Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Ж.Б,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх тайж овогт Ж-ынын Бд холбогдох 2128000000053 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг, Малчны хорооллын 1-3 тоотод Б.Этай маргалдан зүүн мөрөн тус газарт нь араас нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Бийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би согтуугаар гэмт хэрэг үйлдсэн. Миний буруу.

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед би Утай уулзах гээд гэрээсээ гараад алхаж байсан чинь таньдаг ах таарсан. Тэр хүнээр Уын гэр рүү хүргүүлэх гээд явж байсан чинь У гэрээсээ гараад алхаж байхаар нь би Уыг аваад дэлгүүр дээр хүргүүлээд үлдсэн. Дэлгүүр орсон чинь урд өдөр нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр танилцсан Э гээд хүүхэн бас манай найз Н 2 нэг танихгүй ахтай хамт дэлгүүрт байхаар нь би Н, Э хоёртой уулзаад тэр хоёртой хамт явж байсан ах болох Т гэж хүний гэрт очихоор болоод Малчны хороолол руу У, Т ах, Э, Н бид 5 хамт явсан. Н бид нарыг хүргэж өгөөд явсан. У бид 2 Малчны хороололд Т ахынд очихдоо 1 шил 0.75 граммын Эдэн, 2 ширхэг 2.5 литрийн пиво авч очсон. Т ах дэлгүүрээс нэрийг нь мэдэхгүй байна 0.5 граммын нэг шил архи авсан байсан. Тэгээд бид нар Т ахын гэрт очоод танилцаад Т ах бид нарт мах чанаж өгөөд авсан архи болон пивоо ууж дуусгаад сууж байсан чинь орой 19 цагийн үед гаднаас Б гэх залуу нэлээн халамцуу орж ирээд миний ард талд суугаад намайг үгээр идээд байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор өөдөөс нь нэг их юм хэлээгүй чимээгүй байсан. Тэгсэн чинь миний өмнө талд хувинтай махны үлдэгдэл болон хутга байсан чинь гэнэт миний зүүн гар талаар хажуугаар гарч ирээд хувинтай махнаас хутга аваад миний зүүн гарын ар хэсэг рүү хутгалчихаад хутгаа зуухны тийшээ хаячихсан. Тэгээд би хувцсаа тайлаад цусаа тогтоох гээд хувцсаараа дарсан боловч цус нь тогтоогүй. У цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд Бийг аваад намайг эмнэлэг рүү авч явсан. Би эмчилгээндээ нийт 200.000 төгрөгөөр эм тариа авч хэрэглэсэн. Надад Б 200.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь би эм тариа аваад дууссан. Дараа нь Б надад 70.000 төгрөг өгсөн. Одоо надад санал хүсэлт байхгүй. Миний гар эдгэсэн. /хх-ийн 10-15-р хуудас/

Гэрч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 09 цаг өнгөрч байхад Э ахтай уулзах гээд Жаал-Уулд байх гэрт нь очсон чинь Э ах хоёулаа манай найзынд очъё гээд Дунд сайханд Ж гэх айлд очсон чинь Ж гэртээ ээжтэйгээ хоёулаа байсан. Тэгээд Ж, Э 2 хүмүүстэй утсаар ярьж байгаад бид 3 такси аваад Хан-Уулд хүмүүс дээр очихоор болоод хамт явсан чинь Хан-Уулын 25 дугаар усан сангийн хавьд Э эгч, бусад нь танихгүй нэг эрэгтэй, нэг эмэгтэй явж байсан. Тэр 3 хүнийг бид 3 таксиндаа суулгаад Малчны хороолол руу явсан. Тухайн үед цаг 10 болж байсан байх. Э эгчтэй хамт явсан эрэгтэйг Б гэдэг. Тэр айлд очихоор бид 6 таксигаар явсан. Б ахын гэрт очоод Э Б Э нэг танихгүй эмэгтэй нар Б ахын гэрт үлдсэн. Ж надтай хамт таксигаар дэлгүүр орж ирье гээд бид 2 хамт дэлгүүр орж нэг шил 0.75 граммын Эдэн, 2.5 литрийн нэг ширхэг пиво, ундаа, тамхи аваад Малчны хороололд Б ахын гэрт ирээд бид 6 авсан архи болон пивоо уусан. Тэгээд Б ах гэрээсээ тал шил архи гаргаж ирээд бид нар хувааж уусан. 13 цагийн үед архиа ууж дуусаад бүгдээрээ төв орно гэхээр нь би гэртээ очиж хувцсаа сольчихоод буцаад Б ахын гэрт ирсэн чинь Ж өглөөний явсан таксиг дуудаад ахиад нэг шил 0.75 граммын архи аваад мөнгийг нь өгч байсан. Тэгээд архиа ууж дуусгаад би гэрээс гараад бөөлжиж байгаад буцаад гэрт орсон чинь Б ахын гэрт нэг танихгүй халзан залуу ирчихсэн юм яриад сууж байсан. Намайг гэрт орж ирэхэд нөгөө халзан залуу тэд нартай хамт суугаад архи ууж байсан. Би дахиж гэрээс гараад бөөлжиж байгаад гэрт орсон чинь Э эгчтэй хамт ирсэн хүүхэн болон Ж гэж залуу гэрт байгаагүй. Тэр 2 хамт явсан үгүйг би хараагүй намайг гэрээс гарч бөөлжиж байгаад ороод ирэхэд гэрт байхгүй байсан. Б ах халзан толгойтой ахыг гэрт агсан тавиад байна чамайг хэн дуудсан юм гэж хэлж байсан. Мөн Э ах Б ахыг өмөөрөөд халзан толгойтой ахтай маргалдах гээд байсан. Э ах гэрийн зүүн талд газар сууж байсан. Э гэрийн зүүн талд Э ахын хажууд сууж байсан Б ах гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан. Би гэрийн баруун өмнө талд угаалтуурт гараа угаах гэж байсан. Халзан толгойтой ах гэрийн зүүн талын орон дээр сууж байгаа харагдсан. Тэгээд гэнэт Эыг хутгалчихлаа гэхээр нь би очоод үзсэн чинь Э ахын зүүн далны хавиас их цус гарч байсан. Би цагдаа руу дуудлага өгсөн. /хх-ийн 20-21-р хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 04-р сарын 04-ний өглөө 09 цагийн үед Эын гэрт очиход гэрт нь Н Э 2 байсан. Тэгээд өдөр 12 цагийн үед Э Н хоёртой хамт гэрээс нь гараад манай гэр рүү алхаж байсан чинь хөл өвдөөд Н найз Э руу залгаад ирээд аваач гэсэн чинь Э, У, Б нар машинтай ирээд бид 6 манай гэрт очоод мах чанаж идсэн. Тэгээд бид нар махаа идчихээд би гэрт байсан Ерөөл нэртэй 0.5 граммын архи гаргаж тэд нартай хувааж уучихаад сууж байсан чинь Б нь дэлгүүр яваад Эдэн нэртэй 0.5 литрийн архи, 2 ширхэг 2.5 литрийн том пиво авчирч өгчихөөд явсан. Н бас Бтай хамт явсан. Э, Э, У бид 4 нийлж архи болон пивоо уучихаад сууж байсан чинь Б гаднаас халамцуу орж ирээд Этай маргалдаад байсан. Э гэрийн голд хувинтай махны хажууд сууж байсан. Б манай зүүн орон дээр Эын ард сууж байсан. Тэгээд би гэрээс гарч пин орчихоод эргээд гэрт орж ирсэн чинь Э Эын зүүн гарыг гараараа дараад Б Эыг хутгалчихлаа гээд сууж байсан. Хутганы асуудлыг нууна гэж юу байх вэ, цагдаа дуудъя гээд У цагдаа дуудсан. Цагдаа удалгүй ирээд тэд нарыг аваад явсан. /хх-ийн 23-24-р хуудас/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 09 цаг өнгөрч байхад Б ах болон Н нартай утсаар яриад гэрийн хажууд гудамжинд таараад бид 3 Б ахын гэр рүү алхаж байсан чинь Б ахын хөл нь өвдөөд Н Э руу залгаад хүрээд ир гэсэн чинь Э, У болон бас нэг танихгүй залуу хамт ирээд бид 6 Б ахын гэр рүү явсан. Б ахын гэрт ирээд Б, Н бид 3 гэрт нь бууж үлдээд У, Э танихгүй залуу 3 машинаараа дэлгүүр явсан. Т ах Н бид 3 Т ахын гэрт ороод Т ах мах чанаж бид нарт өгсөн. Удалгүй У, Э танихгүй залуу 3 Т ахын гэрт ирээд бид 6 махаа идэж дуусгасан. Тэгээд Э, У танихгүй залуу гурвын авчирсан нэг шил 0.75 граммын Эдэн нэртэй архи болон 2 ширхэг 2.5 литрийн Боргио нэртэй пивог бид нар хувааж уусан. Н болон танихгүй залуу 2 архи ууж байхад гэрээс гарч явсан гэсэн. Би хэзээ тэр хоёрыг гэрээс гарч явсныг нь мэдэхгүй байна. Тэгээд архи болон пивоо ууж дуусгаад миний нойр хүрээд байхаар нь би Б ахын гэрт унтаж байгаад сэрсэн чинь Эын зүүн гарын ар талаас цус гарч байхаар нь би фудволк шиг юмаар дарж байхад У цагдаа дуудлаа гэхээр нь би тэг гэж хэлээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Би Бийг хэзээ гэрт ирсэн талаар мэдээгүй унтаж байгаад сэрсэн чинь Б Эын гар руу хутгалсан гэж хэлсэн. /хх-ийн 26-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Эын биед зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан 2 байх боломжтой. Б.Эын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.Эын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 30-р хуудас/

Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ 2 шил архи 2 найзтайгаа уучихаад орой 18-19 цагийн үед Б ахын гэрт очсон чинь гэрт нь Э бас танихгүй эрэгтэй эмэгтэй 2 хүн Б ахын гэрт хамт байсан санагдаж байна. Тэгээд би Эт үглээд байсан гэж Б ах надад хэлсэн. Би тухайн үед Эт юу гэж үглэснээ санахгүй байна. Тэгээд намайг Эын зүүн мөр рүү махан дээр байсан хутгыг аваад хутгалсан гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2021 оны 04-р сарын 05-ны өглөө эрүүлжүүлэхэд сэрсэн.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-05-р хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 391 дугаартай тодорхойлолт /хх-ийн 46-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг, Малчны хорооллын 1-3 тоотод Б.Этай маргалдан зүүн мөрөн тус газарт нь араас нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Бийн үйлдлийн улмаас хохирогч Б.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Эын биед зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан 2 байх боломжтой. Б.Эын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.Эын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 30-р хуудас/ гэснээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Надад Б 200.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь би эм тариа аваад дууссан. Дараа нь Б надад 70.000 төгрөг өгсөн. Одоо надад санал хүсэлт байхгүй. Миний гар эдгэсэн. /хх-ийн 10-15-р хуудас/ гэснээр шүүгдэгч Ж.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.Бийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 50-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 391 дугаартай тодорхойлолтод: Ж.Б нь Даланзадгад сумын Их-Уулын 6 дугаар баг Малчны 3-5 тоотод ам бүл 1 оршин суудаг нь үнэн болно. /хх-ийн 46-р хуудас/ гэснээр тус тус тодорхойлогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 \гурван зуу\ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.

Шүүх шүүгдэгч Ж.Бийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хөх тайж овогт Ж-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Эт 270.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА