ХХК-ийг өглөгөө бүрэн төлөхийг шаардан шүүхэд хандах үед төлбөрийн үлдэгдэл нь 1279.2 сая төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 319.2 сая төгрөг болгож бууруулаад байгаа бөгөөд 3-р сард багтаан бүрэн төлөх болно. /хх-47/ Засгийн газрын тогтоол хэрэгжээгүйгээс 591 341 753 төгрөгийн алданги тооцогдсон тул манай компанийг тус алдангиас чөлөөлөх асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж байгаа гэж маргажээ.

Нэхэмжлэгч Сод Монгол групп ХХК нь хариуцагч Шивээ Овоо ХК-тай 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр СШ.05-01.ШОХК.2015 тоот Дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээг байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч нь дизель түлш, А-80 бензинийг биет байдлын доголдолгүй худалдан авагчийн талд шилжүүлэх, худалдан авагч нь дизель түлш, А-80 бензинийг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд төлбөрийгтөлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. /хх6-15/

Зохигчдын байгуулсан гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс үзэхэд тэдгээрийн хооронд Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч Шивээ Овоо ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хэрэгжилт удааширсан тул алданги тооцогдсон, үндсэн шатахууны төлбөрөө төлсөн, алдангийн талаар нэхэмжлэгч байгууллагатай тохиролцож байгаа, миний хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд эвлэрэх байх гэж бодож орж ирсэн гэж шүүх хуралдаанд тайлбарлана.

Хэдийгээр хариуцагч Засгийн газрын 338 дугаар тогтоолын хэрэгжилт удааширсантай холбоотой шатахууны төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй гэх боловч 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр СШ.05-01.ШОХК.2015 тоот Дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээг байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч нь дизель түлш, А-80 бензинийг биет байдлын доголдолгүй худалдан авагчийн талд шилжүүлэх, худалдан авагч нь дизель түлш, А-80 бензинийг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, дээрх гэрээ /хх6-10/ зэргээр тогтоогдож байна. Хэрэв хариуцагч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шатахууны нийт төлбөрийн 1 260 800 000 төгрөгийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан, мөн шатахууны үлдэгдэл 19 282 415 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул энэ тал дээр талууд маргаагүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Гэвч хариуцагч Шивээ Овоо ХК-иас ийнхүү гэрээнд заасан үүргээ үл биелүүлж,

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлжээ.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 7.1-т худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгээс 0.1 хувиар алданги тооцож Нийлүүлэгчид төлнө гэж Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр тохирчээ.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.

Иймд, хариуцагч шатахууны төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн учраас тэрээр гэрээний дагуу нэхэмжлэгч талд алданги төлөх үүрэг хүлээх тул хариуцагч Шивээ Овоо ХК-иас алданги 591 341 753 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Сод Монгол групп ХХК-д олгож шийдвэрлэв.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-16/, Сод Монгол групп ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон алдангийн тооцоо хийсэн баримт /хх-17/ зэрэг нотлох баримтыг шүүх үнэлсэн ба алдангийн тооцоололыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийн дагуу үгүйсгээгүй тул шүүх уг тооцоололыг үндэслэн алдангийг олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 9 515 071 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн үндэслэлээр татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамжаас хариуцагч чөлөөлөгдөхгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч шатахууны төлбөрийн үлдэгдэл болох 19 282 415 төгрөгийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн хэмжээгээр нь хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс 1 260 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснээр татгалзсан, үлдсэн шатахууны төлбөр болох 19 282 415 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шивээ Овоо ХК-аас алданги 591 341 753 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сод Монгол групп ХХК-д олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 515 071 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9 515 071 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сод Монгол групп ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА