Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 134/ШШ2017/00092

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийнЕрөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимднээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1939 онд төрсөн, эмэгтэй, 78 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Сүмбэрийн 03 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг,Авга овогт Ядамжавын Цэвэлмаа /РД:ЕЙ39040103, утас:99548152/-ийн хүсэлттэй

 

нас тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Цэвэлмаа нь нас тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Я.Цэвэлмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Цэвэлмаа миний бие Завхан аймгийн Наран сумын Уургат гэдэг газар Дамдин овогтой Ядамжавын 2 дугаар охин болж мэндэлсэн. Тухайн үед гэрчилгээ гэж байдаггүй байсан. Тэгээд насанд хүрсэн хойноо паспортыг барагцаалж авснаас болж 1939 онд төрснөөр тооцож паспорт авсан. Улаанбаатар хотын төв архиваас лавлагаа авахад 1944 онд 7 настай байсан гэж тодорхойлж байна. Тийм учраас 1937 онд төрснөөр тооцож 3 насыг нөхөн олгож өгөхийг хүсэж байна. Учир нь насны хишиг тогтооход 3 жил нэмэгдэж 80 нас гэж тогтоолгох учиртай юм. Иймд үнэн байдлыг минь харгалзан үзэж зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Цэвэлмаа нь нас тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрэгт авагдсан доорх баримтыг үндэслэн тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

Авга овогт Ядамжавын Цэвэлмаа нь 1937 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болох нь Я.Цэвэлмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Үндэсний төв Архивын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03-2/105 дугаартай ...1944 оны хүн амын тооллогын лавлагаа, мөн Үндэсний төв архивын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03-2/553 дугаартай ...1956 оны хүн амын тооллогын лавлагаа, мөн Үндэсний төв архивын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03-2/598 дугаартай ...1947 оны хүн амын тооллогын лавлагаа, Я.Цэвэлмаад Сүмбэр сангийн аж ахуйгаас 1990 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 305853 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Я.Цэвэлмаагийн 821041 дугаартай, 1981 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олгосон иргэний паспортын хуулбар, Я.Цэвэлмааг 1937 онд төрснийг тэмдэглэсэн Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн гишүүний бат илэрхийлэх, Я.Цэвэлмаагийн 176498 дугаартай өндөр насны тэтгэврийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 294 дугаартай албан бичиг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13с/29 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээч Л.Жаргалтогтохын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 158 дугаартай ...Я.Цэвэлмаа нь 1937 онд төрсөн байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/146 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Я.Цэвэлмаад олгогдсон албан ёсны бичиг баримтанд түүнийг 1939 онд төрснөөр бүртгэсэн байх боловч 1944, 1947, 1956 онуудын хүн амын тооллогын архиваас баримтаас үзэхэд тэрээр 1937 онд төрснөөр тухайн цаг хугацаанд бүртгэгдсэн, Я.Цэвэлмаагийн хэдэн онд төрснийг үнэн зөв батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болсон байх тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, түүнийг 1937 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Авга овогт Ядамжавын Цэвэлмааг /РД: ЕЙ39040103/ 1937 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Я.Цэвэлмааг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ