Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 134/ШШ2017/00082

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгийн 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах Капитал банк ХХК /Хуулийн этгээдийн РД: 2556375, утас: 70543678/-ийг төлөөлж Говьсүмбэр салбарын гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хулангийнхан овогт Нямаагийн Батжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийг төлөөлж Говьсүмбэр салбар нь шүүхэд гаргасан хүсэлтэдээ: Нямаа овогтой Батжаргал нь Капитал банктай 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зээлийн №2054000335 тоот гэрээ байгуулан 15 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэйгээр зээл авсан. Зээлийн барьцаанд сар бүр цалингаасаа төлөхөөр цалин барьцаалсан. Иргэн Н.Батжаргал нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, банкны зүгээс эрэн сурвалжилж байгаа боловч өнөөдрийг хүртэл олдохгүй банкийг хохироосоор байна. Иймд зээлдэгч Н.Батжаргалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрэн сурвалжлах захирамжийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэцогт ньшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Батжаргалын зээлийн гэрээнд  бичигдсэн хаягаар манай ажилтнууд очсон боловч энд тийм хүн байхгүй, мэдэхгүй гэсэн байсан. Үндсэн хаяг нь Сүхбаатар аймагт байдаг, Говьсүмбэр аймагт бол албан ёсоор шилжиж ирээгүй байсан. Ажлаасаа 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр халагдсан. Хамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хувьцааны мөнгө дансанд нь орж төлөлт хийгдсэн. Өөрийн биеэр 2015 оны 12 дугаар сард 277 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш төлөлт хийгдээгүй. Одоо зээлийн үлдэгдэл 19 256 700 төгрөг байна. Сүхбаатар аймгийн хаягаар нь эрж хайж үзээгүй. Иймд Н.Батжаргалыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийг төлөөлж Говьсүмбэр салбар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хулангийнхан овогт Нямаагийн Батжаргалыг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

Иргэн Н.Батжаргал, Капитал банк ХХК-ийн Говьсүмбэр салбар нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2054000335 дугаартай барьцаат зээлийн /цалингийн зээл/ буюу 15 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэй зээлсэн гэрээ байгуулагдан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсчээ.

 

Гэвч зээлдэгч Н.Батжаргал нь дээрх гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулалгүйгээр, гэрээнд заасан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 3 дугаар байрны 44 тоот хаягтаа оршин суухгүй байгаа болох нь Капитал банк ХХК-ийн Говьсүмбэр салбар, Н.Батжаргал нарын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2054000335 дугаартай барьцаат зээлийн /цалингийн зээл/ гэрээний хуулбар, банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга, холбоо барьсан тухай тэмдэглэл, зээл хүсэгчийн анкетын хуулбар, Н.Батжаргалын 0148852 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ник ХХК-ийн Говьсүмбэр Нефть хангамжийн салбарын даргын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажил хүлээлцүүлэх тухай тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Зээлдэгч Н.Батжаргал нь дээрх гэрээний үүргээ зөрчиж, зээлийн гэрээнд заасан хаягтаа оршин суухгүй, гар утасны дугаараар нь түүнтэй холбогдох боломжгүй байгаа нь тогтоогдож байгаа хэдий ч тэрээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуут гудамжны 22-6 тоотод албан ёсоор оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Гэтэл нэхэмжлэгч нь зээлдэгч Н.Батжаргалыг дээрх албан ёсны хаягтаа байгаа эсэхийг тодруулалгүйгээр шууд шүүхэд хандан эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй болжээ.

 

Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нөхцөлд түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргах эрх нь нэхэмжлэгчид үүснэ. Өөрөөр хэлбэл зээлдэгч Н.Батжаргалын оршин суугаа хаяг нь тодорхой байх бөгөөд нэхэмжлэгч Капитал банк ХХК нь зээлдэгчийн оршин суугаа газрын харъяалалын шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээний үүргээ шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Харин шүүхэд хандсан боловч Н.Батжаргал нь уг хаягтаа байхгүй үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд дахин гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Ийнхүү нэхэмжлэгчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийг төлөөлж Говьсүмбэр салбарын гаргасан  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хулангийнхан овогт Нямаагийн Батжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Хариуцагч Н.Батжаргал нь хаягтаа байхгүй үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд нэхэмжлэгч нь түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ