Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
Хэргийн индекс | 128/2018/0696/З |
Дугаар | 114 |
Огноо | 2019-02-20 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 114
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Ц даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “С” ХХК
Хариуцагч: НЗД
Гуравдагч этгээд: “Б” ХХК, “Ч р” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжийн “Б” ХХК, “Ч р” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “С” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан 5235 м2 газар эзэмших эрхийг сэргээлгэх”захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Ж.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал Н.Н, өмгөөлөгч Б.О, гуравдагч этгээд “Ч р” ХХК-ийн захирал Д.Р, өмгөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НЗД захиргааны актыг шинээр гаргахдаа Газрын тухай хууль тогтоомж, нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. “С” ХХК нь хуучин амбулаторийн барилгын талбайн 70 гаруй хувийг хувьчлан авсан ба одоо үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр өмчилдөг. Нэхэмжлэгч компани нь НЗД-ын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжаар
олгогдсон өөрийн эзэмшлийн 5235 м2 газартаа ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулан хашаа барьж, ногоон байгууламж, зүлэг, мод тарьж орчныг тохижуулан, эзэмшил газраа өнөөдрийг хүртэл арчлан хамгаалж, газрын төлбөрийг энэ газрын хэмжээгээр төлсөөр ирсэн.
Маргаж буй НЗД-ын 2017 оны А/799 дүгээр захирамжаар “Б” ХХК-д 2656 м2 газрыг “С” ХХК-ийн эзэмшилд байсан газраас хасч эзэмшүүлсэн нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн биш харин шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хууль бус захиргааны акт болжээ. Мөн “Ч р” ХХК-д өмнө нь 280 м2 газар эзэмшүүлсэн бөгөөд энэ хэмжээгээр газраа цаашид эзэмших хүсэлтийг нь шүүхийн шийдвэрээр (шүүгчийн захирамжаар) баталгаажуулсан байхад А/799 дүгээр захирамжаар тус компанийн эзэмшил газрын хэмжээг 670 м2 болгож нэмэгдүүлэхдээ мөн нэхэмжлэгч “С” ХХК-ийн эзэмшилд байсан газраас хасч эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт болсон.
“С” ХХК-д нөхцөл байдлын талаар тайлбар, саналыг сонсох ажиллагаа явуулалгүй, шүүхийн шийдвэр, магадлалын хууль зүйн үндэслэл, агуулгыг судлаагүйн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх түрүүлж үүссэн, үүний үндсэн дээр ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан, олон жилийн турш төлбөрийг нь төлсөн эзэмшил газрын ихэнхийг ямар нэг тохиролцоо, саналгүйгээр бусдад эзэмшүүлж, манай компанийн эзэмшилд 2868 м2 газрыг үлдээснээрээ дээрх А/799 дүгээр захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болсон гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт НӨХГ-т тус гурван байгууллагын хооронд болсон хэлцэл, газрыг гурван хуваасан зураг, баримт нотлох баримтаар авагдсан. Өнөөдрийн маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа тус хоёр байгууллага тухайн өмчилж авсан үл хөдлөх хөрөнгийн доод хэсгийн газрыг, тухайн үл хөдлөх хөрөнгөө эзэмшиж, ашиглахад зайлшгүй шаардлагатай газар буюу орц, гарцыг гаргаж газрыг хуваан 2015 онд А/983 дугаар захирамжийг гаргасан.
Захиргааны шинэ акт гаргах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан маргаан бүхий актыг түдгэлзүүлэх болсон үндэслэл, дүгнэлт шалтгаануудыг хэрэгжүүлж захиргааны шинэ акт гаргах ёстой. Хариуцагчийн тайлбарт хэлсэн шиг шинэ акт гаргахдаа өмнөх түдгэлзүүлсэн шийдвэрийг заавал өөрчлөх, нөгөө талд шийдвэрлэх зохицуулалт байхгүй. Шинжлэн судалж үзэн, хурлаар оруулаагүй гэх мэт процесстой холбоотой асуудлыг шийдвэрлэсний дараа дахин хуучин актаа сэргээн гаргах боломжтой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг судалж, шинжлэх ажиллагааг хийгээгүй гэж үзэж байгаа. Талуудын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас харахад “С” ХХК-д 5235 м2 газрыг эргэж сэргээхэд гуравдагч этгээд нарыг эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.
“С” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 35.3.6, 38 дугаар зүйлийн 38.1, 38.5-д заасан эрх, үүргийн хүрээнд НЗД-ын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжаар олгогдсон 5235 м2 газар эзэмших эрхээ барьцаалж, НГА-д 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлэн, барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэсэн байдаг. НЗД-ын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжаар олгогдсон 5235 м2 газрыг эзэмших эрх өнөөдөр ч Хаан банкны барьцаанд хэвээр байгаа.
2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр НЗДТГ-ын 03/2552 дугаар албан бичгээр “...танай асуудлыг А/799 гэдэг захирамжаар шийдвэрлэсэн байна” гэж мэдэгдсэнээр энэ асуудлыг мэдсэн. Мэдмэгцээ 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс НЗДТГ-ын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 03/2552 дугаар албан тоотоор урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулсан гэж үзэж байна.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө А/983 дугаар захирамжаар эзэмшиж байсан хэмжээгээр буюу 5235 м2 газар эзэмших эрхээ сэргээлгэх шаардлага гаргасан.
Иймд дээрх “НЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/779 дүгээр захирамжийн “Б” ХХК, “Ч р” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “С” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан 5235 м2 газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч НГА-ны дарга Э.Б-ы шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НӨХК-ын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Б” ХХК-ийн түрээсээр эзэмшиж буй хэсгийг хувьчлах тухай тогтоол гарсан ба НӨХК-ын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн хуучин амбулаторийн барилгаас “С” ХХК-д 540.9 м2, 07 дугаар тогтоолоор “Б” ХХК-д 189.8 м2, 08 тоот тогтоолоор “Ч р” ХХК-д 101.7 м2 талбайг тус тус өмчлүүлэх шийдвэр гарсан байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Б” ХХК, “Э с” ХХК-иуд НЗД-ын шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1046 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0197 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Засаг даргын захирамжуудыг илт хууль бусад тооцож, НЗД-ын 2015 оны А/983 дугаар захирамжийн “Б” ХХК, “С” ХХК-д холбогдох хэсгийг зургаан сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Дээрх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс маргалдагч талууд буюу “С” ХХК, “Б” ХХК, “Ч р” ХХК-ийг оролцуулан талбайн хэмжээг хэрхэн яаж хуваах талаар саналыг авсны үндсэн дээр бусдын эзэмшил газарт саад болохооргүй орц гарцтайгаар “С” ХХК-д 2868 м2 “Б” ХХК-д 2656 м2, “Ч р” ХХК-д 670 м2 газрыг эзэмшүүлэх тухай НЗД-ын 2017 оны А/799 дүгээр захирамж гарсан.
Шүүхийн шийдвэрийг биелүүлж, тус компаниудад газар эзэмших эрх олгох асуудлыг хууль журмын дагуу “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, саналыг тусгасны үндсэн дээр гаргасан захирамж байх тул хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн хувьд “С” ХХК уг барилгаас гуравдагч этгээдүүдээс илүү талбайтай газар эзэмшиж байгаа учир илүү талбай, объект өмчилж байгаа учир эзэмшинэ гэдэг нь буруу ойлголт юм. Барилга байгууламж хувьчлах асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар тусдаа зохицуулагдана. Үүнтэй адил газар эзэмшихтэй холбоотой асуудал нь Газрын тухай хуулиар зохицуулагдана. НЗД-ын хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлж хэргийн оролцогчдыг байлцуулан, саналыг нь сонссон. Сонсох ажиллагааны хувьд уг гурван байгууллагын саналыг сонссон талаар тэмдэглэл байхгүй боловч аль аль нь өөрөө байлцсан. Ингэхдээ маргалдагч гурван талуудыг аль алийг нь оролцуулан, санал хүсэлтийг авч, тэгш байдлын зарчмыг хангаж шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгч талын гаргасан саналыг заавал захиргааны актад тусгах үүрэггүй боловч хэрхэн яаж шийдвэрлэх нь НЗД-ын эрх хэмжээний асуудал юм. Шүүхийн шийдвэр биелүүлэх асуудал яригдаж багаа учир дуудлага худалдааны үнэ төлсөн байх, түрүүлж хүсэлтээ өгсөн эсэх нь маргаанд ач холбогдолгүй.
Мөн шүүхийн шийдвэрээр НЗД-ын 2015 оны А/983 дугаар захирамжийг “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэний дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн” байтал тус захирамжаар олгогдсон 5235 м2газар эзэмших эрхийг сэргээлгэх шаардлага гаргаж буй нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал Н.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон өмгөөлөгч Б.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь “НЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/779 дүгээр захирамжийн “Б” ХХК, “Ч р” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “С” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан 5235 м2 газар эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Газрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд НЗД нь 2017 оны А/799 захирамжаар “Б ХХК-д 2656 м2 газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд хууль бус гэх үндэслэлгүй болно. НЗД-ын 2015 оны А/983 захирамжаар “С” ХХК-д олгосон 5235 м2 газар эзэмших эрхийг сэргээх үндэслэлгүй бөгөөд А/983 дугаар захирамжтай холбоотойгоор өмнө нь Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүсгэн, НЗД-ын шийдвэрийн биелэлтийг шүүх түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Энэхүү захиргааны актыг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа .
Захиргааны байгууллага нь уг шийдвэрийг биелүүлж, хүсэлт гаргасан 3 компанид тэгш хуваарилалтын зарчмаар газар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцсэн, эрх бүхий захиргааны байгууллагын хууль ёсоор шийдвэрлэсэн акт юм. Өмч хувьчлал, газар эзэмших эрх нь 2 өөр асуудал бөгөөд тус тусын өөр өөрийн эрх зүйн зохицуулалттай. “С” ХХК-ийн хувьчилж авсан байшингийн суурь нь 540, 9 м2 бөгөөд одоо эзэмшиж буй газрын хэмжээгээр 2868 м2 газар олгосон нь хууль зөрчөөгүй. “С” ХХК нь нөгөө 2 компаниас илүү талбай бүхий барилга хувьчилж авсан нь бусад 2 компаниас илүү газар эзэмших эрх олгосон хэрэг биш юм. Аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгох нь Газрын тухай хуульд заасан журмаар олгогдоно.
2017 оны А/799 дүгээр захирамжаар “Б” ХХК, “Ч р” ХХК-д газар олгож шийдвэрлэснийг эрх зүйн зөрчил бүхий захиргааны акт гэж үзэх боломжгүй. “Б” ХХК-ийн хувьд Газрын тухай хуульд заасан журмын дагуу уг газрыг эзэмших хүсэлтээ гаргасан. Тус хүсэлтийг үндэслэн НЗД хуулийн дагуу шийдвэрлэж, захирамж гаргасан учир хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. НЗД нэхэмжлэгч талд мөн адил газар эзэмшүүлэх эрхийг олгосон.
Тухайн эмнэлгийн зориулалт бүхий байшингийн суурь нь 853 м2 бөгөөд түүний 540,9 м2 гаруй хэсгийг “С” ХХК-д, үлдсэн 189,8 м2 орчим хэсгийг “Б” ХХК-д тус тус өмч хувьчлалаар хувьчилсан. НЗД “С” ХХК, “Б” ХХК, “Ч р” ХХК-иудад шинээр газар эзэмшүүлсэн захиргааны акт гаргасан. Эдгээр захиргааны акт хуульд заасан журмын дагуу гарсан. Ямар үндэслэлээр нэхэмжлэгч ганцаараа давуу эрх эдлэх ёстой гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна.Маргааны талууд уулзан ярилцаж, өөрийн барилгын хэмжээгээр буюу үл хөдлөх хөрөнгөөс хойш, урагш газар авах санал, зураг гаргасан. Уг үйл баримт болсны дараа урьдчилсан байдлаар Газрын албаны дарга хүлээн авч уулзсан.“С” ХХК нь гуравдагч этгээд нарын газрын орц, гарц, автомашины зогсоолыг хааж газрын авахаар зүтгэж байна. Шударга ёсны зарчим гэж байх ёстой.
С” ХХК 13 жил, “Ч р” ХХК 12 жил, “Б” ХХК 10 жил уг газрыг түрээсэлсэн байхад ямар нэгэн байдлаар хэн нэгэн нь давуу эрх эдлэх үндэслэл байхгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, НЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг нь хууль ёсных болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “Ч р” ХХК-ийн захирал Д.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон өмгөөлөгч Б.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2008 онд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар амбулаторийн хуучин барилгыг хувьчлах үед “Ч р” ХХК, “Б” ХХК нь “С” ХХК нь нэгэн адил тус барилгыг удаан хугацаанд түрээслэн эзэмшиж байсан юм. Эндээс хэн нэг нь давуу эрх эдэлж дангаараа болон илүү их талбай эзэмших эрхгүй гэж үзэж байна.НГА-аас тус эмнэлэгийн байрыг хувьчилж авсан гурван компанийн эрх бүхий этгээдүүдтэй уулзан аль алиных нь саналыг солилцон хүлээн авч эцэст нь бүгд харилцан зөвшилцөлд хүрсэн билээ.
НЗД болон Га манай компанийн удаа дараа гаргасан хүсэлтийг үндэслэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд “2017 оны А/799 захирамжаар Ч р” ХХК-д 670 м2 талбай бүхий газар олгосон нь “С” ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна.Эрх олгогдсоны дагуу байршлын кадастрын зураглал хийгдэж, НГА-аас 0003244194 дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Газар эзэмшүүлэх гэрээг хуулийн дагуу байгуулан хууль ёсны эрхээ эдлэн үйл ажиллагаа явуулж байна. Мөн газрын төлбөрийг тухай бүрд нь төлж байна.
НЗД болон Га нь уг газарт өмчлөл бүхий объекттой “Ч р” ХХК, “Б” ХХК, “С” ХХК-иудад тэгш эрхийн зарчимд тулгуурлан объектуудынх нь харалдаа газрыг хуваан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь газар олгогч буюу НЗД-ын хувьд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн шударга арга хэмжээ болно.
“С” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу НГА-тай харилцан тохиролцож, мөн төрийн захиргааны байгууллагаас хуулийн дагуу шийдвэр гаргасан атал зөвхөн өөрийн эрх ашгийг бодож, өөрт нийцсэн шийдвэр гаргуулахын тулд үндэслэлгүйгээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь манай компани үйл ажиллагаагаа хэвийн тайван явуулахад ихээхэн дарамттай байна.
“Ч р” ХХК-ийн өмчлөхийн үл хөдлөх хөрөнгийн хойд, урд газрыг өөрт нь эзэмшүүлж шийдвэрлэхдээ “С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Төрийн байгууллага удаа дараа холбогдох байгууллагуудыг байлцуулан, холбогдох бичиг баримтыг авч, хуралдан, талууд зөвшөөрөн, эцсийн шийдвэр гаргасан. Үүнийг хариуцагч болон гуравдагч этгээдүүдэд уулзаж зөвшилцсөн.Зөвлөлийн хурлын тогтоол шийдвэрээс харахад талуудаас саналыг нь авсан гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт байдаг. Тус хуралдаан дээр гаргасан саналаар хэмжээг нь харгалзаж газар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт газар олгосон.
Шүүх зөрчигдсөн эрхийг сэргээдэг байгууллага гэж үзэж байна. “С” ХХК-ийн хувьд хувьчилж авсан талбай илүү учир давуу эрх эдэлж, илүү их газар эзэмших ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.Газар эзэмших нь эрх нь төрийн байгууллагад байгаа учир төр уг гурван байгууллагын саналыг харгалзаж өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан. Хууль ёсны тэгш эрхийн зарчим дээр тулгуурлаж маргаан бүхий акт гарсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлдньхэрэгсэхгүй болгож, НЗД-ын 2017 оны А/799 захирамжаар “Ч р” ХХК-д 670 м2 газар эзэмших эрх олгосон захиргааны акт хууль зөрчөөгүй болохыг харгалзан үзэж хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “С” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “НЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжийн “Б” ХХК, “Ч р” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “С” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан 5235 м2 газар эзэмших эрхийг сэргээлгэх” гэж өөрчлөн, тодруулсаны дагуу хэргийг хянан хэлэлцсэн болно.
Нэхэмжлэгчээс “...“С” ХХК-ийн эзэмшилд байсан газраас хасч “Б” ХХК-д 2656 м2, “Ч р” ХХК-д 670 м2 газрыг олгосон нь хууль бус,...нөхцөл байдлын талаар тайлбар гаргах, саналыг сонсох ажиллагааг явуулаагүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх түрүүлж үүссэн, олон жилийн турш эзэмшиж байсан газрын ихэнхийг бусдад эзэмшүүлсэн нь хууль бус” гэж маргаж байгаа.
Үйл баримтын тухайд:
НӨХК-ын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “СХД-ын ЭМТ-ийн 2 дугаар амбулаторийн хуучин барилгын түрээсээр эзэмшиж буй хэсгийг хувьчлах тухай” 24, 25, 26 дугаар тогтоолоор “С” ХХК-д 540,9 м2 талбай, “Б” ХХК-д 189,8 м2 талбай, “Ч р” ХХК-д 101,7 м2 талбай бүхий байрыг тус тус түрээсийн давуу эрхээр хувьчилж , мөн Комиссын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 06, 07, 08 дугаар тогтоолоор “...түрээсийн давуу эрхээр худалдан авсан...компани нь байрны үнэ...төгрөгийг хуульд заасан хугацаанд бүрэн төлсөн тул өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгох”-оор шийдвэрлэсэн байдаг.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1046 дугаар шийдвэрийнТогтоох хэсгийн:
1) “...захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл НЗД-ын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжийн “Б” ХХК, “С” ХХК-иудад холбогдох хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж”,2)“...тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол НЗД-ын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжийн “Б” ХХК, “С” ХХК-иудад холбогдох хэсэг хүчингүй болгох”,3) “...нэхэмжлэгч “Б” ХХК, “Э с” ХХК-иудын “НЗД-ын 2015 оны А/982 дугаар захирамж болон тэдгээрийг үндэслэн “С” ХХК-д олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгуулах,Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамж болон түүнийг үндэслэн гаргасан “Э с” ХХК, “Б” ХХК-ийн газар эзэмших эрх, гэрчилгээнүүдийг тус тус сэргээж дахин гаргуулах, НЗД-ын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож”,4) “гуравдагч этгээд болох “С” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, БГД-ийн ЗД-ын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн “Б” ХХК-д, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжийн “Э с” ХХК, Г.Н, “Б” ХХК-д, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/711 дүгээр захирамжийн “Ч р” ХХК-д холбогдох хэсгүүдийг илт хууль бусад тооцож тус тус шийдвэрлэсэн байна .
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 211/МА2017/0197 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2016 оны 1046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд дээрх шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
1. НЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжийн “Б” ХХК, “Ч р” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1046 дугаар шийдвэрээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл НЗД-ын 2015 оны 12 дугаар сарын 21-ний
өдрийн А/983 дугаар захирамжийн “Б” ХХК, “С” ХХК-иудад холбогдох хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул захиргааны байгууллага нь дахин шинэ акт гаргах замаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдал, заавал биелэгдэх шинжийг хуульчилж өгсөн.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1046 дугаар шийдвэрийг биелүүлж НГА-аас дээрх шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг тогтоож, холбогдох нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн саналыг харгалзан НЗД 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А/799 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “С” ХХК-д 2868 м2 газар, “Б” ХХК-д 2656 м2газар, “Ч р” ХХК-д 670 м2 газрыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгожээ .
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасанчлан захиргааны үйл ажиллагаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчим баримтлагдах учиртай бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох чиг үүргийнхээ хүрээнд хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахаас өмнө шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, хуульд зааснаас бусад тохиолдолд сонсох ажиллагааг явуулах үүрэгтэй.
Газрын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагаасмаргаанд оролцогч талуудын гаргаж буй санал, хүсэлт нь хууль тогтоомжид нийцэж буй, бодит нөхцөл байдалд тохирсон, тэгш байдлыг хангаж байгаа эсэх зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд зохих шийдвэрийг гаргасан байх тул НЗД-ын 2017 оны А/799 дүгээр захирамжийн гуравдагч этгээд “Б” ХХК, “Ч р” ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцсэн байна гэж шүүх үзлээ.
Учир нь НГА-аас захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны улмаас эрх нь хөндөгдөж байгаа этгээдүүдийн санал, хүсэлтийг харгалзан үзэж, маргаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр хариуцагч нь өөрийнэрх хэмжээний асуудлаар бие даан шийдвэрээ гаргасаннь хууль зүйн үндэслэлтэй байна.
Тухайлбал, НГА болон маргаанд оролцогч талууд 2 удаа уулзалт хийж, маргаан бүхий газрыг хэрхэн ямар байдлаар хувааж эзэмших тухай талуудын гаргасан санал, нөхцөл байдлын талаар харилцан зөвшилцөн нэхэмжлэгч “С” ХХК-д 2868 м2 газар, “Б” ХХК-д 2656 м2, “Ч р” ХХК-д 670 м2 газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг гуравдагч этгээд “Б” ХХК, “Ч р” ХХК-иуд хүлээн зөвшөөрч байгаа болно.
Харин нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Ж.Т-ын шүүх хуралдаанд гаргасан “...маргаан бүхий газрыг хуваах ямар нэгэн үйл явдал болоогүй,...би уулзалтад оролцоогүй” гэх, “2017 оны хавар...нэг удаа Э.Б дарга хэдэн хүмүүстэй байхад нь орж уулзаж байсан“ гэх тайлбарууд зөрүүтэй байна. Түүнээс гадна хариуцагчаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж 6 сарын дотор дахин шинэ акт гаргах замаар маргаан бүхий газрыг хуваан эзэмшүүлэх ёстой гэдгийг нэхэмжлэгч “С” ХХК мэдэж байсан ба энэ талаар НГА-ны дарга Э.Б-тай 1 удаа уулзаж байсан гэснээс үзвэл тайлбар, санал гаргах ажиллагаа хийгдээгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Мөн НГА-ны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02-04/5898 дугаар албан бичигт “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1046 дугаар шийдвэрийг биелүүлэх үүднээс маргалдагч талууд болох “С” ХХК, “Б” ХХК, “Ч р” ХХК-ийг оролцуулан талбайн хэмжээг хэрхэн хуваах талаар санал хүсэлтийг сонсох уулзалтыг удаа дараа хийж зөвшилцсөн боловч уулзалтын тэмдэглэлийг албажуулаагүй байна. Хэргийн оролцогч талуудын хоорондын зөвшилцөл болон манай байгууллагын саналын үндэслэн...А/799 захирамж гарсан” гэх тайлбараас үзвэл сонсох ажиллагаагогт хийгээгүй гэж үзэхгүй болно.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл сонсох ажиллагаанд оролцогчид газрыг хэрхэн хуваах талаар санал нэгдээгүй, зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд захиргааны байгууллага нотлох баримтад тулгуурлан, нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж өөрөө бие даан шийдвэр гаргах эрх хэмжээ хуулиар олгогдсон байна.
Тиймээс (одоогийн хаяг) Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс Товчооны зам гудамжны 11 дүгээр байрны А тоот 540,9 м2 талбайтай байрыг “С” ХХК, Б тоот 189,8 м2 талбайтай байрыг “Б” ХХК, 11 тоот 101,7 м2 талбайтай байрыг “Ч р” ХХК-иуд тус тус хууль ёсны өмчлөгч тул газрын харилцаанд талуудын эрх тэгш байдлыг хангах үүднээс нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн уг барилгаасөмчилж авсан хэсэгт ногдох орчны газар, бусдын эзэмшил газарт саад болохооргүй нэвтрэх орц, гарцтай байх зэргийг харгалзан дээрх байдлаар хуваасан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцжээ.
3. Нэхэмжлэгчийн “С” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан 5235 м2 газар эзэмших эрхийг сэргээлгэх шаардлагын тухайд:
Өмнө НЗД-ын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжаар “С” ХХК-д 5235 м2 газрыг эзэмших эрх олгож, улмаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж байжээ.
Харин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1046 дугаар шийдвэрээр “I) захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл НЗД-ын 2015 оны...А/983 дугаар захирамжийн “Б” ХХК, “С” ХХК-иудад холбогдох хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, II) тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол....А/983 дугаар захирамжийн ...холбогдох хэсэг хүчингүй болгох”-оор шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд багтаан шинэ актыг гаргаагүй байх тул А/983 дугаар захирамж хүчингүй болсон.
Нэгэнт “С” ХХК-д 5235 м2 газар эзэмших эрх олгосон НЗД-ын 2015 оны А/983 дугаар захирамж хүчингүй болж, эрх зүйн үйлчлэлгүй болсон байх тул “тус компанийн өмнө эзэмшиж байсан 5235 м2 газар эзэмших эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нотлох баримтад тулгуурлан нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж, өөрийн эрх хэмжээний хүрээнд захиргааны хэргийншүүхийн шийдвэрийг биелүүлж, дахин шинэ акт гаргасанбайх бөгөөдмаргаж буй НЗД-ын 2017 оны А/799 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийнгазар эзэмшихэрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул “НЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжийн “Б” ХХК, “Ч р” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “С” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан 5235 м2 газар эзэмших эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1дэххэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан “НЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжийн “Б” ХХК, “Ч р” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “С” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан 5235 м2 газар эзэмших эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Ц