Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2023/0156

 

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Л

Нэхэмжлэгч: “У” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Ц.Э нарын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2120801996 дугаар нөхөн ногдуулалтын актаас Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолоор багасгасан дүнгээр буюу 27,449,784.91 төгрөгийн нөхөн татвар, 8,234,935.47 төгрөгийн торгууль, 2,309,951.52 төгрөгийн алданги, нийт 37,994,671.90 төгрөгийн татварын төлбөрийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 752 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Л, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Ц.Т нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0606/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 752 дугаар шийдвэрээр:

Татварын еренхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мердех журмын тухай хууль /2019 оны/-ийн 4 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1. 15.7, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/- ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "У" ХХК-аас Татварын еренхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын Том татвар телегчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Ц.Э нарын 2022 оны 11 дүгээр сарын 05-ны едрийн 2120801996 дугаар нөхөн ногдуулалтын актаас Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны едрийн 02 дугаар тогтоолоор багасгасан дүнгээр буюу 27,449,784.91 төгрөгийн нөхөн татвар, 8,234,935,47 төгрөгийн торгууль, 2,309,951.52 тегрегийн алданги нийт 37.994,671.90 төгрөгийн татварын төлбөрийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх: 1. Хүн амыг хүнсний бараагаар хангадаг компанийн хувьд эрүүл хүнс борлуулах үүргийнхээ хувьд хамгийн найдвартай, итгэлтэй мэргэжилтэн бэлтгэх зорилгоор компанийн захирал өөрийнхөө хүүхдийг Химийн инженер гэсэн мэргэжил эзэмшүүлэхэд зориулсан сургалтын төлбөрийг "Захирлын хувийн дансандаа шилжүүлсэн" гэдэг утгаар түүнд олгосон орлого мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2.2.Түүнчлэн татвар төлөлтийн талаар "асуудалгүй" худалдагчтай харилцах сонирхлыг худалдан авагчдад төрүүлэх зорилгоор Захирал Б.Л-ын "Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчлэлд суурилсан татварын орлогын бүтцийг оновчлох зарим асуудал" сэдвээр хамгаалсан докторын ажлыг таниулснаар эцсийн дүнд компанийнхаа үйл ажиллагааг сурталчлах нэг өвөрмөц арга ашиглах зорилгоор зохион байгуулсан арга хэмжээний зардлыг мөн л бусдад буюу захиралд олгосон орлого гэж хувь хүний орлогын албан татвар ногдуулсан татварын байцаагчдын шийдвэрийг "зөв" гэж үзсэн нь ч учир дутагдалтай боллоо. Энэ нь "зар, сурталчилгааны зардал" нь "маркетингийн зардал"-ын хүрээнд багтдаг талаарх шүүхийн ойлголт зөвхөн зурагт хуудас, самбар гаргах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх үйл ажиллагаагаар хязгаарлагдаж байгааг харуулж байна.

2.3.Компанийн нэр хүндийг хэрэглэгч, худалдан авагчид, эцсийн хэрэглэгчдэд таниулах талаарх бизнесийн зөвлөгөөнд зориулсан судалгааны ажлын зардлыг судалгаа хийлгэхээр гэрээ байгуулсан "Э" ХХК-ийн дансанд биш судлаачийн дансанд шилжүүлсэн хувь хүнд олгосон орлого гэж байгаа нь гэрээний талуудын хүсэл зориг, эрх байдалд нэг ёсондоо хөндлөнгөөс оролцож байгаагийн нэг илрэл юм. Монгол Улсад дагаж мөрдөж байгаа хуулиуд, тэр тусмаа татварын хуулиудад "заавал гэрээний талын дансанд хариу төлбөрийг хийх" гэсэн шаардлага тавьдаггүй ба энэ нь гэрээний талуудын хүсэл зоригоор шийддэг асуудал гэдгийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

2.4.Татварын албаны программ, дотроо дагаж мөрдөж байгаа журмаас шалтгаалж хуулиар олгогдсон эрхээ эдэлж сараар гаргадаг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, жилээр гаргадаг орлогын татварын тайлангийн зөрүүг залруулах боломжийг татварын шалгалтыг хийх хууль, журамдаа заасан хугацаандаа хийж дуусгаагүйгээс алдагдуулснаас үүссэн дээрх 2 татварын тайлангийн зөрүүгээр нөхөн татвар ногдуулсан татварын байцаагчдын шийдвэрийг "хууль ёсны" гэж үзсэн шүүхийн шийдвэрийг ойлгохгүй байна.

Энэ бүх үндэслэлд тулгуурлаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0752 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.”У” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Ц.Э нарын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2120801996 нөхөн ногдуулалтын актаас Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолоор багасгасан дүнгээр буюу 27,449,784.91 төгрөгийн нөхөн татвар, 8,234,935.47 төгрөгийн торгууль, 2,309,951.52 төгрөгийн алданги, нийт 37,994,671.90 төгрөгийн татварын төлбөрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Ц.Э нарт холбогдуулан гаргажээ.

2.Татварын улсын байцаагч Ц.М, Ц.Э нар нь “У” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан шалгалтыг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хийж 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2120801996 дугаар маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргажээ.

3.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт”-аар[1] “У” ХХК-ийг нийт 1,386,982,549.09 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэн 36,349,661.91 төгрөгийн нөхөн татвар 10,904,898.75 төгрөгийн торгууль, 2,818,579.52 төгрөгийн алданги, нийт 50,073,140.18 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

4.Дээрх маргаан бүхий актаар тогтоосон нөхөн татвар, торгууль, алдангийн төлбөрийг Нийслэлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолоор[2] “8,899,877.00 төгрөгийн нөхөн татвар, 508,628.00 төгрөгийн алданги, 2,669,963.28 төгрөгийн торгууль, нийт 12,078,468.28 төгрөгийн төлбөрийг төлбөрийг бууруулж, 274,497,849.09 төгрөгийн зөрчилд ногдох 27,449,784.91 төгрөгийн нөхөн татвар, 8,234,935.47 төгрөгийн торгууль, 2,309,951.52 төгрөгийн алданги, нийт 37,994,671.90 төгрөгийн төлбөрийг төлүүлэх”-ээр өөрчилж шийдвэрлэжээ.

           

5.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 15 дугаар зүйлийн 15.1-д “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараахь бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна:” 15.1.7-д “энэ хуулийн 15.1.1–15.1.6-д заасантай адилтгах бусад орлого., 15.3-д “Энэ хуулийн 15.1-д заасан шууд бус орлогыг ажил олгогчоос уг орлогыг олгохтой холбогдон гарсан зардлын дүнгээр тодорхойлно.” гэж тус тус зохицуулжээ.

 

6.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч “У” ХХК-ийн данснаас “Н сур төлбөр” гэх гүйлгээний утга бүхий 26,886,336.00 төгрөгийг Б.Л-т бэлнээр олгосон байх бөгөөд Б.Л нь Америкийн нэгдсэн улсад суралцдаг хүү Л.Н-ын сургалтын төлбөр гэх утгаар шилжүүлсэн болох нь кассын зарлагын ордер[3], дансны хуулгаар[4] тогтоогдож байна.

7.Энэ 26,886,336.00 төгрөгийн зардалыг нэхэмжлэгч компани нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд хасагдах зардлаар тусгасан байх бөгөөд уг зардлыг дээр дурдсан хуульд зааснаар “ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй” орлого буюу албан татвар ногдох шууд бус орлогод хамаарахаар байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

8.Иймд “...өөрийнхөө хүүхдийг Химийн инженер гэсэн мэргэжил эзэмшүүлэхэд зориулсан сургалтын төлбөрийг "Захирлын хувийн дансандаа шилжүүлсэн" гэдэг утгаар түүнд олгосон орлого мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

 

9.Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараахь бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна”, 15.1.7-д “энэ хуулийн 15.1.1-15.1.6-д заасантай адилтгах бусад орлого”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална”, 26.1.1-д “энэ хуулийн ...15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар, ...тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх” гэж тус тус заажээ.

 

10.“Доктор хамгаалах арга хэмжээнд” гэх гүйлгээний утгатай, 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 32,760,000.00 төгрөгийг захирал Б.Л-ын докторын цайллагын үйл ажиллагаанд зарцуулсан нь дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт, шилжүүлгийн мэдээлэл, мемориалын ордер зэргээр тогтоогдож байх тул ...ажил үүрэг гүйцэтгэхэд шууд холбогдолгүй, захиралд олгосон шууд бус орлогоос хувь хүний орлогын албан татвар ногдуулан суутгаж, төсөвт төлөх үүрэгтэй. Энэхүү орлогыг маркетингийн орлого гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

11.Иймд “...компанийнхаа үйл ажиллагааг сурталчлах нэг өвөрмөц арга ашиглах зорилгоор зохион байгуулсан арга хэмжээний зардлыг мөн л бусдад буюу захиралд олгосон орлого гэж хувь хүний орлогын албан татвар ногдуулсан татварын байцаагчдын шийдвэрийг "зөв" гэж үзсэн нь ч учир дутагдалтай” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

12.Нэхэмжлэгч “У” ХХК-ийн ерөнхий захирал Б.Л-ийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Т/1018 дугаар тушаалаар[5] “...“Э” ХХК-тай хамтран “Бүртгэлд суурилсан татварын тогтолцооны шинэчлэлийн үр нөлөө, цаашдын чиг хандлагыг тогтоох талаар хийгдэх судалгааны ажлын зардлыг “У” ХХК-аас санхүүжүүлэхээр шийдвэрлэж, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Бүртгэлд суурилсан татварын тогтолцооны шинэчлэл” сэдвийн хүрээнд Бүртгэлд суурилсан шинэчлэлийн үр нөлөө, цаашдын хөгжлийн судалгааг хийж гүйцэтгэх хэлцэл”[6]-ийг “Э” ХХК-тай байгуулжээ.

 

13.Уг хэлцэлд судалгааны ажлыг “Э” ХХК хийж гүйцэтгэхээр заасан бөгөөд ажлын гүйцэтгэлийн болон санхүүжилтийн хуваарь дээр төслийн санхүүжилтийг тус ажил гүйцэтгэгч хуулийн этгээдийн дансанд бус судалгааны удирдагч болох иргэн Н.Т-ийн дансанд шилжүүлсэн болох нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “У” ХХК-ийн мөнгөн хөрөнгийн данснаас “Судалгааны ажлын урьдчилгаа төлбөр” гэх гүйлгээний утга бүхий 25,000,000.00 төгрөгийн зардал гарсан дансны хуулгаар[7] тогтоогдов.

 

14.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс уг орлогыг хувь хүний дансанд шилжүүлсэн гэж үзэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасан шууд бус орлого гэж үзэн татвар ногдуулсан маргаан бүхий акт үндэслэлтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт  мөн үндэслэл бүхий байна.

 

15.Иймд нэхэмжлэгчээс давж заалдах гомдлын үндэслэлээ “...хуулиудад заавал гэрээний талын дансанд хариу төлбөрийг хийх гэсэн шаардлага тавьдаггүй ба энэ нь гэрээний талуудын хүсэл зоригоор шийддэг асуудал гэдгийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна” гэж гомдлын үндэслэлээ тайлбарлан маргаж байх боловч маргаан бүхий актад татвар ногдуулахдаа “...уг орлогыг хувь хүний дансанд шилжүүлсэн тул Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасан шууд бус орлого гэж үзэн татвар ногдуулсан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар тус үйл баримт нь тогтоогдож байх тул уг гомдол үндэслэлгүй байна.

 

16.Мөн Татварын улсын байцаагч нар нь “У” ХХК-ийн 2019 оны ТТ-02 аж ахуйн нэгжийн албан татварын тайлангаар тайлангаар тайлагнасан боловч нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан 189,851,513.09 төгрөгийн зөрчилд 18,985,151.31 төгрөгийн нөхөн татвар, 1,085,001.40 төгрөгийн алданги, 5,695,545.39 төгрөгийн торгууль, нийт 25,765,698.10 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

 

17.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна” гэж тус тус заажээ.

 

18.Нэхэмжлэгч компани нь аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар борлуулалтын орлого нь 2019 оны татварын жилд 189,851,513.09 төгрөгийн зөрүүтэй болох нь цахим тайлангийн систем хүлээж авсан ТТ-02, ТТ-03 тайлангийн мэдээллээр[8] тогтоогдож байна.

 

19.Өөрөөр хэлбэл, татвар төлөгч нь 189,851,513.09 төгрөгийн орлогыг тухайн татварын жилд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тайлагнасан боловч нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж тайлагнасан болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул зөрчилд ...төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий зөв дүгнэлт хийжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 5-7 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 23-28 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 57 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтаст 56 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 58 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 59-61 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 62 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 243-249 дэх тал