Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2017/00087

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1990 онд төрсөн, эмэгтэй, 27 настай, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн 2 дугаар байрны 1-03 оотод оршин суух, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд их эмч ажилтай Асуд овогт Гүнчин-Ишийн Даваажав /РД:ЗЖ90092305, утас:96980080/-ын гаргасан

хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Даваажав нь хүүхдийн эцэг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Нэхэмжлэгч Г.Даваажав нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Даваажав нь А.Отгонбаатартай 2008 оноос үерхэж 2009 оноос хамтран амьдарч эхэлсэн юм. Хамтран амьдрах хугацаанд 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр охин Д.Амирлан төрсөн юм. Тухайн үед нөхөр маань хөдөө явж ажилладаг, байран суурин байдаггүй, бид нар өөрсдөө залуухан байсны улмаас гэрлэлтээ батлуулж чадаагүй байсан. Нөхөр маань намайг төрөх үед Өмнөговь аймагт ажиллаж байсан. Охин минь төрсний дараа нилээд удаж байж ирсэн. Хүүхэддээ төрсний гэрчилгээг 14 хоногийн дотор авах ёстой байсан болохоор өөрийнхөө нэрээр овоглоод төрсний гэрчилгээ авчихсан юм. Би нөхөр А.Отгонбаатартай гэрлэлтээ албан ёсоор 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлуулсан. Охиныхоо овог нэрийг нөхрийнхөө нэрээр овоглохоор хөөцөлдсөн боловч бид нар хоёр талд суралцаж, ажиллаж байсан болохоор баримт бичиг бүрдүүлэх ажлыг хийж чадаагүй. Нөхөр маань 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр уурхай дээр ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж амь эрсдсэн. Би охин Д.Амирландаа тэжээгчийн алдсаны тэтгэмжийг хөөцөлдтөл охин чинь эцгээрээ овоглоогүй байна, гэрлэлтээ батлуулсан ч гэсэн овог нэр эцгээрээ биш бол тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгохгүй, та шүүхэд хандаж охин Д.Амирланг талийгаач А.Отгонбаатарын хүүхэд болохыг тогтоолгож ир гэсэн шаардлагыг тавьсан болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар охин Д.Амирлангийн эцэг нь /талийгаач/ А.Отгонбаатар мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Даваажав нь хүүхдийн эцэг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Даваажав нь А.Отгонбаатартай 2009 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн ба нөхөр А.Отгонбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ослоор нас барсан болох нь Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 00/000031 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, А.Отгонбаатарын 0000115197-01 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Тэд хамтран амьдарч байхдаа, гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр охин Д.Амирланг төрүүлж, эх Г.Даваажаваар овоглон төрсний гэрчилгээ авсан болох нь Д.Амирлангийн №0000838007 тоот төрсний гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 00/000691 тоот төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд улмаар охин Д.Амирлан нь А.Отгонбаатарын төрсөн хүүхэд мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 861 дугаартай ...А.Отгонбаатар нь Д.Амирлангийн биологийн эцэг байх боломжтой байна гэсэн дүгнэлт, түүний хавсралт, гэрч А.Шинэбаяр, Т.Төмөрхуяг нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Г.Даваажавын хүсэлтийг Д.Амирлангийн төрсөн эцэг нь А.Отгонбаатар мөн болохыг тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Асуд овогт Даваажавын Амирлангийн төрсөн эцэг нь Улам-Оргих овогт Амарын Отгонбаатар /РД: УД90051531/ мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Даваажавын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ