Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2017/00094

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

Нэхэмжлэгч: 1980 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 3 дугаар баг, Малчины 3-6 тоотод оршин суух, Харчин овогт Дагвадоржийн Ганбилэг /РД:ЗВ80042105, утас:89438394/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1983 онд төрсөн, 34 настай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 4 дүгээр баг, Баянхошууны 4-4 тоотод оршин суух, Төхмийн шавь овогт Лхагвасүрэнгийн Даваамаа /РД:ЗБ83112803, утас: 98382892/-д холбогдох

Эмчилгээний зардал нийт 1 182 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2017 оны 02 дугаар сарын 10-нд миний хүү Мөнхтулгыг 1 дүгээр ангийн хүүхэд болох Л.Даваамаа овогтой Тэмүүжин зодож хамар нармайд нь ноцтой гэмтэл учруулсан бөгөөд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст хандаж, эмнэлэгт үзүүлж, Улаанбаатар явж хамар нармайдаа хагалгаа хийлгэсэн.

Тус хэргийг насанд хүрээгүй учир эрүүгийн хэрэг үүсгэхгүй, төлбөрийг нь төлүүлнэ гэсэн. Хагалгааг хувийн Гурван гал эмнэлэгт хийлгэсэн. Хагалгааны зардал 1 319 950 төгрөг болсон. Шинжилгээ, эм тариа хагалгааны өмнөх, дараах бүх зардал нийлээд 1 822 450 төгрөг болсон.

Тэмүүжингийн ээж Л.Даваамаа нь яаж ийгээд хүүтэй мөнгө олоод хагалгаанд нь оруул,би төлнө гэж  хэлсэн. Би хүүгээ 02 дугаар сарын 17-ны өдөр хагалгаанд оруулсан. Л.Даваамаа нь 02 дугаар сарын 16-нд 140 000 төгрөг, 02 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, тус тус өгсөн. Үлдэгдэл мөнгийг 03 дугаар сарын 25-нд ямаа самнаад өгнө гэсэн боловч одоо хүртэл өгөхгүй байна. Бид утсаар хэлэхэд өгөхгүй, төлөх мөнгө алга, яах гэж хувийн эмнэлгээр явсан юм. Би зодуулсан юм уу гэх мэтээр хэлж байна.

Иймд, үлдэгдэл мөнгө болох 1 182 450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ганбилэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Л.Даваамаад холбогдуулан эмчилгээний зардал болох 1 182 450 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх нэхэмжилж буй төгрөгнөөсөө 182 450 төгрөгийг төлүүлэхээсээ татгалзаж, 1 000 000 төгрөг гаргуулахаар тохиролцож байна.

Хариуцагч Л.Даваамаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Л.Даваамаа миний бие Д.Ганбилэгийн нэхэмжилж байгаа 1 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 300 000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үлдсэн 700,000 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.

Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Д.Ганбилэг, хариуцагч Л.Даваамаа нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 000 000 төгрөгийг хугацаа тохирч төлье гэснийг нэхэмжлэгч Д.Ганбилэг хүлээн зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Хариуцагч Л.Даваамаа нь нэхэмжилж байгаа 1 000 000 төгрөгийг 2 хувааж төлөх буюу 2017 оны 05 дугаар сарын 15-ны дотор 300 000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 10-ны дотор үлдэгдэл 700 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д.Ганбилэгт төлж барагдуулахаар тохиролцсон ба одоо бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хянан шийдвэрлүүлэхээр тохиролцжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганбилэг нь Л.Даваамаад холбогдуулан эмчилгээний зардал 1 182 450 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 182 450 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Даваамаа нь шүүхэд гаргасан тайлбартаа ...1 000 000 төгрөгийг 2 хувааж төлөх буюу 2017 оны 05 дугаар сарын 15-ны дотор 300 000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 10-ны дотор үлдэгдэл 700 000 төгрөг төлж барагдуулна ... гэснийг нэхэмжлэгч Д.Ганбилэг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32 929 төгрөгийн тавин хувь болох 16 464 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 16 464 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Л.Даваамаагаас 16 464 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ганбилэгт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Ганбилэг нь Л.Даваамаад холбогдуулан эмчилгээний зардал 1 182 450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 182 450 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 1 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Л.Даваамаа нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны дотор 300 000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 10-ны дотор үлдсэн 700 000 төгрөгийг Д.Ганбилэгт төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32 929 төгрөгийн тавин хувь болох 16 464 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 16 464 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Л.Даваамаагаас 16 464 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ганбилэгт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-дзааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА