| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/55 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/55
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг
улсын яллагч О.Эрхэмбаяр
хохирогч Я.******* /цахимаар/
шүүгдэгч Б.*******
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуульч овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2031003530024 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******ийн *******, регистрийн ******* дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь шатахуун, шатахууны орлого, тос тосолгооны материал, аккумлятор зэрэг бараа бүтээгдэхүүний үнэ болох нийт 35.164.849 /гучин таван сая нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун дөчин ес/ төгрөгийн орлогыг компанийн дансанд тушаалгүй хувийн харилцах дансандаа шилжүүлэх болон бэлнээр авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...Өөрийн хийсэн буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Боломжит аргаар хохирол төлбөрөө түргэн хугацаанд төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.*******ын 2021 оны 02 дугаар сарын 25-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 02 дугаар сараас эхлэн шатахууны орлогын мөнгө дутаад ирсэн бөгөөд би тухайн үед уг дутагдсан мөнгийг нөхөж хийгээд хэвийн байдалд оруулна гэж бодож байсан хэдий ч сүүлдээ нөхөж хийж чадахгүй явсаар ийм байдалд хүрсэн. Түүнээс анх надад байгууллагын шатахууны орлогыг дутаана гэсэн санаа байгаагүй. Одоо бол гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн шатахуун зээлсэн иргэдийн ихэнх нь Дархан Уул аймаг, Орхон аймаг, Дархан Уул аймгийн Шарын гол сумын иргэд байсан санагдаж байна. Би одоо тэдгээр иргэдийн нэрийг нь мэдэхгүй, заагаад өгчих хүн байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 68-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.*******ын хэлэлцүүлэгт өгсөн: “ ...******* нь “*******” ХХК-нд түгээгчээр орсон. “*******” ХХК нийт ажилчид даа хөгжих боломжийг олгодог бодлогын дагуу шатахуун түгээх станцын менежерээр дэвшүүлсэн ажиллуулсан. Дэвшүүлэн ажиллуулахдаа бүх боломжоор хангасан. 2020 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд 35.164.849 төгрөгийн хохирол учруулсан. Энэ талаар сар бүр илгээдэг тайлан дээрээ шатахуун байгаа мэтээр харагдуулж явдаг байсан. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ умартан өөрөө дур мэдэн зарцуулалт хийж, компанийн харилцагчдын нэрсийг барьж шатахуун гадагш гаргасан. Өөртэй нь уулзаад ярихад яаралтай төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Компанийн зүгээс учирсан хохирол болох 35.164.849 төгрөгийг *******аас гаргуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.*******ын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Шатахууны дутсан хохирол 37.987.864 төгрөг, 2 ширхэг аккумлятор 857.700 төгрөгийн хохирол байгаа юм. Хоёр ширхэг аккумляторыг зөвшөөрөлгүйгээр хүнд өгч явуулсан байсан. Энэ аккумляторын талаар хүнд зарсан болон өгсөн талаар мэдэхгүй байна. ...Манай ХХК-д учирсан хохирол 38.845.565 төгрөгийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р хуудас/,
Гэрч О.*******ын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 13-ны үед “******* Петролиум” ХХК-с дотоод аудитын шалгалт ирсэн бөгөөд шалгалтын баг 2-3 хоногийн хугацаатай ажиллаад нийт 30 гаран сая төгрөгийн шатахуун, тос, тослох материал дутагдал гарсан гэсэн дүгнэлт гарсан Тэдгээр бараа материалын дутагдлыг Б.******* нь хүлээн зөвшөөрөөд удахгүй төлж барагдуулах талаар тэдгээр шалгалтын багийнханд хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Б.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шатахуун түгээх станцын жижиглэнгийн түгээгүүр буюу өдөр тутам ирж үйлчлүүлж байгаа иргэдийн тээврийн хэрэгсэлд шатахуун худалдан борлуулах ажил болон тухайн өдрийн шатахууны зарлагын баримт, хэр хэмжээний шатахуун худалдан борлуулсан зэрэг тооцоог тухайн өдөр үүрэг гүйцэтгэсэн түгээгч хариуцан мэдээгээ эрхлэгчид өгдөг байсан. Харин гэрээ хийсэн аж ахуй нэгж байгууллагууд болон 1 тонноос дээш хэмжээгээр шатахуун авах иргэдэд хямдарсан үнээр шатахуун худалдан борлуулдаг шатахууны түгээлтийг эрхлэгч Б.******* хариуцан мэдээг нь төв рүү явуулдаг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч Н.*******гийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай байгууллага нь “Сэлэнгэ энерго” байгууллагатай шатахуун, тос, тосолгооны материал, аккумлятор зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулан одоо болтол хугацаанд хамтран ажиллаж байна. Уг байгууллагын өдөр тутмын хэрэглээний болон хүйтний улиралд тус байгууллагатай гэрээтэй нүүрс тээврийн байгууллагын шатахуун, тос, тосолгооны материал, аккумлятор зэргийг энэ гэрээний дагуу манайхаас зээлээр гаргуулан авсаар өнөөдрийг хүрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Гэрч Д.*******гийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тус байгууллага нь Төрийн банк, Хаан банкны албан ёсны данстай бөгөөд тус дансанд сар сардаа тооцоо хийдэг, Ямар нэгэн байдлаар хувь хүний дансанд шатахууны зардлыг шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Шинжээч мэдээлэл аудит ХХК-ийн Сэлэнгэ салбарын захирал, аудитор А.Гэрэлмаагийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Дээрх санхүүгийн баримтаас дүгнэхэд Б.******* нь “******* Петролиум” ХХК-ний Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум дахь Сэлэнгэ ШТС-1 салбарт эрхлэгчээр ажиллах хугацаандаа нийт шатахуун дутагдал 15.277.51 кг буюу 34.307.149 төгрөг, тос тосолгооны материал, аккумляторын 857.700 төгрөгийг нийт 35.164.849 төгрөгийн шатахуун, тос, тосолгооны материалын орлогыг компанийн дансанд тушаагаагүй дутагдуулсан болох нь санхүүгийн баримтуудаар нотлогдож байна гэх дүгнэлт /хх-ийн 41-44-р хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол /хх-ийн 08-09-р хуудас/, шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 39-40-р хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-51-р хуудас/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 224-225-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 233-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь “******* Петролиум” ХХК-ний харьяа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Сэлэнгэ шатахуун түгээх станц-1” гэх шатахуун түгээх газарт салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарын хоорондох хугацаанд шатахуун, шатахууны орлого, тос тосолгооны материал, аккумлятор зэрэг бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсны үнэ болох нийт 35.164.849 /гучин таван сая нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун дөчин ес/ төгрөгийн орлогыг компанийн дансанд тушаалгалгүй, хувийн харилцах дансандаа шилжүүлүүлж болон бэлнээр авч завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Өөрийн хийсэн буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Боломжит аргаар хохирол төлбөрөө түргэн хугацаанд төлж барагдуулна...” гэх мэдүүлгээр,
Шүүгдэгч Б.*******ын 2021 оны 02 дугаар сарын 25-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 01 дүгээр сараас Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас нүүрс тээвэрлэдэг байсан жолооч нарт шатахуун түгээх станцын бөөний түгээгүүрээс шатахуун зээлэх болсон. Тэр үед шатахуун зээлээр авч байсан жолооч нарын зарим нь авсан шатахууныхаа мөнгийг миний дансанд хийдэг, мөн бэлнээр надад өгдөг байсан. Зарим шатахуун зээлээр авсан жолооч нар шатахууныхаа төлбөрийг төлөлгүй удааширдаг байсан. 2020 оны 2, 3 дугаар сараас эхлэн шатахууны орлогын мөнгө дутаад ирсэн бөгөөд би тухайн үед уг дутагдсан мөнгийг нөхөж хийгээд хэвийн байдалд оруулна гэж бодож байсан хэдий ч сүүлдээ нөхөж хийж чадахгүй явсаар ийм байдалд хүрсэн. Түүнээс анх надад байгууллагын шатахууны орлогыг дутаана гэсэн санаа байгаагүй...тухайн үед иргэдээс миний хувийн дансанд шатахууны зээлийн төлбөрийг шилжүүлж байсан бөгөөд тухайн орсон мөнгөний заримыг нь байгууллагын дансанд тушаагаад заримыг нь хувийн хэрэгцээндээ хэрэглэж, үрээд дуусгасан. Одоо бол гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн шатахуун зээлсэн иргэдийн ихэнх нь Дархан Уул аймаг, Орхон аймаг, Дархан Уул аймгийн Шарын гол сумын иргэд байсан санагдаж байна. Би одоо тэдгээр иргэдийн нэрийг нь мэдэхгүй, заагаад өгчих хүн байхгүй...Би Дархан-Уул аймагруу мэдээгээ явуулахдаа тус мэдээнд шатахууны өндрийн хэмжээг засаж, нэмж бичээд явуулаад байсан. Өөрөөр хэлбэл шатахууны борлуулалт муутай байгаа мэтээр харагдуулсан...” гэснээр, /хх-ийн 68-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.*******ын хэлэлцүүлэгт өгсөн: “ ...******* нь “*******” ХХК-нд түгээгчээр орсон. “*******” ХХК нийт ажилчиддаа хөгжих боломжийг олгодог бодлогын дагуу шатахуун түгээх станцын менежерээр дэвшүүлсэн ажиллуулсан. Дэвшүүлэн ажиллуулахдаа бүх боломжоор хангасан. 2020 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд 35.164.849 төгрөгийн хохирол учруулсан. Энэ талаар сар бүр илгээдэг тайлан дээрээ шатахуун байгаа мэтээр харагдуулж явдаг байсан. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ умартан өөрөө дур мэдэн зарцуулалт хийж, компанийн харилцагчдын нэрсийг барьж шатахуун гадагш гаргасан. Өөртэй нь уулзаад ярихад яаралтай төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Компанийн зүгээс учирсан хохирол болох 35.164.849 төгрөгийг *******аас гаргуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлгээр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.*******ын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.******* нь 2017 оны 07 дугаар сараас Сэлэнгэ-1 шатахуун түгээх станцад түгээгчээр ажилд орж байсан. Тэгээд ажилдаа сайн ажиллаж байгаад 2018 оны 06 дугаар сараас эхлэн Сэлэнгэ-1 ШТС-ын эрхлэгчийн албан тушаалд томилогдон ажилласан. Эрхлэгчийн албан тушаал нь Шатахуун түгээх станцын эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, хөдөлмөрийн гэрээгээр байгуулсан үүргээ биелүүлэх, ШТС-ын холбогдох журмын дагуу үйл ажиллагаа явуулах, мэдээ, тайлангаа үнэн, зөв хүргүүлэх, удирдлага доороо байгаа түгээгч нараа шууд удирдлагаар хангах үндсэн үүрэгтэй. ******* нь эрхлэгчээр ажилладаг бөгөөд ШТС-ын эд хөрөнгө, зарлагын баримт, тайлан мэдээг бүрэн хариуцдаг. Тийм учраас зарлагадсан шатахуун, бараа материалын хэмжилт, тооцооллын мэдээг хуурамчаар байгаа мэтээр харагдуулан олсон орлогыг байгууллагын дансанд хийлгүй хувьдаа завшиж байгаа юм... компанид учирсан хохирлыг нэхэмжилнэ ...” гэснээр, /хх-ийн 15-16-р хуудас/,
Гэрч О.*******ын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 27-ны өглөө миний ээлжийн амралт дуусаад ...ээлж хүлээж авахдаа шатахууны саван дахь өндрийг үзэж хэмжээг нь тооцоолж бодож гаргаад ******* эрхлэгчийн гаргасан хүснэгтэн мэдээтэй тулгахад зөрүүтэй буюу *******ын гаргасан мэдээн дээр миний шатахууны хэмжилтээс өсгөсөн буюу шатахууны борлуулалт муутай мэтээр бичсэн байсан... ингээд 2020 оны 09 дүгээр сарын 13-ны үед “******* Петролиум” ХХК-с дотоод аудитын шалгалт ирсэн бөгөөд шалгалтын баг 2-3 хоногийн хугацаатай ажиллаад нийт 30 гаран сая төгрөгийн шатахуун, тос, тослох материал дутагдал гарсан гэсэн дүгнэлт гарсан Тэдгээр бараа материалын дутагдлыг Б.******* нь хүлээн зөвшөөрөөд удахгүй төлж барагдуулах талаар тэдгээр шалгалтын багийнханд хэлж байсан... гэснээр /хх-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Б.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шатахуун түгээх станцын жижиглэнгийн түгээгүүр буюу өдөр тутам ирж үйлчлүүлж байгаа иргэдийн тээврийн хэрэгсэлд шатахуун худалдан борлуулах ажил болон тухайн өдрийн шатахууны зарлагын баримт, хэр хэмжээний шатахуун худалдан борлуулсан зэрэг тооцоог тухайн өдөр үүрэг гүйцэтгэсэн түгээгч хариуцан мэдээгээ эрхлэгчид өгдөг байсан. Харин гэрээ хийсэн аж ахуй нэгж байгууллагууд болон 1 тонноос дээш хэмжээгээр шатахуун авах иргэдэд хямдарсан үнээр шатахуун худалдан борлуулдаг шатахууны түгээлтийг эрхлэгч Б.******* хариуцан мэдээг нь төв рүү явуулдаг байсан... гэснээр /хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч Н.*******гийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэрэлмаа аудиторын гаргасан шинжээчийн дүгнэлтийг миний хувьд үнэн зөв гэж бодож байна. ... Манай байгууллага нь “Сэлэнгэ энерго” байгууллагатай шатахуун, тос, тосолгооны материал, аккумлятор зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулан одоо болтол хугацаанд хамтран ажиллаж байна. Уг байгууллагын өдөр тутмын хэрэглээний болон хүйтний улиралд тус байгууллагатай гэрээтэй нүүрс тээврийн байгууллагын шатахуун, тос, тосолгооны материал, аккумлятор зэргийг энэ гэрээний дагуу манайхаас зээлээр гаргуулан авсаар өнөөдрийг хүрсэн... гэснээр /хх-ийн 29-30-р хуудас/,
Гэрч Д.*******гийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тус байгууллага нь Төр, Хаан банкны албан ёсны данстай бөгөөд тус дансанд сар сардаа тооцоо хийдэг, Ямар нэгэн байдлаар хувь хүний дансанд шатахууны зардлыг шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй... гэснээр /хх-ийн 31-32-р хуудас/,
Шинжээч мэдээлэл аудит ХХК-ийн Сэлэнгэ салбарын захирал, аудитор А.Гэрэлмаагийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Дээрх санхүүгийн баримтаас дүгнэхэд Б.******* нь “******* Петролиум” ХХК-ний Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум дахь Сэлэнгэ ШТС-1 салбарт эрхлэгчээр ажиллах хугацаандаа нийт шатахуун дутагдал 15.277.51 кг буюу 34.307.149 төгрөг, тос тосолгооны материал, аккумляторын 857.700 төгрөгийг нийт 35.164.849 төгрөгийн шатахуун, тос, тосолгооны материалын орлогыг компанийн дансанд тушаагаагүй дутагдуулсан болох нь санхүүгийн баримтуудаар нотлогдож байна. ..гэснээр /хх-ийн 41-44-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******ын ХААН банкны дансанд иргэдээс түлшний мөнгө, түлш гэсэн утгатайгаар орлого хийсэн гүйлгээний хуулга /хх-ийн 137-189 дүгээр хуудас/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх ба шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч А.Отгонбаяр нар нь гэм буруу, хохирол төлбөр дээр маргаагүй болно.
2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шинжээч А.Гэрэлмаагийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 35.164.849 /гучин таван сая нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун дөчин ес/ төгрөгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.*******, шүүгдэгч Б.******* нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн учир хохирлыг шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан дүнгээр тооцож, шүүгдэгч Б.*******аас гаргуулж “******* петролиум” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си Ди бичлэгийг хэргийн хамт архивд шилжүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлүүлбэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нийт 35.164.849 /гучин таван сая нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун дөчин ес/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж хохирогч “******* Петролиум” ХХК-ний дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хуульч овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хуульч овогт *******ийн *******ыг 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Б.******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар хохирогч Б.*******аас гэмт хэргийн улмаас учруулсан 35.164.849 /гучин таван сая нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж хохирогч “******* Петролиум” ХХК-ний Сэлэнгэ салбарт олгосугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си ди 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ