Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч О

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

Шүүгдэгч О, Б, С, Т, Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт О, ..... овогт Б, ..... овогт С, .... овогт Т, .... овогт Л нарт холбогдох эрүүгийн 2121000000059 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, ах нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .... овогт О /РД: .............../.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ............ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Б /РД: ............./.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ............ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...... овогт С /РД: .............../.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, .............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...... овогт Т /РД: ............../.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын .....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, .............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ......... овогт Л /РД: ............./.

Шүүгдэгч О, Б, С, Т, Л нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “Жаргалант” гэх газарт нутаглах хохирогч О-ын 1 тооны адууг хулгайлж, нядалж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...тухайн өдөр “ахынх руугаа очиж хонь авна, хөлсөнд нь нэг хонь өгье” гэж Б-тэй ярилцаад аавынх нь машиныг гуйж авсан. Б бид хоёр найз Сынд очоод “хамт салхинд гаръя, явсаар байтал орой болчихно, хутга авчих, авсан хониныхоо амийг таслаад авчиръя” гэж хэлсэн. Тэгээд бид гурав Л-г гэрээс нь авч хэдэн пиво аваад, зүүн цементэн гүүрээр гарч урагшаа явсан. Бид нар найз Т-тэй уулзаад ахынд нь очиж пивоо уусан. Тэгээд цаг орой болсон болохоор О ахынх руу эртхэн хөдлөхөөр гарцгаасан. Бидний замд ахын өвөлжөө таарч С, Л, Т нар бие засахаар буусан. Орж ирэхдээ Т хөлдөө тээглэсэн трубагаар лантууны иш хийнэ гээд авчирсан. О ахтай таарамжгүй болж муудсан учраас ахыг чадах талаар найзуудтайгаа ярилцаад чадахаар болсон. Тэгээд ахын адуу хаана аргамжаатай байдгийг би мэдэж байсан. Өмнө нь О ах надад тэр адууг бэлэглэж байсан талаар хэлээд Т-ийн хамт очоод хөтөлж авчирсан. Тэгээд тэр адууг яах талаар асуухаар нь “наадах чинь угаасаа миний адуу, ажилчихъя” гэж хэлсэн. Тэр адууг би өөрөө унаж эдэлж байсан болохоор цохиж чадахгүй гээд Л-гээр цохиулсан. Тэр үед Т, Б хоёр машиныхаа номерыг хайхаар явсан. Машины гэрэл тусахаар нь О ахыг ирж байна гэж айгаад тэр чигээр нь орхиж яваад нөгөө хоёрыгоо замаас авч аймгийн төв орсон...” гэв.

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...О манайд ирээд “аавынхаа машиныг авчих, манайх идэх махгүй болсон, хөдөө ахынхаасаа хонь авчирна” гэсэн. Тэгээд би аавын машиныг аваад О-гийн хамт С-ынх руу очсон. Тухайн үед О С-т “хутга аваад ир, машин дотор шээж баагаад муухай болгочихно, амийг нь таслаад авчирна” гэсэн. Дараа нь бид гурав Л-г авч зүүн цементэн гүүрээр голын урагш гараад Т-ийн хөдөө гэрт очиж түүнтэй уулзсан. Тэгээд Т-ийн хамт  зүүн тийш 3-4 км яваад ахынд нь пиво уусан. Цаг орой болсон болохоор Огийн ахынх руу хөдөлсөн. Замд малын хашаа таарч манай гурав бие засахаар гараад буцаж машиндаа суухдаа Т труба бариад орж ирсэн. О “би О ахтай муудчихсан байгаа, хэдүүлээ ахыг чадах уу” гэхээр нь бид зөвшөөрсөн. Тэгээд С, Л бид гурав машинд үлдэж, Т, О хоёр аргамжаатай адуу руу явсан. Бид замдаа нүхэнд орж машины урд, ард гуперээ хагалж, номероо гээсэн байсан. Т-ийн хамт машиныхаа номерыг хайгаад явж байхад манай хэд араас ирж бид аймгийн төв рүү орсон...” гэв.

Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр гэртээ хүүхдээ хараад байж байхад О манайд ирээд “шөлний хонинд хөдөө ахынх руугаа явъя, манайх хоолны махгүй болчихлоо” гэсэн. Би ажилгүй, гэрээс гараагүй удсан болохоор агаар салхинд гаръя гэж бодоод зөвшөөрсөн. О “гэрээсээ хутга авчих, машинд дотор бааж шээгээд байж магадгүй, тэнд нь ажилчихъя” гэсэн. Тэгээд би гэрээсээ хутга авсан. Бид гурав замаараа Л-г аваад Бунханы дэлгүүрээс хэдэн пиво авсан. Гүүр гараад найз Т-тэй уулзаад ахынд нь пиво уусан. О “цаг орой боллоо, эртхэн хөдөлье” гээд бид явсан. Замд айлын өвөлжөө таарч Л, Т бид гурав бие засахаар гарсан. Буцаад суухад О “би ахтайгаа түнжин хагарсан байгаа, намайг малаа аваарай гэсэн, хэдүүлээ ахыг чадах уу” гэсэн. Бид зөвшөөрч Т, О хоёр аргамжаатай морийг авчирсан. Тэгээд Т, Б хоёр машины номер хайхаар явсан. О өөрийн унаж, эдэлж байсан адууг цохиж чадахгүй гээд Лгээр цохиулсан...” гэв.

Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр найзууд ирж худаг дээр машинаа асааж чадахгүй байхад түрж тусалсан. Дараа нь бид хэд манай хамаатны ахынд очиж пиво уусан. О намайг гэрт хүргэх гээд явж байхдаа “ахынх руу явъя” гэсэн. О-гийн ахынх руу явах замд саравч таарч бид гурав бие засахаар буусан. Саравчинд труба байхаар нь лантууны иш хийе гэж бодоод авсан. О бид хоёр аргамжаатай адууг хөтлөөд авчирсан. Машин нүхэнд тулж зогсоод урд талын гупер хагарч, номер унасан болохоор Б бид хоёр хайхаар явсан. Удалгүй манай хэд араас ирээд “явъя” гэсэн...” гэв.

Шүүгдэгч Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр О, Б, С нар манайд ирээд “хөдөө салхинд гаръя” гэсэн. Тэгээд бид хэд дэлгүүрээс 3 пиво авч зүүн цементэн гүүрээр голын урагш гараад 50 орчим км яваад Т-тэй уулзсан. Тэгээд бид Тийн ахынд очоод пиво уусан. О “цаг орой болчихлоо, одоо явъя, би ахаас 2-3 хонь авах ёстой” гэсэн. О-гийн ахынх руу явах замд малын хашаа таарч Т, С бид гурав бие засахаар буусан. Тийн хөлд нэг труба тээглээд юмны иш хийнэ гээд машинд оруулсан. Бид нарыг машинд суусны дараа О “ахтайгаа түнжин хагарч, муудсан, ахыгаа чадмаар байна” гэсэн. Бид нар халамцуу байсан болохоор зөвшөөрсөн. Тэгээд машинаа айлын гэрээс зайдуу зогсоогоод О, Т хоёр аргамжаатай адууг авчирсан. Замд нүхэнд орохдоо машины номероо гээснээ мэдээд Т, Б хоёр хайхаар явсан. Тэр үед О “адуу авчихсан юм чинь яаж дахиад хонь авах вэ, энэ адууг хонины оронд ажилчихъя, би өөрөө эдэлж байсан болохоор цохиж чадахгүй, чи цохичих” гэсэн. Тэгээд би адууг цохисон...” гэв.

Хохирогч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч О эхнэрийн маань төрсөн эгчийн хүүхэд учраас эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би О-гийн хэдэн адууг хардаг байсан. Аргамжаатай байсан морь бол миний өмчлөлийн адуу. Миний О-д бэлгэнд өгсөн адуу өсөж үржээд нилээн хэдэн тооны болсон учраас би түүнийг адуугаа ав гэж хэлсэнд дургүйцсэн байж...” гэв.

Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн үед унаж байсан гурван нүдний чандмань тамгатай хээр халзан зүсмийн морио гэрээс зүүн тийш 400 метр орчим газарт аргамжсан. Маргааш нь унаагүй. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө босоод аргамжаатай морио харсан чинь байхгүй болохоор нь сулраад явчихдаг юм байхдаа гэж бодоод ойр хавиар хайсан боловч олдохгүй болохоор нь баруун тийш гартал гэрээс баруун тийш 1,5 км орчим зайд аргамжаатай байсан адууг маань трубагаар цохиод цуслаад орхиод явсан байсан...” гэжээ. /хх-ийн 44-46, 47-48/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тоёота Аллион маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд 2017 онд худалдан авч байсан. Уг тээврийн хэрэгслийг 2020 оны 06 дугаар сард “Централ капитал” ББСБ-д 1 жилийн хугацаатай 1.5 сая төгрөгийн барьцаанд тавьж мөнгө авсан. Хугацаа нь энэ оны 06 сард дуусна. ...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу бүтэн сайн өдөр гэртээ байж байхад миний төрсөн хүү болох Б над руу утсаар яриад “ааваа машинаа өгөөч, О бензин хийгээд хөдөө яваад ирье гэнэ, оронд нь надад 1 хонь өгнө” гэхэд нь би “орой болж байхад яах гэж хөдөө явах гээд байгаа юм бэ” гээд дургүйцсэн. Гэтэл тухайн үед Б над руу дахин залгаад гуйгаад байхад нь би машиныхаа түлхүүрийг гэрээс ирээд ав гэж хэлсэн. Тухайн үед би гэртээ унтаж байсан бөгөөд цаг 16 дөхөж байсан байх. Б ганцаараа орж ирээд түлхүүр аваад гарсан...” гэжээ. /хх-ийн 64/

О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ... Б-ийг “аавынхаа машиныг гуйгаад авчих, хөдөө хонинд яваад ирье, би чамд оронд нь хонь өгнө” гэж хэлээд Бийн аавын ******* ДОА улсын дугаартай Аллион маркийн тээврийн хэрэгслийг нь унаад 2 дугаар хороонд байдаг найз С-тай уулзаад хөдөө хонинд яваад ирье чи юу ч гэсэн гэрээсээ 1 хутга авчих амьдаар нь ачиж ирвэл машинд бааж шээгээд заваарах байх гэж ойлгуулаад гэрээс нь шар иштэй хутга авхуулсан юм. Ингээд тэндээсээ найз Л-г гэрээс нь аваад мөн адил хөдөө яваад ирье гэж хэлээд бид дөрөв Хэрлэн голын зүүн цементэн гүүрээр гараад 50 орчим км газар яваад Т гэх найзынхаа гэрийн гадаа очоод гэрээр нь оролгүй Т-ийг дуудаж гаргаж ирээд уулзаагүй удсан байна пиво ууя гэж хэлээд ойрхон нэг айлд очсон уг айлд 30 гаруй насны нэг ах байсан бөгөөд тэндээ аймгаас авчирсан пивоо хувааж уугаад нэлээн согтоод Б, С, Т, Л бид 5 машиндаа суугаад байж байгаад би мал хулгайлах уу гэж асуухад нөгөө хэд уусан байсан болохоор зөвшөөрсөн тул манай хамаатны ах болох О ахын адууны хашаан дээр очиж турба хэрэг болж магадгүй гэж бодож аваад машин дотроо хийгээд тэр хавиар үхэр хайсан боловч харагдахгүй байхаар нь О ахын гэрийн зүүн талд аргамжаатай байсан адууны ойролцоо зогсоод Б, С, Л нарыг машинд үлдээгээд Т бид хоёр морин дээр очиж цагаан мяндсан чөдөрийг нь тайлж морины хүзүүнд уясан. Харин Т аргамжаагаар нь ногт хийж морио хөтлөөд машин дээр ирээд морины чөдрийг тэр хавьд нь хаясан. Тэгээд машин дотроосоо морийг хөтлөөд би машин бариад явж байхад нүхэнд машин ороод машины гуперээ хагалаад машинаа түрж гаргаад дахиад баруун хойш явж байгаад өндөр газар гараад машинаас буухад Б машины номер байхгүй байна гээд Б, Т 2 машины номер хайхаар явсан. Харин С трубагаар морийг цохиж унагаасан. С хутгаар адууг цусалсан. Тэгтэл зүүн талаас машины гэрэл гарахаар нь бид 3 машиндаа суугаад Б, Т хоёрыг номер хайж байсан газраас нь аваад шууд аймгийн төв рүү хөдөлсөн. Ингээд аймагт ирээд гэр гэртээ харьсан...” гэжээ. /хх-ийн 106-108/

Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр О орж ирээд “аавынхаа машиныг гуйгаад авчих, хөдөө хонинд яваад ирье, би чамд оронд нь хонь өгнө” гэж хэлсэн. Харин би аавынхаа Аллион маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад О бариад 2 дугаар хороонд байдаг найз С-тай уулзсан бөгөөд С нэг хутга авсан юм. Ингээд тэндээсээ найз болох Л-г гэрээс нь аваад мөн адил хөдөө яваад ирье гэж хэлээд бид дөрөв Хэрлэн голын зүүн цементэн гүүрээр гараад 50 орчим км газар яваад Т гэх найзынхаа гэрийн гадаа очоод гэрээр нь оролгүй Тийг дуудаж гаргаж ирээд уулзаагүй удсан байна, пиво ууя гэж хэлээд ойрхон нэг айлд очсон бөгөөд уг айлд 30 гаруй насны нэг ах байсан ба тэндээ аймгаас авчирсан пивоо хувааж уугаад нэлээн согтоод О, С, Т, Л бид тав машиндаа суугаад байж байгаад О “мал хулгайлах уу” гэж асуухад бид хэд уусан байсан болохоор зөвшөөрсөн тул О-гийн хамаатны ах болох О ахын адууны хашаан дээр очиж труба хэрэг болж магадгүй гэж бодож аваад машин дотроо хийгээд тэр хавиар үхэр хайсан боловч харагдахгүй байхаар нь О ахын гэрийн зүүн талд аргамжаатай байсан адууны  ойролцоо зогсоод С, Л бид 3  машинд үлдсэн. Харин Т, О 2  нэг морь хөтлөөд машин дээр ирсэн. ...ингээд машины номероо хайгаад явж байхад С, Л, О нар ирээд машиндаа суугаарай баригдчих шиг боллоо гээд шууд аймгийн төв рүү хөдөлсөн...” гэжээ. /хх-ийн 110-111/

С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...аймгаас авчирсан пивоо хувааж уугаад нэлээн согтоод О, Б, Т, Л бид 5 машиндаа суугаад байж байхад О “мал хулгайлах уу” гэж асуухад бид хэд уусан байсан болохоор зөвшөөрсөн тул О-гийн хамаатны ах болох О ахын адууны хашаан дээр очиж турба хэрэг болж магадгүй гэж бодож аваад машин дотроо хийгээд тэр хавиар үхэр хайсан боловч харагдахгүй байхаар нь О ахын гэрийн зүүн талд аргамжаатай байсан адууны  ойролцоо зогсоод С, Л бид 3 машинд үлдсэн. Харин Т, О 2  нэг морь хөтлөөд машин дээр ирсэн...” гэжээ. /хх-ийн 113-114/

Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...бид 5 манайхаас хойш 4-5 км байх Хүрэлсүх ахынд очиход ганцаараа байхаар нь манай он жавууд ирээд байна, танайд ороод ганц хоёр юм уучихаад явж болох уу гэж асуухад зөвшөөрөхөөр нь бид 5 аймгаас авч ирсэн 2 литрийн хэмжээтэй 2 пивоо хувааж уугаад 22 цаг өнгөрч байхад намайг хүргэж өгөх гээд явж байхад О үхэр хулгайлъя гэхээр нь бид хэд уусан байсан болохоор зөвшөөрөөд О ахын саравчин дээр очиход үхэр байгаагүй. Тэгсэн О саравчны хажууд байсан богино бүдүүн турбаг аваад О ахын гэрийн хажууд аргамжаатай морь хайж яваад нэг газар зогсоод О бид 2 явган алхаад аргамжаатай байсан хээр халзан зүсмийн морийг аргамжаагаар нь ногт хийж уяад буцаж машин дээрээ ирээд хөтлөөд баруун хойш явж байхдаа нүхэн дотор ороод урд гуперээ хагалаад түрж байгаад арай гэж гаргаад цааш хэсэг газар явж байгаад зогсоод харсан чинь машины номер байхгүй байхаар нь Б бид 2 явсан газраараа машины номер хайж байхад О, Л, С нар машинтайгаа ирээд машины гэрэл гараад байна явъя гээд бид нар шууд аймаг руу зугтаасан...” гэжээ. /хх-ийн 116-117/

Л мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...О, Т хоёр бид нарыг машиндаа байж бай гээд явган яваад нэг морь хөтлөөд ирсэн. Тэгээд бид 5 машин дотроо суугаад морио хөтлөөд явж байтал гэрлийн үзүүрт эсгий гэр харагдах шиг болохоор нь сандраад гэрээс нь баруун хойш чигтээ явж байтал нүхэнд машинаа оруулаад урд гуперээ хагалаад арай гэж гараад цааш явж байгаад нэг өөд газар хэсэг зогсоод машины номер алга болсныг мэдээд Т, Б 2 хайхаар явсан хойгуур О, С бид 3 ярилцаж байгаад би мал нядалж чадахгүй болохоор нөгөө трубагаар адууг цохиж унагаад Сын авч ирсэн шар бариултай хутгаар цуслаад байж байтал О машины гэрэл гарч байна зугтъя гээд бид 3 машиндаа сууж хөдлөөд Т, Б хоёрыг очиж аваад шууд аймаг руу явсан...” гэжээ. /хх-ийн 119-120/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-30/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 31/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-37/

Хохирогч О-ын мэдүүлэг /хх-ийн 40-41/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 42, 143/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-78/

Toyota Allion маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 142/

Toyota Allion маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 145/ Огийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 123/

Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 126/

Л-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 130/

С-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарр /хх-ийн 133/

Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 136/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124, 127, 131, 134, 137/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар төмөр труба, мяндсан уяа, хутга, тээврийн хэрэгслийн эвдэрсэн хэсэг зэрэг эд зүйлийг шинжлэн судлав. Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч О, Б нарын хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгч нарын спортын уралдаан тэмцээнд орж амжилт гаргасан болон морь уралдуулж айрагдуулж байсан медаль өргөмжлөл зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч О, Б, С, Т, Л нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч .... овогт О, ..... овогт Б, .....д овогт С, ..... овогт Т, ..... овогт Л нар нь 2021 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “Жаргалант” гэх газарт нутаглах хохирогч О-ын аргамжаатай байсан нэг тооны адууг Toyota Allion маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгч О, Б, С, Т, Л нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч О-ын “...Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн үед унаж байсан гурван нүдний чандмань тамгатай хээр халзан зүсмийн морио гэрээс зүүн тийш 400 метр орчим газарт аргамжсан. Маргааш нь унаагүй. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө босоод аргамжаатай морио харсан чинь байхгүй болохоор нь сулраад явчихдаг юм байхдаа гэж бодоод ойр хавиар хайсан боловч олдохгүй болохоор нь баруун тийш гартал гэрээс баруун тийш 1,5 км орчим зайд аргамжаатай байсан адууг маань трубагаар цохиод цуслаад орхиод явсан байсан...” гэх, гэрч *******н “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу бүтэн сайн өдөр гэртээ байж байхад миний төрсөн хүү болох Б над руу утсаар яриад “ааваа машинаа өгөөч, О бензин хийгээд хөдөө яваад ирье, оронд нь надад нэг хонь өгнө” гэхэд нь би “орой болж байхад яах гэж хөдөө явах гээд байгаа юм бэ” гээд дургүйцсэн боловч над руу дахин залгаад гуйгаад байхаар нь би машинаа өгсөн...” гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Toyota Allion маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд шүүгдэгч О, Б, С, Т, Л нар нь хохирогч О-ын өмчлөлийн гурван нүдний чандмань тамгатай, хээр халзан зүсмийн морийг гэрийнх нь ойролцоо аргамжаатай байхад нь хулгайлан тээврийн хэрэгслээр хөтлөн аргамжаанаас нь холдуулан нядалсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарын үйлдлийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийн хангаж байна гэж үзлээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь адууны өмчлөлийн асуудлаар маргаж байх боловч гурван нүдний чандмань тамгатай, хээр халзан зүсмийн морь нь хохирогч О-ын өмчлөлийн адуу болох нь  түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох талаар хуульчилсан ба “Хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж тус тус тодорхойлсон ба шүүгдэгч О, Б, С, Т, Л нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Огийн “...О ахтай таарамжгүй болж муудсан учраас ахыг чадах талаар найзуудтайгаа ярилцаад ахын аргамжаатай адуу руу ... Т-ийн хамт очоод хөтөлж авчирсан. ...тэр адууг Л-гээр цохиулсан. Тэр үед Т, Б хоёр машиныхаа номерыг хайхаар явсан. Машины гэрэл тусахаар нь О ахыг ирж байна гэж айгаад тэр чигээр нь орхиж яваад нөгөө хоёрыгоо замаас авч аймгийн төв орсон...” гэх, Б-ийн “...О “би О ахтай муудчихсан байгаа, хэдүүлээ ахыг чадах уу” гэхээр нь бид зөвшөөрсөн. Тэгээд С, Л бид гурав машинд үлдэж, Т, О хоёр аргамжаатай адуу руу явсан...” гэх, С-ын “...О “би ахтайгаа түнжин хагарсан байгаа, намайг малаа аваарай гэсэн, хэдүүлээ ахыг чадах уу” гэсэн. Бид зөвшөөрч Т, О хоёр аргамжаатай морийг авчирсан. ...О өөрийн унаж, эдэлж байсан адууг цохиж чадахгүй гээд Лгээр цохиулсан...” гэх, Т-ийн “...О бид хоёр аргамжаатай адууг хөтлөөд авчирсан. Машин нүхэнд тулж зогсоод урд талын гупер хагарч, номер унасан болохоор Б бид хоёр хайхаар явсан...” гэх, Л-гийн “...машинаа айлын гэрээс зайдуу зогсоогоод О, Т хоёр аргамжаатай адууг авчирсан. Замдаа нүхэнд орохдоо машины номероо гээснээ мэдээд Т, Б хоёр хайхаар явсан. Тэр үед О ... чи цохичих гэхээр нь би адууг цохисон...” гэх мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлэх тухай” хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Иймд шүүгдэгч нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан бүлэглэж үйлдсэн гэж үзлээ.

Хохирогч О нь шүүгдэгч О-гийн цөөн тооны малыг маллаж байснаас гадна түүнтэй садан төрлийн холбоотой учраас шүүх хуралдаанд түүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоос гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулалгүй авсан мэдүүлэг /хх-ийн 40-41/ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байх тул хохирогч О-ын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тооцож үнэлээгүй болно. Мөн түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч нараас мэдүүлэг авахдаа төөрөгдүүлж, хөтлөх байдлаар мэдүүлэг авсан гэж байгаа боловч нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, яллагдагч нарын эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О, Б, С, Т, Л нарыг бусдын малыг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч О, Б, С, Т, Л нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй зэрэг болон хувийн байдлыг харгалзан үзээд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх” талаар гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч О, Б, С, Т, Л нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* ДОА улсын дугаартай Toyota allion маркийн тээврийн хэрэгсэл нь *******н эзэмшлийнх бөгөөд “Централ капитал” ББСБ-ын барьцаанд байгаа болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа болон гэрчилгээний хуулбар, гэрч *******н мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нараас тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 800,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч О-т нэг тооны адуу буюу 1,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд “шүүгдэгч О-гоос алдсан адууны оронд өөр адуу авсан учраас нэхэмжлэх зүйлгүй” гэж тайлбарлаж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин Т болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр труба, мяндсан уяа, хутга, тээврийн хэрэгслийн эвдэрсэн хэсэг зэргийг устгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О, Б, С, Т, Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт О, ......овогт Б, ....... овогт С, ..... овогт Т, .... овогт Л нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бусдын малыг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч О, Б, С, Т, Л нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О, Б, С, Т, Л нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч О, Б, С, Т, Л тус бүрээс 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин Т болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр труба, мяндсан уяа, хутга, тээврийн хэрэгслийн эвдэрсэн хэсэг зэргийг устгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч О, Б, С, Т, Л нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О, Б, С, Т, Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин Т болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА