Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 134/ШШ2017/00089

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байр, 47 тоотод оршин суух, Харчин овогт Батсүрэнгийн Мөнхбат /РД:ЗЮ87042214/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 2 дугаар байр, 95 тоотод оршин суух, Боржигон овогт Цохиогийн Отгонцэцэг /РД:КЕ76043003/-т холбогдох

Хамтран амьдарч байх хугацаанд үүссэн дундын эд хөрөнгөөс нийт 19 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Батсүрэн овогтой Мөнхбат миний бие нь Цохио овогтой Отгонцэцэгтэй 2007 онд танилцаж, 2008 оноос нэг гэрт орж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаандаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт орших 7 дугаар байрны 14 тоот 3 өрөө орон сууцыг 2008 онд тухайн үеийн зах зээлийн үнэ болох 13 800 000 төгрөгөөр ХААН банкны орон сууцны зээлээр худалдан авсан. Уг байрны урьдчилгаа төлбөр болох 4 000 000 төгрөгийг миний эцэг, эх бэлнээр төлж үлдэгдэл мөнгийг банкны зээлээр авсан ба уг зээлийн хамтран эзэмшигчээр миний бие гарын үсэг зурсан болно. Байрны гэрчилгээг Ц.Отгонцэцэгийн нэр дээр гаргуулсан авсан. Байрны бүрэн тохижилтыг миний аав Ц.Батсүрэн нь 11 000 000 төгрөгийн бүрэн тохижуулж мөн 4 000 000 төгрөгийн засвар хийсэн. Ц.Отгонцэцэгтэй хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулж байгаагүй ба дундаас гарсан үр хүүхэд байхгүй болно. 2011 оноос хамтран амьдрахаа больсон ба уг байр 2016 онд зах зээлийн ханшаар зарагдсан. Иймд,хамтран амьдарч байх хугацаанд үүссэн дундын эд хөрөнгөөс дараах зүйлийг нэхэмжилж байна.

Үүнд: Байрны урьдчилгаа төлбөр болох 4 000 000 төгрөг, иж бүрэн тавилга 11 000 000 төгрөг, засварын өртөг болох 4 000 000 төгрөг, нийт 19 000 000 төгрөгийг Ц.Отгонцэцэгээс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ц.Отгонцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Ц.Отгонцэцэг миний бие нэхэмжлэгч Б.Мөнхбаттай 2007 оноос 2012 оныг хүртэл хамтран амьдарч байсан нь үнэн. Хамтран амьдарч байх хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан дундын хөрөнгө гэж байхгүй гэж үзэж байна. Б.Мөнхбатын эцэг, эх хүүдээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 6 дугаар байранд 2 өрөө орон сууц авч өгсөн боловч миний бие 2008 онд Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 14 тоот 3 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр ХААН банкны ажилтны орон сууцны зээлээр авсан учир Б.Мөнхбат манайд хамт амьдарч байсан.

Байрны урьдчилгаа төлбөрт 4 000 000 төгрөг өгсөн гэсэн байна. Энэ мөнгийг байрны урьдчилгаанд зарцуулаагүй, тухайн үед хамт өөр зүйлд зарцуулж дууссан байх. Би байраа 13 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 12 500 000 төгрөгийн орон сууц худалдан авах зээл авч өрөө цалингаасаа бүрэн төлж дуусгасан.

Иж бүрэн тавилга 11 000 000 төгрөг гэсэн байна. Манайхыг байранд орох үед Б.Мөнхбатын эцэг Ц.Батсүрэн тавилга авч өгсөн боловч Б.Мөнхбатыг манайхаас бүрмөсөн явснаас хойш буюу 2012 оны зун дүү Б.Батмөнх нь ачааны машинтай ирж тухайн үед Батсүрэн гуайн малыг маллаж байсан хүнээр /тэр хүний нэрийг санахгүй байна/ өргөлцүүлэн тавилгаа ачиж явсан. Тавилга ачихаар манай гэрт орж ирсэн байх үед нь би Б.Мөнхбат руу утсаар ярьж юу ч үлдээхгүй бүгдийг нь авч яваарай, сүүлд нь янз бүрийн асуудал байхгүй шүү гэж хэлсэн. Бүгдийг нь аваарай гэж хэлсээр байхад дүү нь гал тогооны тавилга, ор гэх мэт хятадын ганц нэг юм үлдээсэн нь цаг хугацааны уртад эвдэрч хэмхэрснийг хог руу хаясан. Одоо энэ айлын тавилга гэж юм манайд байхгүй.

Засвар хийсэн зардал 4 000 000 төгрөг гэсэн байна. 2008 оны 11 дүгээр сард ашиглалтанд орсноос хойш тэр байранд бүрэн хэмжээний засвар хийгээгүй. Цонхны амалгааны шаврыг сольсон, паркетан шалыг хуулж доогуур нь хөөсөн хавтан дэвсэн буцааж хуучин шалыг нь шахсан. Эдгээр жижиг засвар хийлгэсэн хүндээ 30 000-50 000 төгрөгийн хөлс өгч байсан, тухайн үед нийт зардал 200 000-300 000 төгрөг орчим болж байсан. Би өөрөө банкны эдийн засагч ажилтай сарын 800 000 төгрөгийн цалинтай, цалингаас өөрөө төлж байсан учир Б.Мөнхбатад засварын хөлс төлөх үндэслэлгүй юм. Б.Мөнхбат нь хамтран амьдарч байх хугацаандаа 2010 оноос эхлэн миний төрсөн эгч Цохио овогтой Ургамалчимэгийн охин Д.Мөнхцэцэгтэй /одоогийн эхнэр нь/ эр эмийн харьцаатай болж уг асуудлаас болж байнгын хэл амтай намайг удаа дараа зодож танхайран дарамталдаг байсан. Ах дүү төрөл садангийн хүмүүс ийм байдалтай байж болохгүй талаар аль алинд нь сануулсан боловч надаас салж миний орон гэрээс бүрэн явахаас өмнө энэ хүмүүсийн хүүхэд нь төрж байсан юм. Хэдийгээр хуулийн дагуу эд хөрөнгийн маргаантай холбоотой иргэний хэрэгт энэ асуудал хамааралгүй боловч энэ хүний ухамсар, хэн бэ гэдэгтэй холбоотой учир оруулахаас өөр аргагүй юм. Миний олон жилийн сэтгэл санааны дарамт, төрсөн ах дүү ураг төрлийн хагарал мөнгөн хөрөнгөөр үнэлшгүй юм.

Б.Мөнхбат надаас салж миний эгчийн охинтой суусан цагаас хойш үргэлж эцэг, эхийн хамт надаас мөнгө нэхэж дарамталж тайван ажиллаж амьдрах боломжгүй байдалд хүргэж байсан учир би 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр арга буюу Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасны дагуу шалгаж байсан. Үүнийг гэрчлэх баримт болох тухай үеийн Цагдаагийн хэлтсийн даргын цохолттой өргөдлөө хавсаргалаа. 2016 оны 09 дүгээр сард Б.Мөнхбат мөнгө нэхэмжилж ажил дээр ирж дарамталж танхайрсныг Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Алтангартаам шалгаж Б.Мөнхбатад захиргааны арга хэмжээ авсан.

Б.Мөнхбат болон түүний эх Жаргалсайхан нар 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр надаас 2 000 000 төгрөг нэхэж үүнийгээ өгвөл дахин мөнгө нэхэхгүй гэсэн баталгаа бичгээр гаргаж, өөрсдөө гарын үсэг зурж өгсний дагуу би 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эцэг Ц.Батсүрэнгийн ХААН банкин дахь 5990007535 тоот харилцах дансанд 2 000 000 төгрөгийн орлого хийснээр энэ айлын нэхэмжлэх хөрөнгийн маргаан дууссан гэж би ойлгож байгаа гэжээ.

Нэхэмжлэгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч: Би Ц.Отгонцэцэгтэй 6 жил хамт амьдарсан. Гоё сайхан амьдарна гээд хамаг хүч хөдөлмөрөө зарцуулаад явж байсан. Айл гэрт юу хэрэгтэй болдог ямар зардал гардаг байсан бүгдийг нь би зохицуулдаг байсан. Ц.Отгонцэцэг нь ажил хийдэгбайхдаа ч мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлдэггүй байсан. Харин өрөнд орчихлоо гээд миний ээж надаас мөнгө авдаг байсан. Анх надтай суухдаа Санхүү, эдийн засгийн дээд сургуульд сурдаг, ах, эгчийнхээ гэрээр байрладаг, хүүхэд дагуулсан хүүхэн байсан. Гэр орон тухайн үед байгаагүй. Би Чойрт авчраад ээжийгээ гуйж байгаад ажилд оруулж өгч байсан. Тэгээд тусдаа гаръя, би ээж, аавынд чинь амьдрах хэцүү байна гэхээр нь ээж,аавдаа хэлээд Хонхорын 7 дугаар байрны 2-14 тоот байрыг 13.800.000 төгрөг гэж байна гээд намайг дагуулж очиж үзээд ээж, ааваасаа байрны урьдчилгааны мөнгө аваадах,үлдэгдэл мөнгийг нь ХААН банкны ажилчдын орон сууцны зээлээр авъя гэж хэлэхээр нь би аав, ээжид хэлсэн чинь аав 4.000.000 төгрөг өгсөн. Бид хоёр 4.000.000 төгрөгийг аваад Хонхорын 7 дугаар байрыг засаж байсан компанийн хүнд урьдчилгааг өгөөд авна гэж хэлээд ашиглалтанд оронгуут нь зээлийг нь гаргаад авна гэж 4.000.000 төгрөг өгч байсан. Аав урагшаа Эрээн хот орж иж бүрэн тавилга авчирсан.

Нотлох баримтаар тавилганы үнийн нотлох баримт байгаа. Хятад бичгийгорчуулсан байгаа. Өөр бусад зүйлүүд нотлох баримтаар огт ороогүй. Будаа агшаагч,угаалгын  машин, обжур зэрэг дээр баримт байхгүй. Учир нь би гэртээ юм авч байгаа учир баримт хэрэгтэй гээд аваагүй. Надад байгаа баримтаа би гаргаж өгсөн. Байранд ороод найр хийхгээд ээж, ааваас 3.000.000 төгрөг авсан. Би Оюутолгой руу тээвэрт явдаг байсан. Ц.Отгонцэцэг байрны зээл гаргахдаа надад огт хэлээгүй, би байрны зээл гарсан гэдгийг мэдээгүй явж байсан. Миний өмнөөс гарын үсэг зураад зээл гаргасан байсан. Надтай анх суугаад хоёулаа хүүхэд гаргаад сайхан амьдарна гэсэн чинь хүүхэд гаргадаггүй хүүхэн байсан. Бид хоёр хамт амьдраад 3 жил болж байсан. Тэгээд яагаад хүүхэдтэй болохгүй байгаа юм бэ? гэтэл нэг асуудал байгаа юм гэж байсан. Гэтэл би эмчийн буруутайгаас болоод хүүхэд гаргаж чадахгүй болсон юм гэж хэлсэн. Бээжин хот руу очиж эмчлүүлэх боломжтой гэж хэлээд намайг Бээжин хот руу 2 удаа дагуулж явсан. 2 удаа явахдаа 7.000.000 төгрөг зарлагдсан. Бээжин хот ороод эмнэлэгт үзүүлсэн чинь огт хүүхэд гаргах боломжгүй хүүхэн байсан. Анхнаасаа суухдаа надад худлаа хэлж байсан. Нотлох баримтаар банкны зээлийн гэрээ хавсаргасан байгаа. Үүн дээр Ц.Отгонцэцэг нь надад анх 1978 оных гэж хэлж хэлсэн. Тэгтэл 1976 оны хүн байсан. Би тээвэрт яваад ирсэн чинь утсанд нь мессэж ирээд унштал хайраа гээд дурлалцсан юм шиг бичсэн байсан. Үүн дээрээс болж маргалдахад энэ асуудлаа зохицуулна гэдэг байсан. Дахин тээвэрт яваад ирэхэд бас л мессэж ирсэн. Уншсан чинь хөөрхөн уруулаа санаж байна, хүсэж байна гэсэн мессэж ирдэг байсан. Тэгээд хоёулаа салъя гэж хэлтэл би одоо амьдрах орон сууцгүй яах вэ? чи намайг байр автал энэ байрандаа амьдруулаач гэж өөрөө Ц.Отгонцэцэг гуйж байсан. Би дотроос нь юм аваагүй. Тэгвэл чи амьдрах зүйлээ олоод яваарай гэж хэлээд хувцсаа аваад гарч байсан. Сүүлдээ миний байрыг өгөхгүй гэж хэлээд Ц.Отгонцэцэгийн хөрөнгө болчихсон. Гэр бүлээ яагаад батлуулахгүй байгаа юм бэ? гэсэн чинь өмнөх нөхрөөсөө гэрлэлтээ салгаагүй байсан. Ц.Отгонцэцэгийн хүүхэд нь манай ээж дээр өссөн хүүхэд байгаа.

4 000 000 төгрөгийг Ц.Отгонцэцэг хүлээн зөвшөөрсөн. Байрны урьдчилгаанд 4.000.000 төгрөгийг өгөөгүй байсан юм бол байрыг яаж авах байсан юм бэ? Тухайн үед байр эрэлт ихтэй байсан. Урьдчилгаа мөнгө өгч байж Хонхорын 7 дугаар байрны 4-12 тоот байрыг авсан. Намайг архичин гэж хэлж байна. Би амьдралдаа архи ууж үзээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг гүтгэж доромжилж байна. Миний эцэг, эх ямар их хөдөлмөрч хүн бэ? гэдгийг Чойрын ард түмэн бүгд мэдэж байгаа. Намайг Өмнөговь аймагт дурсагдаж байсан гэж байна. Би Өмнөговь аймгийн шүүхээр орж үзээгүй. Өмнөговь аймгийн Манлай сумаас Ц.Отгонцэцэг намайг дагаж ирж анх танилцсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танд ёс суртахууны доголдол байна.

Байрны засвар нь 11.000.000 төгрөг биш байрны тавилга нь 11.000.000 төгрөг болж байгаа. Тухайн үед ховорхон өнгө үзэмжтэй тавилга байсан. Гэрч Отгончимэг буйданг нь авъя гэхэд 2.500.000 төгрөгөөр зарна гэсэн байсан. Гал тогооны хэрэгслийг нь сонирхсон чинь манай гал тогоонд томдохоор юм байна. Уг нь чанар хийцийн хувьд төгс юм байналээ гэж хэлсэн. Эгчийх нь дүүтэй суусан гэж ярьж байна. Ц.Отгонцэцэг бид 2 салснаас хойш болсон зүйл. Байрны талаар ярих гээд ажлын өрөөнд орох болгонд хамгаалагчаа дуудаад хөөж гаргаад цагдаад өргөдөл бичиж өгдөг байсан. Надтай 5, 6 жил хамт амьдарсан хүн эд хөрөнгийн талаар 5, 10 минут яагаад ярьж болохгүй гэж. Үнэхээр Ц.Отгонцэцэг гэдэг хүн үнэн хэлж байсан бол шүүх хуралд оролцож байх ёстой. Миний одоо байгаа эхнэр надад 3 хүү төрүүлж өгсөн. Ц.Отгонцэцэг нь Цохио гэдэг хүний хүүхэд нь биш дагавар ээжийх нь хүүхэд юм. Цохио гэдэг хүнтэй суухдаа ээж нь Ургамалчимэг гэдэг хүнийг дагуулж ирж байсан гэсэн. Одоо байгаа манай авгайгийн ээж нь юм. Ц.Отгонцэцэгийн дүү гээд Чинбат гэж байгаа. Чинбат, Ц.Отгонцэцэг нь 1978 оных болчихоод байсан. Чи эгч дүү 2 гэчихээд дүүтэй яагаад чацуу байгаа юм бэ? гэхэд бид 2 ихэр юм гэж хэлж байсан. 1976 оны иргэний үнэмлэх цүнхнээс нь олж харсан. Ургамалчимэг гээд манай эхнэрийн ээжийг Ц.Отгонцэцэг, Чинбат 2 их дарамталдаг байсан. Яармагт очиход Чинбат гэдэг нь хүн нь манай эхнэрийн ээжийнх нь өөдөөс угаадас цацаж байсан. Тэгээд яагаад ингээд байдаг юм гээд эхнэрээсээ асуухад тухайн үед манай эхнэрийн аав, ээж нь Өмнөговь аймагт баян хүмүүс байсан гэсэн. Тэгээд Ц.Отгонцэцэгийн гэрийнхэн бид нарт хөрөнгө өгөхгүй байна гэж дургүй байсан гэсэн. Би өөрийгөө хүн төрөлхтнөөс гаж зүйл хийгээгүй, надад хэзээч хүүхэд төрүүлж өгч чадахгүй байсан. Хэрвээ би хүүхэдтэй болъё гэсэн бол 8.000.000 төгрөгөөр Бээжин хот орж 1 удаа үр суулггах байсан. Хүүхэдтэй болохгүй бол дахин үр суулгана тэгсээр байгаад хиймэл аргаар хүүхэдтэй болох байсан. Би харьцааны доголдолтой биш Ц.Отгонцэцэг нь өөрөө харьцааны доголдолтой юм. Би шүүхэд нэхэмжлэл гаргахаас 4, 5 сарын өмнө Ц.Отгонцэцэгийг ямар хүн бэ? гэдгийг нь мэдсэн. Эмэгтэй хүн, ээж хүн, эх хүнээс гарахааргүйгээр хүнийг дарамталдаг байсан. Миний эхнэр төрөх гээд орон дээр өвдөөд хэвтэж байхад нь мессэж бичсэн. Та бид 2-ын амьдралыг мэдэхгүй хүн учраас босож тайлбар хэлэх эрхгүй хүн. Хуулийн цоорхойг ашиглаж шүүх хуралд орж байна. Ц.Отгонцэцэг өөрөө шүүх хуралд орж байсан бол миний өөдөөс босож юу ч хэлж чадахгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Мөнхбатын нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Б.Мөнхбатын нэхэмжлэлийг шүүх анх хүлээж авах ёсгүй байсан гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагад Б.Мөнхбатын гэх зүйл байхгүй. Ааваасаа 4.000.000 төгрөг авсан. Батсүрэнг төлөөлж мөнгө нэхэмжилж байгаа бол хэргийн материалд Б.Мөнхбатад олгосон итгэмжлэл байх ёстой байтал тийм зүйл байдаггүй. Б.Мөнхбат нь мөнгө өгсөн гэх талаар баримт байхгүй. Үүнийгээ баталж чадаагүй. Миний аав Ц.Батсүрэн 11 000 000 төгрөг өгсөн, байрны урьдчилгаа болох 4 000 000 төгрөг өгсөн гэж байдаг. Хэргийн материалаас харахад Ц.Батсүрэн гэдэг хүн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Одоо нэхэмжлэгч талтай мэтгэлцэх боломжгүй байна. Ц.Батсүрэнг бүрэн төлөөлөх нотлох баримт шүүхэд байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзан уу? гэж хүсэж байна гэв.

Б.Мөнхбат нь 19 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. 19 000 000 төгрөгийн 4 000000 төгрөгийг өөрийн аав болох Ц.Батсүрэнгээс хүлээж авсан баримт хэрэгт байхгүй байна. 11 000 000 төгрөгөөр байрандаа засвар хийсэн талаар шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримт байхгүй. Хятад улсаас хэн ч оруулж ирэх боломжтой бичиг хэрэгт өгсөн байна. Үүнийг шүүх үнэлэх боломжгүй учир нотлох баримтаас хасаж өгнө үү.Засвар хийсэн гэх 4.000.000 төгрөг тухайн үед 2008 онд зах зээлийн үнээр зассан гэдэг нь нотлох баримтанд байхгүй. Юу засаж, юу сольсон гэдэг нь бас байхгүй. Нотлох баримтгүйгээр 1 жил хамтран амьдарсан хүнээсээ 19 000 000 төгрөг нэхэмжилж болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах байх гэж бодож байлаа. Б.Мөнхбатын өмч гэх зүйл хэргийн материалд байхгүй. Б.Мөнхбат 1987 оны залуу улсад ажиллаж,нийгмийн даатгал төлж үзээгүй, орлого байхгүй. Ц.Отгонцэцэг  нь анх ХААН банкинд ажиллаж байсан. Одоог хүртэл ХААН банкны эрхлэгчээр ажиллаж байгаа. Үнэхээр хүн залилдаг, амьдралын чадамжгүй хүн байсан бол ХААН банк өндөр шалгуураар ажилдавдаг. Гэтэл тилерээс авахуулаад эрхлэгч болтол нь ажиллаж байна гэдэг нь ажлын чадамж ямар байгаа вэ? гэдгийг тодотгож өгч байна.

Ц.Отгонцэцэг нь улсад 10 гаруй жил нийгмийн даатгал төлсөн чадамжтай, бие даасан иргэн. Энэ 2-ын хамт амьдарч байгаа нь юунаас үүдэлтэй вэ? гэхээр Ц.Отгонцэцэг төрсөн эгчийнхээ дүү болох эмэгтэйг авчирсанаар үүдэлтэй. Төрсөн эгчийнхээ дүүг гэртээ байлгаснаас болж Б.Мөнхбат нь хувийн харьцаанд орж Ц.Отгонцэцэгийн гэрт анхны хүүхэд төрсөн нь гутамшиг. Хэрвээ эхнэрээ гэж хүлээн зөвшөөрсөн бол би хамтран амьдарч байсан гэж хэлэхгүй. Б.Мөнхбат нь ёс зүйн хувьд доголдолтой хүнтэй хэн хамт амьдрахыг хүсэх юм бэ? Байрны хувьд ХААН банк ажилчиддаа орон сууцжуулах хөтөлбөрөөр зээл олгодог байсан. Энэ зээл нь 100 хувь банкны зээл юм. Хамтран зээлдэгчээр Б.Мөнхбат оролцоогүй. Ц.Отгонцэцэг нь Б.Мөнхбатын оролцоо байхгүйгээр байрыг авах боломж байсан. Өөрийн эр нөхөртэйгээболно бүтнэ гэж хамт амьдарч байсан. Байртай болъё гэж хүн хүсэл зоригоо илэрхийлээд амьдарч болно. Тэгтэл Б.Мөнхбат нь архидан согтуураад явж байсан. Тиймээс Б.Мөнхбатын гарын үсгийг бичсэн. Б.Мөнхбатын хөрөнгө гэхэд эргэлзээтэй. Би Чойрт тодорхой хэмжээнд амьдарч байхдаа Б.Мөнхбатыг сонсож байсан. Овлигогүй, тавьтаргүй, гэр бүлийн доголдолтой, хүнтэй харьцах харьцаа байхгүй гэж сонсож байсан. 19 000 000 төгрөг нотлогдохгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? Тухайн үед Ц.Отгонцэцэгийг ажил дээр нь дарамталж балүзгээр нь зодсоныг Ц.Отгонцэцэг цагдаа дуудаж өгч байсан. Б.Мөнхбат нь захиргааны арга хэмжээ авахуулж байсан. Б.Мөнхбатын аав өгсөн гээд байгаа 4.000.000 төгрөгийг Ц.Отгонцэцэг аавынх нь дансанд хийсэн. Ц.Отгонцэцэгийг аав, ээж нь ажил дээр нь очиж удаа дараа доромжилж, дарамталж байгаад ээж нь Ц.Отгонцэцэгээр аавынх нь данс руу 2.000.000 төгрөгийг хийлгэсэн. Б.Мөнхбатын ээж нь өр авлага байхгүй гэсэн гарын үсэг зураад доод талд нь Б.Мөнхбат гарын үсэг зурсан байгаа. 2008 оны зүйлийг одоо 2017 онд нэхэмжлэл гаргана гэж байхгүй гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхбат нь хариуцагч Ц.Отгонцэцэгт холбогдуулан хамтран амьдарч байхад үүссэн дундын эд хөрөнгөнөөс байрны урьдчилгаа, иж бүрэн тавилга, засварын өртөг, нийт 19 000 000 төгрөг гаргуулахыг хүсчээ.

Хариуцагч нь 2007-2012 оны хооронд Б.Мөнхбаттай амьдарч байсан нь үнэн. Хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан дундын хөрөнгө гэж байхгүй, Манайхыг байранд орох үед Мөнхбатын эцэг Батсүрэн тавилга авч өгсөн боловч Б.Мөнхбатыг манайхаас бүр мөсөн явснаас хойш буюу 2012 оны зун дүү Б.Батмөнх нь ачааны машинтай ирж тавилгаа ачиж явсан. Тухайн үед би Б.Мөнхбат руу утасдаад бүгдийг аваарай гэж хэлсээр байхад гал тогооны тавилга, ор гэх мэт хятадын ганц нэг юм үлдээсэн нь цаг хугацааны уртад хэмхэрсэнийг хог руу хаясан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

1. Нэхэмжлэгч Б.Мөнхбат, хариуцагч Ц.Отгонцэцэг нарыг хамтран амьдрахад Б.Мөнхбатын эцэг Ц.Батсүрэнгээс тодорхой эд хөрөнгө шилжүүлж өгсөн тал дээр хэн аль нь маргаагүй.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр 2 буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан ба энэ нь хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх үүсэх тул талуудын харилцан тохиролцоогоор тодорхойлогдоно. Нэхэмжлэгч нь хамтран амьдрах хугацаанд үүссэн иж бүрэн тавилгын өртөг болох 11 000 000 төгрөг гаргуулна гэсэн нэхэмжлэлийншаардлага гаргаж, миний  аав Ц.Батсүрэн нь байранд орох үед авч өгсөн гэжтайлбарлаж, үүнийгээ гэрчүүдийн мэдүүлэг, 2008 онд иж бүрэн тавилга худалдан авсан баримт, /хх6-11/ хятад хэлнээс хөрвүүлсэн төлбөрийн баримт зэрэгт /хх12-13, 58-59/ үндэслэж байгаа боловч 2008 онд иж бүрэн тавилга худалдан авсан гэх баримт /хх6-11/ нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг дараахь хэлбэрээр мэдүүлж болно, 55.2.1-т бичгээр мэдүүлнэ, 55.3-т Мэдүүлэгч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ гэж заасан байх тул энэ талаарх нотлох баримтыг зохигч шүүхэд ирүүлээгүй бөгөөд бусад бичмэл нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаас /хх6-11/ үзэхэд хөргөгч, зурагтыг нэхэмжлэгч өөрөө буцааж авсан, харин Ц.Отгонцэцэгт гал тогооны ком тавилга, хоолны ширээ, сандал, стинк, буйданг үлдээсэн талаар гэрчүүд мэдүүлэх боловч өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

2. Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 7 дугаар байрны 14 тоот орон сууцыг 13 800 000 төгрөгөөр худалдаж авахад урьдчилгаа төлбөрт би 4 000 000 төгрөгийг нь гаргасан гэх боловч хариуцагчаас орон сууцыг 13 000 000 төгрөгөөр худалдан авсан, орон сууц худалдан авахын тулд 12 500 000 төгрөгийн зээлбанкнаас авч өөрөө цалингаасаа бүрэн төлж дуусгасан гэж маргажээ.

Хариуцагч Ц.Отгонцэцэгийн шүүхэд гаргаж өгсөн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б.Мөнхбат болон түүний ээж Жаргалсайханд уг 4 000 000 төгрөгнөөс 2 000 000 төгрөгийг нь хүлээлгэн өгч, цаашид дахин мөнгө нэхэмжлэхгүй, өгөө, аваа байхгүй гэсэн баримт, /хх-25/ хариуцагчаас 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн аав Ц.Батсүрэнгийн ХААН банкны 5990007535 дугаар дансанд 2 000 000 төгрөг шилжүүлсэнзэрэг нотлох баримтуудаас /хх-26/ үзэхэд уг 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн, энэ талаарх маргаан дуусгавар болсон нь тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Б.Мөнхбат нь Ц.Отгонцэцэг нь уг байрыг хэтэрхий хүйтэн байна гэхээр нь би бүх өрөөний парыг цонхны хэмжээгээр секцийг нэмсэн, цонхны амалгаа болон төмөр хаалт хийж, гадна талаас нь байшингийн заагийг ховхолж шинээр хийсэн, шаланд хөөс дэвсэж, шавар цутгаж, модон шалыг буцаан шахахад нийт 4 000 000 төгрөгийн засвар хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг зохигч шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Иймд, нэхэмжлэгчийн хамтран амьдарч байх хугацаанд үүссэн дундын эд хөрөнгөөс нийт 19 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Отгонцэцэгээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Отгонцэцэгт холбогдох хамтран амьдарч байх хугацаанд үүссэн дундын эд хөрөнгөөс нийт 19 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгч Б.Мөнхбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА