Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ  

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Бух овогт *******ийн *******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2131000950074 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 

урьд Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, *******ийн *******,  /РД:*******/ регистрийн дугаартай

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Шүүгдэгч Э.******* нь “2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3 дугаар баг, 4 дүгээр хэсгийн 137 тоотод хамтран амьдрагч 23-24 долоо хоногтой жирэмсэн А.*******ыг маргааны улмаас толгой тус газар нь гараараа цохиж, гар, хүзүү, шагайнд ташуураар ороолгож, гуя руу нь өшиглөж биед нь тархи доргилт, зүүн чих, зүүн шанаа, баруун зүүн бугалга, зүүн шүү, зүүн гуянд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...буруу зүйл хийснээ ойлгож, гэмшиж байна. Прокуророос оногдуулах ялын саналтай танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа, Би эхнэрээсээ уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн, ямар нэгэн гомдол, саналгүй болсон... ” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 28-нд яллагдагчаар өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд манай найз ******* залгаад “Шаамар 6 яваад юм тосчхоод ирье гэхээр нь би *******т, “би ийшээ Шаамар 6 явж юм тосчхоод ирье гэж хэлээд гутлаа өмсөөд сууж байтал “үгүй, чамайг явуулахгүй” гэж хэлээд өмсөж байсан гутлын маань өрөөсөн гутлыг авчхаад өгөхгүй байсан. Тэгэхээр нь би гутлаа булааж аваад өмсчихсөн юм. Намайг гутлаа өмсөөд бостол алгадчихсан. Цамцнаас зуураад зүүн суганы доод хэсэг урагдчихаар нь би *******ыг нэг алгадаад цааш түлхтэл ******* надад “дахиад алгадаач дээ” гээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь дахиад хоёр алгадчихсан юм. Үргэлжлүүлээд намайг гэрээс явуулахгүй гээд зуураад байхаар нь би арын өрөө рүү зугтаад ортол ******* хойноос орж ирээд чи чаддаг юм бол намайг дахиад алгад гэж хэлээд намайг чимхэж, маажсан тэгэхээр нь би “хоёулаа одоо больё” гэхэд ******* орилж хашгираад “чи намайг чаддаг юм бол цохь” гээд зууралдаад байсан. Би хананд өлгөөтэй байсан ташуур руу заагаад “би чамайг ташуурдлаа шүү” гэж хэлтэл “тэг, чи чаддаг юм бол цохилдоо” гээд орилоод байхаар нь би хананд байсан ташуурыг аваад зууралдаж байсан гарыг нь тавиулах гээд гар луу нь ташуурдчихсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 59-р хуудас/,

Хохирогч А.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн “...Өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн 137 тоот хаягт нөхөр ******* түүний дүү Алтансувд нарын хамт байсан. Манай нөхөр рүү найз Оогий залгаад дуудсан. Тэгэхээр нь “би хамт явъя” гэсэн чинь манай нөхөр ******* хүн дагаж явах гэлээ гээд уурлаад намайг алгадсан. Нүүр толгой хэсэг рүү 3 удаа алгадсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм” гэтэл “чамайг ер нь яасан ч яадаг юм” гэж хэлээд толгой руу алгадсан. Тэгээд гараас чирээд том өрөөнд оруулж байгаад “яасан их хүн дагадаг юм” гээд суран ташуураар гар, хүзүү, шагай хэсэгт ороолгосон. Тэгээд би уйлаад байж байтал миний гуя руу 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд гараад явахаар нь би Цагдаагийн байгууллагад хандсан...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р хуудас/,

Гэрч Ж.*******ийн 2021 оны 04-р сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өмнө нэг удаа маргалдаж байсан. Тухайн үед манай хүү гэрээс гарах гээд бэр гаргахгүй гээд маргалдсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-р хуудас/,

Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 04-р сарын 20-ны өдөр өгсөн  “...Э.******* нь намуун дөлгөөн, даруухан зан ааштай. Шударга залуу. Барагтаа бол архи уудаггүй, уусан ч илүү, дутуу зан ааш гаргадаггүй. Ерөнхийдөө уурхайд ажил хийдэг гэртээ бол жилдээ ганц, хоёр сар л байдаг энэ хугацаандаа бараг л архи уудаггүй байсан. Би арван жилээсээ хойш найзалж байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р хуудас/,  

Гэрч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 04-р сарын 20-ны өдөр дахин өгсөн: “...Бидний дунд байхдаа, их даруухан элдэв зан аашгүй, их түшигтэй залуу. Согтууруулах ундаа барагтаа бол хэрэглэдэггүй. Баяр ёслолоор л хэрэглэдэг. Тамхи татдагаас өөр муу зуршилгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04-р  сарын 05-ны өдрийн 121 дугаартай

1. А.*******ын биед тархи доргилт, зүүн чих, зүүн шанаа, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, толгойд хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. А.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, /хх-ийн 6-14-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 88-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 93-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь “2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3 дугаар баг, 4 дүгээр хэсгийн 137 тоотод хамтран амьдрагч 23-24 долоо хоногтой жирэмсэн А.*******ыг гэр бүлийн маргааны улмаас толгой тус газар нь гараараа цохиж, гар, хүзүү, шагайнд ташуураар ороолгож, гуя руу нь өшиглөж биед нь тархи доргилт, зүүн чих, зүүн шанаа, баруун зүүн бугалга, зүүн шүү, зүүн гуянд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч  Э.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.******* нь  гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд Э.******* нь бусдад төлөх төлбөргүй, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн шүүгдэгч Э.******* хохирогч А.******* нар нь хоорондоо сайн дураар эвлэрсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Э.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Э.******* нь “2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3 дугаар баг, 4 дүгээр хэсгийн 137 тоотод хамтран амьдрагч 23-24 долоо хоногтой жирэмсэн А.*******ыг гэр бүлийн маргааны улмаас толгой тус газар нь гараараа цохиж, гар, хүзүү, шагайнд ташуураар ороолгож, гуя руу нь өшиглөж биед нь тархи доргилт, зүүн чих, зүүн шанаа, баруун зүүн бугалга, зүүн шүү, зүүн гуянд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь:   

Шүүгдэгч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...буруу зүйл хийснээ ойлгож, гэмшиж байна. Прокуророос оногдуулах ялын саналтай танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа, Би эхнэрээсээ уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн, ямар нэгэн гомдол, саналгүй болсон... ” гэснээр,

Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 28-нд яллагдагчаар өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд манай найз ******* залгаад “Шаамар 6 яваад юм тосчхоод ирье гэхээр нь би *******т, “би ийшээ Шаамар 6 явж юм тосчхоод ирье гэж хэлээд гутлаа өмсөөд сууж байтал “үгүй, чамайг явуулахгүй” гэж хэлээд өмсөж байсан гутлын маань өрөөсөн гутлыг авчхаад өгөхгүй байсан. Тэгэхээр нь би гутлаа булааж аваад өмсчихсөн юм. Намайг гутлаа өмсөөд бостол алгадчихсан. Цамцнаас зуураад зүүн суганы доод хэсэг урагдчихаар нь би *******ыг нэг алгадаад цааш түлхтэл ******* надад “дахиад алгадаач дээ” гээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь дахиад хоёр алгадчихсан юм. Үргэлжлүүлээд намайг гэрээс явуулахгүй гээд зуураад байхаар нь би арын өрөө рүү зугтаад ортол ******* хойноос орж ирээд чи чаддаг юм бол намайг дахиад алгад гэж хэлээд намайг чимхэж, маажсан тэгэхээр нь би “хоёулаа одоо больё” гэхэд ******* орилж хашгираад “чи намайг чаддаг юм бол цохь” гээд зууралдаад байсан. Би хананд өлгөөтэй байсан ташуур руу заагаад “би чамайг ташуурдлаа шүү” гэж хэлтэл “тэг, чи чаддаг юм бол цохилдоо” гээд орилоод байхаар нь би хананд байсан ташуурыг аваад зууралдаж байсан гарыг нь тавиулах гээд гар луу нь ташуулдчихсан...” гэснээр, /хх-ийн 59-р хуудас/,

Хохирогч А.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн “...Өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн СҮхбаатар сумын 3-р багийн 137 тоот хаягт нөхөр ******* түүний дүү Алтансувд нарын хамт байсан. Манай нөхөр рүү найз Оогий залгаад дуудсан. Тэгэхээр нь “би хамт явъя” гэсэн чинь манай нөхөр ******* хүн дагаж явах гэлээ гээд уурлаад намайг алгадсан. Нүүр толгой хэсэг рүү 3 удаа алгадсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм” гэтэл “чамайг ер нь яасан ч яадаг юм” гэж хэлээд толгой руу алгадсан. Тэгээд гараас чирээд том өрөөнд оруулж байгаад “яасан их хүн дагадаг юм” гээд суран ташуураар гар, хүзүү, шагай хэсэгт ороолгосон. Тэгээд би уйлаад байж байтал миний гуя руу 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд гараад явахаар нь би Цагдаагийн байгууллагад хандсан...надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй ... ” гэснээр, /хх-ийн 25-р хуудас/,

Гэрч Ж.*******ийн 2021 оны 04-р сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өмнө нэг удаа маргалдаж байсан. Тухайн үед манай хүү гэрээс гарах гээд бэр гаргахгүй гээд маргалдсан байсан...” гэснээр, /хх-ийн 31-32-р хуудас/,

Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 04-р сарын 20-ны өдөр өгсөн  “...Э.******* нь намуун дөлгөөн, даруухан зан ааштай. Шударга залуу. Барагтаа бол архи уудаггүй, уусан ч илүү, дутуу зан ааш гаргадаггүй. Ерөнхийдөө уурхайд ажил хийдэг гэртээ бол жилдээ ганц, хоёр сар л байдаг энэ хугацаандаа бараг л архи уудаггүй байсан. Би арван жилээсээ хойш найзалж байгаа...” гэснээр, /хх-ийн 36-р хуудас/, 

Гэрч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 04-р сарын 20-ны өдөр дахин өгсөн: “...Бидний дунд байхдаа, их даруухан элдэв зан аашгүй, их түшигтэй залуу. Согтууруулах ундаа барагтаа бол хэрэглэдэггүй. Баяр ёслолоор л хэрэглэдэг. Тамхи татдагаас өөр муу зуршилгүй...” гэснээр, /хх-ийн 38-р ху/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04-р  сарын 05-ны өдрийн 121 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/ зэрэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.******* нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Хохирогч А.******* нь Э.*******аас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар хүсэлтийг ирүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Э.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй талаарх хүсэлтээ мэдүүлгээр өгсөн, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн суран ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна. 

Шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бух овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эхнэр А.*******ыг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Бух овогт *******ийн *******ыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун  мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******т мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ