| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0119/э |
| Дугаар | 2018/ДШМ/40 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 094.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2018/ДШМ/40
2018 06 20 2018/ДШМ/40
Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааны танхимтай цахим сүлжээгээр холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Н.Амаржаргал,
Шүүгдэгч: Д.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун, А.Ариунаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Цэцэгсүрэн,
Хохирогчийн өмгөөлөгч: М.Отгонцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2018/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Бд холбогдох, эрүүгийн 201710010131 дугаартай, 2 хавтас 412 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, А.Ариунаа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн .... суманд 1973 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, ... айлын .... тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дархан овогт Даваагийн Б /РД:НП73031475/-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах төв талбай дээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхдаа С.Тг согтуугаар машины копутыг гараар цохилоо гэж маргалдаж, түүнийг түлхэж унагаасны улмаас хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Дархан овогт Даваагийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Даваагийн Бийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Даваагийн Бд оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Д.Бээс хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрт 9458121 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8209750 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгө болох 46-49 ДГА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн, саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Д.Бд буцаан олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би амьдралаа залгуулах гэж хувиараа бусдын адил ажлаа хийж явсан, жирийн л амьдралтай хүн. Ажлаа хийж яваад энэ хэрэгт буруутгагдаж байгаадаа туйлын их гомдолтой байна. Тухайн өдөр миний нүдэн дээр энэ хүн унаж, ухаан алдахад би монгол хүнийхээ хувиар иргэн хүнийхээ үүргээр анхны тусламж үзүүлж толгой дээр нь усаар шавшиж цагдаа, эмнэлэг дуудсан юм. Ингэснийхээ төлөө буруутгагдан хоригдож сэтгэл санааны маш их дарамтыг миний үр хүүхэд, гэр бүл, би өөрөө эдлэж сууна. Мөн сайхан сэтгэл, хүн чанар гарган аймгийн эмнэлэг рүү дагаж явж 800000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэнийг буруутгасан. Би тэр хүнийг огт түлхээгүй, шал согтуу байсан учраас л унасан, намайг түлхсэн гэж хэн ч гэрчлээгүй. Сайхан сэтгэл, хүн чанар гаргасныг минь буруутган эсрэгээр ашиглаж байгаад гомдолтой байгаа. Би энэ хэргийг хийгээгүй, миний хийсэн хэрэг биш. Хэрэг болдог өдөр намайг машиндаа сууж байхад баруун талаас нэг согтуу хүн гарч ирээд машиныг цохисон. Цагдаа дээр аваачиж өгөх гэтэл замдаа 4 хөллөөд суучихсан. Тэгээд явахгүй байхаар нь үлдээгээд би машин руугаа явсан. Ардаас орилоод ирэхэд нь би машинаа хамгаалж цохисон. Түүнээс биш би тэр хүнийг түлхсэн асуудал болоогүй. Тэр хүнийг унахаар нь цээжээс нь өргөж замын хажуу руу гаргасан. Толгой дээр нь усаар шавшсан. Энэ асуудал 3-5 минутад л болсон асуудал. Үнэн зөвийг нь тогтоож шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэжээ. Амь хохирогч С.Т нь тухайн үедээ хүнд зэргийн согтолттой явж байсан нь гэрч Ж.Отгон, М.Дуламдорж /хх-30, 31/ Ч.Батсолонго нарын мэдүүлэг /хх-201, 222/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 55/92 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогддог. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Э.Анхбаярын өгсөн “... хүнд зэргийн согтолттой хүн өөрөө энерцээрээ савж унаж энэ гэмтлийг авах боломжтой” гэсэн мэдүүлгийг шүүх анхаарч үзсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Б.Бийг яллаж байгаа нотлох баримтууд нь түүний гэм бурууг эргэлзээгүй тогтоосон нотлох баримт болж чадахгүй байгаа ба эдгээр нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож нэг нь нөгөөгөө давхар нотолсон гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болжээ. Д.Б согтуу хүнээс машинаа хамгаалж л харьцсан байдал тогтоогддог гэтэл хүнийг шууд алах санаа зорилготой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянаж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Бийг Тг түлхэж унагаасан гэсэн нэг ч гэрчийн мэдүүлэг байдаггүй. Мөн гэрч Д.Гандаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “саарал машины эзэн нь тэр согтуу хүнийг согтуу байхаар нь түлхсэн, тэгээд саваад унасан гэж хэлсэн. Тэгээд мөнгө хурааж байсан хоёр хүнээс яагаад хэлээгүй юм бэ гэхэд Б жолооч битгий хэлээрэй гэж хэлсний дагуу хэлээгүй юмаа гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг нь уг шүүх хуралд гэрчээр оролцсон Ж.Отгон, Б.Ганчимэг нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Гэрч Батсолонгын мэдүүлгийг яагаад шалгаагүйг гайхаж байна, Батсолонго мөрдөн шалгах ажиллагааны явцад “манай дүүгийн найзын аав нилээн согтуу байдалтай улс хооронд явдаг жолооч нарын дунд юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй, хүмүүс рүү орилоод ганцаараа явж байсан. Тэр үед би гар утсаараа оролдоод 4-5 минут болоод урд салхины цонхоор дэлгүүр рүү харахад тэр согтуу ах миний өөдөөс харсан чигтээ байж байгаад чанх арагшаа цемэнтэн зам дээр ар дагзаараа хүчтэй савж унасан” гэдэг, үүнийг шалгаагүй. Мөн Д.Б өөрөө хохирогчийг түлхсэн талаар бидэнд хэлсэн гэж хохирогчийн тал мэдүүлдэг боловч Д.Б энэ мэдүүлгийг үгүйсгэдэг юм. Шинжээчийн дүгнэлт гэхэд 2 янз гарсан байдаг. Эхнийх нь энэ гэмтлийг аваад тэр хүн ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй. Газар дээрээ нас барна гэсэн бол хоёр дахь мэдүүлэг дээр ийм гэмтэл авсан хүн тодорхой хугацаанд үйлдэл хийж явах боломжтой байсан гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цусан хурааны улмаас нас барсан гэж байгаа. Цусан хураа үүсч байгаа тохиолдолд хүн хөдөлгөөн хийгээд явах боломжтой байдаг. Хохирогч С.Тн цусанд 2.7 промиль спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарах ба прокурор удаа дараа хохирогчийн тухайн өдрийн маршрутыг тогтоох даалгавар өгч хэргийг буцаасан байхад энэ ажиллагаа огт хийгдээгүй байх ба хохирогч тэр өдөр хэнтэй, хаана, ямар хэмжээний архи ууж, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар ямар зорилготой явж байсныг шалгаж тогтоох нь гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтооход ач холбогдолтой байсан юм. ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлд зааснаар яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмын дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул ЭХХШТХ-ийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр энэ хэрэг болоход манай ээж бид хоёр эмнэлэг дээр байхад Б ирж байсан. Сайншандын эмнэлэг рүү аваад яв гэхээр нь бид нар орой 12 цагт гараад, өглөө 5 цагт ирсэн. Тэгэхэд энэ хүн эхнэртэйгээ, эгчтэйгээ ирчихсэн байсан. Хагалгаанд ороход гомдолгүй гээд гарын үсэг зуруулдаг юм билээ. Энэ хүн эргээд сэрэх магадлал байхгүй шүү гээд бид нарыг гараад ирэхэд Б үүдэнд зогсож байсан. Тэр үед хүртэл Б би түлхсэн гээд хэлээд байж байсан. Замын-Үүд сумын эмнэлэг дээр хүртэл хэлж байсан гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.Отгонцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Б хохирогчийг түлхсэн гэдгээ өөрөө анх хүлээсэн байдаг. Тэр үед өмгөөлөгч аваагүй байсан учраас анхны мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэтэл өмгөөлөгч авснаас хойш “миний гэдсэнд түлхэгдсэн”, “би түлхээгүй, өөрөө савж унасан” гэх мэтээр мэдүүлгээ олон дахин өөрчилсөн. Гэрч Отгон, Ганчимэг нар Б талийгаач хоёрыг маргаж байхыг харсан байдаг. Отгон түлхэж байхыг нь харсан, гэхдээ биеийнх нь аль хэсгээр түлхсэнийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан түлхсэн. Ус цацаж байхыг нь харсан байдаг. Ус цацаад сэрэхгүй болохоор нь Отгон “наад хүн чинь эвгүй болчихсон байна, түргэн дуудаач” гэж хэлэнгүүт нь түргэн дуудахаасаа илүүтэй цагдаа дуудсан байдаг. Цагдаа дуудахаасаа өмнө Отгон, Ганчимэг нарт “намайг түлхсэн гэдгийг битгий хэлээрэй” гэж хэргээ нуун далдалж, үгсэн хуйвилдсан байсан. Отгон, Ганчимэг, Б нар 4-5 жилийн турш бие биенийгээ мэддэг хүмүүс байгаа. Отгон, Ганчимэг нарын мэдүүлэг л өөрчлөгдөж байснаас биш Гандаваагийн мэдүүлэг нэг ч удаа өөрчлөгдөж байгаагүй юм. Хэргийн бодит байдал бүрэн тогтоогдсон. Хүнийг алах санаа зорилго байгаагүй гэж өмгөөлөгч нар яриад байна. Гэтэл энэ хүн чинь биеэ хамгаалах чадваргүй байсан. Харин ч биеэ хамгаалах чадваргүй байгааг нь мэдсээр байж түлхэж унагаагаад үхэлд хүргэж байгаа нь хүндрүүлэх нөхцөл байдал ажиглагдаад байгаа. Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж байгаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанчлан 9000000 төгрөгийг өгчихөөр болчих юм шиг, хүний амь насыг 9000000 төгрөгөөр үнэлээд байгаа юм уу. Хохирогчийн маршрутыг тогтоогоогүй гэж өмгөөлөгч яриад байна, хүсэлтийн дагуу ажиллагаа хийгдсэн, тухайн өдөр талийгаач зүв зүгээр ажлаа хийгээд явж байсан талаар тодорхой тогтоосон байгаа Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ярьж байгаа зүйлүүд үндэслэлгүй байна. Бд оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм буруутай үйлдэлд нь тохирч байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, яллагдагч, сэжигтэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх үүрэггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотолбол зохих асуудлыг нотолсон гэж үзэж байна. Гэрч Гандаваа мэдүүлгээ тогтвортой өгсөн. 2017.05.26-ны өдөр илтгэх хуудсыг бичээд, илтгэх хуудсандаа Отгон, Ганчимэг нарын хэлсэн үгийг бичсэн байдаг. Гандаваагийн мэдүүлэг нь хууль сануулж өгсөн гэрчийн мэдүүлэг. Хохирогч нарт хүртэл хууль сануулж өгсөн. Энэ хүн өөрөө эхэлж цагдаа дуудаагүй. Яагаад гэхээр Отгоны мэдүүлэгт байгаа. Ус цацаад сэргэхгүй байхаар нь би наад хүн чинь эвгүй болчихсон юм биш үү, цагдаа, эмнэлэг дуудсаны үндсэн дээр Б цагдаад очиж хэлсэн. Б 3 удаа тайлбар, мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хүний мэдүүлэг өмгөөлөгч авсан цагаас хойш өөрчлөгдсөн байдаг. 2017.05.26-ны өдөр өгсөн тайлбарт “цагдаад аваачаад өгчихнө шүү гээд мөрнөөс нь татаад урагшаа явуулах гэтэл өөрөө явахгүй 4 хөллөөд унасан. Тэгээд босч ирэхдээ хуц, чи цагдаад намайг өгдөг хэн бэ гээд орилоод босоод ирэхээр нь би бие рүү нь өшиглөх гэтэл хий өшиглөсөн. Тэгээд машиндаа суугаад хаалгаа хаах гэтэл согтуу ах дахиж ирэхээр нь та зайл л даа гээд цээж рүү нь 2 гараараа түлхэхэд тархиараа хавтан дээр хүчтэй унасан” гэдэг. Дараа нь /хх-107/ сэжигтнээр байцаалт өгөхдөө “2 гараа алдлаад зогссон чинь миний биенд цохигдоод арагшаа унасан” гэж мэдүүлдэг. Яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “би талийгаачийг өөрийн идэвхитэй үйлдэл буюу гараараа түлхсэний улмаас алсан гэж үзэхгүй байна” гэж мэдүүлсэн байдаг. 2 дугаар хавтаст хэргийн 8, 9, 10 дугаар хуудсан дээр хохирогчийн тухайн өдрийн маршрутыг шалгасан байгаа. Анхан шатны шүүх хуралд өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч эмч Анхбаярыг оролцуулсан. Б гэм буруутайгаа мэдээд өнөөдөр хохирол төлчихсөн байна. Тийм учраас би гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа. Гандаваа, Отгон нарын мэдүүлэг дамжмал нотлох баримт ч гэсэн нотлогдож байгаа гэж үзэж байгаа. Бийн өмгөөлөгч янз янзын байр суурьтай оролцож байна. Үнэхээр шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзээд байгаа юм бол нэг л байр суурьтай орох хэрэгтэй. Тэгэхээр нотлох баримтанд тулгуурлах ёстой байх гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад “анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг буруу тогтоож шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах төв талбай дээр, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ эрхлэхээр зогсож байхдаа С.Тг согтуугаар машины копутыг гараар цохилоо гэж маргалдаж, түлхэж унагасны улмаас С.Тн эрүүл мэндэд “тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, орой, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал” бүхий гэмтэл учирч, нас барсан үйлдэлд прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд мөн хуульд зааснаар Д.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жил хорих ял шийтгэхдээ гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг буруу тодорхойлж, шүүгдэгчийн үйлдлийг хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийн үйл баримтыг дүгнэхдээ хохирогчийг түлхсэн шалтгаан, санаа зорилгыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зөв тогтоолгүй, шүүгдэгчийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийж, хор уршгийг хүсэж үйлддэг, зөвхөн санаатай гэм буруугаар үйлдэгддэг талаар 2002 оны Эрүүгийн хуульд тодорхой зохицуулж тодорхойлжээ.
2002 оны хуулийг дурдахын учир нь Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааг “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ, гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар” тооцдог учиртай.
Тухайн цаг хугацаанд буюу 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр /гэмт хэрэг гарсан өдөр/ хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлд “Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх” хуулийн зохицуулалтад гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тодорхойлсон.
Улмаар мөн хуулийн 27.1-д “Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх нь хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан байна”, 27.2, 27.3-т “гэмт этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн бол хөнгөмсгөөр найдсан”, харин гэмт этгээд нийгэмд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн бол хайхрамжгүй хандсан” гэж үзнэ гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд амь хохирогч С.Т согтууруулах ундааг хэтрүүлэн уусан, хүнд зэргийн согтолтын улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв талбай дээр зогсож байсан хэд, хэдэн машины хамар руу цохих, хашгирах зэрэг зүй бус үйлдэл гаргаж, энэ үед шүүгдэгч Д.Б мөн өөрийн машиныг цохилоо гэсэн шалтгаанаар машинаасаа бууж, С.Тн үйлдлийг болиулахаар болон цагдаагийн байгууллагад хүргэнэ гэж түүнтэй зууралдаж, түлхэхэд С.Т эсэргүүцэж, дөрвөн хөллөж газарт унасан.
Энэ үед Д.Б нь түүнийг орхин явсан ба С.Т дахин түүн рүү очиж машиных нь копут руу гараараа цохих гэтэл Д.Б түүнийг машинаасаа болон өөрөөсөө холдуулах зорилгоор дахин түлхсэн үйлдлийн улмаас С.Т биеийн тэнцвэрээ олж чадалгүй цементэн зам дээр, ар талаараа толгойгоороо унаснаас тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, орой, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал зэрэг үхэлд хүргэсэн хүнд гэмтэл авч нас барсан үйл баримт тогтоогдсон байна.
Тодруулбал хэргийн энэхүү үйл баримтууд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-14-20/,
гэрч М.Дуламдоржийн “... Б ах машинаасаа бууж ирээд нөгөө согтуу ахыг та яахаараа машины копут цохидог юм, таныг цагдаад өгнө гээд мөнгө хураадаг авто замын пүүтэгний баруун урд талд очоод цагдаа руу дагуулаад явах гэсэн чинь нөгөө согтуу ах гуйвж дайваад өвдгөн дээрээ газар унасан. Үүний дараа Б ах шууд тэр газар согтуу ахыг үлдээгээд өөрийнхөө машинд ирээд сууж байтал нөгөө согтуу ах араас нь ... далайгаад ирсэн чинь Б ах машинаасаа буугаад машиныхаа урд очиж зогсоод та яах гээд байгаа юм, цаашаа яв гээд хөөгөөд байсан. ... зорчигчоо суулгаад урагшаа хартал нөгөө согтуу ах ... зам дээр ухаангүй байдалтай дээшээ хараад уначихсан, хажуунаас нь Б ах чирээд замаас гаргаж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-31/,
гэрч Ж.Отгоны “...50 орчим насны хар бор царайтай, дээгүүрээ саарал өнгийн футболктой эрэгтэй хүн юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй орилоод хамгийн урд талын эгнээнд зогсож байсан 2 таксины копутыг гараараа ээлжилж цохисон, тэгсэн 1-р эгнээнд зогсож байсан 46-60 ДГО улсын дугаартай Приус-20 маркийн автомашины жолооч Б машинаасаа буугаад нөгөө согтуу хүний бие рүү гараараа нэг удаа түлхсэн чинь засмал дээр 4 хөллөөд газар унасан. Тэгээд Б машин руугаа явсан чинь нөгөө согтуу эрэгтэй босч ирээд Бийн араас амандаа үглээд явсан, ... миний чанх ард ... пид хийх чимээ гарахаар нь эргээд хартал нөгөө согтуу залуу ар дагзаараа газар унаад ухаангүй байдалтай дээшээ хараад хэвтэж байсан, ... хажуу талд нь Б ... зогсож байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-49-50/,
мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Гандаваагийн “ ...тухайн үед хэргийн газар дээр ирж Б гэгчтэй уулзсан, Б ярихдаа “миний машины копутыг цохихоор нь түлхэж унагаасан” гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /1-р хх 189-190/, мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би тухайн үед жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан юм. Булган дэлгүүрийн хажууд ачаа буулгаж байхад Бийг дуудаж уулзахад “согтуу хүн байсан, би цаашаа гээд түлхсэн” гэж хэлсэн. ...Мөнгө хурааж явсан 2 хүн дээр очоод та хоёр яагаад хэлээгүй юм бэ гэж хэлэхэд Б жолооч битгий хэлээрэй гэсэн,” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /2-р хх-115/,
гэрч Ж.Отгоны шүүхийн хэлэлцүүлэгт “...би пост дотор мөнгөө цэгцлээд сууж байсан, талийгаач машины копутыг цохиод байж байсан. Б машинаас гарч ирээд түлхэхэд 4 хөллөөд унасан, мөнгөө цэгцэлчихэд Булган дэлгүүр рүү орох хооронд ард тас түс гээд дуу гарсан. Эргээд харахад Б тэр хүний хажууд зогсож байсан, тэр хүн унасан байсан.Талийгаачийг унахад хажууд нь Бээс өөр хүн байгаагүй, би Бийн эхний түлхэлтийг харсан, дараа нь яасныг хараагүй, талийгаач нилээн согтуу байсан, Б пост руу авчираад дээр нь ус асгаад байсан, би цагдаа дуудахгүй юм уу гэж хэлэхэд Б цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /2-р хх 119-120/,
гэрч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...намайг зогсоол дээр мөнгө хураагаад зогсож байтал төв талбайн эхний эгнээнд зэрэгцээд зогсож байсан тээврийн хэрэгслүүдийн ар талаас үл таних согтуу ах гарч ирээд машины копутыг гараараа цохиод муу сайн юмнууд алнаа гэсэн утгатай зүйл яриад хашхираад байсан. Тэгсэн 46-49 ДГА улсын дугаартай машины жолооч ах машинаасаа бууж ирээд согтуу ахын зүүн гарын мөр, цамцнаас зуураад авсан. Яг энэ үед машинууд хаалгаар гарах гээд байсан учраас би анхаарлаа төвлөрүүлээд мөнгөө хураагаад дуусч байтал согтуу ах ар дагзаараа цементэн дээр саваад унасан. Тухайн үед би дотроо маш аймар уналаа гэж бодсон. Согтуу ахын хажууд 46-49 машины жолооч ах зогсож байсан, өөр хүн байгаагүй, яг ямар үйлдлийн улмаас, яагаад унасныг нь хараагүй, учир нь би энэ үед мөнгө хураагаад зогсож байсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-51/,
шүүгдэгч Д.Бийн сэжигтнээр өгсөн “... миний биед хүрэх гээд ойртоод ирэхээр нь машинаа хамгаалах гээд урдуур нь хоёр гараа алдлаад зогссон чинь миний биед өөрөө хүрээд арагшаагаа савж унасан” гэсэн мэдүүлэг /1-р хх-106/,
шинжээчийн дүгнэлт 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №40 /1-р хх-57-59/, шинжээчийн дүгнэлт 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №5592 /1-р хх-61/ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэхүү гэмт хэргийн талаар гэрч М.Дуламдорж, Ч.Батсолонго, Б.Оргилсайхан нараас мэдүүлэг авахад тэд шүүгдэгч Д.Бийн, С.Тг түлхэж унагааснаас амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл болон хохирогч толгойгоороо арагш савж унасан агшныг хараагүй байдаг боловч тэдний мэдүүлгээс тухайн агшинд амь хохирогч С.Тн хажууд шүүгдэгч Д.Бээс өөр хэн нэг хүн байгаагүй талаар мэдүүлсэн байх ба мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд “... үзлэг хийхэд замын зай завсар болон саад тотгор байгаагүй” /1-р хх-14/, “зам дээр халтирах, тээглэх, завсар зай болон саад тотгор байгаагүй”/1-р хх-17/ гэж тэмдэглэснээс үзэхэд хохирогч С.Тг зам дээрх саад тотгорт тээглэж унасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Мэдүүлэг өгөгч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, тэдэнд хууль сануулж, мэдүүлэг авсан байх бөгөөд тэд гэмт хэрэг гарсан байдлын талаар тодорхой мэдүүлсэн, мэдүүлгүүд зөрүүгүй байх буюу тухайн цаг хугацаанд шүүгдэгчээс өөр хэн нэгэн хохирогчийн биед гэмтэл учруулахаар үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин хэргийн үйл баримт, дурдсан хуулийн агуулгыг үндэслэн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Б нь хохирогч С.Тг машинаасаа, өөрөөсөө холдуулах, машинаа хамгаалах зорилгоор түүнд гараар болон биеийн хүчээр хүрсний улмаас С.Т түүнд түлхэгдэн унасан, хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас согтуу, хөл дээрээ тогтвортой зогсож чадахгүй, арагш савж унах аюултайг шүүгдэгч мэдэх боломжтой байсан боловч тэрээр хайхрамжгүй хандаж, өөрийн үйлдлийн улмаас хохирогч үхэлд хүрнэ гэдгийг мэдэлгүй буюу болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэм буруутай байна.
Амь хохирогч С.Тг үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь шүүгдэгч Д.Бийн болгоомжгүй гэм буруутай үйлдлээс үүссэн байх ба харин энэ үйл баримтаас өмнө С.Т өөр бусадтай маргалдсан, цохиулж, зодуулсан, гэмтэл авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч Б.Батболд /1-р хх-41/, П.Эрдэнэбаатар /1-р хх-44/, Л.Ширнэнсүмбэр /2-р хх-10/, Б.Хүдэрбаян /2-р хх-12/ нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсонгүй.
Мөн шинжээч эмчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №40 /1-р хх-57-59/ дүгнэлтэд “... гэмтлүүдийг аваад ухамсарт үйлдэл хийх боломжгүй байсан ...” гэсэн дүгнэлт, шинжээч эмч Э.Анхбаярын “... гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлгээр /1-р хх-213/ С.Тг үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл шүүгдэгч Д.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь давхар нотлогджээ.
Шүүгдэгч Д.Бийн, хохирогч С.Тн амь насыг хохироосон үйлдэл 2002 оны Эрүүгийн хуульд заасан “Бусдыг болгоомжгүй алах” гэмт хэргийн шинжтэй тохирч байх ба согтууруулах ундаа хэтрүүлсэн этгээдийн машины копут руу цохиж байгаа зүй бус үйлдлийг болиулах, машинаасаа холдуулах зорилгоор түлхсэн шүүгдэгчийн үйлдлийг хүнийг санаатай алсан үйлдэл гэж дүгнэх боломжгүй байх тул шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэх үндэслэлтэй юм.
Хавтаст хэрэгт дурдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу явуулсан байх ба оролцогчоос мэдүүлэг авахдаа хууль зөрчөөгүй, оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин гэрч Д.Гандаваа, Ж.Отгон, Б.Ганчимэг нарын “...Д.Б намайг түлхсэн гэдгийг битгий хэлээрэй гэж хэлсэн, хэлээгүй” талаарх мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж, анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй нь харьцуулан үзэхэд гэрч Ж.Отгон, Б.Ганчимэг нар нь энэ талаар тодорхой мэдүүлээгүйн гадна энэхүү мэдүүлгийн агуулга нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байх тул мэдүүлгийн энэ хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох шаардлагагүй болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Д. Бд холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Бийг 2002 оны Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар “Бусдыг болгоомжгүй алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял оногдуулахаар, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Бд ийнхүү 2 жилийн хорих ял оногдулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 9600000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төлсөн болохыг энэхүү магадлалд тэмдэглэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2018/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Дархан овогт Даваагийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг,
“Шүүгдэгч Дархан овогт Даваагийн Бийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан бусдыг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Даваагийн Бийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг,
“Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даваагийн Бийг 2 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтын “...8...” гэснийг “...2...” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, А.Ариунаа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Б нь 47 хоног цагдан хоригдсныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА