| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0177/э |
| Дугаар | 2021/ШЦТ/177 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/177
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт С-од холбогдох эрүүгийн 2121000000192 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр .................. гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ........ овогт С /РД: ............./
Шүүгдэгч С нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны орой 18 цагийн орчим Дорнод тоотод О-той хувийн таймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ************** тоотод О-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “зүүн бугалганы урд дээд хэсгийн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед намайг гэртээ ганцаараа байхад манай найз ******* ирсэн юм. *******ыг ирснээс хойш 30-40 минутын дараа 18 цаг өнгөрч байхад найз С нэмэгдэж ирсэн. С манай гэрт ирэхдээ согтуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн “миний утас байхгүй, залгахаар холбогдохгүй байна, чи авчихсан юм биш үү” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, чиний утас яахаараа надад байдаг юм” гэж хэлсэн. Тэгсэн чинь С манай гэрт тамхи асаагаад татахаар нь би “чи тамхиа гадаа гараад татчихаач” гэсэн чинь миний өөдөөс “хутгалчихна шүү, алуулав” гэхээр нь би С-ыг гэрээсээ чирч гаргаад “гадаа тамхиа тат” гээд гараараа дараад байж байсан чинь цохих гээд байхаар нь түлхээд буцаад гэр рүүгээ орсон. Тэгсэн буцаж араас орж ирээд үглээд орон дээр сууж байснаа ууттай юм гаргаж ирээд улавч гутландаа хийж өмссөн. Би тухайн үед гэртээ хоол хийх гээд төмс арилгаад байж байсан чинь намайг “хөгшөө энэ орон дээр чинь скочтой, модон иштэй хутга байна” гэхээр нь “өө наадахаа шургуулганд хийчих” гэж хэлсэн юм. Тэгсэн С хажуугаар тухайн хутгыг барьж гарснаа “чи муу намайг оролдоод байна уу” гэж хэлээд шууд миний зүүн мөрөн дээр хутгаар 1 удаа хатгасан. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 8-10/
Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр найз О гэрт 17 цагийн үед утсаа цэнэглэх гээд очсон юм. Намайг орсны дараа 30-40 минут өнгөрч байхад гаднаас С архи уучихсан согтуу орж ирсэн. С гэрт нь орж ирээд тамхи асаагаад татахад нь Оргилболд уурлаад “гадаа гараад тат” гээд гэрээс чирч гаргаад хэсэг хугацаанд маргалдсан. Тэгээд хоёулаа тайвшраад сууж байсан, би ч юм бодолгүй утсаараа фэйсбүүк ухаад сууж байсан чинь ард түжигнэх чимээ гарахаар нь эргээд хартал О гэрээсээ С намайг хутгаар хатгачихлаа гээд гараад гүйж байсан. Тэгсэн С гартаа барьсан хутгаа шүүгээн дээр тавиад гэрээс нь гарч байсан...” гэжээ. /хх-ийн 12/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 262 тоот дүгнэлтэд:
1. О-ын биед зүүн бугалганы урд дээд хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 15-16/
С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...намайг орон дээр суусан чинь скочоор ороосон хутга байхаар нь О шүүгээнд хураачих гэж хэлсэн. Тэгээд би түүний хажуугаар нь гарах гэж байхдаа гартаа байсан скочтой хутгаар зүүн мөр рүү нь хатгачихсан юм. ...Би ямар учир шалтгаанаар О-г хутгалснаа сайн санахгүй байна. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор мөн О намайг гэрээсээ чирч гаргасанд уур хүрсэн байж магадгүй...” гэжээ. /хх-ийн 24-26/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 14/
С-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 29/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/
О-ын Дорнод аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 43/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ............ овогт С нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ************** тоотод хохирогч О-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг хутгаар зүсэж биед нь зүүн бугалганы урд дээд хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...намайг орон дээр суусан чинь скочоор ороосон хутга байхаар нь О шүүгээнд хураачих гэж хэлсэн. Тэгээд би түүний хажуугаар нь гарах гэж байхдаа гартаа байсан скочтой хутгаар зүүн мөр рүү нь хатгачихсан юм. ...Би ямар учир шалтгаанаар О-г хутгалснаа сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч О-ын “...Би тухайн үед гэртээ хоол хийх гээд төмс арилгаад байж байсан чинь намайг “хөгшөө энэ орон дээр чинь скочтой, модон иштэй хутга байна” гэхээр нь “өө наадахаа шургуулганд хийчих” гэж хэлсэн юм. Тэгсэн С хажуугаар тухайн хутгыг барьж гарснаа “чи муу намайг оролдоод байна уу” гэж хэлээд шууд миний зүүн мөрөн дээр хутгаар 1 удаа хатгасан...” гэх, гэрч Д.*******ын “...тэр хоёр хоёулаа тайвшраад сууж байсан, би ч юм бодолгүй утсаараа фэйсбүүк ухаад сууж байсан чинь ард түжигнэх чимээ гарахаар нь эргээд хартал О гэрээсээ С намайг хутгаар хатгачихлаа гээд гараад гүйж байсан. Тэгсэн С гартаа барьсан хутгаа шүүгээн дээр тавиад гэрээс нь гарч байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 262 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч С-ын үйлдлийн улмаас хохирогч О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 262 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч С-од холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч С нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........... овогт С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-од 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-од оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С-од мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА